Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 110/ШШ2021/0024

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: А.А  нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн А  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох;

             “Баян-Өлгий аймгийн А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн  05 дугаар “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэн  өргөн мэдүүлэх тухай”  тогтоолыг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баян-Өлгий аймгийн А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр явагдсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, хуралдааны дэгийг батлах, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгон батлах, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн. А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цаг орчимд эхэлж, үргэлжлэл нь 14 цагаас дахин явагдаж, сумын иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгож баталжээ. Үүний дараа  тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Х.Х сумын Засаг даргад өндөр настан Р.Р болон А.А миний нэрийг дэвшүүлснийг хуралдаан дууссаны дараа би  мэдсэн. Уг нь би хуралдаанд биечлэн оролцож нэр дэвшиж буй шалтгаан нөхцөл, мөрийн хөтөлбөрийг танилцуулах зорилготой байсан боловч надад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Ш сумын Засаг даргад нэр дэвшүүлэх хуралдаан болж байгааг мэдэгдэлгүйгээр шууд санал хураалт явуулсан явдалд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл миний асуудлыг хэлэлцэх үед А.А намайг анхдугаар хуралдаанд биечлэн оролцуулаагүй  явдалд гомдолтой байна. Уг нь  аливаа асуудлыг тэр тусмаа сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхэд уг нэр дэвшигчийг заавал байлцуулах ёстой гэж үзэж байна. Ингээд санал хураалтаар Р.Р сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн олонхын  санал авч улмаар хуралдаанаас түүнийг сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн тухай тогтоол гарсан. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны  дээд хязгаар нь 65 нас байна” гэжээ. Гэтэл Р.Р нь 1954 онд төрсөн, одоо 66 настай байна. Өөрөөр хэлбэл төрийн алба хаах насны дээд хязгаар нь хэтэрсэн байна. А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас Р.Рйг Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д заасныг зөрчиж төрийн алба хаах насны дээд хязгаараас хэтэрсэн иргэнийг нэр дэвшүүлсэн тогтоолыг баталсан явдалд гомдолтой байна. Иймд А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоол нь нэг талаас өндөр настан Р.Рйг хууль зөрчиж дэвшүүлсэн асуудал, нөгөө талаас А.А миний нэрийг А сумын Засаг даргад нэр дэвшүүлэх хуралдаанд намайг биечлэн оролцуулаагүй буюу надад мэдэгдэлгүйгээр нууцаар хуралдаан явуулсан явдалд гомдолтой байна.

Иймд Баян-Өлгий аймгийн А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Р.Рйг А сумын Засаг даргаар нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүйд тооцож өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:

А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр явагдсан. Тухайн хурлаар зохион байгуулалтын олон асуудал хэлэлцсэн бөгөөд Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн. Уг анхдугаар хуралдаанд А.Аийг оролцуулаагүй байна. А.А уг хуралдаанд оролцож, мөрийн хөтөлбөр, Засаг даргад нэр дэвшиж буй шалтгаан, нөхцөлөө танилцуулах байсан. Энэ боломжоор хангаагүй асуудалд бид нар гомдолтой байгаа.  Сумын Засаг дарга гэдэг чинь тухайн орон нутгийн төрийн төлөөлөгч байдаг. Тийм учраас 4 жилийн хугацаагаар томилох эхлэл болж байгаа нэр дэвшүүлэх асуудалд Засаг даргад нэр дэвшигч биечлэн оролцох  ёстой.

Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас олонхын санал авсан Р.Рйг сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тогтоол гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Р.Р А сумын Засаг даргад нэр дэвшихээс татгалзсан байгаа. Өөрөөр хэлбэл шүүхэд болон А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгох тухай болон  А.Аийн нэхэмжлэлтэй, А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцохоос татгалзсан хүсэлт гаргаснаа мэдэгдсэн. Тийм учраас Р.Рйн насны тухай асуудлыг дурдах шаардлагагүй гэж үзэж байна. 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Р.Рйг А сумын Засаг даргаар нэр дэвшүүлсэн 05 дугаар тогтоол хүчинтэй байгаа. Үүнийг шүүх эсвэл тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрөө хүчингүй болгох ёстой. Гэтэл сар гаруй хугацаа болж байхад А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Ш ээлжит бус хуралдаан зарлахгүй байгаа. Ж.Ш өмнөх урьдчилсан хэлэлцүүлгийн ажиллагаанд оролцохоор ирэхэд, “...тухайн маргаан бүхий тогтоолыг шууд хүчингүй болгохгүй” гэж тайлбарлаж байсан. Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа. Тийм учраас хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. А.А дахиж сумын Засаг даргад нэр дэвших бодолтой байгаа. Уг тогтоол хүчингүй болсноор дахиж ээлжит бус хуралдаан зарлаж сумын Засаг даргад нэр дэвших субьектив эрх нь нээгдэнэ гэж ойлгож байгаа. Р.Рйг сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоол цаашид хэрэгжих боломжгүй болсон. Энэ талаар Р.Р өөрөө удаа дараа хүсэлт гаргасан учраас маргаан бүхий тогтоолыг шүүхээс хүчингүйд тооцож, А.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна  гэв.

Хариуцагч А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж дарга Ж.Ш шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор 2020 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 11 дүгээр сарын 04-ний өдөр хуралдуулахаар товыг зарласан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнгийн тухай илтгэл, шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, анхдугаар хуралдааны дэгийг батлах тухай, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах, чөлөөлөх тухай, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, нэрсийг батлах тухай, сумын Засаг даргад нэр дэвшүүлэн аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэх тухай асуудлуудыг хэлэлцсэн болно. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11:50 цагт эхэлж, тухайн өдрийн 17:45 минутад дуусгасан болно. Хуралдаанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 төлөөлөгч 100% оролцсон юм. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд сумын Монгол Ардын намын Тэргүүлэгчдийн тогтоол болон Монгол Ардын намын бүлгийн хурлын тэмдэглэл, шийдвэрүүдийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад Ж.Ш, С.А нарын нэрийг, сумын Засаг даргад Р.Р, А.А нарын нэрийг дэвшүүлэн хэлэлцүүлсэн юм. Нууцаар санал хураалт явуулж, хуулийн дагуу олонхын санал авсан Ж.Шг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилон, олонхын санал авсан Р.Рйг аймгийн Засаг даргад өргөн мэдүүлсэн юм. Нэр дэвшигч нарын үзэл бодол, мөрийн хөтөлбөрийг сумын Монгол Ардын намын Тэргүүлэгчдийн хуралдаанд болон Монгол Ардын намын бүлгийн хуралдаанд удаа дараа хэлэлцүүлсэн мэтгэлцээн явагдсан тул нэр дэвшигч нарыг хуралдаанд оруулан мөрийн хөтөлбөрийг сонсох шаардлагагүй гэж төлөөлөгчдийн олонх шийдвэрлэсэн тул шууд санал хураалт явуулсан болно. Хуралдааны үед нэр дэвшигч  Р.Р, А.А нар сумын Засаг даргын өрөөнд хамт сууж байсан ба хуралдааныг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын танхимд явуулсан, нууц хуралдаан явуулах боломжгүй гэж үзэж байна. Нэр дэвшигч Р.Р нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 26 дугаар зүйлийн 26.5-д тавигдсан 5 шаардлагыг бүрэн хангаж байгаа тул нэр дэвшүүлэн өргөн мэдүүлсэн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч А.Аийн Баян-Өлгий аймгийн А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн  05 дугаар “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэн  өргөн мэдүүлэх тухай”  тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

А  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний  өдрийн 11:50 цагт сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны танхимд /иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  даргын албан тасалгаанд/ 21 төлөөлөгчийн ирцтэйгээр эхэлж, төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, хуралдааны дэг батлах,  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох,  сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг тус тус хэлэлцээд 01 дүгээр “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” , 02 дугаар “Анхдугаар хуралдааны дэг батлах тухай”, 03 дугаар “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын даргыг сонгож батлах, чөлөөлөх тухай”, 04 дүгээр “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, нэрсийг батлах тухай”, 05 дугаар “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэн  өргөн мэдүүлэх тухай” тогтоолуудыг  олонхын саналаар баталж гаргаснаар 17:45 цагт дууссан байна. 

Уг  анхдугаар хуралдаанд  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын нам, Ардчилсан намаас нэр дэвшиж  сонгогдсонд тооцогдсон 21 төлөөлөгч бүгд оролцсон, сумын Засаг даргад Монгол Ардын намын бүлгээс Р.Р, А.А нарыг нэр дэвшүүлсэн, Ардчилсан намын бүлгээс  нэр дэвшүүлээгүй, нэр дэвшигч А.А 7 хүний буюу 33,33 хувь, Р.Р 14 хүний буюу 66,67 хувийн санал авснаар  дээрх маргаан бүхий захиргааны актаар Р.Рйг  сумын Засаг даргаар томилуулахаар  аймгийн Засаг даргад санал болгосон, аймгийн Засаг даргаас “А.Аийн нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа  явагдаж байгаа тул  аймгийн Засаг даргаас дээрх  тогтоолтой холбогдох  аливаа шийдвэр гаргах боломжгүй” гэсэн хариу өгсөн  байх ба эдгээр үйл баримтууд нь  хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар[1] тус тус нотлогдож  байна.

  Нэхэмжлэгчээс эдгээр үйл баримтыг үгүйсгээгүй, харин  “...би анхдугаар хуралдаанд биечлэн оролцож,  нэр дэвшиж буй шалтгаан нөхцөл,  мөрийн хөтөлбөрийг танилцуулах зорилготой байсан боловч надад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Ш сумын Засаг даргад нэр дэвшүүлэх хуралдаан болж байгааг мэдэгдэлгүйгээр шууд санал хураалт явуулсанд гомдолтой байна, ...Р.Р нь1954 онд төрсөн, одоо 66 настай, өөрөөр хэлбэл төрийн алба хаах насны дээд хязгаар  нь хэтэрсэн байна. А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  анхдугаар хуралдаанаас Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д заасныг зөрчиж, төрийн алба хаах насны дээд хязгаараас  хэтэрсэн иргэнийг нэр дэвшүүлсэн тогтоолыг баталсанд гомдолтой байна” гэж маргажээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн  9.1-д “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь дараахь тогтолцоотой байна: 9.1.2.сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”, 9.8-д “Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно”, 10 дугаар зүйлийн 10.3-т “Сумын Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дараах байдлаар тогтооно:  10.3.2.сумын хүн амын тоо нь 2000-5000 хүртэл бол 21”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ: 18.1.1.Хурлын зохион байгуулалт, хяналт шалгалтын талаар: а/Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудал; б/Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх; г/Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах”, 23 дугаар зүйлийн 23.1-д “Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 23.5-д “Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчдийг 7-11, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг 5-7, баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”,  23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно”,  23.13-д “Ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдаан хуралдуулж Хурлын дарга сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэж чадаагүй бол тухайн Хурлыг тарсанд тооцож дахин сонгууль явуулна”, 23.14-т “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар тус тус батална”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж тус тус заасан.

Дээрх заалтуудаас үзэхэд  нутгийн өөрөө удирдах байгууллага болох  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тодорхой тооны төлөөлөгчдөөс бүрддэг, төлөөлөгчдийн олонх нь оролцсоноор үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр  болох хуралдаан нь хүчинтэйд тооцогддог, өөрийн онцгой бүрэн эрхэд Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Хурлын дарга болон Тэргүүлэгчдийг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хадгалж хэрэгжүүлдэг хамтын удирдлагын байгууллага юм,   мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар дээр дурдсан асуудлыг заавал хэлэлцэж  дуусгахаар, хэлэлцсэн асуудлыг олонхын саналаар шийдвэрлэхээр,  сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлын хувьд тухайн Хурал дахь нам,эвслийн бүлэг, эсхүл төлөөлөгч нэр дэвшүүлэх эрхтэй байхаар, нэр дэвшигч нь хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан тохиолдолд Засаг даргаар томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгохоор   тус тус хуульчилсан байна.

Дээрх байдлаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн анхдугаар хуралдаанд 21 төлөөлөгч бүгд оролцож,  хуульд анхдугаар хуралдаанаар хэлэлцэхээр заасан дээрх асуудлуудыг хуульд заасан журмын дагуу  хэлэлцэж, хэлэлцсэн асуудлаар гаргасан тогтоолуудыг  төлөөлөгчдийн олонхын саналаар баталсан нь,  тухайлбал Хурал дахь Монгол Ардын намын бүлгээс сумын Засаг даргад нэр дэвшүүлж,  хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан нэр дэвшигч Р.Рйг сумын Засаг даргаар  томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгосон  тогтоолыг олонхын саналаар баталсан нь тогтоогдож байх тул  маргаан бүхий уг тогтоолыг   Хурлын бүрэн эрхийн хүрээнд гарсан, хуульд нийцсэн шийдвэр байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч А.Аийн “хуралдаанд биечлэн оролцуулаагүй,  нэр дэвшиж буй шалтгаан нөхцөл,  мөрийн хөтөлбөрийг танилцуулах  боломж олгоогүй” гэж маргааны хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Хурлын хуралдааны ирц, анхдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудал, анхдугаар хуралдаанаар Засаг даргад  нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгох, хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах журмыг  дээрх байдлаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл Засаг даргад нэр дэвшигч нь төлөөлөгч биш  тохиолдолд анхдугаар хуралдаанд заавал оролцуулахаар, мөн Засаг даргад   нэр дэвшиж буй шалтгаан нөхцөл,  мөрийн хөтөлбөрийг  хэлэлцэхээр  зохицуулаагүй, түүнчлэн  мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн д/-д зааснаар Засаг даргаар томилогдсоны дараа  үйл ажиллагааны хөтөлбөрийг  нь Хурал хэлэлцэж батлахаар хуульчилсан.

Үүнээс гадна А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний  өдрийн  анхдугаар хуралдаанаас баталсан  хуралдааны дэгд[2]  сумын Засаг даргад нэр дэвшигчийн нэр дэвшиж буй шалтгаан нөхцөл,  мөрийн хөтөлбөрийг сонсох,  хэлэлцэхээр  заагаагүй, мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Хурал хэлэлцсэн асуудлын талаар  хуралдаанд оролцсон  төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэр гаргах бөгөөд А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд  оролцсон  21 төлөөлөгчийн 100 хувийн саналаар “2 нэр дэвшигчийг  хуралдаанд оруулж ирж, мөрийн хөтөлбөр, саналыг сонсох шаардлагагүй, шууд санал хураалт явуулах”-аар  шийдвэрлэсэн болох нь хуралдааны тэмдэглэл, гэрчийн мэдүүлгээр[3] тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн уг тайлбар нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч талын  “төрийн алба хаах насны дээд хязгаараас  хэтэрсэн иргэнийг нэр дэвшүүлсэн тогтоолыг баталсантөрийн албанд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон төрөөс  нэг удаа тэтгэмж авсан иргэнийг төрийн албанд дахин авч ажиллуулж болохгүй” гэх  тайлбар нь дараах байдлаар үндэслэл бүхий биш гэж үзлээ.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө”, 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна: 11.1.9. бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч”, 23 дугаар зүйлийн 23.1-д “Төрийн улс төрийн болон тусгай албан тушаалд тавих тусгай шаардлагыг холбогдох хуулиар тогтооно”, 41 дүгээр зүйлийн  41.2-тХуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байнагэж тус тус зааснаас үзэхэд улс төрийн албан хаагч болох   бүх шатны Засаг даргын  эрх зүйн байдал, уг албан тушаалд тавих тусгай шаардлагыг холбогдох хуулиар  тогтоох, хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулах бөгөөд  Засаг даргын хувьд   төрийн алба хаах насны дээд хязгаар болох 65 нас хамаарахгүй  байхаар  зохицуулжээ.

Бүх шатны Засаг даргын   бүрэн эрх, Засаг даргыг томилох, чөлөөлөх, огцруулах, Засаг даргын  бүрэн эрхийн баталгаа зэргээр эрх зүйн байдлыг зохицуулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд аймаг, нийслэл,   сум, дүүргийн Засаг даргаар ажиллах этгээдэд  насны хязгаарлалт  мөн тогтоогоогүй, тодруулбал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар  зүйлийн 26.5-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна: 26.5.1.дээд боловсролтой; 26.5.2.төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан; 26.5.3.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх; 26.5.4.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх; 26.5.5.ялгүй байх”  гэж заасан буюу Засаг даргад нэр дэвшигчид  настай холбоотой шаардлага  тавигдаагүй байна.

            Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн б/41 дүгээр  тушаалаар[4] өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр  төрийн албанаас чөлөөлөгдсөн Р.Рйг сумын Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн маргаан бүхий тогтоол нь хууль зөрчөөгүй, өөрөөр хэлбэл тэтгэвэр тогтоолгох насанд  хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн хүнийг сонгуулийн үр дүнд томилогддог төрийн улс төрийн албан тушаал болох  сумын  Засаг даргаар нэр дэвшүүлэх, ажиллуулахыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай  хуулиар хориглоогүй,  хязгаарлалт тогтоогоогүй байна.  

Дээрх байдлаар А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуульд заасан журмын дагуу хэлэлцээд анхдугаар хуралдаанд оролцсон  төлөөлөгчдийн олонхын саналаар баталсан, төлөөлөгчдийн олонхын санал авсан нэр дэвшигч Р.Рйг сумын Засаг даргаар  томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгосон тогтоол нь  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн г/, 23 дугаар зүйлийн 23.7, 25 дугаар зүйлийн 25.1,26 дугаар зүйлийн 26.2, 26.5-д заасантай тус тус нийцсэн шийдвэр  байгаагаас гадна уг  тогтоолын улмаас  А сумын Засаг даргад нэр  дэвшиж анхдугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авч чадаагүй нэхэмжлэгч А.Аийн эрх , хууль  ёсны ашиг сонирхол  зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-д  тус тус зааснаар маргаан бүхий захиргааны акт нь хууль бус бөгөөд  уг актын улмаас  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тохиолдолд түүнийг хүчингүй болгохоор зохицуулсан ба  дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч А.Аийн хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны актыг хууль бус гэж үзэх, уг маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй  байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөн А сумын Засаг даргаар Р.Рйг  томилуулахаар  нэр дэвшүүлсэн маргаан бүхий  тогтоол гарсны дараа буюу шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад   нэр дэвшигч  Р.Р нь  сумын Засаг даргаар  ажиллахаас татгалзаж байгаа талаар тайлбар, хүсэлт гаргасан[5] нь өмнө нь хуульд заасан журмын дагуу Засаг даргад нэр дэвшүүлж шийдвэрлэсэн хууль ёсны тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн г/, 23 дугаар зүйлийн 23.7, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2, 26.5-д заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгч А.Аийн  “Баян-Өлгий аймгийн А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн  05 дугаар “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэн  өргөн мэдүүлэх тухай”  тогтоолыг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ЕРКЕШ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 7-42,66,114-115-р хуудас

[2] Хэргийн 14-18-р хуудас

[3] Хэргийн 33-42,114-115-р хуудас

[4] Хэргийн 151-р хуудас

[5] Хэргийн 144,145-р хуудас