Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1438

 

 

 

 

 

 

 

 

      2022           11         23                                          2022/ШЦТ/1438

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхтүвшинээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 02575 1703 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С нь Ө.Агийн гээгдүүлсэн Хаан банкны дансны виза картыг олж, уг картыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ашиглан нийт 400.000 төгрөгийн гүйлгээ хийж, бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1296 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд, хохирол төлсөн баримт болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.С.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Ө.А нь Хаан банкны картаа гээгдүүлснийг шүүгдэгч Б.С нь олж, улмаар картын нууц кодыг 0000 гэж тааж хийн, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын АТМ-аас 400.000 төгрөгийг гарган авч, өөртөө зарцуулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

            Энэ нь хохирогч Ө.Агийн “..Би 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед Шархаданд байдаг гэрээсээ гараад тэнд эмийн сан орж эм аваад шууд их дэлгүүрийн замын урд талын Хүрээ амаржихад ирсэн. Тэгээд манай охин төрсөн ба би дахиад эмийн сан орох ажил гараад тэр хавьд нэг эмийн санд ороод эм авсан. Би тухайн үед төлбөрөө дандаа бэлнээр төлж байсан. Миний Хаан банкны карт маань утасны гэрийн хавтсанд байсан...Тэгээд гэртээ очоод байж байгаад маргааш нь буюу 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр дансаа шалгахад миний данснаас 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 8 цагийн орчимд Сонгинохайрхан дүүрэг, Цамбагаравт байрлах АТМ-с 400.000 төгрөг гаргуулж авсан байсан. Тэгээд би гайхаад картаа үзтэл миний виза карт алга болчихсон байсан. Тэгээд би Хаан банкны тусгай дугаар луу залгаж асуусан юм. АТМ-с гарсан байна гэсэн. Гээсэн байх, утасны хавтсанд байсан болохоор хулгайлах боломжгүй, сандраад явж байх үед уначихсан байх гэж бодож байна. ...Одоо 400.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх20, 23/, хохирогч Ө.Агийн Хаан банкны 5720302100 дугаар дансны хуулга /хх15/, 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн АТМ-н хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх61-63/,

            - шүүгдэгч Б.Сийн “...Би 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр улсын их дэлгүүрийн ойролцоох эмийн сангаар үйлчлүүлээд гарч байгаа эмийн сангийн гаднаас Хаан банкны виза карт олсон. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цамбагаравын АТМ дээр очоод тухайн картыг хийгээд 0000 гэж хийж үзэхэд картын нууц үг нь 0000 байсан. Тэгээд би дансыг нь шалгаж үзэхэд 480.000 гаруй төгрөг байхаар нь 400.000 төгрөгийг картаас авсан...” гэсэн мэдүүлэг /хх40/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.          

3. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 400.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирчээ.

4. Хохирогчийн хувьд картаа хулгайд алдаагүй, гээсэн болохоо тодорхой мэдүүлсэн, мөн шүүгдэгч банкны карт анх ирэхдээ нууц код нь 0000 байдаг гэж таамгаар оруулсан нь таарсан нөхцөл байдал тогтоогдсон. Улсын яллагчаас шүүгдэгчийн үйлдлийг гээгдэл хөрөнгө завшсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Хохирогч Ө.Ад энэ гэмт хэргийн улмаас 400.000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нь уг хохирлыг төлөхөө илэрхийлж байна.  

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт  “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэжээ.

Иймд шүүгдэгч Б.Сэс 400.000 төгрөг гаргуулж, хохирогч Ө.Ад олгохоор шийдвэрлэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт гаргасан.

9. Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

10. Шүүгдэгч Б.Сийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

11. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд бага насны 5 хүүхэдтэй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

12. Иймд шүүгдэгч Б.Сийг бага насны 5 хүүхэдтэй, хүүхдээ асран гэртээ байдаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Нийслэлийн Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

14. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий диск 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сийг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Нийслэлийн Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Сэс 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Ө.Ад олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн диск 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР