| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/1463/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1479 |
| Огноо | 2022-12-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Лхагвасүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1479
2022 12 01 2022/ШЦТ/1479
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Г.Лхагвасүрэн,
шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1910 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сангийн инженер мэргэжилтэй, урьд:
- 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 802 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Халбагад овогт Д.М, /РД:НЕ94091511/,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Си Эл” баарны гадна “...тамхи асуухад өөдөөс доромжиллоо...” гэх шалтгаанаар хохирогч У.Нын нүүрэн тус газарт 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1366 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Д.М.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болохыг дурдаж байна.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Си Эл” баарны гадна “...тамхи асуухад өөдөөс доромжиллоо...” гэх шалтгаанаар хохирогч У.Нын нүүрэн тус газарт 2 удаа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь үүдэн баруун доод 1, 2 дугаар шүдний эмтрэл, уруулд язрал, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч У.Нын “...Би 2022 оны 10 дугаар сарын 22-ны шөнө 02 цагийн үед найз Амгаланбаатартай холбогдоход Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо “Эс Эл” бааранд байна гэхээр нь яваад очсон ба бид хоёр уулзаад бааран дотор тус тус 2 шил 0.33 литрийн “Сэнгүүр” пиво уугаад тамхи татах гээд баарнаас гараад үүдэнд нь зогсож байтал хажууд зогсож байсан цамцтай, намхан залуу бид хоёроос тамхи асуухаар нь би тэр залууд тамхиа аваад татчихаж чадахгүй байж яах гэж тамхи татдаг юм гэж хэлтэл тэр танихгүй залуу намайг наашаа хүрээд ир гэж дуудаад хашааны буланд аваачаад миний зүүн нүд болон ам хэсэг рүү хоёр удаа цохихоор нь би нүүрээ дараад зогсож байтал найз Амгаланбаатар ирээд салгахад тэр залуу хашааны хойно байсан Приус-30 маркийн машинд очоод суучихаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм ...одоогоор миний зүүн нүд хөхөрсөн, үүдэн хоёр шүд эмтэрч хугарсан байна. Тухайн танихгүй залуу намайг цохисноор энэ гэмтэл учирсан. ..” гэсэн мэдүүлэг /хх7/,
- гэрч Ч.Аын “...үл таних намхан залуу бид хоёр дээр ирээд тамхи асуутал Н тэр танихгүй залууд хандаж тамхиа аваад татаж чадахгүй юм бол битгий татаж бай гэж хэлтэл нөгөө танихгүй залуу намайг доромжиллоо хашаанаас гарч байгаад үзье гээд Ныг дагуулаад тэр хоёр түрүүлээд явсан. Би удалгүй араас нь яваад очтол нөгөө залуу Ныг хоёр цохихоор нь би тэр хоёрыг болиулахад нөгөө залуу баарны хойно байсан машин руугаа очоод суучихсан. Н цагдаа дуудсан байсан ба удалгүй цагдаа нар ирээд нөгөө залууг машинаас нь аваад явсан юм” гэсэн мэдүүлэг /хх11/, хохирогчийн биед хохирол учирсныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 14559 дугаар шинжилгээний дүгнэлтэд “У.Нын биед үүдэн баруун доод 1, 2 дугаар шүдний эмтрэл, уруулд язрал, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх13-14/,
4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр түүнийг цохиж зодсон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
5. Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлсөн /хх68/, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
6. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
8. Улсын яллагчаас шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
9. Шүүгдэгч Д.М нь хохирогчид учруулсан хохирлоо төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
11. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Д.М нь уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР