| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/1368/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1505 |
| Огноо | 2022-12-08 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Р.Лхагвасүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1505
2022 12 08 2022/ШЦТ/1505
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Г.Лхагвасүрэн,
шүүгдэгч П.С, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Ст холбогдох эрүүгийн 2208 01299 1447 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эсгүүрчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд:
- 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 383 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.С нь 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансар 12-40 тоотод оршин суух нэг нутгийн танил Б.Бг “түрээсийн байранд хамруулж өгнө” гэж хууран Хаан банкны 5925022213 тоот дансаар 6.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1127 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирол төлсөн баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч П.С.
1. Шүүгдэгч П.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон бол түүний өмгөөлөгч хохирогч Б.Бг залилсан үйлдэлд маргаагүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.
Мөн өмгөөлөгчөөс нь шүүх хуралдааныг хойшлуулах байдлаар өөрийн үйлчлүүлэгчид холбогдох яллагдагчаар татагдсан хэргийг тус нэгтгүүлэн шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй байна. Учир нь шүүгдэгчид холбогдох хэргийг нэгтгэх нь хуралдаанаар гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаанд хамаарах бөгөөд хэргийг прокурорт буцаах боломжгүй тул хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон талуудын мэтгэлцээн, шүүгдэгчийн мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтийг дүгнэн үзээд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авч шийдвэрлэв.
Шүүгдэгч П.С нь хохирогч Б.Бтай нэг нутгийн буюу танилын харилцаатай, улмаар хохирогчийг түрээсийн байранд хамруулах боломжтой гэж зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Хаан банкны 5925022213 тоот дансаар нийт 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогч Б.Бгийн “...2021 оны 7 дугаар сард миний нагац дүү надад “С эгч түрээсэлж байгаад өөрийн болгох түрээсийн байр байна гэнэ, урьдчилгаа 6 сая төгрөг гэнэ” гэж хэлэхээр нь хүүхдээ байртай болгох гээд сонирхож эхэлсэн. Тэгээд дүүгээсээ 86086005 дугаарыг аваад Стай ярьсан чинь “...100 айлын Хангай хотхонд 2 өрөө түрээсийн байр байна. Манай найз олон хүн байранд оруулж өгч байгаа, урьдчилгаа 6 сая төгрөг өгөөд 3, 4 хоногийн дараа батламж нь гарахаар түлхүүрийг чинь өгье” гэж хэлэхээр нь итгээд 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нөхрийнхөө 5024265170 дугаарын данснаас 5925022213 дугаарын данс руу 6.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш удахгүй батламж нь гарлаа гэж хойшлуулсаар байсан ба сүүлдээ удахгүй мөнгийг чинь буцааж өгнө” гэж явсаар өдийг хүрсэн. ...би 2022 оны 4 дүгээр сараас хойш Саас нийт 3.000.000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын дунд хүртэл хугацаанд өгсөн. Одоо 3.000.000 төгрөг авах ёстой...” гэсэн мэдүүлэг /хх11,13/,
- гэрч М.Бын “...С нь манай Тэлмэн сумын уугуул бөгөөд нэг нутгийнх гэдэг утгаар нь итгээд манай эхнэр болон хамаатны дүү А, Б нар тус бүр 6.000.000 төгрөг тэр үед нь өгч залилуулаад цагдаад өгч шүүхээр С орж 2 жил тэнсэн харгалзах ял авсан юм. Тэгээд манайх тухайн үед гомдол гаргах гэсэн чинь С мөнгийг чинь удахгүй өгнө гэж байлгасаар байгаад өдийг хүрсэн болохоор цагдаад өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх19/, 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх5/, М.Бын Хаан банкны 5024265170 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх56/,
- П.Сын яллагдагчаар өгсөн “...Би 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.Б гэх эмэгтэйг “түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хэлээд 6.000.000 төгрөгийг өөрийн 5925022213 дугаарын дансаар хүлээн авсан юм. Би залилан мэхлэх гэмт хэргийг үйлдээд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 2 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн. Б.Б гэх эмэгтэйг “түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хэлээд 6.000.000 төгрөгийг авсан. Тухайн үед үйлдсэн хэргээс үлдсэн хэрэг байна. Би тэнсэнтэй байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдээгүй. Б.Б гэх эмэгтэйг “түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хэлээд 6.000.000 төгрөгийг авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх 51/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
3. Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хууран мэхлэх, итгэл эвдэх замаар эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч хохирол учруулсан байх шинжтэй байдаг. Шүүгдэгч П.С нь түрээсийн орон сууцанд бусдыг хамруулах, зуучлах эрх бүхий этгээд биш байх бөгөөд өөрөө тийм ажил, үйлчилгээ эрхэлдэггүй атлаа зохиомол байдлыг зориудаар бий, хохирогчийг урьдаас таньдаг нэг нутаг усны хүн гэсэн итгэлийг урвуулан ашиглаж хохирогчийн хууран 6.000.000 төгрөг авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжтэй байна.
4. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн шүүгдэгч П.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцаанд бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
5. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бд 6.000.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь 4.200.000 төгрөгийг төлсөн. Мөн шүүгдэгч нь хохирол төлөх завсарлага авсан хугацаанд үлдэгдэл 1.800.000 төгрөгийн хохирлыг төлсөн нь баримтаар тогтоогдож байна. Тиймээс шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн гэж үзэхээр байна.
Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас шууд бусаар хохирол учирсан гэж үзвэл холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
6. Улсын яллагчаас шүүгдэгч П.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, оршин суух газраасаа явахыг хориглох хязгаарлалт тогтоох дүгнэлт, санал гаргасан.
7. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: П.С нь гэм буруугаа анхнаасаа хүлээсэн, хохирогчид учруулсан хохирлоо төлсөн, тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд хамаарахгүй тул зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож өгөхийг хүссэн.
8. Шүүгдэгч П.С нь хохирогчид учруулсан хохирлоо төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
9. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан үзлээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасныг харгалзлаа.
10. Шүүгдэгч П.Сын хувьд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдлыг нь харгалзан түүнд хорихоос өөр төрлийн буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жил 6 сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Улмаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн зорчих эрхийг хязгаарлах хүрээг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоох дүгнэлтийг үндэслэлгүй буюу ялын зорилгод нийцэхгүй гэж үзсэн болно.
12. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоолоор П.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж заасан. Мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан.
Шүүгдэгч П.С нь 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Б.Бгаас 6.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийг тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн буюу оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй, улмаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулах, тухайн ялыг нэмж нэгтгэх зохицуулалтад хамаарахгүй болохыг дурдаж байна. Өөрөөр хэлбэл шүүхээс хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял болон албадлагын арга хэмжээ тус тусдаа хэрэгжих боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Сыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ст 1 жил 6 сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохиролтой холбоотой холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР