| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 181/2018/03164/И |
| Дугаар | 00494 |
| Огноо | 2019-02-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 00494
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Т.Ганчимэг, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: П.Я-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ч.Т-д холбогдох
320,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал, хариуцагч Ч.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.
Нэхэмжлэгч болон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Пүрэвсүрэн овогтой Я миний бие 2018 оны 9 сарын 4-нии өдөр 6 настай хүү Галдангаа хичээлд нь хүргэж өгөхөөр Цэргийн музей, Их засаг лицей сургуулийн хооронд явган хүний гарцаар гарч байхад УНЗ 9969 улсын дугаартай машин хүүг минь мөргөсөн. Энэ үед миний бие жолоочтой маргах үед жолоочийн хажууд сууж явсан иргэн Ч.Т дух руу минь гараа зангидан хүчтэй цохиж, зөөлөн эдийн гэмтэл учруулж, эмэгтэй хүний гоо сайхан, эрүүл мэндэд халдсан болно. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд зөөлөн эдийн няцрал тогтоогдсон боловч гэмт хэргийн шинжгүй хэмээн прокурорын мэдэгдэл ирсэн. Түүний буруутай үйлдлийн улмаас миний бие өвдөж, түргэн дуудан дүүргийн эмнэлэг, цэргийн эмнэлэг, 3-р эмнэлэгт яаралтайгаар үзүүлж шинжилгээ хийлгэн, эмчлүүлсэн боловч онош нь тогтоогдохгүй нойргүй болж, эцэст нь СЭМҮТ-д үзүүлэн эмчилгээ хийлгэсэн. Иймээс энэ хугацаанд эмнэлгээр явж, шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэсэн зардал 320,000 төгрөгийг Ч.Т гээр гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 9 сарын 4-ний өдөр дүүтэйгээ хамт явж байхад хажуугаар хүүхэд машинд мөргүүлсэн. Манай дүү бид хоёр эргэж очоод хүүхдийн гутлыг тайлаад хөлийг харахад хөхөрсөн зүйл байсан. Тэгээд шууд бид нар түргэн дуудсан. Гэмтлийн эмнэлэг явж байхад 200 метрийн хооронд нэхэмжлэгч Я гэх эмэгтэй манай дүүг үсдээд, хүүхдийнхээ гутлыг тайлж аваад гутлаар толгой руу нь цохисон. Манай дүүгийн толгой руу цохихоор нь би болиулсан. Болиулаад зогсоогоод 4 замын уулзвар дээр замын цагдаа дуудсан. Замын цагдааг дуудаад энэ процесс дууссан. Энэ мөнгийг ямар үндэслэлээр гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Миний хувьд тэгж эмэгтэй хүнийг гараа зангидан цохисон зүйл байхгүй, гэрч байна уу гэдэг нь тодорхойгүй. Тэр үед гэмтэл авсан бол яагаад авсан эмнэлгийн шинжилгээний баримтад 9 сарын 17-ны өдөр, 9 сарын 21-ний өдөр гэж 2 долоо хоногийн дараа үзүүлсэн юм бэ. Я гийн манай дүүг үсдэж, зодсоныг би өөрөө гэрчилж чадна. Миний хувьд Я г зодсон зүйл байхгүй. Нэхэмжилж буй мөнгөнөөс эмтэй холбоотой тодорхой хэсгийн төлбөрийг төлж болно. Шинжилгээний төлбөрийг төлөхгүй” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч П.Я нь хариуцагч Ч.Т д холбогдуулан гэм хорын хохиролд 320,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж байсан ба шүүх хуралдаанд эм худалдан авахад зарцуулсан 120,200 төгрөгийн төлбөрийг төлж болно, үлдэх хэсгийг нь зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж маргасан.
Нэхэмжлэгч болон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх ба нэхэмжлэгч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа гэсэн тайлбарыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан, мөн нэхэмжлэгч нь 2019 оны 1 сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ шүүх хуралдаанд оролцох боломжгүй бөгөөд өмгөөлөгчөө оролцуулан шүүх хуралдааныг явуулах хүсэлтэй талаараа илэрхийлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дахь заалтад “нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасныг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч нар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь заалтад “Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно.” гэж заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч болон иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2018 оны 9 сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Т нь П.Я гийн биед духанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан боловч энэ нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, зөрчлийн шинжтэй үйлдэл байсны улмаас Ч.Т д холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 10 сарын 17-ны өдрийн 3993 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол /хх-60 тал/-оор хаасан байна.
Хариуцагч нь уг өдөр зам тээврийн ослын улмаас маргаан болж, нэхэмжлэгч П.Я нь Ч.Т гийн дүү буюу тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоочийг зодоход нь салгасан болохоос түүнийг духанд нь цохиж гэмтэл учруулаагүй гэсэн тайлбарыг гаргасан боловч Ч.Т гийн үйлдлийн улмаас П.Я гийн биед духанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан болох нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 10 сарын 17-ны өдрийн 3993 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор тогтоогдсон гэж үзнэ.
Мөн хариуцагч нь уг прокурорын тогтоолд гомдол гаргаагүй, гаргасан үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн шийтгэл хүлээсэн гэдгээ шүүх хуралдаанд тайлбарласан болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь заалтад “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дахь заалтад “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан тул хариуцагч Ч.Т нь П.Я гийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ эрүүл мэндэд гэм хор учирсны улмаас нийт 320,000 төгрөгийн зардал гаргасан гэж дурдсан боловч нотлох баримтын шаардлага хангасан буюу эх хувиараа эсхүл нотариатаар гэрчлүүлсэн төлбөрийн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд шүүхэд гаргаж өгсөн Ази фарм ХХК, Гялс анагаах ухааны төв, Итгэл эрүүл мэнд ХХК, Монос Улаанбаатар ХХК-ийн төлбөрийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, үнэлэх боломжгүй баримтууд байна.
Нэхэмжлэгч өөрийн эрүүл мэндэд гэм хор учирсан гэх байдлыг нотлох баримт болгон шүүхэд гаргаж өгсөн хэт авиан шинжилгээний баримт, Гялс анагаах ухааны төвд өгсөн шинжилгээний баримт, чанд авиан шинжилгээний баримт, Яаралтай тусламжийн хуудас зэрэг баримтууд /хх-27-35/ нь Ч.Т гийн зүгээс П.Я гийн биед гэмтэл учруулсан гэх үйл явдал болсон 2018 оны 9 сарын 4-ний өдрөөс хойш 10 гаруй хоногийн дараа буюу 2018 оны 9 сарын 16,17-ны өдрүүдэд хамаарах баримтууд байх ба уг шинжилгээ болон яаралтай тусламжийн үйлчилгээний хуудсан дахь мэдээлэл нь духанд үүссэн гэх зөөлөн эдийн гэмтэлтэй холбоотой бус харин хэвлийгээр өвдсөн гэх зовиурын улмаас хийгдсэн үзлэг, шинжилгээний баримтууд байна.
Хариуцагч Ч.Т нь нэхэмжлэгч П.Я гийн биед гэмтэл учруулсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдож байх боловч уг гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох прокурорын тогтоолоор тогтоогдсон, нэхэмжлэгчийн зүгээс өөрийн эрүүл мэндэд гэм хор учирсан гэх байдлыг нотлох баримт болгон шүүхэд гаргаж өгсөн баримтуудад дурдсан үзлэг шинжилгээний хариунаас хариуцагчийн үйлдлээс шалтгаалан нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, мөн нэхэмжлэгчийн шүүхэд гарагж өгсөн төлбөрийн баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй, үнэлэх боломжгүй баримтууд байх боловч хариуцагч нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгөн дүнгээс 120,200 төгрөгийн хэмжээнд төлбөр төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагч Ч.Т гээс зөвшөөрсөн хэмжээнд нь 120,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Я д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 199,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ