Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1431

 

 

 

 

 

 

 

     2022           11           22                                         2022/ШЦТ/1431

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Очирсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар Б.Пт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 03295 1898 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, хувиараа барилгын заслын ажил эрхэлдэг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.П нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 17 цаг 50 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан дэглий” нэртэй зочид буудлын өрөөнд хамт байсан Б.Оийн “Самсунг А52” маркийн гар утсыг ширээн дээр байхад нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 500.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1324 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухай: шүүгдэгч Б.П:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаангүй болохоо илэрхийлэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбар, дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.П нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 17 цаг 50 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан дэглий” нэртэй зочид буудлын өрөөнд хамт байсан хохирогч Б.Оийн “Самсунг А52” маркийн гар утсыг ширээн дээр байхад нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч

Энэ нь хохирогч Б.Оийн “...2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл эрүүл мэндийн төвд өөрийгөө П гэж танилцуулсан эрэгтэйтэй танилцаж, хэсэг ярьж сууж байгаад эмнэлэг цайны цаг болсон тул ойролцоох пабад орохоор хамт явсан. Улмаар пабад орж хүний нэг, нэг шар айраг худалдан авч ууж байгаад буцаад эмнэлэг дээр Пын хамт ирж эмнэлгийн асуудлаа дуусгаад дахин Пын хамт суугаад танилцсаных гээд караокед нэг цаг дуулья гэхээр би зөвшөөрч "Цагаан дэглий" гэх газарт орж шар айраг худалдан авч уусан. Улмаар нэг цагаар өрөө авч Пын хамт өрөөнд орж нэг удаа бэлгийн харилцаанд орсон. Тухайн үед буудлын өрөөнд байхад П 18 цагаас ангийнхантайгаа уулзана гээд нэг хүнтэй ярьж байгаад бэлгийн харилцаанд орсны дараа тэндээс гарч явсан. Улмаар түүнийг гарах үед Птай хамт ажилладаг гэх эрэгтэй /Батбаяр/ хүрч ирсэн. Ингээд унтаж байгаад сэрэхэд миний гар утас байхгүй байхаар нь хаана байна гээд асуухад мэдэхгүй гээд байсан. Тэгэхээр нь би Пыг дуудаад асуу гэж хэлтэл Батбаяр ах утсаа авахгүй байна гэж хэлсэн. Удалгүй Паас мессеж ирээд “би гар утас аваагүй мэдэхгүй” гэсэн байсан. Тэгээд тэндээс шөнийн 22 цагийн үед миний гар утас алдагдсан гээд дуудлага өгч цагдаагийн байгууллага дээр ирсэн...Би Б.Паас хулгайд алдсан гар утасныхаа хохирлыг бүрэн барагдуулж авсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй..” гэсэн мэдүүлэг /хх25-27, 30/,

- Гэрч А.Бын “...2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хуурай дүү болох Птай өдрийн 16 цагийн орчим утсаар ярихад өнөөдөр эмнэлэг дээр явж байгаад танилцсан О гэх эмэгтэйтэй караокед сууж байна гэж ярихаар нь би тэгвэл яваад очъё гээд хэсэг хугацааны дараа дөхөж очоод утсаар Птай ярихад буудалд байна гээд гарч ирээд намайг буудлын гаднаас тосож аваад 2 литрийн савтай "Сэнгүр" гэх нэртэй шар айраг дэлгүүрээс худалдан авч хамт буудалд ороход О гэх эмэгтэй буудлын өрөөнд нь ганцаараа орон дээр суучихсан утсаар яриад сууж байсан. Тэгээд би хамт байсан эмэгтэйтэй нь танилцаад юм яриад авсан шар айргийг аягалж өгөөд байж байтал П орой 10 жилийн ангийн уулзалттай учир түрүүлээд явлаа гээд ганцаараа гарсан. Тэгээд би Отэй юм яриад авсан шар айргийг хувааж ууж байгаад унтаад өгсөн. Тэгээд нэг сэртэл О миний гар утас хаана байна гээд надаас нэхээд байсан. Би тэгэхээр нь чи намайг анх орж ирэхэд гар утсаараа хүнтэй яриад байсан тэрнээс хойш хаана байсан талаар мэдэхгүй байна гэж хэлсэн. Улмаар намайг П луу залгаад миний утсыг асуугаад өг гэхээр нь залгатал П утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь утас руу Оийн гар утас хаана байгаа юм бэ гэсэн утгатай мессеж бичихэд би утсыг нь мэдэхгүй аваагүй гэсэн хариу ирсэн. Ингээд 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр П надтай утсаар холбогдоод ахаа би Оийн гар утсыг өөрт нь хэлэлгүйгээр авч Хархорин зах дээр танихгүй хүнд зарчихсан. Би хүний гар утас хулгайлсан болохоор тайван байж чадахгүй хэрэг шалгаж байгаад байцаагчдаа үнэнээ хэлчихлээ гэж ярьсан” гэх мэдүүлэг /хх44-46/,

шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн “..Би тэр өдөр Б.Отэй танилцахдаа түүний барьж байсан гар утсыг нь харсан, саарал өнгийн кэйстэй Самсунг А-52 загварын гар утас байсан. Би буудлаас гарч явахдаа түүний ширээн дээр тавьчихсан байсан гар утсыг нь хэлэлгүй хулгайлан авч гараад Хархорин захын ойролцоо үл таних нэг эрэгтэйд 300.000 төгрөгөөр зарсан. Тухайн хүнийг одоо харвал танихгүй. Би Оийн гар утсыг хулгайлан авч явсан үйлдэлдээ маш их харамсаж байна. Тухайн өдөр би 10 жилийн уулзалтад явах үед надад бэлэн мөнгө байхгүй байсан болохоор түүний гар утсыг хулгайлан авч явсан” гэсэн мэдүүлэг /хх70-71/, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

3. Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр буюу өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно.

Шүүгдэгч нь хохирогчийн “Самсунг А52” маркийн гар утсыг зөвшөөрөлгүй авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх ба уг үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 500.000 төгрөгийн хохирол /хөрөнгийн үнэлгээ хх48-50/ учирсан байна.

4. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

5. Хохирогч Б.О нь хулгайд алдсан гар утасны хохирлыг хүлээн авсан, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул Б.Пыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

6. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна.

7. Хулгайлах гэмт хэрэг нь шунахайн сэдэлттэйгээр үйлдэгддэг тул тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх боломжгүй. Харин хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул хохирол төлөгдсөн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

9. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь хуульд нийцэж байх ба шүүгдэгчид Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

10. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пыг 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР