Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/935

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хонгорзул,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ***т холбогдох эрүүгийн 2205031962521 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.            

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, модон тавилгын үйлдвэрт ажилладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар байр *** тоотод түр оршин суух /РД:***/, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ***.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *** нь 2022 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” гэх нэртэй зочид буудлын нэгдүгээр давхарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа хохирогч ***той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний энгэрээс заамдан ноцолдож зүүн нүд рүү нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхи, зүүн хөмсөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эхнэр ***гийн эгч ***гийн хүү ***, эхнэр *** нарын хуримд уригдсан. Баянгол дүүргийн *** дугаар хороо *** зочид буудлын *** давхарт байрлах ресторан дотор 2022 оны 10 дугаар сарын 10-ны орой 18 цаг өнгөрөөд эхнэр ***, охин *** нарын хамт очсон. Тэгээд найрлаад хүмүүс 23 цаг өнгөрөөд бүгд тарсан байсан. 7 давхрын ресторан дотор манай эхнэр ***, бэр ***гийн ах гэх бор царайтай, цагаан цамцтай хар костюмтай залуутай маргалдаад байсан. Би архи уусан болохоор царай зүсийг нь сайн санахгүй байна. Бэрийн талынхан түрүүлээд буугаад явсан байсан. Бид нар хойноос нь бууж ирсэн. 7 давхраас лифтээр буугаад нэг давхарт ирэхэд 00 цаг өнгөрч байсан байх нэг давхарт бэр ***гийн талынхан бөөндөө байж байсан. Манай эхнэр *** бэр ***гийн ахтай /бор царайтай хар костюмтай залуу/ маргалдаж эхэлсэн. Намайг ***гийн ах нь хэл амаар доромжлоод хөгшин төгцөг гээд доромжилсон. Манай эхнэр ***, ***гийн бэргэн эгч нар хоорондоо үстэлцэж аваад бужигнаж эхэлсэн. Бужигнасан үед хатуу чанарын зүйлээр миний нүд рүү цохисон. Хэн цохисныг нь би сайн харж чадаагүй. Миний нүд рүү шил орчихсон юм шиг санагдсан. Миний зүүн нүдний хараа бүдгэрээд байсан болохоор зүүн нүдээ барьж үзсэн чинь өвдөөд байсан. Тухайн үед миний шил байхгүй болсон байсан. Энэ үед буюу бужигнаан болж байхад ***гийн ах юм уу бэргэн эгчийн аль нэг нь намайг цохисон. Миний нүд рүү бэр *** ах юм уу эгч хоёрын нэг нь цохисны дараа тэнд байсан хүмүүс салгасан. Тэндээсээ гарч байхад цагдаа ирсэн. Тэгээд бэр өөрөө цагдаа дуудсан байсан. Тэндээсээ Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирж мэдүүлэг өгсөн. Хуримаас тарсан болохоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас сайн санахгүй байна. Миний нүдний шил эвдэрсэн. Эмчилгээнд хоёр тос түрхсэн. Шинжээчийн дүгнэлтэд мөнгө өгсөн. Нүдний шил прогресс доороо хараатай арам нь нийлээд 375,000 төгрөгөөр хороололд хийлгэж байсан. Эмчилгээний тос 14,000 төгрөгийн дусаагуур авч нүдэндээ тусаасан. Шүүх эмнэлгийн 8000 төгрөг. Нийтдээ 396,000 төгрөгийн хохирол учирсан байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал)

2. Гэрч П.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр *** зочид буудлын 7 давхарт байрлах *** хаус ресторан дотор үеэл ах Д.***ын хуримд уригдсан. Би аав *** болон Ээж ***, охин *** /4 настай эмэгтэй/ нарын хамт 18 цагийн үед очсон. Хурмын үйл ажиллагаа явагдаж байгаад 23 цагийн үед ихэнх хүмүүс явж эхэлсэн. Хуримд оролцсон хоёр талын арав гаруй хүмүүс нэг ширээн дээр хамтдаа найрлаад сууж байсан. Би найрлаж байсан ширээн дээр суугаагүй 4 настай охин ***гийн хамт хоёр ширээний наана хүлээгээд гар утсаа оролдоод ерөнхийд нь алсаас хараад сууж байсан. Ширээн дээр найрлаад сууж байсан хүмүүс эхэндээ гайгүй сууж байсан. Манай ээж тэр өдөр тод цэнхэр өнгийн дээл өмссөн байсан. Ээж *** нь ширээн дээр сууж байхдаа ширээний эсрэг талд сууж байсан хар костюмтай, хар нүдний шилтэй, туранхайвтар биетэй, бор шаргал дуу царайтай ахтай маргалдаж эхэлсэн. Манай ээж нөгөө ахаас миний дүү уучлаарай гээд зөндөө уучлалт гуйгаад байсан нь сонсогдсон. Удаач үгүй тэр ахын эхнэр буюу 5-6 сартай бололтой жирэмсэн, хар хувцастай, богино үстэй махлагдуу биетэй эгч манай ээж рүү гараа сарваалгаж харагдсан. Тэр эгч болон манай ээж хоорондоо үснээсээ зулгаалцаж эхэлсэн. Тэр үед нь би очсон. Тэгээд хүмүүс ээж нөгөө жирэмсэн эмэгтэй хоёрыг салгасан. Энэ үйл явдал нь *** зочид буудлын 7 давхарт байрлах *** хаус ресторан дотор болсон. Тэгээд нүдний шилтэй хар костюмтай туранхай биетэй ах болон жирэмсэн хар хувцастай эгч, хоёр насны орчим жаахан хүүхэд, 10-12 насны орчим эрэгтэй хүүхэд нарын хамт түрүүлээд ресторанаас гарсан. Энэ хооронд бид нар хувцсаа өмсөөд ресторанаас лифтээр нэг давхар луу буусан. Лифтнээс гарах үед хар костюмтай ах, эхнэрийн хамт байж байсан. Хүмүүс тэр ахыг *** гээд дуудаж байсан. Би лифтнээс буугаад охиноо шатан дээр суулгаад эргээд харахад аав ***, болон *** ах нар хоорондоо зочид буудлын тэкний ойролцоо барьцалдаж авсан байсан. Тэгэхэд нэг савхитай ах, *** ахын хүүхэд, жирэмсэн эхнэр, манай ээж салгах гээд бөөнөөр бужигнаж эхэлсэн. *** ах аав *** руу дайрч цэцгэн хүрээтэй лааны суурьтай хананы урд очоод хүмүүс салгах гэж байхад нь аавын зүүн нүдний хэсэг рүү *** ах баруун гараараа далайж нэг удаа цохисон. Тэгээд хүмүүс салгасан. Цохиулах үед манай аав ***ийн нүдний шил нь газар унасан байсан. Шил нь хэр зэрэг гэмтсэнийг нь би харж амжаагүй. Аав *** нь байн байн зүүн нүдээ барьж үзээд байсан. Аавын зүүн нүд нь цохиулсныхаа дараа маш том хавдсан байсан. Тэгээд нөгөө *** ах эхнэрийн хамт гадагшаа гарсан. Бид нар дагаж гарахад цагдаа ирсэн байсан. 2022 оны 10 дугаар сарын 11 -ний шөнийн 00 цагийн орчимд *** зочид буудлын нэгдүгээр давхарт хар костюм нүдний шилтэй ах аав ***ийн зүүн нүд рүү нэг удаа цохисон. Хүмүүс тэр ахыг *** гээд дуудаж байсан. Тухайн өдөр миний аав *** руу өөр дайрсан, маргалдсан хүн цохисон хүн байгаагүй. *** ах л нэг удаа цохисон. *** зочид буудлын гадаа гараад хашааны буланд цагдаа ирэхээс өмнө манай аавыг *** ах өвгөн минь би чамайг ална шүү гээд хашхирч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 13988 дугаартай: “...***ийн биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхи, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 47-48 дахь тал),

4. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 62-69 дэх тал),

5. Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн: “...Прогресс доороо арамтай энгийн 2019 онд авч байсан нүдний шил-27000 төгрөг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дэх тал),

6. Шүүгдэгч ***ын Баянгол дүүргийн прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 105 дахь тал),

7. Хохирогч ***ийн Баянгол дүүргийн прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 106 дахь тал),

8. Шүүгдэгч ***оос хохирогч ***ид хохирол хор уршигт тооцон 400.000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт (хавтаст хэргийн 100 дахь тал),

9. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороонд байрлах "***" зочид буудлын 7 давхар нь байрлах “***” хаус ресторанд төрсөн дүү ***ын хуримд гэр бүлийн хамт уригдаж, эхнэр *** хүүхэд ***, хүү *** нарын хамт очсон. Хуримд оролцож байгаад 23 цаг өнгөрч байхад хуримд оролцсон хүмүүс тарсан. Би гарч явсан чинь манай дүү ***ын хадам ээж *** намайг дуудаад нэг ширээнд суухыг урьсан. Нэг ширээнд арваад хүнтэй хамт суусан. Хүмүүс хоорондоо ярьж байсан чинь цэнхэр дээлтэй танихгүй эгч чи хүний ах шиг байж чадсангүй гээд хэл амаар доромжлоод эхэлсэн. Би тэр үед эхэндээ дуугүй сууж байсан. Нөгөө цэнхэр дээлтэй эгч ширээний эсрэг талд сууж байгаад над дээр ирээд хэл амаар доромжилсон. Би яасан юм яагаад ах шиг байж чадаагүй юм гээд асуусан. Тэгэхэд нөгөө цэнхэр дээлтэй эгч хүний ах ийм байдаггүй юм гээд учир шалтгаанаа хэлээгүй над руу дайрч эхэлсэн. Энэ үед эхнэр *** гаднаас орж ирээд та яагаад манай нөхөр лүү дайраад байгаа юм гээд хэлсэн чинь манай эхнэрийн үснээс нь цэнхэр дээлтэй настайвтар эгч зулгааж эхэлсэн. Тэр хоёр хоорондоо үснээсээ зулгаалцаж эхэлсэн. Нөхөр нь гээд улаан дээлтэй нүдний шилтэй хүн эхнэр ***ийн үснээс нь зулгаагаад бужигнаж эхэлсэн. Манай дүүгийн хадам ээж *** боль боль гээд байсан болохоор би хоёр хүүхдээ аваад доошоо нэг давхар луу лифтээр буусан. Эхнэр удалгүй лифтээр бууж ирсэн. Тэгээд ресейпшний тэндээс гадуур хувцсаа аваад зогсож байхад нөгөө улаан дээлтэй ах лифтээр бууж ирсэн. Лифтээр бууж ирээд шууд над руу ирсэн. Энэ үед би хүүхэд ***ээ тэвэрсэн байсан. Хүүхэд тэвэрсэн байхад миний цамцнаас заамдаж авахад нь хүүхдээ ресейпшн охинд өгөөд би нэг гараараа тэр ахыг түлхсэн. Бид хоёрыг салгах гээд хүмүүс бужигнаж эхэлсэн. Цэнхэр дээлтэй эгч ирээд манай эхнэр ***ийн үснээс зулгааж эхэлсэн. Намайг хүүхэд тэвэрсэн байхад над руу улаан дээлтэй ах миний хүүхдийг цохичих гээд байсан учраас би маш их бухимдсан. Би тэр үед улаан дээлтэй ахыг түлхэж байгаад зүүн нүд рүү нь баруун гараараа нударч цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс бид нарыг салгасан. Би эхнэр хүүхдүүдийнхээ хамт гадагшаа гарсан. Энэ үед эхнэр *** маань үсдэж зодуулсан учраас цагдаагийн байгууллага руу дуудлага өгсөн. Би 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн хаан банкны *** дугаарын данснаас ***ийн нэхэмжилсэн 400,000 төгрөгийг *** дугаарын данс руу шилжүүлж хохирлыг нь барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 94-96 дахь тал),  

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 78 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 87 дахь тал), гэрлэлт бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 88 дахь тал), үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа (хавтаст хэргийн 89 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 91 дэх тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 92 дахь тал), Сүхбаатар дүүргийн *** дүгээр хорооны түр оршин суух хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 107 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***оос гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 37-39 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан байна.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** нь согтуугаар 2022 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” гэх нэртэй зочид буудлын нэгдүгээр давхарт хохирогч ***той маргалдаж улмаар түүний энгэрээс заамдан ноцолдож зүүн нүд рүү нь гараараа нэг удаа цохиж, түүнд зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхи, зүүн хөмсөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Энэ нь хэрэгт хохирогч ***, гэрч П.*** нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 13998 дугаартай дүгнэлт, шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан.

Иймд хохирогч ***ийн эрүүл мэндэд зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхи, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл учирсан, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 13998 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

Өөрөөр хэлбэл, хохирогч ***ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч ***ын хохирогчийг цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.   

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 105 дахь тал)  

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 108 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ***т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирлыг төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.      

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан. 

Иймд шүүгдэгч *** нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 13998 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтаст хэргийн 106 дахь талд “...Наран-Очир миний эмчилгээнд 400.000 төгрөг төлж барагдуулсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй...” гэх хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Иймд шүүгдэгч ***оос гаргуулах хохирол төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***т сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***ид хохирол хор уршигт тооцож 400.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА