Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2024/0744

 

 

 

 

 

 

 

“С”ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А

Нэхэмжлэгч: “С”ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “С”ХХК-ийн XV-***** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаагүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0779 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг

Хэргийн индекс: 128/2024/0724/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С”ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “С”ХХК-ийн XV-***** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаагүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0779 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “С”ХХК-ийн XV-***** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. “Төрийн захиргааны байгууллагын зүгээс ямар тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах талаар Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан. Мөн хуулийн 22 дугаар зүйлд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахаар заасан. Гэтэл “С”ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХВ-***** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдлийг хуулийн хугацаанд гаргаагүй байна. Нэхэмжлэгч нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан байгаад хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаагаа 3 жилээр нэмж сунгуулахыг хүссэн тохиолдолд хуулийн олгогдсон эрхээ эдлэхийн тулд зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах өргөдлийг захиргааны байгууллагад гаргах ёстой. Гэтэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй, бүрдэл дутуу өргөдлийг хүлээн авч шийдвэрлэсэнгүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд 1 сарын өмнө гэсэн хуулийн заалтыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчийг зөвтгөж дүгнэсэн байна.

3.2. Төрийн захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд “С”ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах өргөдлийг гаргаагүй тул ашигт малтмалын хайгуулын ХВ-***** дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссаныг бүртгэсэн байна. Тодруулбал, “С”ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй, сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага хангасан тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлээгүйд төрийн захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй. Дээрх асуудлыг Ашигт малтмалын тухай хуулиар хугацаа зааж тодорхой зохицуулсан байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “С”ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “С”ХХК-ийн XV-***** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаагүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 423 дугаар шийдвэрээр Х аймгийн Г сумын нутагт орших Т нэртэй 139.75 га талбайд ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрлийг “Г” ХХК-д өгч, XV-***** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаатай олгожээ.

3.2. Мөн даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” 10 дугаар шийдвэрээр дээрх зөвшөөрлийг “С”ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн байна.

3.3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч “С”ХХК-иас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл, холбогдох баримтуудыг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан боловч бүрдүүлбэр хангуулах үндэслэлээр буцаагдаж, дахин 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаргасан.

3.4. Гэтэл хариуцагчаас 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 11/5044 тоот албан бичгээр “... танай компани өөрийн эзэмшлийн Х аймгийн Г сумын Т нэртэй ашигт малтмалын хайгуулын XV-***** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргаагүй байх тул танай хүсэлтийн дагуу шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариу өгснөөр энэхүү маргаан үүсжээ.

4. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ”, 22.4-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл энэ хуулийн 17.1-д заасан цахим хэлбэрээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж тус тус заасан.

4.1. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг уг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэх талаар холбогдох баримтын хамт гаргах үүрэгтэй боловч ийнхүү гаргаагүй нь өргөдлийг шийдвэрлэхгүй байх эрхийг захиргааны байгууллага, албан тушаалтанд олгоогүй. Харин өргөдлийг хүлээн авч, Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, хангаагүй бол сунгахаас татгалзах эрхийг олгожээ.

4.2. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэж зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд сунгуулах өргөдөл гаргах нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх бөгөөд захиргааны байгууллагын хувьд уг өргөдлийг хүлээн авч, хуулийн нөхцөл, шаардлагад нийцсэн эсэхийг хянаад хугацаа сунгах, эсхүл хугацаа сунгахаас татгалзах шийдвэр гаргахыг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4 дэх хэсэгт тодорхой заасан байна.

4.3. Хуульд заасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа энэ тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, зөв болжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “... өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлээгүйд төрийн захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй. Дээрх асуудлыг Ашигт малтмалын тухай хуулиар хугацаа зааж тов тодорхой зохицуулсан байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэжээ.

5.1. Нэхэмжлэгч “С”ХХК-ийн XV-***** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргасан өргөдлийг бүрдүүлбэр хангуулахаар буцаасан, мөн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өргөдлийг “хуульд заасан хугацаанд гаргаагүй” үндэслэлээр шийдвэрлээгүй хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн гэж үзэхгүй. Хариуцагчийн энэ талаарх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

5.2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

5.3. Харин шүүх шийдвэрийн “Тогтоох нь” хэсэгтээ хуулийн зүйл, заалтыг   буруу бичсэн байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0779 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “22 дугаар зүйлийн 2 дэх” гэснийг “22 дугаар зүйлийн 22.2 дахь” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                                       Г.МӨНХТУЛГА

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ