Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 81

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

          Нэхэмжлэгч: Б.Т-ын нэхэмжлэлтэй, 

        Хариуцагч: О.Т-нд холбогдох,

        Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, хариуцагч О.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

   Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нөхөр болох О.Т-тэй 2013 онд танилцаж, 2014 онд гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүү Т.Б төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд нөхөр маань байнга гадуур тоглоом, наадам хөөж, гэр орондоо ямар ч халамж байхгүй, би хүнтэй биш хүний залуугийн бариатай гэртэй суусан юм шиг амьдарч ирсэн, бас маш их хартай, найз нөхөдтэйгээ хардаж, гэрт хэрүүл маргаан их гарч байсан. Миний хувьд хүүхдээ бодож өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн. Одоо цаашид тэвчиж амьдарч чадахгүй бас хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байгаа тул хамт амьдрах боломжгүй байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд гэрлэлт цуцалж өгнө үү. Аав болох О.Т-ийн асрамжид хүүхдээ хүлээлгэн өгч байгаа, мөн тэтгэлэг төлөхгүй” гэжээ.

       Хариуцагч О.Тогтохсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Түмэнжаргалын гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж гаргах тайлбаргүй” гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч О.Т-нд холбогдуулан, гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

        Гэрлэгчид 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

         Нэхэмжлэгч, хариуцагч нар 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүү Тайж овогтой Т.Б төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

          Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч нар 2017 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, цаашид эвлэрэн хэлэлцэх боломжгүй гэх бөгөөд шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх 2 сарын хугацаа олгож, бүх талын арга хэмжээ авсан боловч эвлэрээгүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар Б.Т, О.Т нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Т-ээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т-лд олгох нь зүйтэй.

         Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдав.  

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Харагчууд овогтой Б.Т, Тайж овогтой О.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.

           2.  Зохигчид эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.

       3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдсугай.

          4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Т-ээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т-лд олгосугай.     

          5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг Ерөнхий шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ГЭРЭЛТУЯА