Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 38

 

             Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Д.О-ын нэхэмжлэлтэй,

             Хариуцагч: Ц.Б-д холбогдох,   

          Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:  

          Нэхэмжлэгч Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2016 оны хавар Ц.Б-тэй танилцаж, 1 жилийн хугацаанд үерхэж байх хугацаандаа хүүхэдтэй болсон. Энэ хугацаанд 2 талын аав, ээжийндээ ирж, очин амьдардаг байсан. 2016 оны 12 дугаар сард би жирэмсэн болсноо мэдээд Ц.Б-д хэлэхэд “Хоёулаа хүүхдээ төрүүлээд хамт амьдаръя” гэж хэлсэн тул би хүүхдээ төрүүлэхээр шийдвэрлэж, бид ........ сумын ....... дугаар багт, Ц.Б-ийн аавынд амьдрах болсон. 2017 оны хавар Ц.Б ээжийнхээ хамтаар Улаанбаатар хот руу яваад ирснээс хойш надтай холбоо бариагүй, ирж уулзаагүй. Би 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүү О.Э-г төрүүлсэн. Хүүг төрөх хүртэл Ц.Б надтай огт холбоо бариагүй, ирэхгүй болохоор нь хүүгээ өөрийнхөө нэрээр овоглосон. 2018 оны 8 дугаар сард анх удаа манай гэрт ирээд хүүхэдтэйгээ уулзахдаа архи уучихсан, халамцуу байсан ба нэг үнсчихээд гараад явсан. 2018 оны 9 дүгээр сарын 20-ны үед би хүүхэд харах хүнгүй байсан тул Ц.Б-д аваачиж өгөөд, 35 хоногийн хугацаанд тэдэнтэй хамт байлгасан. Хүүхдээ хараад над руу эргээд ирэх байх гэж хүлээсэн. Гэтэл харин ч намайг янз бүрээр доромжилсон зүйлийг түүний ээж ярьж, хэрүүл маргаан гаргаж байгаа. Иймд би Ц.Б-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж авах хүсэлтэй байна” гэжээ.     

            Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие хүүхдээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин Д.О намайг утсаар янз бүрээр доромжилж, дарамталдаг. Нэг удаа хүүхдийг “Энэ юмаа ав” гээд манайд авчирч өгөхөөр нь уур хүрээд нэг алгадаж, гарыг нь барьснаас болж намайг цагдаад өгсөн. Мөн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд хүүхэд манайд байсан. Энэ хугацаанд Д.О Улаангом суманд завхайрч яваад ирсэн. Ирээд өөрөө хүүхдээ авахгүй, дүүгээ худал хэлүүлэн явуулж авахуулсан. Би одоо өөрөө хүүгээ авна”  гэжээ.  

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Д.Онь хариуцагч Ц.Б-д холбогдуулан, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

         Хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Увс аймгийн Тэс сумын Ендэрт багийн Засаг даргын тодорхойлолт, өрхийн эмчийн тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар зэргийг судлан үзэхэд хэдийгээр Д.О, Ц.Б нар нь гэрлэлтээ албан ёсоор бүргүүлээгүй боловч 2016-2017 оны хооронд гэр бүлийн харилцаатай байсан, тэдний дундаас 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүү Тайж овогтой О.Э /регистрийн дугаар ........................./ төрсөн болох нь тогтоогдож байна.

          Мөн хариуцагч нь О.Э-ийн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч, хариу тайлбар гаргасан байна.

         Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн Тайж овогтой О.Э-нг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.Б-ээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.О-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-ээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-лд олгох нь зүйтэй байна.

             Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол тэдний хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдав.

         Харин хариуцагч нь “Хүүхдээ өөрийн асрамжид авна” гэсэн тайлбар, хүсэлт гаргасан боловч үүнийг шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж үзэх боломжгүй байгаагаас гадна тухайн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн бүрдүүлбэр хангаж ирүүлээгүй, мөн тухайн хүүхдийг өөрийн асрамжид авснаар ямар орчин нөхцөлд, яаж өсгөх гэж байгаагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

          Түүнчлэн хариуцагч Ц.Б-г шүүх хуралдаанд биечлэн оролцуулахаар 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цагт товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулж, энэ өдөр дахин товлож, шүүх хуралдааны мэдэгдлийг хүргүүлсэн боловч 2 дахь удаагаа ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн Тайж овогтой О.Энг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.Б-ээр тэжээн тэтгүүлсүгэй.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол тэдний хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.О-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-ээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-лд олгосугай.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар хариуцагч Ц.Б-ийн “Хүүхдийн асрамж тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ГЭРЭЛТУЯА