Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1481

 

     

 

 

 

 

 

2022            12           01                                          2022/ШЦТ/1481

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч, хохирогч Ж.Э, Г.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ууганцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Э, Г.Ө нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 02869 1561 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг, Урьд:

- Дархан-Уул аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 351 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.

2. Монгол улсын иргэн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа цахилгаанчин хийдэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ө нь 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 6 дугаар гудамжны 1а тоотод хадам аав Ж.Этэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь “хамрын нуруу, зүүн нүдний зовхи, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, баруун өвдөгт зулгаралт, уруулд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ж.Э нь 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 6 дугаар гудамжны 1а тоотод хүргэн хүү Г.Өтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь “дагзны хуйханд шарх баруун шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1209 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Г.Ө, Ж.Э.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Ө, Ж.Э нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 6 дугаар гудамжны 1а тоотод шүүгдэгч Г.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хадам аав Ж.Этэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдсан. Улмаар Ж.Э нь Г.Ө руу мод шидсэн Г.Ө нь Ж.Эийг нүүр тус газарт нь цохисон, Ж.Э нь Г.Өыг түлхэж унагах, гар хэсэгт модоор цохиж хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь Г.Өын хохирогчоор өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад хадам аав Энхтөрийн гэрт ...20 цагийн үед очсон. Хадам аавын гэрт яваад очтол манай хадам аав байшингийнхаа гадаа юм хийгээд сууж байсан. Өмнө нь манай хадам аав Энхтөр нэг хүүхдийн гар утсыг авчихсан байсан ба би тухайн болсон асуудлыг яриад “Та битгий хулгай хийгээд бай” гэсэн чинь манай хадам аав “Би хүний хаясан юмыг авсан” гэж хэлээд уурлаад байсан. Би явах гэж байсан чинь миний араас юм шидэх шиг болсон ба намайг оноогүй. Тэгэхээр нь би уурлаад хадам аав Энхтөрийн нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохисон чинь манай хадам аав Энхтөр газар унасан ба унахдаа газраас мод аваад миний баруун гар руу модоор цохиод, намайг хойш нь гараараа түлхсэн чинь би газар дагзаараа уначихсан. ...Тэр үед миний баруун гар шалбарсан, толгойны ар дагз өвчтэй байсан ба шалбарсан байсан. ...Миний биед учирсан гэмтлийг манай хадам аав Энхтөр учруулсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.." гэсэн мэдүүлэг /хх 22-23/,

Ж.Эийн хохирогчоор өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ...19 цагийн үед манай хүргэн Өнөрбаяр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ирээд намайг “хөгшин зөнөг минь ална шүү” гээд байхаар нь ...”чи юу яриад байна” гээд Өнөрбаяр бид 2 хоорондоо маргалдаад байж байтал Өнөрбаяр миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохиод, ...толгойгоороо 1 удаа мөргөхөөр нь би газар унаж босож ирээд газраас мод аваад Өнөрбаярын гар руу нь модоор 1 удаа цохиод, арагш нь түлхээд унагасан чинь Өнөрбаяр хойшоогоо газар уначихаар нь би зугтаагаад яваад өгсөн. ...Тэр үед манай хүргэн Өнөрбаяр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн манайд ирээд намайг хөгшин зөнөг гэх мэтээр доромжлоод байхаар нь би Өнөрбаяртай маргалдсан. ...Тэр үед миний нүүр ам хавдаж хөхөрсөн. ...Миний биед учирсан гэмтлийг манай хүргэн Өнөрбаяр учруулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх15-16/, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 11866 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Г.Өын биед дагзны хуйханд шарх, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх28/,

Мөн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 11909 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Ж.Эийн биед хамрын нуруу, зүүн нүдний зовхи, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, баруун өвдөгт зулгаралт, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх34/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх4/, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

4. Шүүгдэгч Г.Ө, Ж.Э нарын биед учирсан дээрх хөнгөн хохирол нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хоорондоо харилцан зодолдсон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э нь өөрийгөө хамгаалсан гэх боловч Г.Өын өөр рүү нь түрүүлж мод шидсэн улмаар харилцан барьцалдаж авсан, мөн түлхэж унагаах, модоор цохих зэргээр гэмтэл учруулсан гэсэн мэдүүлгийг үгүйсгэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл бусдын хууль бус довтолгооноос өөрийгөө хамгаалсан шинж байдал тогтоогдоогүй гэж үзсэн болно.

6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Ө, Ж.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

7. Шүүгдэгч нар нь хэн хэнээсээ эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өт 800 нэгжээр, Ж.Эд 450 нэгжээр тус тус торгох  ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

9. Шүүгдэгч Ж.Э нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн Г.Өын согтуурсан үедээ маргаан үүсгэсэн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Харин шүүгдэгч Г.Ө нь урьд санаатай гэмт хэрэг үйлдэж байсан ба түүний  үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

10. Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдалтай зэргийг тал бүрээс нь харгалзан ялыг ялгамжтай оногдуулж шийдвэрлэлээ.

11. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өт 700 нэгж, шүүгдэгч Ж.Эд 450 нэгжээр тус тус торгох ялыг сонгон оногдуулах нь гэм буруу, хэргийн нөхцөл байдалд тохирно гэж дүгнэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Ө, Ж.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өыг 700 нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ж.Эийг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР