Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1436

 

        

 

 

 

 

 

 

2022             11             23                                       2022/ШЦТ/1436

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Э.Оргилбат,

            шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оргилбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох эрүүгийн 2218 00273 1528 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 10 дугаар байрны 506 тоотод түр оршин суух хугацаандаа Дархан-Уул аймгийн фэйсбүүк зарын группт “Гар урлал хамтдаа бүтээцгээе” гэсэн хуурамч хаяг үүсгэн, оёдол эсгүүрийн сургалтад бүртгэнэ гэсэн зохиомол байдал бүхий зар байршуулан хохирогч нарыг хуурч 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Б.Бгаас 80.000 төгрөг, Н.Уас 80.000 төгрөг, Г.Нгээс 160.000 төгрөг, Д.Бгаас 240.000 төгрөгийг тус тус төрсөн эх Х.Эийн банкны дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1193 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.А.

1. Шүүгдэгч Б.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

2. Улсын яллагчаас цахим байдлаар хохирогч нар залилуулсан тохиолдолд хохирогч нарын мөнгө шилжүүлсэн газраар бус шүүгдэгчийн гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн, мөнгийг шилжүүлэн авсан газрыг зөв тогтоох байдлаар гэмт хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэрийг тогтоосон нь үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.   

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон талуудын мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.А нь 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод оршин суух гэртээ байх үедээ Дархан-Уул аймгийн фэйсбүүк зарын группт “гар урлал хамтдаа бүтээцгээе” гэх хуурамч хаяг үүсгэн, оёдол эсгүүрийн сургалтад бүртгэнэ гэсэн зохиомол байдал бий болгосон зарыг байршуулан хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн төрсөн эх Х.Эийн хаан банкны 5303239596 дугаарын дансаар хохирогч Б.Б, Н.У, Г.Н, Д.Б нараас нийт 560.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт тогтоогдож байх тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авсан болно.  

4. Шүүгдэгч Б.А нь хохирогч нарыг дараах байдлаар залилан эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авчээ. Үүнд:

4.1. Хохирогч Б.Бг залилсан тухайд:

Энэ нь хохирогч Б.Бгийн “...Би 2022 оны 5 дугаар сарын 26-ны фэйсбүүкт Дархан хамгийн том зарын группт “Гар урлал хамтдаа бүтээе” хаягаас Дархан-Уул аймагт оёдлын сургалт 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр буюу өнөөдөр 17 цагт 7 хүн элсүүлж, аваад хичээл эхлэх гэж байна гэсэн зарын дагуу 95178577 дугаар луу нь залгаад яаж бүртгүүлэх вэ гэж асуухад Хаан банкны 5303239596 гэсэн дансыг миний фэйсбүүк чатаар явуулаад бүртгэлийн хураамж болох 80.000 төгрөгийг шилжүүл гэж хэлсэн. Тэгээд би өөрийн Капитрон 30026010903 данснаас 80.000         төгрөг шилжүүлээд фэйсбүүк чатаар хаана очиж сургалтад суух талаах асуухад надад 89248244 дугаарыг өгөөд залгаад асуу гэж хэлсэн. Тэгээд орой 20 цагт би найз Нэргүйн хамт спортын ордон дээр ирээд жижүүртэй нь уулзаад энд оёдлын сургалт хаана болж байгаа талаар асуусан боловч жижүүр нь манай энд ийм сургалт болохгүй байгаа гэж хэлсэн. Тэгээд би 95178577 дугаар луу залгасан боловч утас нь холбогдохгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1хх13/,

4.2. Хохирогч Н.Уыг залилсан тухайд.

Энэ нь хохирогч Н.Уын “...Би 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр фэйсбүүкт Дарханы хамгийн том зарын группт “Гар урлал хамтдаа бүтээе” хаягаас Дархан-Уул аймагт оёдлын сургалт 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 17 цагт 7 хүн элсүүлж аваад хичээл эхлэх гэж байна гэсэн зарын дагуу 95178577 дугаар луу нь залгаад яаж бүртгүүлэх вэ гэж асуухад Хаан банкны 5303239596 гэсэн дансыг миний фэйсбүүк чатаар явуулаад бүртгэлийн хураамж болох 80.000 төгрөгийг шилжүүл гэж хэлсэн. Тэгээд би өөрийн Хаан банкны 5056073091 дугаарын данснаас шилжүүлсэн. Тэгээд зарын дагуу 95178577 дугаар луу залгасан чинь орой 20 цагт спортын ордон дээр хүрээд ирээрэй гэсэн. Тэгээд би орой 20 цагт спортын ордон дээр ирээд жижүүртэй нь уулзаад энд оёдлын сургалт хаана болж байгаа талаар асуусан боловч жижүүр нь манай энд ийм сургалт болохгүй байгаа гэж хэлсэн...” гэсэн  мэдүүлэг /1хх56/,

4.3. Хохирогч Г.Нг залилсан тухайд.

Энэ нь хохирогч Г.Нн “...Би 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр фэйсбүүкт Дархан-Уул аймгийн хамгийн том зарын группт “Гар урлал хамтдаа бүтээе” хаягнаас Дархан-Уул аймагт оёдлын сургалт 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр буюу өнөөдөр 17 цагт 7 хүн элсүүлж аваад хичээл эхлэх гэж байна гэсэн зарын дагуу 95178577 дугаар луу нь залгаад яаж бүртгүүлэх вэ гэж асуухад Хаан банкны 5303239596 гэсэн дансыг миний фэйсбүүк чатаар явуулаад бүртгэлийн хураамж болох 160.000 төгрөгийг шилжүүл гэж хэлсэн. Тэгээд би өөрийн нөхөр А.Бийн Хаан банкны 5086003335 данснаас 160.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх137/,

- А.Бийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх150/,

4.4. Хохирогч Д.Бг залилсан тухайд.

Энэ нь хохирогч Д.Бгийн “...Би 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр фэйсбүүк зарын дагуу оёдол эсгүүрийн сургалтад хамрагдъя гэж хэлсэн чинь төлбөрөө 50 хувийг шилжүүлсэн тохиолдолд сургалтад бүртгэж авна гэж хэлэхээр нь өөрийгөө эхлэж бүртгүүлээд ахиж суудлын тоо 2 гарвал хэлээрэй гэж мессеж бичсэн юм. Би мөнгөө шилжүүлсний дараа над руу 2 хүний суудлын тоо гарсан байна гэж мессеж ирэхээр нь би найз Бо, Мө хоёрыгоо бас бүртгүүлээд өөрийнхөө дансаар мөнгийг нь шилжүүлсэн юм. Би нийтдээ 240.000 төгрөгийг Эрдэнэцэцэг гэсэн хүний данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх177/,

- гэрч Н.Мөийн “...Би 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр манай найз Д.Б залгаад оёдол эсгүүрийн сургалт байна, суух уу гэж асуухаар нь сууя гэж хэлээд миний найз очоод бүртгүүлчих, найз нь очоод мөнгийг нь өгье гэж хэлсэн юм. Орой сургалт болох газраа очсон боловч сургалт болохгүй гэдгийг мэдээд залилуулсан гэдгээ мэдсэн юм. Урьдчилгаа 80.000 төгрөг гэж хэлсэн. Би уг мөнгийг найз Баг шилжүүлчих гэж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг /1хх180/,

- гэрч Х.Эийн /шүүгдэгчийн төрсөн эх/ “...өнгөрсөн 2022 оны 5 дугаар сард манай охин Б.А миний Хаан банкны интернэт банкийг миний гар утсан дээр суулгаж өгсөн. Тэгээд танд данс нээлгэх эрх байна гээд миний нэр дээр суулгаж, миний нэр дээр тухайн дансыг шинээр нээж өгсөн. Тухайн 5303239596 дугаарын дансыг манай охин нээж өгснөөс хойш би ашиглаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх15/, Х.Эийн 5303239596 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар хохирогч Б.Б 80.000 төгрөг, хохирогч Н.У 80.000 төгрөг, хохирогч Г.Н 160.000 төгрөг, хохирогч Д.Б 240.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн /1хх216/ нь нотлогдон, тогтоогдож байна.

5. Дээрх баримтуудаар шүүгдэгч Б.А нь хохирогч нарыг “оёдол эсгүүрийн сургалтад сургана” гэж хуурамч зар цахим сүлжээнд байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгосон цахим хаяг үүсгэн хохирогч нараас сургалтын төлбөрийн урьдчилгаа гэж нийт 560.000 төгрөгийг өөрийн эх Х.Эийн банкны дансаар шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогдож байна.

6. Тиймээс шүүгдэгчийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэйгээр хохирогч нарыг хуурч, өөрөө оёдол эсгүүрийн сургалтын үйл ажиллагаа явуулдаггүй атлаа сургалтад хамруулна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэх шинжийг хангасан гэж дүгнэлээ.

7. Шүүгдэгчийн үйлдлийг үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг гэж үзэхээр байх тул шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон цахим хэрэгсэл хэрэгсэл ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцон шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

8. Хохирогч Б.Б, Н.У, Г.Н, Д.Б нарт учирсан хохирлоос төлөгдөөгүй байна.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Агаас хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх буюу нийт 560.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Бд 80.000 төгрөг, Н.Уд 80.000 төгрөг, Г.Нд 160.000 төгрөг, Д.Бд 240.000 төгрөг гаргуулж тус тус олгуулахаар шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

9. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 7 сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

10. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг ажил хийж хохирогч нарт төлөх болно, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манай хүү нэг нас хүрнэ. Тэгээд би “Болор” салонд ажиллахаар тохирсон тул зорчих эрхийг хязгаарлах ялаас өөр төрлийн ял шийтгэж өгнө үү гэсэн болно.

11. Шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

12. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд 18 настай, мөн ой хүрээгүй хүүхэдтэй /2хх40/, зэргийг харгалзан үзлээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасныг харгалзлаа.  

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.

14. Шүүгдэгч Б.А нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, бусдад учруулсан хохирлын хэмжээ зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв. 

15. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

16. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ад оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, хохирогч нарт учирсан хохирлыг арилгах тус тус үүрэг хүлээлгэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

17. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

18. Мөн шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

19. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгчид анхааруулж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, цахим хэрэгсэл ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид хохирогч нарт учруулсан хохирлыг арилгах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Агаас нийт 560.000 /таван зуун жаран мянга/ төгрөг гаргуулж, үүнээс 80.000 төгрөгийг хохирогч Б.Бд, 80.000 төгрөгийг хохирогч Н.Уд, 160.000 төгрөгийг хохирогч Г.Нд, 240.000 төгрөгийг хохирогч Д.Бд тус тус олгуулсугай.   

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР