Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 00590

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: В.П-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б сургуульд холбогдох

Тэтгэмжид 4,394,460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.П , хариуцагчийн төлөөлөгч Ж.Батхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 1998 оны 9 сарын 16-ны өдөр Б сургуультай хөдөлмөрийн гэрээ байгуулж үйлчлэгчийн ажилд орсон. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ. Би 2017 оны 10 сарын 1-ний өдрөөс 2018 оны 4 сар хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Биеийн байдлаас болж өөрийн хүсэлтээр 2018 оны 6 сарын 4-ний өдөр тэтгэвэрт гарах өргөдөл өгсөн учир 2018 оны 6 сарын 4-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Б сургууль болон Б сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2017 оны 3 сарын 27-ны өдөр байгуулагдсан хамтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтад заасны дагуу ажилчин тэтгэвэрт гарах үед ажилласан жилээс нь хамаарч үндсэн цалингийн хэмжээгээр тэтгэмж олгоно гэсэн заалт байдаг. Тэр заалтын дагуу надад 6 сарын тэтгэмж өгөх ёстой байтал 1 сарын тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн тул хамтын гэрээний 4.2 дахь заалтын дагуу 6 сарын тэтгэмж болох 4,394,460 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч В.П гийн 2019 оны 01 дүгээр сарын 31- ний өдөр гаргасан тэтгэмж авах тухай өргөдөлтэй танилцлаа. 2015 онд Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлд өөрчлөлт орж их дээд сургуулийн багш ажилтанд тэтгэвэр тогтоолгох үед нь төрөөс олгож байсан тэтгэмжийн заалт хасагдсан байдаг. Иймд Б сургууль нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3 “Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” тухай заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1 дүгээр зүйлийн “40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар ба түүнээс дээш хугацааны дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно” гэсэн заалт, Б сургуулийн дотоод журмын 6.2.8-д “Өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн 50-59 насны багш ажилтан хүсэлтээ гаргасан тохиолдолд дундаж цалингаар тооцож 1 сарын тэтгэмж олгоно” гэсэн заалтыг тус тус үндэслэн оюутны төлбөр болон сургуулийн өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлж тэтгэвэр тогтоолгож байгаа багш, ажилтнуудад тэтгэмж олгодог. Үүний нэгэн адилаар В.П д 1 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон байна. Манай сургуулийн зүгээс дотоод журамд заасны дагуу В.П д дахин тэтгэмж олгох боломжгүй тул тайлбар гаргаж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

       Хариуцагч нь тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6.2.8-д “Өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн 50-59 насны багш, ажилтан хүсэлтээ гаргасан тохиолдолд дундаж цалингаар тооцож 1 сарын тэтгэмж олгоно” гэж заасан тул 1 сарын тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь дотоод журамд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Б сургууль болон Б сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2017 оны 3 сарын 27-ны өдөх байгуулагдсан 01 дугаартай “Б сургуулийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо харилцан байгуулсан хамтын гэрээ” нэртэй гэрээ /хх-10-15 тал/-ний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтад “Профессор багш, ажилчин тэтгэвэрт гарах хуулийн хугацаанд өргөдөл гаргасан үед ажилласан жилээс нь хамааран ... 15-19 жил ажилласан бол 6 сарын ... үндсэн цалингийн хэмжээгээр нэг удаагийн тэтгэмжийг олгоно” гэж заасан байна.

Нэхэмжлэгч В.П нь Б сургуульд 19 жил 9 сар ажилласан байх тул хамтын гэрээний дагуу түүнд 6 сарын үндсэн цалингийн хэмжээгээр нэг удаагийн тэтгэмж олгох үүргийг Б сургууль хүлээх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтаар ажил олгогчийг хамтын гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй болохыг хуульчлан тогтоосон байна.

Хариуцагчийн зүгээс татгалзлын үндэслэл болгож буй хөдөлмөрийн дотоод журмаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх бөгөөд хариуцагч Б сургууль нь хамтын гэрээний дагуу нэхэмжлэгч В.П д 6 сарын үндсэн цалингийн хэмжээгээр нэг удаагийн тэтгэмж олгох үүрэгтэй атлаа хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулсан гэх үндэслэлээр 1 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад заасан “хамтын гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэг”-ээ  зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь нэг сарын үндсэн цалингийн хэмжээгээ 732,410 төгрөгөөр тооцон 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид нийт 4,394,460 төгрөгийг нэхэмжилсэн байх ба үндсэн цалингийн хэмжээтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Гэсэн хэдий ч хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгөн дүнг түүний 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний дүн биш гэж маргаагүй бөгөөд Б сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал болон нягтлан бодогч нарын гарын үсэг бүхий В.П гийн 2012 оны 10 сараас 2017 оны 9 сарыг дуусталх хугацааны цалингийн тодорхойлолт /хх-6 тал/ дахь цалин хөлсний мөнгөн дүнгийн хэмжээ нь хамгийн сүүлд буюу 2017 оны 9 сард 784,910 төгрөгөөр бичигдсэн байх тул шүүх нэхэмжлэгчийг үндсэн цалингийн хэмжээгээ 732,410 төгрөгөөр тооцон нэхэмжилснийг үндэслэлтэй гэж үзсэн болно.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б сургуулиас 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 4,394,460 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.П д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 6 сарын 14-ний өдрийн тушаалаар түүнд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах” Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь заалтыг баримтлан  хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Б сургуулиас 4,394,460 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.П д олгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс 2019 оны 2 сарын 1-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,261 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 85,261 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.П д олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Б.УУГАНБАЯР