Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/917

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баянмөнх,

Хохирогч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2205032682511 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа барилгын засал чимэглэл хийдэг гэх, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Мандал сумын *** дугаар баг, *** дүгээр гудамж, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн *** дугаар хорооны *** дугаар байрны *** тоотод түр оршин сууж байгаа, (РД:***), урьд

-Баянгол дүүргийн Эрүүгийн шүүхийн 2010 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 557 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд уг ялыг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 250 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоож, уг ял дуусгавар болсон, ***.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *** нь согтуугаар 2022 оны 9 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 03 цагийн үед Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны гадна талд авто зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч *******-гийн эзэмшлийн *** улсын дугаартай “Тоёота Приус” 20 маркийн тээврийн хэрэгслийн эд ангиудыг санаатай зурж гэмтээсний улмаас түүнд 555.600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч *******-ийг “Эд хөрөнгө гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

1. Хохирогч *******-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*** улсын дугаартай автомашин нь миний нэр дээр байдаг, миний эзэмшлийн машин. 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өглөө 11 цагийн үед Баянгол дүүргийн *** дүгээр хороонд байрлах *** дугаар байрнаас гэрээсээ гараад зогсоол дээр байрлуулсан *** улсын дугаартай цэнхэр өнгийн приус 20 маркийн автомашин дээрээ ирэхэд баруун урд хаалганаас хойд гэрэл хүртэл нь тасралтгүй нарийхан үзүүртэй юмаар зурж гэмтээсэн байсан. Би шууд 102 дугаар луу дуудлага өгсөн. Цагдаа ирээд 142 дугаар байрны хяналтын камерыг цагдаагийн хамт шүүхэд миний сайн таних ******* нь шөнийн 03 цаг 23 минутын үед байрны ар талаас зогсоолын баруун талаас алхаж ирээд миний эзэмшлийн *** улсын дугаартай цэнхэр өнгийн приус 20 маркийн автомашины баруун урд хаалганаас баруун хойд крыло хүртэл гартаа барьсан зүйлээр тасралтгүй зурчхаад явсан. Миний автомашиныг юугаар зурсан нь харагдахгүй байсан. Гартаа бариад бэлдэж ирсэн зүйлээрээ шууд зурсан. Надад 555.600 төгрөгийн хохирол учирсан...

...90.000 төгрөгийг *** дугаарын дансаар шилжүүлж авсан. 2 хоногийн дараа 210.000 төгрөгийг дахин дансаар авсан. Үлдэгдэл 260.000 төгрөгийг бэлнээр өгч хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-12 дахь тал, 14-15 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...*******тэй 1 жил гаран хамтран амьдарсан. Тэр үед би ээж дүү нартайгаа нийлээд байр аваад түрээсэлсэн байрнаасаа гарч яваад, миний түрээсэлсэн байрыг үргэлжлүүлээд түрээсэлье гээд *** үлдсэн. Одоо тэр байранд *** байхгүй. Хэрэг гарах өдөр би эгчтэйгээ хамт Төв аймагт явж байхад *** залгаад хаана явна, юу хийж явна гээд байнга дарамталсан. Би Төв аймагт явна гэсэн чинь юун Төв аймаг юу хуцаад солиороод байгаа юм бэ гээд над руу мессеж 10 цаг өнгөрч байхад бичсэн байсан. Би Төв аймгаас ирээд гэрийн гадаа зогсоод гэртээ орсон. Өглөө гэрээсээ гарч иртэл миний автомашиныг зурсан байсан. Би цагдаа дуудаад камерын бичлэг шүүтэл *** байсан. ...Бичлэгийг үзэхэд согтуу харагдсан зүйл байгаагүй. *** нь санаатайгаар миний автомашиныг зурсан. Одоо бид хоёр тусдаа амьдарч байгаа, яагаад ингээд байгааг ойлгохгүй байна...” гэх мэдүүлэг,

2. Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...03 цаг 26 минут 24 секундэд “Camera 1” дугаартай дэлгэц дээрх хяналтын камерын бичлэгт гадна автомашины зогсоол харагдах ба камерын төв хэсэгт улсын дугаар нь харагдах боломжгүй цэнхэр өнгийн приус 20 маркийн автомашин байв. Цэнхэр өнгийн приус 20 маркийн автомашиныг хохирогчийн мэдүүлгээр *******гийн эзэмшлийн *** улсын дугаартай автомашин гэж тодорхойлов. Баруун урд талд хар өнгийн үстэй, дээд хэсгээрээ цэнхэр өнгийн цамцтай ханцуй гарны хэсэгт тод цэнхэр өнгийн цамцтай эрэгтэй хүн байв. 03 цаг 26 минут 29 секундэд “Camera 1” дугаартай дэлгэц дээр хар өнгийн үстэй махлагдуу биетэй цэнхэр өнгийн цамцтай, ханцуйгаараа тод цэнхэр өнгийн цамцтай, дотор талаараа урдаа бичигтэй цагаан өнгийн /цамц, футболк аль нь байж болох/ өмссөн эрэгтэй хүн, зүүн мөрөн дээгүүрээ хар өнгийн оосортой цүнх үүрсэн эрэгтэй хүн улсын дугаар нь харагдахгүй цэнхэр өнгийн приус 20 маркийн автомашины баруун урд талын хаалганы орчимд баруун гараа хүргэж байгаа байдал бичигдсэн байв. 03 цаг 26 минут 37 секундэд “Camera 1” дугаартай дэлгэц дээр усан цэнхэр өнгийн цамцтай, хар өнгийн үстэй, цамцны ханцуй гарны хэсэгтээ хөх өнгөтэй, зүүн мөрөндөө хар өнгийн оосортой цүнхийг баруун ташаа хэсэг рүүгээ унжуулж үүрсэн эрэгтэй хүн баруун гараа цэнхэр өнгийн приус 20 маркийн автомашины баруун хойд талын хаалганы гадна хэсэгт баруун гараа атгасан байдалтай хүргээд алхаж буй байдал. 03 цаг 26 минут 39 секундэд “Camera 1” дугаартай дэлгэц дээр усан цэнхэр өнгийн цамцтай, хар өнгийн үстэй, цамцны ханцуй гарны хэсэгтээ хөх өнгөтэй, зүүн мөрөндөө хар өнгийн оосортой цүнхийг баруун ташаа хэсэг рүүгээ унжуулж үүрсэн эрэгтэй хүн баруун гараа цэнхэр өнгийн приус 20 маркийн автомашины баруун хойд талын крыло дээр баруун гараа атгасан байдалтай хүргээд алхаж буй байдал. 03 цаг 26 минут 41 секундэд “Camera 1” дугаартай дэлгэц дээр усан цэнхэр өнгийн цамцтай, хар өнгийн үстэй, зүүн мөрөндөө хар өнгийн оосортой цүнхийг үүрсэн эрэгтэй хүн цэнхэр өнгийн приус 20 маркийн автомашины баруун хойд талд алхаж буй байдал. 03 цаг 26 минут 56 секундэд “Camera 1” дугаартай дэлгэц дээр усан цэнхэр өнгийн цамцтай, хар өнгийн үстэй, зүүн мөрөндөө хар өнгийн оосортой цүнхийг үүрсэн эрэгтэй хүн цэнхэр өнгийн приус 20 маркийн автомашины баруун хойд урд талд алхаж буй байдлыг харуулав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 25-30 дахь тал),

3. Дамно ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №БГ-22-559 дугаартай “...Баруун урд хаалга-150.000 төгрөг, Баруун хойд хаалга-150.000 төгрөг, Баруун хойд крыло-165.000 төгрөг, шууд зардал-465.000 төгрөг, 300 гр будаг-90.600 төгрөг, нийт зардал 555.600 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 34-38 дахь тал),

4. Хохирол төлсөн талаарх баримтын хуулбар (хавтаст хэргийн 71 дэх тал),

5. Хохирогч *******гийн “*** приус 20 машины урд хаалганаас хойд гэрэл хүртэл зурсан хохирол болох 555.600 төгрөгийг төлж барагдуулсан.” гэх бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 76 дахь тал),

6. Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө 03 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 142 дугаар байрны гадаа очоод ***гийн *** улсын дугаартай цэнхэр өнгийн приус 20 маркийн машиныг гэрийнхээ бүргэд хаалганы түлхүүрээр баруун урд талын хаалганаас хойд талын крыло хүртэл нь тасралтгүй баруун гараараа зурсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрийнхээ түлхүүрээр зурж гэмтээснээ өөрөө хүлээн зөвшөөрөөд ***гаас уучлалт гуйгаад хохирлыг нь барагдуулж өгсөн. Би ажил хийгээд ажлын урьдчилгаа хөлсөө аваад барагдуулсан. 90.000 төгрөгийг *******гийн *** дугаарын хаан банкны данс руу шилжүүлсэн. Дараа нь 350.000 төгрөгийг бэлнээр “Гангүүр” ХХК-ийн гадаа өгсөн. 160.000 төгрөгийг *** дугаарын данс руу шилжүүлж, нийт 560.000 төгрөгийг үнэлгээгээр гарсан нэхэмжилсэн мөнгийг бүгдийг нь төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-48 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын (хавтаст хэргийн 51, 53-55 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 63 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                   

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******ээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 17-19 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг.

Хэргийн үйл баримтаар хохирогч *******гийн эд хөрөнгөд бага хэмжээ буюу 300.000 төгрөгөөс давсан хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон, энэ нь шүүгдэгч *******ийн гэмт үйлдэл буюу автомашины хаалгыг түлхүүрээр зурсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Хавтаст хэргийн 34-38 дахь талд авагдсан Дамно ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тайлан, хохирогчийн мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч *******д 555.600 төгрөгийн хохирол учирсан байна гэж үзсэн бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохиролд хамаарах юм.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн баруун хаалга, баруун хойд крыло зэргийг түлхүүрээр зурж гэмтээсэн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шүүгдэгч хохирогчид хохирол, хор уршиг бий болохыг мэдсээр байж зориуд эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв. 

Иймд шүүгдэгч *******ийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан хохирол хор уршиг арилсан гэх хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 75 дахь тал)

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 77-78 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг *******эд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймээс шүүгдэгч *******эд оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусд асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******д 555.600 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тайлангаар тогтоогдож байна.

Хохирогч ******* нь хавтаст хэргийн 14-15 дахь талд “...90.000 төгрөгийг *** дугаарын дансаар шилжүүлж авсан. 2 хоногийн дараа 210.000 төгрөгийг дахин дансаар авсан. Үлдэгдэл 260.000 төгрөгийг бэлнээр өгч хохирлыг барагдуулсан...” гэж мэдүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хохирол нөхөн төлсөн талаар маргаагүй тул шүүгдэгч *******ээс гаргуулах хохирол төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******эд сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хохирогч *******д 555.600 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БОЛОРТУЯА