Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/924

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор  Г.Онон,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***ад холбогдуулан Эрүүгийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000002323 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** дугаар байр, 63 тоотод оршин суух, одоо Баянгол дүүргийн *** хороо, *** тоотод найз охиныдоо амьдарч байгаа гэх /РД:***/, урьд

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЦТ/885 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 472 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, биеэр эдэлж дууссан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг оногдуулсан 1 жилийн хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулгагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар зорчих эрх хязгаарлах 1 жилийн ялаас 3 сар, 15 хоногийн үлдэгдэлтэй, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ы гадна талын саравчинд мартаж явсан хохирогч ***ын эзэмшлийн Dell inspiron 3501 маркийн нөүтбүүкийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бусдад бага хэмжээнээс дээш буюу нийт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие *** нь Завхан аймгийн ***-р ангид нягтлан бодогчоор ажиллаж байгаа. Энэ оны ээлжийн амралтаа 10 дугаар сарын 12-ны аваад Улаанбаатар хотод дүүгийндээ 10-р хороололд ирсэн. Өчигдөр дүүгийнхээ гэр болох 203-р байрны гадаа ганцаараа саравчинд нь сууж байгаад яг орохдоо орой цагийг нь санахгүй байна, үүрч явж байсан нотебүүк болон хоёр мөртэй цүнхээ байрны гадаах саравчинд үлдээснээ мэдэхгүй дүүгийнхээ гэр лүү орчихсон байсан. Тэгээд өглөө нь цүнхээ байхгүй байхаар нь гэнэт санаад байрны гадаах саравчинд үлдээснээ мэдсэн. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байгаагүй. Миний мартсан гэх нотебүүк нь усан цэнхэр өнгөтэй. 2021 оны 6 дугаар сард хангалтаар манай 325-р ангид нотебүүк өгөхөд нь ашиглаж эхэлсэн. Манай байгууллагад ирж байсан нэгж нь 1.846.000 төгрөгийн өртгөөр ирж байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй цэнэглэгчтэйгээ байсан. Цүнх нь хоёр мөртэй хар цүнхийг нь өөрийн мөнгөөр авч л байсан их л удаж байгаа одоо авч байснаа санахгүй байна. Нотебүүкээ үнэлгээ хийлгэж зах зээлийн үнээр үнэлнэ. Цүнхийг хуучин болохоор үнэлэхгүй шаардлагагүй. Байгаа хяналтын камерын бичлэг үзэхэд 203-р байрны нэг залуу орой гарч ирээд миний цүнхийг аваад буцаад үүрээд лифтэнд суугаад 16 давхар луу гарч байгаа дүрс бичлэгт бичигдсэн байсныг хуулбарлан авсан байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

2. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...10 дугаар сарын 19-ний орой гэртээ найз залуу ***тай хамт байж байгаад 00 цаг өнгөрөөгөөд би унтсан. *** утсаараа оролдоод унтах болоогүй гэж байсан. Өглөө нь би сэрээд 9 цагийн үед ажилдаа явсан. *** утасгүй байсан болохоор ажилдаа явсны дараагаар нэг их холбоо бариагүй. Ажил орой 20 цагаас тараад хүмүүстэй гадуур уулзаж байгаад орой гэртээ *** чамайг унтсаны дараа тамхи татах гэж гадаа гараад байрны гадан саравчнаас үүргэвчтэй цэнхэр өнгийн нотебүүк олсон. Олоод форматлаад ломбардад 900.000 төгрөгөөр тавиад тал мөнгө нь байгаа тал мөнгийг нь үрчихсэн гэсэн. Удалгүй цагдаагаас ***ыг дуудахаар нь би хадгаламжаасаа мөнгө аваад ***ын өгсөн 450.000 төгрөг дээр нь нэмээд ломбардаас нь нотебүүкийг нь аваад *** өгсөн. *** нотебүүкээ аваад цагдаа руу явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

3. Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Баянгол дүүргийн *** дугаар хороо *** дугаар байрны 1 орцны лифтны хэсгийг харуулсан хяналтын камерын бичлэг байх бөгөөд уг хяналтын камерын цаг нь 10-20 01:57:33 секунд гэж эхэлж байх бөгөөд бичлэгийг эхлүүлэхэд ***гийн *** нь орцноос хар өнгийн куртик, өмдтэй, хар гуталтай, гарч явж байгаа дүрс бичлэг байх бөгөөд *** нь өөр ямар нэгэн зүйл барьсан, үүрсэн юм харагдахгүй байв. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд бичлэгийг хийж байхдаа гүйлгэж хийсэн байх бөгөөд уг хяналтын камерын цаг 01:59:10 цагийн орчимд *** нь буцаж орж ирээд лифтний үүдэнд гар утсаа оролдож байх бөгөөд баруун мөрөндөө хар өнгийн хоёр мөрөвчтэй цүнх үүрсэн байдалтай лифтэнд орж байснаар үзлэгийг дуусгав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-5, 6-7 дахь тал),

4. Арвижих-Эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт “Dell inspiron 3501 маркийн хэрэглэж байсан нотебүүк нь манай зах зээл дээр дунджаар 1.800.000 төгрөгийн үнэтэй байх боломжтой” (хавтаст хэргийн 26 дахь тал),

5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч ***ийн “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 472 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгджээ. Тус гүйцэтгэх баримт бичгийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэн бүртгэл, хяналтад орсон. Ялтан *** ялын тооцоог 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон тооцоход нийт зорчих эрхийг хязгаарлах 01 жилийн ялаас биеэр 8 сар 05 хоногийн ялыг эдэлж, шагналыг 10 хоног авч нийт биеэр 03 сар 15 хоногийн ялын үлдэгдэлтэй байна” гэх ялын тооцоо (хавтаст хэргийн 70 дахь тал),

6. Хохирогч ***ын бичгээр гаргасан: “... хүсэлт (хавтаст хэргийн 80 дахь тал),

7. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 20-ны 00-02 цагийн орчимд Баянгол дүүргийн *** дугаар хороо ***ы *** дугаар байрны 177 тоотод найз охиныхоо гэрт байж байгаад гарч тамхи татах гэж гараад байрны саравчинд суугаад тамхи татсан. Тэгсэн хажуу талын сандал дээр хар өнгийн хоёр үүргэвчтэй цүнх байхаар нь уг цүнхийг харж байж байгаад хүн авахгүй болохоор нь үүрээд гэр лүүгээ орсон. Гэртээ ороод харсан чинь дотор талд нь Dell маркийн усан цэнхэр өнгийн нотебүүк байсан. Би унтаад өглөө сэрээд эзэн нь ирж авахыг хүлээсэн боловч хүн ирэхгүй байхаар нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны орой 21 цагийн үед уг нотебүүкийг асааж үзэхэд ашиглах боломжгүй гацаад байхаар нь форматалж байгаад ломбардад 900.000 төгрөгөөр тавиад гэртээ ирээд унтаад маргааш өглөө нь 8 цагийн үед цагдаагаас залгаад намайг хүрээд ир гэхээр нь би ломбардад орж тавьсан нотебүүкээ буцааж аваад цагдаагийн хэлтэс дээр ирээд эзэнд нь бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), үл хөдлөх хөрөнгөгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 42 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 46-51, 52-68 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***ын гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 19-21 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ы гадна талын саравчинд хохирогч ***ын мартаж үлдээсэн байсан Dell inspiron 3501 маркийн нотебүүкийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нотлогдож тогтоогдсон байна.

Тодруулбал, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогч ***ын мэдүүлэг, гэрч ***гийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогджээ.

Шүүгдэгч *** олсон эд зүйл буюу Dell inspiron 3501 маркийн нотебүүкийг захиран зарцуулах эрхгүй, бусдын гээгдүүлсэн эд зүйл, хөрөнгө гэдгийг мэдсээр байж зохих байгууллага, иргэнд хүлээлгэн өгөх арга хэмжээ аваагүй, харин амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах зорилгоор ашигласан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, шунахай сэдэлттэй байна. 

Мөн шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 1.800.000 төгрөгийн бодит хохирол учирсан байх ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д “бага хэмжээний хохирол гэж 300 нэгжтэй тэнцэх хэмжээнээс доош төгрөг” гэж зааснаар бага хэмжээнээс дээш хохиролд хамаарна

Иймд, шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байх тул шүүгдэгч ***ыг “...гээгдэл эд хөрөнгө ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ***ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд өмнө 2 удаа ял шийтгэгдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.  

Мөн шүүгдэгч *** өмнө Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 472 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулгагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон байх ба шүүх хуралдаан болсон 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 1 жилийн хорих ялыг биеэр эдэлж 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн зорчих эрх хязгаарлах 1 жилийн ялыг эдэлж эхэлсэн, одоо 2 сар, 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.3 дахь заалтыг заасныг тус тус баримтлан шүүгдэгч О.***ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял дээр өмнөх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 472 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 15 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хугацааг 5 /тав/ сар, 15 /арван тав/ хоногийн хугацаагаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлаж шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч *** нь оногдуулсан “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг түүнд мэдэгдэж байна. 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч 1.800.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хавтас хэргийн 80 дахь талд хохирогч нь “...алдсан эд зүйлсээ буцааж авсан. Одоо надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтийг гаргасан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч ***аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск нь хэргийн үйл баримтыг тогтоосон ач холбогдол бүхий баримт байх тул хэргийн хамт хадгалахаар тогтлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ад 3 /гурав/ сарын хугацаагаар “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан шүүгдэгч О.***ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял дээр өмнөх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 472 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 15 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хугацааг 5 /тав/ сар 15 /арван тав/ хоногоор “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох”-оор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд сануулсугай..

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА