Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1437

 

 

 

 

 

 

 

     2022            11           23                                        2022/ШЦТ/1437

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч У.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Бат-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 02749 1487 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн эрэгтэй, тусгай дунд боловсролтой, машин механизм засварчин мэргэжилтэй, хувиараа барилгын туслах ажилтан хийдэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч У.Н нь 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Эс-25” сүлжээ дэлгүүрт хохирогч Б.Эийн “Айфоне 11 про макс” загварын 1.750.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1233 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухай: шүүгдэгч У.Н:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч У.Н нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбарыг дүгнэн үзэхэд У.Н нь 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Эс-25” сүлжээ дэлгүүрт хохирогч Б.Эийн “Айфоне 11 про макс” загварын 1.750.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Б.Эийн “...2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 04 цаг 10 минутын үед 21 дүгээр хорооллын “Жи Эс 25” сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж байхад 20-25 насны согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн кассын худалдагч нартай хэрэлдэж байсан. ...удалгүй цагдаа нар ирсэн байсан. Тэгээд би гар утсаа үзсэн чинь алга болчихсон байсан. 2019 онд найзынхаа ломбардаас 2.700.000 төгрөгөөр худалдаж авч байсан “Айфоне 11 про макс” маркийн саарал өнгөтэй, ямар нэгэн сэв зураас байхгүй, гэмтэлгүй, ногоон өнгийн 3 сансрын нисгэгчийн зурагтай силикон материалтай гэртэй байсан...” гэсэн мэдүүлэг /хх7-8/,

гэрч Б.Эгийн: “...манай дүүтэй маргасан эмэгтэй гар утсаараа бичлэг хийгээд байхаар нь дүү бичлэг хийхээр гар утсаа гаргаж ирэх гэтэл Айфоне 11 про маркийн гар утас байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх12/,

гэрч А.Аын “...би “Жи Эс 25” дэлгүүрт эхнэр Лж, хуурай дүү Нл нарын хамтаар байсан. Би эрээн өнгийн шоотой цамцтай, цэнхэр жинсэн өмдтэй, ногоон өнгийн пүүзтэй байсан. Харин Нл хар өнгийн лидрэн материалын гадуур хувцастай, хар өнгийн бэлтгэлийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй, хар өнгийн богино цамцтай байсан. Нл ямар нэгэн гар утас авсан талаар би мэдээгүй, надад тийм зүйл хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх24/,

гэрч Б.Оын “... Би 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 01-ний шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "GS-25" сүлжээ дэлгүүрийн Баян-Уул салбарт өөрийн ажлын байран дээрээ байсан. Тэгсэн шөнө 04:00 цагийн орчим манай дэлгүүрт хүмүүс зодолдож шар үстэй нэг эмэгтэй нь гар утсаа алдчихсан байна гэж хяналтын камер үзүүлсэн юм. Тэгсэн тухайн зодоон болох үеэр шар үстэй, гар утсаа алдсан гэх эмэгтэй манай дэлгүүрийн гарах хаалганы хажууд байдаг галын хор дээр өөрийн гар утсаа тавьсан чинь газар уначихсан байсан. Газар унасан гар утсыг нь хар өнгийн гадуур хувцастай эрэгтэй хүн олж аваад дэлгүүрээс гараад явчихсан байсан. Энэ талаар камер үзэж байж мэдсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх29/,

гэрч Б.Өын “...шөнө 04:00 цагийн орчим манай дэлгүүрт иргэд хоорондоо зодолдож зодоон болсон юм. Тэгсэн манай дэлгүүрт зодолдсон шар үстэй эгчийн гар утас алга болчихсон байна гэж хяналтын камер үзэхэд тухайн гар утсаа алдсан шар үстэй эгчтэй маргалдаад байсан хүзүүн дээрээ шивээстэй 26 орчим насны залуугийн хамт явж байсан хар өнгийн гадуур хувцастай 23 орчим насны залуу манай дэлгүүрийн гаднах хаалганы орчим унасан байсныг олж аваад гараад явсан байсан” гэсэн мэдүүлэг /хх31/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх35-39/, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

 

3. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 1454 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд “Айфоне 11 про макс” загварын гар утсыг 1.750.000 төгрөгөөр үнийн дүнг тогтоожээ.

4. Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр буюу өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно.

Шүүгдэгч нь дэлгүүрт хүмүүс маргалдаж байгаа нөхцөл байдлыг далимдуулан хохирогчийн үүдний хэсэгт унасан гар утсыг сэм, нууцаар авч явсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх ба уг үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 1.750.000 төгрөгийн хохирол учирсан байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч У.Нямлхагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

6. Хохирогч Б.Эт 1.750.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирснаас шүүгдэгч У.Н нь хохирогчид 1.435.000 төгрөгийн хохирол төлсөн нь баримтаар тогтоогдож байна. Мөн шүүгдэгч нь үлдэгдэл 315.000 хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн болно.

7. Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Нас 315.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Эт олгуулахаар шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч У.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд Улаанбаатар хотоос гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан.

9. Хулгайлах гэмт хэрэг нь шунахайн сэдэлттэйгээр үйлдэгддэг тул тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх боломжгүй. Улмаар шүүгдэгч У.Нямлхагвын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

10. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын байдал бусдад учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлөгдсөн байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ.

11. Шүүгдэгч У.Н нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулж байгаа, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлж байх тул түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.  

12. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэрэгт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Нд 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Нас 315.000 /гурван зуун арван таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Эт олгуулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэрэгт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР