Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/923

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Намжил,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0583/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000002182 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух /РД:***/, урьд

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 391 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, уг ялыг биелүүлсэн, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь “Баянгол дүүргийн *** дүгээр хороо *** тоотод 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн ах ***тай маргалдаж, улмаар түүний нуруу хэсэгт хутгалсны улмаас түүний биед хатгагдсан шарх бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3, 4-7 дахь тал),

3. Хохирогч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 16-ны орой манай төрсөн дүү ***, ***, манай найз *** бид дөрөв 2-3 шил 0.75 литрийн хэмжээтэй архи хувааж уугаад байж байтал орой 22 цаг 30 минутын үед ээж *** ажлаа тараад ирээд бид дөрвийг архи уулаа гэж загнаад ээж цай ундаа уугаад унтах гээд хэвтсэн. ***, *** нар согтуу унтаж байсан. Би амрах гэж байтал дүү *** надад агсам тавиад хэрүүл хийгээд байхаар нь *** та хоёр яв гээд орон дээр босоод ***ийг яв яв гээд түлхээд, үснээс нь зулгаасан. Тэгсэн *** гал тогооны өрөө рүү гүйж орсноо буцаж эргэж ирээд намайг орныхоо хажууд зогсож байтал миний зүүн талын бөөр хэсэг рүү нэг удаа хутгалаад цаашаа эргээд гал тогооны өрөө рүү орсон. Би шууд орон дээрээ унаад хэвтсэн. Тэгсэн *** ирээд миний цусыг тогтоох гээд юмаар дарсан. Ээж ***ийг загнаад яваад байсан, тэгж байтал эмнэлэг цагдаа гаднаас орж ирээд ээж бид хоёр эмнэлгийн машинд суугаад явсан. Манай төрсөн дүү *** модон бор иштэй хоолны хутгаар зүүн бөөр хэсэгт нэг удаа хутгалж гэмтэл учруулсан. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20, 22-23 дахь тал),

4. Гэрч О.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэр болох Баянгол дүүргийн *** дүгээр хороо *** тоотод *** цагийн орчимд ***, ***, *** нар стандарт нэртэй 0.75 литрийн 2 шил архи, хараа нэртэй 0.75 литрийн 1 шил архи уусан. Бид хэд архи согтууруулах ундаа хэрэглээд нэлээд согтоцгоосон байсан. ***, *** нар газраас болоод хоорондоо маргалдаад байсан учраас ээж бид хоёр гараад явсан. Буцаад гэрт ороод ирэх үед *** ***ы нуруу хэсэгт хутгалсан цус алдаж байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан. Хоёулаа миний төрсөн ах, эгч хоёр...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

5. Гэрч Ш.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ унтаж байтал 18 цагийн үед манай найз ***ы дүү *** ирээд цонх тогшихоор нь би сэрээд онгойлгосон чинь *** таныг *** ах дуудаж байна гэж хэлсэн. Би босоод ***тэй хамт очиход ***, *** хоёр байсан бөгөөд *** тасарчихсан унтаж байсан. *** зурагт үзээд орон дээрээ сууж байсан. *** 0.75 литрийн стандарт нэртэй тал архи гаргаж ирээд уг архийг нь *** бид хоёр хувааж уусан. Уг тал архинаас *** уугаагүй. *** хоёулаа ээж рүү яваад ирье гээд хорооллын эцсийн Оргил супермаркет руу алхаж яваад *** эгч дээр очоод *** ***ийн Хаан банкны виза картыг аваад хорооллын эцсийн АТМ орж 25000 төгрөг аваад уг мөнгөөр нь дэлгүүр орж 0.75 литрийн стандарт нэртэй архи аваад гэрт нь очсон очиход *** сэрчихсэн байсан бөгөөд уг архийг ***, ***, *** бид дөрөв хувааж уугаад 20 цаг өнгөрч байхад дуусаад *** бид хоёр ахиж дэлгүүр яваад 0.75 литрийн стандарт нэртэй архи авч ирээд дөрвүүлээ хувааж уугаад байж байтал *** ээж ирэх гэж байгаа гээд гал тогооны өрөөнд хоол хийгээд дууссан. Нөгөө ууж байсан архи бас дуусаад *** эгч 22 цаг 20 минутын үед орж ирээд бид дөрвийг архи уулаа гэж загнаад байсан. Би чимээгүй сууж байгаад том өрөөнд нь унтаж байтал хүмүүс хэрэлдээд шуугилдаж байгаа чимээ гараад байхаар нь сэрээд өндийгөөд босоод иртэл ***, *** хоёр хэрэлдээд маргалдаж байсан. *** эгч юу болоод байгаа юм бэ гэж орилохоор нь би босоод иртэл ***ы баруун бөөр хавиас нь цус гараад гоожоод эхэлсэн. *** баруун гартаа хоолны модон бор иштэй том хутга барьчихсан зогсож байсан. Би шууд очоод ***ы цусыг тогтоох гээд шархыг нь чимхээд суугаад хурдан түргэн цагаа дууд гэж хэлсэн. *** гал тогооны өрөө рүү ороод суучихсан. Баруун баар хэсгээс нь цус гоожоод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-33 дахь тал),

6. Гэрч Х.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэрэг гарах үед О.*** унтаж байсан. ***, ***ыг хутгалах үед би орилсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 12916 дугаартай “...***ы биед нуруунд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, шинэ гэмтэл байна.

Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дэх тал),

8. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 04/4937 дугаартай “эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ авсан тухай төлбөрийн мэдээллийг хавсралтаар хүргүүлсэн” тухай албан тоот, хавсралт (хавтаст хэргийн 91-92 дахь тал),

9. Иргэний нэхэмжлэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйл, 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заасан. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Дүүргийн прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. ***т холбогдох хэргийн хохирогч *** нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.739.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх 1.739.000 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг ***ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89-90 дэх тал),

10. Хохирогч ***ы прокурорт гаргасан “...миний хохирлыг бүрэн барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хүсэлт (хавтаст хэргийн 101 дэх тал),

11. Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн ах ***тай мөнгөний асуудлаас болж хэрэлдсэн. Тэгсэн *** ах намайг хэл амаар доромжлоод намайг хөөсөн. *** ах намайг үсдээд авсан чинь ээж салгаад байж байтал ахиж *** ах намайг хөөгөөд түлхэхээр нь би газар уначаад босоод гал тогооны өрөө рүү ороод ширээн дээр хутга байхаар нь аваад *** ахын зүүн бөөр хэсэгт нь нэг удаа хатгаад цус гарахаар нь би айгаад буцаж гал тогооны өрөөнд орж суусан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би архи уусан байсан болохоор намайг ээжийн минь гэрээс хөөгөөд байхаар нь уурандаа ийм зүйл хийсэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би ахынхаа бүх эмчилгээний зардал болон эм тариаг авч өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 57 дахь тал), оршин суух хаягийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 58 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 59 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 60 дахь тал), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тухай тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 62 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 69-82 дахь тал), оршин суух хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 94 дэх тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 95 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***ээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 34-36 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан байна.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дүгээр хороо *** тоотод ээж Х.***гийн гэрт хохирогч буюу төрсөн ах ***ыг “ээжийн гэрээс хөөлөө” гэх шалтгаанаар нуруун тус газар нь нэг удаа хутгалж “нуруунд хатгагдсан шарх” гэмтэл үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

Энэ нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ***, гэрч О.***, Х.***, Ш.*** нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 12916 дугаартай дүгнэлт болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ. 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан. 

Иймд хохирогч ***ы биед нуруунд хатгагдсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 12916 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

Хохирогч ***ы эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах дээрх гэмтэл нь шүүгдэгч ***ийн хохирогчийг нуруун тус газар нь хутгалсан гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Шүүгдэгч *** нь хохирогч ***ыг хутгалах үед түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.   

Мөн шүүхээс шүүгдэгч ***т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18 дугаар гудамж, 546 тоотод 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрсөн 4 настай охины хамт амьдардаг, ганц бие эх, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас зорчих эрх хязгаарлах ял  оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар буюу “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох” зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан шүүгдэгч ***ийг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг зорчих эрх хязгаарлах ялын хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан.

Шүүгдэгч *** нь оногдуулсан “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдэж байна. 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 12916 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогч *** нь хавтас хэргийн 22-23 дахь талд “...Миний бүх хохирол барагдсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн, хавтаст хэргийн 101 дэх талд “...хохирлыг бүрэн барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч ***ийг хохирогч ***д төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж заасан байх тул улсын яллагчийн шүүгдэгч ***ээс 1.739.000 /нэг сая долоон зуун гучин есөн мянга/-н төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх тухай дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн модон иштэй ахуйн зориулалтын металл 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 2 /хоёр/ сарын хугацаагаар “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан шүүгдэгч ***т зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***ээс 1.739.000 /нэг сая долоон зуун гучин есөн мянга/-н төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *** нь хохирлоо бүрэн барагдуулсан тул ямар нэгэн гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн модон иштэй ахуйн зориулалтын металл 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.БОЛОРТУЯА