Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1478

 

 

 

 

 

 

 

 

      2022           12            01                                          2022/ШЦТ/1478

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Р.Мягмардорж,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Мягмардоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Бод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1704 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 40 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Д.Этай “гэртээ ирж хоносонгүй” гэх шалтгааны улмаас бусадтай хардаж маргалдан, цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1332 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.Б.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгийг дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Д.Этай “гэртээ ирж хоносонгүй” гэх шалтгааны улмаас бусадтай хардаж маргалдан зодож эрүүл мэндэд нь “зүүн доод зовхи, хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салст, дух, хамрын нуруу, баруун хөмсөг, мөр, шуунд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдсэн үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь хохирогч Д.Эын “...2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн үед ажлаа тараад автобусанд суугаад баруун салааны эцэс дээр буугаад гэр лүүгээ алхаж явж байсан юм. Алхаад явж байхад хамтран амьдрагч Б.Б машинтайгаа гэрээсээ ирээд намайг тосож аваад гэр лүүгээ харьж байх замдаа “уржигдар чи ажлаа тараад гэртээ ирсэнгүй, хаагуур заваарч яваад байгаа юм, би чамайг зөндөө хүлээсэн” гэх мэтээр хэрүүл маргаан үүсгээд намайг элдвээр хэлж доромжлоод байхаар нь би “юу гэж тийм юм байх вэ дээ, би найзындаа хоносон” гэх мэтээр ярьж байтал Б.Б гэнэт уурандаа миний нүүрэн тус газар 2-3 удаа цохиод, мөн гэдэс рүү 1 удаа цохисон юм. Тэгээд намайг машинаас чирч гаргахаар нь би салаад машиныг нь унаад Б.Быг орхиод шууд гэртээ харьчихсан юм. Тэгээд нэлээн байж байгаад араас хүрч ирээд пиво уунгаа надтай хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан юм. ...2022 оны 02 дугаар сард Бт архи уусан үедээ жижиг маргаан болж маргалдаад хэл амаар доромжилж үснээс татаж чирсэн, хэрүүл маргаан болоод гэрт оруулчхаад унтсан хойно нь гэртээ орж байсан. 2021 оны 9 сард байх байшингаа барьж дуусаагүй байхдаа Бт пиво уучхаад согтуурхаад хэл амаар доромжлоод “лалар, гичий, янхан” гэж дуудаад байхаар нь “чи одоо болилдоо” гээд өөдөөс нь уурласан чинь намайг гараараа саваад нүүр хөхрүүлж байсан... намайг их харддаг, ажил хийхээр хардаад өөр хүнтэй аальгүйтэж явлаа гэж хэрүүл маргаан хийдэг юм...” гэсэн мэдүүлэг /хх9-11/,

            - гэрч Д.Эгийн “...сүүлийн 4 жил зодсон, цохисон гэж утсаар эгч Энхцэцэгт хэлдэг байсан. Би эгч Энхцэцэгийн хамт нэг хашаанд тусдаа амьдардаг болохоор Эд юу болсон талаар эгчээс сонсдог байсан юм. Сүүлд 1 жилийн өмнө Э бие нь хөхөрчихсөн байсан. Аав маань амьд сэрүүн байсан болохоор уурлаж явуулахгүй гээд явуулаагүй. Аав нас барсны дараа Бт ирж гуйсаар байгаад авч явсан. Дахин гар хүрэхгүй гэж хэлээд авч явсан. Тэгтэл саяхан Эыг ажлаасаа гар, мөнгө олоод авчирдаг юм шиг цалин мөнгө гэж юу байдаг юм, би л амьдралаа болгодог гээд зодсон гэсэн. Нүд нь хавдаж хөхөрсөн байсан...Э цагдаад хандаж шалгуулж байгаагүй, сүүлд зодохдоо нүдийг нь тэс цохисон байсан учраас цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх15/, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх2/,

- шүүгдэгч Б.Бын гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...эхнэр Э өмнөх орой гэртээ ирээгүй, гэртээ ирэхээр нь яагаад гэртээ ирж хоноогүй юм бэ гэж асуусан чинь найзындаа хоносон гэж хэлсэн....гэрийн ойролцоо машиндаа явж байхдаа яагаад гэртээ ирж хоноогүй юм гэж асуугаад дахин хэрүүл болж маргалдсан чинь Э эхлээд миний толгой руу хэд хэдэн удаа цохихоор нь би зөрүүлээд ноцолдож байгаад нүд рүү нь цохичихсон...” гэсэн мэдүүлэг /хх30/ зэргээр нотлогдож байна.         

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 13120 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Д.Эын биед зүүн доод зовхи, хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салст, дух, хамрын нуруу, баруун хөмсөг, мөр, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэжээ. /хх20/

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг нүүрэн тус газарт гараараа цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...хамтран амьдрагч...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгохоор заасан.

6. Шүүгдэгчийн хувьд архидан согтуурч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагчаа зодсон, мөн урьд өмнө нь зодож цохиж байсан нь гэрч Б.Дэлгэртогтох, Д.Э нарын мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх ба шүүгдэгчийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

8. Хохирогч Д.Э нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

9. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргасан.

10. Шүүгдэгч Б.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

11. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ хохирогчийн биед халдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг нь харгалзан үзлээ.

12. Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Н.Бтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 800 нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР