Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1439

 

 

 

 

 

 

 

     2022            11           23                                        2022/ШЦТ/1439

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч О.Пүрэвсүрэн,

хохирогч Ц.Б,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Пүрэвсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 02518 1669 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 52 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа гагнуурын ажил хийдэг, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1056 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 796 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Үйлдвэрчний эвлэлийн 4-1 тоотод оршин суух хохирогч Ц.Бын хашаанд уяатай байсан “Монгол” үүлдрийн 6 сартай банхар нохойг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1236 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухай: шүүгдэгч Б.Д:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Д нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбарыг дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.Д нь 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Үйлдвэрчний эвлэлийн 4-1 тоотод оршин суух хохирогч Ц.Бын хашаанд уяатай байсан “Монгол” үүлдрийн 6 сартай, 350.000 төгрөгийн үнэ бүхий банхар нохойг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Ц.Бын “...2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 09 цагийн үед би гэрээсээ Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Үйлдвэрчний эвлэлийн 4-1 тоотоос гараад ажил руугаа явсан ба ажил дээрээ байж байтал манай эхнэр Сэ над руу тухайн өдрийн орой 18 цагийн үед залгаад нохой чинь алга болчихсон байна гэхээр нь би гэртээ яваад очтол нохойны гинж нь байсан ба нохой хүзүүвчтэйгээ байхгүй болсон байхаар нь би цагдаад хандсан. Тэр үед би нохойгоо байшингийнхаа хажуу талын шатнаас гинжлээд уячихсан байсан. Би нохойгоо төмөр гинжээр уядаг ба манай нохой хүзүүвчтэй тул гинжээ хүзүүвчнээс нь холбодог дэгээтэй байдаг. Тэр үед манай нохойны гинжийг дэгээгээр нь салгаад хүзүүвчтэй нь аваад явчихсан байсан. Тэр үед гинж дэгээ зэргийг эвдээгүй байсан. Зүгээр л дэгээг гинжнээс нь мултлаад аваад явчихсан байсан. Тэр үед миний алдсан нохой нь “Монгол банхар” үүлдрийн нохой байгаа юм. Зүс нь халтар, цээж хэсгээрээ цагаавтар, одоо зургаан сартай том болчихсон байгаа. Би 2022 оны 02 дугаар сард хувь хүнээс 350.000 төгрөгөөр худалдаж авсан ба худалдаж авахдаа нохойны бичиг баримттай нь худалдан авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх16-17/,

гэрч Сэийн “...2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэл 4-1 тоотод байж байгаад 17 цагийн үед би найз Бхтэй уулзах гээд гэрээсээ гараад явсан ба удалгүй 18 цагийн үед манай хажуу талд байдаг дүү Оц над руу залгаад эгчээ танай нохой байхгүй байна гинж нь үлдсэн байна гэхээр нь би гэр рүүгээ яваад очтол байшингийн хажуу талд уясан байсан Монгол банхар байхгүй байсан ба гинж нь байрандаа хэвээрээ үлдсэн байсан. Тэгэхээр нь би нохойгоо хайгаад хажуу айлын хүмүүсээс асуугаад бас хажуу талын жалгаар явж үзтэл байхгүй байхаар нь би нөхөр Ббт нохой байхгүй байна, хүрээд ир гэж хэлсэн. Би нохойгоо алдсаны дараа цагдаатай камер шүүж үзсэн ба камерын бичлэгт Дс ах манай нохойг хөтлөөд явж байсан ба Дс ахтай очиж уулзаад нохойгоо авъя гэсэн чинь би танай нохойг авсан, чи өмнө нь надтай муухай харьцсан уучлалт гуйвал би нохойг чинь гаргаж өгье гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх28-29/,

гэрч Б.Баийн “...Би 2022 оны 3 дугаар сараас хойш “Тэнгис байгаль” дэлгүүрийн худалдагч хийж байгаа юм. 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоончулуутын 3-1 тоот буюу Жанцангийн гэрлэн дохионы хажууд байрлах “Тэнгис байгаль” дэлгүүрт худалдагч хийж байсан ба тухайн өдрийн 18 цагийн үед нэг нохойгоо алдсан ах манай дэлгүүрт орж ирээд камер шүүгээд өгөөч гээд байхаар нь би хэдний өдрийг шүүж үзэх вэ гэсэн чинь тэр ах өчигдөр буюу 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн камерыг шүүгээд өг гэхээр нь би гадаах камерыг шүүж байхад 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагийн үед нэг бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн нохой хөтлөөд явж байсан ба нохойгоо алдсан ах тухайн үед гар утасгүй байсан учраас намайг гар утсан дээрээ зургийг нь аваад өг гээд байхаар нь би өөрийнхөө гар утсан дээрээ тэр нохой хөтлөөд явж байгаа эрэгтэй хүний дүр зургийг дарж авсан...” гэсэн мэдүүлэг /хх34/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх9-11/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх46-50/, нохойны эрүүл мэндийн гэрчилгээний хуулбар /хх38-41/, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

3. “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 22/007 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд “Банхар” үүлдрийн нохойн үнийн дүнг 350.000 төгрөгөөр тогтоожээ.

4. Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр буюу өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно. Хэрэгт авагдсан баримтаар хохирогчийн нохой хашаандаа уяатай байсан, эсвэл уяа нь алдуурсан эсэхийг хангалттай нотлоогүй байх ба харин шүүгдэгч Б.Д нь хохирогчийн нохойг хөтөлсөн явж байсан нь нотлогдон тогтоогджээ. 

Шүүгдэгч нь хохирогчийн нохойг зөвшөөрөлгүй авч явсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх ба уг үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 350.000 төгрөгийн хохирол учирсан байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

6. Хохирогч Ц.Б нь нохойгоо 350.000 төгрөгөөр анх худалдан авсан, түүнээс хойш вакцин хийлгэх, тусгай хоолоор хооллох зэргээр зардал гаргаж тэжээж байсан, одоо 6 сартай монгол үүлдрийн нохойны үнэлгээ 1-1.2 сая төгрөгийн үнэлгээтэй гэжээ. Шүүгдэгч Б.Д нь хохирогчид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж байна гэсэн болно.

7. Нохойны үнэлгээг /хөрөнгийн үнэлгээг/ хууль заасны дагуу тусгай эрх бүхий хөрөнгийн үнэлгээчний хөрөнгийн үнэлгээний тайлангаар тодорхойлох ба оролцогч нар нь тухайн үнэлгээг зөвшөөрөхгүй тохиолдолд үндэслэлээ гарган дахин үнэлгээ хийлгэх хүсэлтээ гаргах эрхтэй байдаг. Энэ тохиолдолд хохирогч Ц.Б нь үнэлгээтэй холбоотой дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргаж байгаагүй байна.

8. Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээгээр тодорхойлсон шүүгдэгч Б.Дгээс 350.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Бт олгуулахаар шийдвэрлэв. Мөн хохирогч нь бусад гэм хорын зардлыг иргэний хэргийн шүүхийн журмаар холбогдох баримтыг бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

9. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан.

10. Хулгайлах гэмт хэрэг нь шунахайн сэдэлттэйгээр үйлдэгддэг тул тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх боломжгүй, мөн шүүгдэгч нь урьд нь санаатай гэмт хэрэг үйлдэж байсан байна. Улмаар шүүгдэгч Б.Дгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

11. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын байдал бусдад учруулсан хохирлын хэмжээ, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ.

12. Шүүгдэгч Б.Д нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж байх тул түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.  

13. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

14. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэрэгт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дсг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгээс 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Бт олгуулж, бусад гэм хорын зардлыг холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэрэгт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР