| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/1225/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1422 |
| Огноо | 2022-11-17 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Чанцалням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1422
2022 11 17 2022/ШЦТ/1422
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Г.Мөнхзул, С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
шүүхийн иргэдийн төлөөлөгч Ж.Сувд-Эрдэнэ,
улсын яллагч Э.Чанцалням /томилолтоор/,
шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Д.Насанжаргал /ҮД:2057/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Эрхэмбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 01274 1212 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд:
- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1090 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнссэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Т нь 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 3-11а тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам тавьж бусадтай маргалдах үедээ Н.Аын цээжин тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь "цээжний 4, 5 дугаар хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүрхний ховдол хатгагдаж гэмтсэн, цээжний зүүн хөндийн, үнхэлцгийн хөндийн цус хуралдалт” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
мөн тухайн үйлдлийг хориглосон Л.Оын баруун шуун тус газарт хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь “баруун шуунд зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1018 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирол төлсөн баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Н.Т.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн бол түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар эсрэг санал гаргаагүй эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.
2. Шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүгдэгч Н.Тийг хохирогч Н.Аыг хутгалж хүнд гэмтэл учруулсан, мөн хохирогч Л.Оын гарыг хутгаар зүсэж хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай талаар дүгнэлт гаргасан.
3. Шүүхээс хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбар, мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтийг дүгнэн үзээд улсын яллагч, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авсан болно.
4. Хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход: шүүгдэгч Н.Т нь 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 3-11а тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам тавьж бусадтай маргалдах үедээ хохирогч Н.Аын цээжин тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь "цээжний 4, 5 дугаар хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүрхний ховдол хатгагдаж гэмтсэн, цээжний зүүн хөндийн, үнхэлцгийн хөндийн цус хуралдалт” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
мөн тухайн үйлдлийг хориглосон хохирогч Л.Оын баруун шуун тус газарт хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь “баруун шуунд зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Н.Аын “...2022 оны 3 дугаар сарын 20-ны өглөө сэрээд хувцасны шүүгээний хажууд миний авсан Хамаг монгол нэртэй архи бүтнээрээ байхаар нь гэрт байсан ЧЗ, УЦ эгч болон нөхөр ГБ нарын хамт тухайн архийг уугаад сууж байтал БМ, Н.Ц, ОТ нар орж ирцгээгээд ууцгаасан. Тэр архийг ууж дуусгаад дахиад архи авчирсан байсан. Ямар ч байсан БМ, Н.Ц хоёр гэрт муудалцсан, би юунаас болж муудалцсаныг нь сайн ойлгоогүй. Тэр хоёр ноцолдож байгаад гэрийн багана хугалчихсан. Түүний дараа Н.Ц гарч яваад орж ирэхдээ баруун гартаа хутга барьчихсан БМ рүү дайрахаар нь би болиулах гээд урдуур нь орсон чинь миний цээжний зүүн дээд хэсэгт дүрчих шиг болсон. Тэгтэл гэнэт миний дотор давчдаад цээжний зүүн дээд хэсгээр халуун оргиод байхаар нь хашаанаас нь гараад явж байснаа санаж байна, тэгээд эмнэлэг дээр сэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх25/,
- хохирогч Л.Оын “...2022 оны 3 дугаар сарын 20-ны өглөө 11 цагийн үед сэрээд байж байтал гаднаас БМ, ЛС нар орж ирэхдээ 0.75 литрийн Соёрхол нэртэй архи 2 шилийг аваад ороод ирэхээр нь бид нар хувааж уусан ба удалгүй Н.Ц гаднаас бас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирээд БМтэй маргалдаад Н.Ц буцаад гараад явчихсан. Тэгсэн чинь Н.Ц буцаж орж ирээд гартаа хутга барьчихсан тэр хавиар хутгаа савчаад байсан. Н.Ц тэр хутгаараа Аын цээж рүү дүрчих шиг болсон. Тэгээд би Н.Цээс хутгыг нь авах гэж байгаад барьсан хутганд нь баруун гараа зүсчихсэн...” гэсэн мэдүүлэг /хх31/
- гэрч Б.БЖын “...би БМийг архи дарс уугаад гэр орондоо ирэхгүй бөөнөөрөө нийлж архи уулаа гэж загнаад БМтэй хэрэлдсэн. Тэгтэл Н.Ц та хоёр айлд хэрэлдлээ, манай гэрт орж хэрэлд гэж хэлээд 2 удаа гарч орсон. Хамгийн сүүлд Н.Ц орж ирэхдээ гэрийн баруун талын баганыг хугалаад БМ рүү уурлаад дайрсан. Тэгтэл Н.Цг түүний эхнэр гэрээс аваад гарсан. Яг тэр үеэр хохирогч залуу /А/ шалан дээр унтаж байснаа босож ирээд гэрийн хугарсан баганыг аваад одоо яаж янзлах вэ гэсэн зүйл яриад гэрийн үүдний хэсэгт зогсож байтал гаднаас Н.Ц ганцаараа баруун гартаа хутга бариад ороод ирсэн. Тэгээд ямар нэг хүний нэр заагаагүй алнаа гээд хутгаа савчаад байсан. Би сандраад шууд босож очоод Н.Ций цамцнаас нь зуурч чирээд гадаа гаргаад гэрийн зүүн урд талд газарт унагаад дээрээс нь дараад суусан. Тэгэхэд Н.Ц хутганы үзүүр яагаад цус болчхов оо гэсэн. Тэгэхээр нь би Н.Цгийн гарт байсан бор, шаргал юм шиг иштэй хутгыг хартал үзүүр хэсэг нь улаан өнгийн цус шиг зүйл болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх38/,
- гэрч Д.ЛСгийн “..би БМ ахтай дэлгүүр ороод ундаа, хоёр пиво, архи идэж уух юм аваад буцаад нөгөө гэртээ очсон юм. Тэгсэн Н.Ц ах бид хоёрыг очиход уурлаад орж гараад байсан. Би хэнтэй юунаас болж маргаад байсныг мэдэхгүй байна. Сүүлд сонсоход Н.Ц ах БМ гэх ахтай хэрэлдэж маргаад Н.Ц гэрийн багана өшиглөсөн чинь багана нь хугарчихсан. Тэгсэн нөгөө унтаж байсан танихгүй хоёр залуу сэрээд босоод ирсэн. Тэгээд Н.Цгийн эхнэр Болороо нөхрөө аваад гэрээс гарсан чинь Н.Ц буцаж орж ирэхдээ гэрээсээ хутга аваад ороод ирсэн. Орж ирчхээд надад ойрдсон хүнийг би ална шүү гэж хэлсэн. Тэр үед Тамираа ах болон танихгүй улаан цамцтай залуу хоёр очоод Н.Цг гэрээс аваад гарсан. Тамир ах буцаж гэрт орж ирсэн чинь баруун талын гарын шуу хэсгийн дээд хэсгээс цус гараад байх шиг байсан. Тэгэхээр нь би гэрээс гараад хашааны гадаа гарсан чинь нөгөө улаан цамцтай залуу хашааны гадаа цус болчихсон газар хэвтэж байсан. Тэгээд түргэн, цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх47/,
- гэрч Т.Эын “...би худгаас усаа авчхаад гэр лүүгээ орж байтал ГБын гэрийн үүдэнд БМийн эхнэр БЖ болон манай найз Н.Ц нар хоорондоо ноцолдоод байж байсан. БЖ Н.Ций дээрээс дарсан байдалтай байсан. Тэгтэл БЖ над руу хандаж “Эрка нэг хүн хашаагаар гараад зугтаачихлаа тэр хүнийг дуудаадах” гэж хэлсэн тул би хашааны хаалган дээр очоод шагайх гэтэл хашааны гүйдэг зам дээр дуссан цусыг хараад гудамж руу 2 тийшээ хартал үл таних улаан малгайтай цамцтай, намхавтар залуу гуйваад алхаж явсан. Би тухайн залууд хандаж “хөөе чамайг дуудаад байна” гэж хэлтэл над руу бүтэн биеэрээ эргэж харсан ба тухайн залуугийн баруун гуяыг дагаж цус болсон байсан тул би явж очихдоо “зүгээр үү, яасан бэ” гэж асуутал тухайн залуу миний өөдөөс үг дугаралгүй цамцаа өөрөө сөхөж харуулсан. Би тухайн шархыг нь хартал тухайн залуугийн цээжин хэсэгт нь босоо хэлбэртэй зүсэгдсэн байсан ба тухайн шархнаас цус гоожиж байсан...” гэсэн мэдүүлэг /хх51-52/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх7-13/, хохирогч нарын эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн №4647 дугаартай дүгнэлтэд “... Н.Аын биед цээжний 4, 5 дугаар хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүрхний ховдол хатгагдаж гэмтсэн, цээжний зүүн хөндийн, үнхэлцэгийн хөндийн цус хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэжээ. /хх62/
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Цолмонгийн №4645 дугаартай дүгнэлтэд “... Л.Оын биед баруун шуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх шинэ гэмтэл нь 1 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх67/
7. Хохирогч Н.Аын эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл, хохирогч Л.Оын эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтлийг шүүгдэгч Н.Т нь согтуурсан үедээ гэм буруугийн санаатай хэлбэрээр, хутгаар учруулсан, хохирол, хор уршиг зориуд хүргэсэн нь эргэлзээгүйгээр нотлогдон, тогтоогдож байна.
8. Иймд шүүгдэгч Н.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцов.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
9. Хохирогч Н.А, Л.О нар нь эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой баримт гаргаж өгөөгүй байх ба шүүгдэгч Н.Т нь хохирогч Н.Аын хохиролд 1.000.000 төгрөгийн хохирол төлсөн нь дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байна. Харин хохирогч Л.О нь нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
10. Хохирогч Н.А нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотой холбогдох баримтыг хэрэгт хавсаргуулаагүй, шүүхэд гаргаж өгөөгүй тул эрүүл мэндтэй холбоотой ямар зардал гаргасан зэргийг тодорхойлох боломжгүй буюу түүнд учирсан хохирол, төлбөрийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.
Хохирогч Н.Аын эрүүл мэндэд хүнд хор уршиг учирсан байх бөгөөд хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна.
11. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэж заасан.
Тус хэрэгт Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Насанжаргал иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон, хохирогч Н.А хүнд гэмтэл авч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан гэж 6.643.500 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг төлүүлэх нэхэмжлэлийг холбогдох баримтыг хавсаргажээ. /хх191-192/
12. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасан. Тиймээс хохирлыг хариуцан төлбөл зохих 6.643.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 10090020080 дугаарын дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.
13. Шүүгдэгч Н.Т нь эрүүгийн хариуцлагын хуралдаанаас өмнө 6.643.500 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 10090020080 дугаарын дансанд төлсөн нь баримтаар тогтоогдож байна. Тиймээс энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
14. Улсын яллагчаас шүүгдэгч Н.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 9 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, дүгнэлт, санал гаргасан.
15. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Н.Т нь үйлдэлдээ гэмшиж гэм буруугаа хүлээж байгаа, хохирогчид болон даатгалын санд хохирлыг төлсөн, хувийн байдлыг нь харгалзан үзэх, удаан хугацаанд хорих ял оногдуулснаар үр нөлөөтэй гэж үзэж болохгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялын доод хэмжээнээс бага ял оногдуулах санал гаргасан.
16. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Н.Т нь урьд санаатай гэмт хэрэг үйлдэж байсан байх анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, харин хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, мөн Эрүүл мэндийн даатгалын санд зардлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд, мөн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан тусгай ангийн нэг бүлэгт заасан 2 санаатай гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
17. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуугаар хутгаар /зэвсэг хэрэглэж/ хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учруулсан, учирсан хохирол хор уршгийн шинж чанар их, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
18. Шүүгдэгчийн хувьд 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаа хорих ялтай хүнд гэмт хэрэг үйлдсэн ба гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, түүний гэр бүлийн хувийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасныг хэрэглэн хорих ялын доод хэмжээ болох 5 жилээс бага ял оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.
19. Иймд дээрх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Тд 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.
Мөн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.
20. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 4 жил 6 сарын хорих ял дээр 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялд дүйцүүлэн нийт эдлэх хорих ялын хугацааг 4 жил 9 сарын хугацаагаар тогтоов.
21. Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
22. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгуулахаар Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
23. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 22 /2022.10.26-2022.11.16/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Н.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн,
мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад оногдуулсан 4 жил 6 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ял шилжүүлэн тооцон 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хугацааг 4 /дөрөв/ жил 9 /ес/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Хохирогч Н.А нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгуулахаар Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХБААТАР
ШҮҮГЧИД Г.МӨНХЗУЛ
С.СЭРЖМЯДАГ