Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2540

 

МАГАДЛАЛ

 

2017.12.15                                                     Дугаар 2540                                Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Б.М-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/02919 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.М холбогдох,

Өөрийн өмчлөлийн хашааны орц, гарцыг чөлөөлөхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Нэхэмжлэгч нь гэр бүлийн хэрэгцээнд уг газрыг худалдаж авсан. Гэтэл хөрш Ц.М нь өмчлөх эрхийг зөрчиж зөвшөөрөлгүй газраа сунгаснаар орц гарч хаасан. Өмнө нь холбогдох байгууллагад гомдол гаргасан боловч хариуцагч нь тэдгээр байгууллагын шаардлагыг биелүүлээгүй. Мөн өмнө нь хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Улмаар энэ хэрэгт Ц.М нь нэхэмжлэгчийн орц гарцыг хааж хашаа татсан байдал тогтоогдсон. Эрх зөрчигдсөн талаар шийдвэрт тусгагдсан. Шийдвэр гүйцэтгэл нь орц гарцтай холбоотой шийдвэр алга гэсэн тул нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн   106-д зааснаар орц гарч чөлөөлөхийг даалгах тухай шаардлага гаргасан байгаа юм. Хэрэгт байгаа баримтаар газартай холбоотойгоор маргаан шийдсэн байдаг. Энэ шийдвэрт дур мэдэн хашаагаа сунгаж нэхэмжлэгчийн орц гарцыг хаасан талаар дүгнээд магадлал хэвээр үлдээсэн. Хяналтад гомдол гаргаагүй гэсэн. Хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа өөрөө нотлох ёстой. Гаргасан баримт нь шаардлага хангахгүй байна. Өмгөөлөгч авах боломжтой хугацаа хангалттай байсан гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Анх    2000-2001 онд энэ газарт буусан. Өдий хүртэл суурин 17 жил амьдарсан. Энэ орц гарц гэсэн асуудлын талаар дээд шүүхэд хэрэг шийдэгдсэн. Кадастрын зургийн дагуу шийдсэн юм. Өмнөх айл нь кадастр авахдаа манайх уруу оруулаад авчихсан байсан. Анхны эзэн нь урагшаа хаалгаа гаргасан байсан. Жижигхэн булан байсан бөгөөд архичид цугладаг байсан тул хаасан. Газрын албанаас манайд шаардлага ирээгүй. Урд талын асуудлыг дээд шүүх шийдээд кадастр давхцаагүй гэсэн. Үүдний тал дээр ямар нэг зөрчилгүй гэсэн байдаг. Хэн хэн нь кадастрийн зөрчилггүй гэсэн байдаг. Үүд бөглөхийг Б.М мэдэж байсан. Үүдээ бөглөлөө шүү танайх үүдээ өөр тийшээ гаргаарай гэж хэлж байсан. Мянганы сорилтын сангаас нэгдсэн кадастр өгсөн. Уг зургийн дагуу нэхэмжлэгчийн газартай давхцаагүй. Үүнийг битүүлж хашаагаа сунгасан. Шинээр ирсэн засаг дарга нь анх хэн амьдарч байсныг мэдэхгүй тул бичиг хийж өгсөн байна лээ. Надад шүүх баримт авчир гэж хэлээгүй тул би баримт авчираагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.М Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх, 7 дугаар гудамж, 932 тоот хаягт байрлах нэхэмжлэгч Б.М өмчлөлийн газар, хашааны орц гарцыг чөлөөлөхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч Ц.М нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх дээр үг хэлэх эрх олгогдоогүй болон хэргийн материалтай танилцах, нотлох баримтаа гаргаж өгөх боломжоор хангаагүй юм. Хашааны хаалга гаргасан хэсэг нь Ц.М-н гэр бүлийн хэрэгцээнд зориулалттай, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд дарь эхийн 7-931 тоот хаяг байршилтай, нэгж талбарын 18644314952324, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн        Г-2204018900 дугаартай албан ёсоор олгогдсон өмчлөлийн газар юм. Б.М хаалга ардаа байх зориулалттай. Гудамжны бүх айлууд ардаа хаалгаа гаргасан. Олон айл дамжин худалдаалагдсан газар дур мэдэн хашаагаа зүүн тийш нь сунгасан, хууль бусаар газрын гэрчилгээ гаргуулж, манай ар тал болон баруун айлынхаа үл хөдлөх газарлуу оруулж зөвшөөрөл авсанд гомдолтой байна.

Б.М олон удаа хашаа эвдэж охиныг минь зодож танхайрсан байдаг. Гэрлүү чулуу шидэж рам хагалсан. Олны дунд байнга хэл амаар доромжилж, заналхийлэл үзүүлдэг. Орж гарахдаа шөнөөр хаалга үүд дэлгэж орхидгоос болж усны тэрэг, сав алдагдаж сэтгэл санаа болон эд материалын хохиролд гараад байгаад гомдолтой байна.

Иймд газрын маргааныг үнэн зөвөөр нь шийдэж бидний амьдралд гүн туслалцаа үзүүлнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Ц.М холбогдуулан зохих зөвшөөрөлгүйгээр хашаагаа сунгаж хаасан орц, гарцыг чөлөөлөхийг даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч кадастрын зургийн дагуу хашаагаа бөглөсөн гэж тайлбарлан маргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь нэхэмжлэгчийн хариуцагчаас шаардаж буй орц, гарц гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх тодруулаагүй нь буруу байна. Тухайлбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулгаас харахад тэрээр газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хариуцагчийн ямар хууль бус үйлдлийг таслан зогсоох, эсхүл нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын орох гарах гарцыг хаасан хашааг буулгуулан газрыг чөлөөлүүлэх, хариуцагчийн эзэмшлийн газар дээгүүр дамжин өнгөрөх эрх нээлгэх, нийтийн эзэмшлийн талбай руу гарах зам гарц гаргуулах гэх мэт шаардлагуудын алиныг гаргаж байгаа нь тодорхойгүй байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагчийн эзэмшлийн газар нь 931, нэхэмжлэгчийн өмчлөлийн газар нь 932 гэсэн дугаар бүхий хөрш залгаа эд хөрөнгө байх ба энэ талаар зохигчид маргаагүй. Харин эдгээр газрын кадастрын зураг гэх баримтаар нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдсөн байдлыг тогтоох боломжгүй.

Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэс болж байгаа нөхцөл байдал, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй ба давж заалдах шатны шүүх энэ байдлыг нөхөн гүйцээх, залруулан зөвтгөх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/02919 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 70 200 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                                          

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                         ШҮҮГЧИД                                          Б.НАРМАНДАХ

 

                                                                                    М.НАРАНЦЭЦЭГ