Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 00586

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Х-т холбогдох

2,000,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь Монгол улсад Лакме брэндийн үс арчилгааны бүтээгдэхүүн борлуулах, албан ёсны борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2011 оноос хойш Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт үсчин гоо сайхны салонуудад бүтээгдэхүүнээ бэлэн мөнгөөр зээлээр борлуулж өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байна. Хос шагай үсчин, гоо сайхны салоны үсчин Б. Х нь 2012 оны 11 сарын 10-ны өдөр нийт 2 удаагийн худалдан авалтаар 345,800 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн, 2012 оны 11 сарын 22-ны өдөр нийт 6 удаагийн худалдан авалтаар 1,796,550 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн, 2014 оны 2 сарын 16-ны өдөр 1 удаагийн худалдан авалтаар 138,000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнүүдийг тус тус манай компаниас авсан байдаг бөгөөд энэ нь нийт 2,280,350 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнүүд юм. Б.Х нь элдэв шалтаг тоочсоор 2017 оны 12 сарын 13-ны өдөр өр төлбөртэй эсэх талаар, түүнийг хэрхэн барагдуулах тухай төлбөр төлөх хуваарийг тохирон бичгээр үйлдэж өгсөн бөгөөд түүний бичсэнээр 2018 оны 1 сарын 27-ны өдөр дээр дурдсан өр төлбөрийг бүрэн барагдуулна гэсэн боловч 2017 оны 12 сарын 20-ны өдөр 280,000 төгрөгийг манай компанид төлснөөс хойш 2,000,350 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүртэл сураг чимээгүй алга болсон. Иймд бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 2,000,350 төгрөгийг Б.Хосбаяраас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

           Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Б.Хосбаярт холбогдуулан 2,000,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2019 оны 2 сарын 19-ний өдөр гардуулсан боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна.

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасан нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь заалтад “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ”, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн  хэргийг  хянан шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

            “Байгууллагын нэр” гэсэн хэсэгт “Г ХХК”, “хүлээн авагч” гэсэн хэсэгт “Видал салон” гэж бичигдсэн 2012 оны 11 сарын 10-ны өдрийн огноо бүхий 140,800 төгрөгийн үнийн дүнтэй, 2012 оны 11 сарын 10-ны өдрийн огноо бүхий 205,000 төгрөгийн үнийн дүнтэй, 2012 оны 11 сарын 22-ны өдрийн огноо бүхий 223,200 төгрөгийн үнийн дүнтэй, 2014 оны 2 сарын 16-ны өдрийн огноо бүхий 138,000 төгрөгийн үнийн дүнтэй, 2012 оны 11 сарын 22-ны өдрийн 221,200, төгрөг, 48,000 төгрөгийн үнийн дүнтэй, 2012 оны 11 сарын 22-ны өдрийн огноо бүхий 346,600 төгрөгийн үнийн дүнтэй, 2012 оны 11 сарын 22-ны өдрийн огноо бүхий 245,350 төгрөгийн үнийн дүнтэй, 2012 оны 11 сарын 22-ны өдрийн огноо бүхий 295,200 төгрөгийн үнийн дүнтэй, 2012 оны 11 сарын 22-ны өдрийн огноо бүхий 417,000 төгрөгийн үнийн дүнтэй буюу нийт 2,280,350 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн зарлагын баримтууд /хх-7-14 тал/ хэрэгт нотлох баримтаар авагдсан байх ба хавтаст хэргийн 14 дүгээр талд авагдсан баримтын ард талд “12 сарын 20-нд 500,000 төгрөг, 12 сарын 30-нд 500,000 төгрөг барагдуулж, үлдэгдэл 1,280,350 төгрөгийг 1 сарын 27-нд ажлын цалин орж ирэхээр үлдэгдэл мөнгийг өгч барагдуулна. Б.Х 2017 оны 12 сарын 13-ны өдөр” гэсэн гараар бичсэн тэмдэглэл, уг тэмдэглэлийн доод талд “280,000 өнөөдөр өгөв 2017.12.20 өдөр” гэсэн гараар бичсэн тэмдэглэл тус тус үйлдэгдсэн байна.

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Г ХХК болон хариуцагч Б.Х нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Хариуцагч Б.Х нь нэхэмжлэгч Г ХХК-аас нийт 2,280,350 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авснаас 280,000 төгрөгийн төлбөрийг төлж, үлдэх 2,000,350 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байгаа болох нь дээр дурдсан зарлагын баримтууд болон гараар үйлдсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Нийт 2,280,350 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнээс 138,000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүний зарлагын баримт нь 2014 оны 2 сарын 16-ны өдрийн огноотой, бусад зарлагын баримтууд нь 2012 оны 11 сарын 10 болон 22-ны өдрийн огноотой байх ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дахь заалтад заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх хуулийн зохицуулалтын талаар юу гэж үзэж байгаа талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тодруулахад хариуцагч Б.Х нь 2017 оны 12 сарын 13-ны өдөр төлбөрийг төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж байгаа гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дахь заалтад “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.”, мөн зүйлийн 79.7 дахь заалтад “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж тус тус заасны дагуу хариуцагч Б.Х нь нэхэмжлэгч Г ХХК-д 2017 оны 12 сарын 13-ны өдөр төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлснээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тул өмнөх хугацааг тоололгүй шинээр тоолоход худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Б.Хосбаяраас 2,000,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Б.Хосбаяраас 2,000,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 сарын 6-ны өдөр урьдчилан төлсөн 46,955 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хосбаяраас 46,955 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.УУГАНБАЯР