Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 30

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч Т.Ганбат, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдаанд:

Прокурор                                                Д.Сүрэнхор

Шүүгдэгч                                                Б.Б, А.Т

Шүүгдэгч нарын өмгөөлөгч               О.Сарантуул, Ж.Шинэжаргал,

Хохирогчийн өмгөөлөгч                     Ж.Эрдэнэбаатар

Нарийн бичгийн дарга                         Т.Батсайхан нарыг оролцуулан

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 194 дугаар захирамжтай      Б.Б, А.Т нарт холбогдох 1715001710165 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Д.Сүрэнхорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, А.Т,

Монгол улсын иргэн, Б.Б

 Б.Б, А.Т нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө Булган аймгийн ... байрлах “Н” нэртэй хүүхдийн зусланд гэрээгээр амарч байсан Оросын холбооны улсын иргэн 14 настай, Е.И.Л-тай хүчээр бэлгийн харьцаанд орсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 194 дугаар захирамжаар:

1.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн      Б.Б, А.Т нарт холбогдох эрүүгийн 1715001710165 дугаартай хэргийг Булган аймгийн Прокурорын газарт буцааж,

2. Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Б, А.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлж,

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаж,

4. Прокурор шүүгчийн захирамжийг гардан авсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Сүрэнхор эсэргүүцэлдээ: “...Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч нарын өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлэг заралж 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 194 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэл:

Шүүхийн дүгнэлт 1. Тус хэрэг үйл баримт болсон гэх Булган аймгийн ... “Н” зусланд тухайн ээлжинд ажиллаж байгаа багш нартайгаа ямар гэрээ хийж ажиллуулдаг болохыг шалгаж, гэрээ хийсэн бол гэрээний хувийг хэрэгт хавсаргах...” гэж дүгнэсэн. Прокурор дээрх дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

-Энэ гэрээг хэрэгт хавсаргаснаар хэргийн зүйлчлэл болоод шийдвэрлэлтэнд нөлөөлөхгүй, энэ хэргийн гэм бурууг шүүхээр шийдвэрлүүлэхэд ач холбогдолгүй байна.

-Яллагдагч нар энэхүү гэрээг хэрэгт ач холбогдолтой гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйл “Нотлох баримт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах” эрх нь байгаа бөгөөд 16.10 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтаар тооцуулах, шүүх хуралдаанд шинжлэн судлуулах эрх нь нээлттэй” байхаар хуульчилсан тул хэргийг прокурорт буцааж дээрх гэрээг хэрэгт хавсаргах хуулийн шаардлага байхгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой, шүүхийн шатанд нотлох баримтаар тооцуулж шинжлэн судлуулах эрх нь нээлттэй.

Шүүхийн дүгнэлт 2: “Э” ХХК-ний “Н” зуслан гадаадын хүүхдүүдийг Боловсрол соёлын газраар дамжуулан хүлээн авахдаа дээрх байгууллагатай ямар гэрээ хийсэн, гэрээгээр хүлээсэн үүрэг зөрчигдсөн эсэх, зөрчигдсөн бол ямар хариуцлага хүлээх ёстойг мөрдөн шалгах ажиллагаагаар шалган тогтоож, гэрээгээр хүлээсэн үүрэг зөрчигдсөн гэж үзвэл иргэний хариуцагчаар татах, гадаад хүүхдүүдэд зусланд мөрдөгдөж буй дүрэм журмыг танилцуулсан эсэх, танилцуулсан бол баримтыг хэрэгт хавсаргуулах” гэж дүгнэсэн. Прокурор дээрх дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

-Мөн дээрхи үндэслэл нь энэ гэмт хэргийн зүйлчлэл болоод гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хувьд хамааралгүй. Мөн дээрхи гэрээг хэргийг прокурорт буцаах шаардлагагүйгээр шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж яллагдагч нарын өмгөөлөгчөөс хэрэгт ач холбогдолтой гэж үзэж байгаа бол шүүхийн шатанд гаргаж өгч нотлох баримтаар тооцуулж шинжлэн судлуулах боломжтой.

-Хэрэв шүүхээс иргэний хариуцагчаар татах шаардлагатай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйл “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгө болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” ингэж татан оролцуулахдаа мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана...” гэж хуульчилсан бөгөөд хэргийг прокурорт буцаахгүйгээр шүүхээс шаардлагатай бол хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулах эрх нь хуулиар олгогдсон, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой.

-Гадаад хүүхдүүдэд зусланд мөрдөгдөж буй дүрэм журмыг танилцуулсан эсэх, танилцуулсан бол баримтыг хэрэгт хавсаргуулах гэж дүгнэсэн “энэ гэмт хэргийн яллагдагч нар нь тухайн зуслангийн багш нар бөгөөд багш А.Т, Б.Б нар нь багшийн ёс зүй /хэрэгт авагдсан баримтаар... хохирогчид Монгол ёс заншлын дагуу архинаас уух ёстой байдаг гэж архи согтууруулах ундаа уулгасан/ болоод хуулиар хориглосон зүй бус үйлдэл гаргаж хохирогчийн эрхэнд халдаж хүчирхийлсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог... Иймд хохирогчид дээрх зуслангийн дүрэм, журмыг танилцуулсан талаархи баримт нь энэ гэмт хэргийн зүйлчлэл болоод яллагдагч нарын гэм буруутай үйлдэлд хамааралгүй байна.

Шүүхийн дүгнэлт 3. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлийн 1-д яллагдагчийн зөвшөөрсөнөөр мэдүүлгийг шалгаж болох тухай заасан ба яллагдагч нарын мэдүүлээд байгаа зуслангийн газрын цагдаагийн өрөө хаана байрлаж байсан, хохирогчид хүч хэрэглэн амыг нь дарж явсан угаалгын өрөө хэрэг болсон гэх газрын хоорондох зай болон тэр өрөөний доод давхарт хэн байрлаж байсан эсэх мөн зуслангийн цагдаа, багш нарын өрөө хаана хаана байрлаж байсан газрыг тодруулж, мэдүүлгийг газар нь шалгах” гэж дүгнэсэн. Прокурор дээрх дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

-Хавтаст хэрэгт мэдүүлгийг газар нь шалгах ажиллагаа хийгдсэн, хэргийн газрын үзлэг болоод бусад гэрч нарын мэдүүлгээр гэмт хэрэг болсон газрын талаарх баримт хавтаст хэрэгт хангалттай авагдсан.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заавал яллагдагчийн зөвшөөрсөнөөр мэдүүлгийг газар нь шалгана гэсэн хуулийн ойлголт байхгүй тухайн зүйл хэсэгт “....яллагдагчийн зөвшөөрснөөр, эсхүл мөрдөгч өөрийн санаачилгаар мэдүүлгийг газар дээр нь шалгаж болно” гэж хуульчилсан. Иймд шүүхээс дүгнэж байгаа “...яллагдагчийн зөвшөөрснөөр шалгаж болох тухай заасан...” гэх дүгнэлт нь хууль зүйн хүвьд үндэслэлгүй гэж үзэж байна.

-Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар нь шалгах ажиллагаа, гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр гэмт хэрэг болсон газар /зуслангийн өрөө/-г тодорхой зааж мэдүүлдэг, энэ гэмт хэрэг болсон гэх газар болоод угаалгын өрөө хэрэг болсон гэх газрын хоорондын зай, цагдаа, багш нарын өрөө хаана хаана байрлаж байсныг тогтоосноор энэ гэмт хэргийн зүйлчлэл болоод хэргийн шийдвэрлэлтэнд хамааралгүй, хэрэгт ач холбогдолгүй байна. Хохирогч болон хэрэгт авагдсан бусад баримтаар гэмт хэрэг гарсан газрыг тодорхой зааж мэдүүлдэг “хохирогчийн мэдүүлгээс ... 2 давхарын шатаар дээш гарсан. Тэгээд нэг онгорхой өрөө рүү дагуулж орсон. Тэр өрөө рүү ороход 1 цонхтой, 8 ортой өрөө байсан. Өрөөнд ороод та яах гэж байгаа юм бэ гэж Оросоор хэлэхэд миний өөдөөс ямар нэгэн зүйл хэлэлгүй, шууд миний хувцасыг хүчээр тайлж эхэлсэн...Тэгэхээр нь би өөдөөс нь эсэргүүцэл үзүүлж Оросоор та яагаад байгаа юм бэ? Би чинь дөнгөж 14 настай хүүхэд ш дээ гэж орилсон...Тэгтэл тэр багш өндөр туранхай биетэй хэдий ч эрэгтэй насанд хүрсэн хүн байсан учраас надаас илүү хүчтэй байсан...Тэгээд тэр хүн намайг хүчирхийлж бэлгийн харьцаанд орсон... Тэгээд удалгүй Төрөө багш бэлгийн ажлаа дуусгаад босоод явсан... Тэр үед би орон дээр хэвтээд үлдсэн ба Төрөө багш өрөөнөөс гарах үед үүдэн дээр Б багш зогсож байсан... тэгээд Т багш цаашаа яваад Б багш өрөө рүү зөрж орж ирсэн... Б багш намайг тайвшруулах гэж оролдсон ба тэгэхээр нь би өөдөөс нь надад битгий ойрт гар бүү хүр гэж Оросоор хэлсэн боловч тоолгүй Батлхагва багш намайг хүчирхийлж бэлгийн харьцаанд орсон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлтээр “Э И Л-н гэх дотоожинд илэрсэн эр бэлгийн ДНХ нь А.Т, Б.Б нарын ДНХ-тэй тохирох магадлал 99.999 хувь байгааг илэрхийлнэ.” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүл элт зэргээр гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь тодорхой байдаг. Нэгэнт гэмт хэрэг гарсан газар /өрөө/ тодорхой, цаг хугацааны хувьд шөнийн цаг болсон бүх хүн унтаж амарч байх үед гэмт хэрэг үйлдэгдсэн байдаг. Иймд тухайн угаалгын өрөө хэрэг болсон гэх газрын хоорондын зай болон тэр өрөөний доод давхарт хэн байрлаж байсан эсэх мөн зуслангийн цагдаа, багш нарын өрөө хаана хаана байрлаж байсан нь энэ гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалтай хамааралгүй дахин нэмэлт ажиллагаа хийж энэ байрлалыг тогтоосноор хэргийн зүйлчлэл болоод шийдвэрлэлтэнд нөлөөлөхгүй хэрэгт ач холбогдолгүй байна.

Шүүхийн дүгнэлт 4. Хохирогч Э И Л амрагч гэрч Саша нарыг зусланд урд нь оройн цагийн дэглэм зөрчиж өөр бүлгэм рүү явж байсан тухай багш гэрч нар мэдүүлдэг ба энэ тухай багш нарын хурал цуглаанаар яригдаж байсан эсэх, хэрэв цуглаанаар ярилцаж байсан бол баримтыг хэрэгт хавсаргах зэрэг мөрдөн байцаалтын ажиллагааг нэмж шалгуулах нь хэрэгт ач холбогдолтой” гэж дүгнэсэн.

-Энэ гэмт хэргийн хувьд хохирогчийн буруутай үйлдэл /зуслангийн дэглэм зөрчиж, өөр бүлгэм рүү явж байсан/-н улмаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэх боломжгүй, харин яллагдагч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн бэлгийн халдашгүй эрх чөлөөнд халдсан нөхцөл байдал тогтоогддог... Хэдийгээр хохирогч зуслангийн дэглэм зөрчсөн гэж дүгнэж байгаач хохирогчийн эрх чөлөөнд халдсан явдал нь яллагдагч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид бие махбодийн болоод сэтгэл санааны хохирол учирсан... Иймд дээрх багш нарын хурал цуглаанаар ярилцаж байсан баримт нь хэрэгт ач холбогдолгүй, яллагдагч нарын гэм буруутай үйлдэлд хамааралгүй баримт гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Урьдчилсан хэлэлцүүлэгийн үед дараахь үндэслэлээр хэргийг прокурорт буцаана. Үүнд “1. Хэргийг буруу тусгаарласан, 2. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол, 3. Мөрдөн шалгах ажиллагааг явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” гэх хуульд заасан үндэслэлийн дагуу хэргийг прокурорт буцаагаагүй гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул А.Т, Б.Б нарт холбогдох хэргийн Булган аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 194 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуүттйн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал, О.Сарантуул нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Прокуророос урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтүүдийг гэмт хэргийн зүйлчлэл бөгөөд хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал гэм буруугийн хувьд хамааралгүй өмгөөлөгч шүүхийн шатанд нотлох баримтаар өгч тооцуулж,судлуулах боломжтой. Мэдүүлэг шалгах ажиллагаагаар багш, цагдаа нарын өрөө хаана байрлаж байсныг тогтоох нь хэрэгт хамааралгүй ач холбогдолгүй, хэрэг болох шалтгаан нөхцөл, нөхцөл байдалтай хамааралгүй энэ байрлалыг тогтоосноор хэргийн зүйлчлэл болон шийдвэрлэлтэнд нөлөөлөхгүй ач холбогдолгүй. Иймд 194 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэж байна гэжээ. Эрүүгийн хэргийг шалгах ажиллагаанд ЭХХШтухай хуулийн 1.6 /хууль ёсны байх/ 1.7.1.12 /хууль шүүхийн өмнө эрх тэгш байх/ -т заасан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн шалгасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох зарчмуудыг баримтлах ёстой. Хэргийн үйл явдал гарахад нөлөөлөх шалтгаан болон нөхцөл байдлуудыг тогтоох зайлшгүй шаардлагатай. Энэ нь 16.2-р зүйлд нотолбол зохих байдал гэсэн хэсэгт 16.2.1-6-т заагдсан байгаа. Хуулийн 16.1-д нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсанаар нотлох баримт гэнэ гэж заасан байгаа. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид Найрамдлын эрдэнэс зуслангийн захиргаа нь нотлох баримтыг гаргаж өгөхгүй юм. Мөн хуулийн 16.1.7-д зааснаар хуулийг зөрчиж авсан баримт, мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэсэн байна. Хохирогчийн зөвхөн мэдүүлэг, хэргийн газрыг заасан тэмдэглэлээр нь хэргийн шалгах ажиллагааг хязгаарлах нь хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчиж байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан мэдүүлэг шалгах ажиллагааг хийснээр ЭХХШ тухай хуулийн 16-д заасан шалтгаан нөхцөлийг тогтооход ач холбогдолтой юм. Анхан шатны шүүхийн шүүгчийн 194 дугаартай захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Сүрэнхор дүгнэлтдээ: “...Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь А.Т,Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр А.Т,Б.Б нарт холбогдох эрүүгийн 1715001710165 дугаартай хэргийг Прокурорын газарт буцаахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор Д.Сүрэнхор эсэргүүцэл бичжээ.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл

урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол шүүх хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэх атал үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1-т заасныг зөрчсөн байна.

Анхан шатны шүүхийн дүгнэлтэнд заагдсан ажиллагааг шүүхийн хэлэлцүүлгийн    шатанд    нөхөн   гүйцэтгэх   боломжтой  байх    бөгөөд      шүүгчийн

захирамжинд дурьдсан гэрээ болон тэмдэглэлийг хуульд заасны дагуу нотлох баримтаар гарган өгч шинжлэн судлуулах эрх нь шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарт нээлттэй байх тул заавал мөрдөн байцаалтанд буцаах шаардлагагүй байна. Мөн иргэн болон хуулийн этгээдийг хариуцагчаар татан оролцуулах эрх нь шүүхэд бүрэн олгогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйл, мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгайлан хуульчилж өгсөн байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэсний үндсэн дээр шүүгдэгч А.Т, Б.Б нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 194 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Прокурор Д.Сүрэнхорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч А.Т, Б.Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр  үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.ХҮРЭЛБААТАР

                                           ШҮҮГЧ                                      Т.ГАНБАТ

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ё.БЯМБАЦЭРЭН