Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2024/0738

 

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2024/0738

Улаанбаатар хот

 

                                       

                                    Ц.Б***гийн нэхэмжлэлтэй

                                        захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Ц.Б***,

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Б***,

Хариуцагч Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга, 

Нэхэмжлэлийн шаардлага: Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2024/0021 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Б***,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б***,

хариуцагч Г.Пүрэвдорж,

хариуцагчийн өмгөөлөгч Б.Т***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Е***.

Хэргийн индекс: 121/2023/0021/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Б***гаас Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргад холбогдуулан “Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх”-ээр маргасан.

2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2024/0021 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Боловрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлж,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтын тухайд албан тушаалтан хандив тусламж авах тохиолдолд зөвшөөрөл авах агуулгатай, харин байгууллага хандив авах тохиолдолд 17.2-д заасны дагуу зөвшөөрөл авахаар хуульд заагаагүйгээс гадна уг цуглуулсан хандив нь төрийн албаны хэрэгцээнд зориулан цуглуулсан хандив биш учир төрийн сангийн тусгай сан нээх шаардлагагүй, тусдаа хандивын данс нээсэн. Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн заалтын агуулгыг буруу тайлбарлан ойн арга хэмжээг зөвшөөрөлгүй зохион байгуулах, төрийн сангийн тусгай данс нээхгүйгээр хандив цуглуулсан гэх асуудал нь хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасныг зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй байхад нэхэмжлэгчийг уг хуулийг зөрчсөн зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй,

3.2. Авлигатай тэмцэх газрын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр тогтоогдсон гэх зөрчил албан тушаалаас чөлөөлөх бус албан тушаал бууруулах агуулгатай байхад хариуцагчаас Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5-д зааснаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй,

3.3. Сургуулийн захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалаар тусгай шаардлага хангасны үндсэн дээр томилогддог ба Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга нь сургуулийн захирлаас бусад албан тушаалтан болох багш, ажилчдыг томилох эрхгүй тул сургуулийн захирлын албан тушаалыг бууруулах боломжгүй гэж үзнэ.Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчийг албан тушаал бууруулахын тулд албан тушаалаас чөлөөлсөн гэж тайлбарласан нь Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасантай нийцэхгүй байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй үндэслэлгүй,

3.4 Мөн шүүх маргаан бүхий актыг хууль зүйн хувьд хуулийг буруу хэрэглэсэн алдаатай захиргааны акт гэж зөв дүгнэсэн атлаа дахин шинэ акт гартал 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасантай нийцэхгүй байна,

3.5 Түүнчлэн нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөж, цалин, ажилласан жилийг тэтгэмжийг гаргуулах шаардлагыг шийдвэрлэлгүйгээр орхигдуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх бломжгүй нөхцөлд хүргэхээр шийдвэрлэсэн нь хуулийг зөрчсөн.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.                                                          

ХЯНАВАЛ:

 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 3. Маргаан бүхий үйл баримтын тухайд хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар,

3.1. Нэхэмжлэгч Ц.Б*** нь Өвөрхангай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар А*** сумын Ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирлаар томилогдсон.

3.2. Өвөрхангай аймаг дахь сум дундын  иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 145/ШШ2018/00747 дугаар шийдвэрээр “Өвөрхангай аймгийн А*** сумын ерөнхий боловсролын *** дугаар сургуулийг 1923 онд үүсгэн байгуулагдсан” болохыг тогтоосон.

Өвөрхангай аймгийн А*** сумын ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирал Ц.Б***гаас 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 44 дүгээр албан бичгээр Өвөрхангай аймгийн Засаг даргад хандан “…2023 оны 7 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд сургуулийн 100-н жилийн ойн нэг овгоор овоглосон-нэгэн түүхийн эзэд-2 хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулахыг дэмжин …  шийдвэр гаргуулах” хүсэлт гаргасан дагуу Өвөрхангай аймгийн Засаг даргаас “...тус сургуулийн үүсэл, хөгжилтэй холбоотой гомдол маргаан, хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа тул зөвшөөрөл олгох боломжгүй” хэмээн Ц.Б*** нарын тус сургуулийн багш нартай 2023 оны 6 дугаар сард хийсэн уулзалтаараа мэдэгдсэн ч 2023 оны 7 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд тухайн арга хэмжээ зохион байгуулагдсан.

3.3. Авлигатай тэмцэх газраас 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “Хариуцлага тооцуулах тухай” 04/13126 дугаар албан бичгээр Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын түр орлон гүйцэтгэгчид хандан “...тус сургуулийн захирал Ц.Б*** нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй, төрийн сангийн тусгай данс нээхгүйгээр төгсөгчдөөс 72,000,000 /далан хоёр сая/ төгрөгийн хандив цуглуулан зарцуулсан нь тогтоогдлоо. Иймд тус сургуулийн захирал Ц.Б***д Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага тооцох...”-ыг мэдэгдсэн.

3.4. Үүний дагуу Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар “Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн “...А*** сумын Ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирал Ц.Б***г 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн” болох нь тус тус тогтоогдсон.

4. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно”, 17.2-т “Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага албан үүрэгтэй нь холбогдолгүй гуравдагч этгээдээс үзүүлж байгаа нийтийн албаны хэрэгцээнд, ажилтны сургалт, үйл ажиллагааны зохион байгуулалт, техникийн дэмжлэг зэрэг албан тушаалтныг ашиг сонирхлын зөрчилд оруулахгүй хандив, бусад санхүүгийн туслалцааг энэ хуулийн 17.1-д заасан хязгаарлалтад хамаарахгүй бол авч болно”, 17.3-д “Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна”,   29 дүгээр зүйлийн 29.2.3-т “энэ хуулийн 10, 14, 17, 18 дугаар зүйл, 20.1, 20.4, 201.2-т заасныг зөрчсөн, энэ хуулийн 9.2-т заасан арга хэмжээг аваагүй, энэ хуулийн 21.1-д заасан хязгаарлалтад хамаарах этгээдтэй гэрээ, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан, зөвшөөрөл олгосон, энэ хуулийн 23.7-д заасныг зөрчиж илтэд ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг албан тушаалд томилсон, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг худал мэдүүлсэн, энэ хуулийн 29.2.2-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаалыг нь бууруулах” хэмээн заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаар нийтийн албан тушаалтан хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөл шийдвэргүй, төрийн сангийн тусгай данс нээлгүйгээр хандив тусламж цуглуулан, зарцуулсан нь эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон бол эрх бүхий этгээдээс тухайн нийтийн албан тушаалтныг албан тушаал бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэх журамтай байна.

Харин, Улсын Их Хурлаас 2023 онд баталсан Боловсролын ерөнхий хуулийн  /шинэчлэн найруулсан/ 28 дугаар зүйлийн 28.6-д “Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн харьяа нутаг дэвсгэр дэх төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө”, 33 дугаар зүйлийн 33.3-т “Боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 33.3.2-т “тухайн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтныг хуульд заасны дагуу томилж, чөлөөлөх” хэмээн заасан.

5. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч Ц.Б*** нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан зөрчлийг гаргасан болох нь тогтоогдсон.

Үүнтэй холбогдуулан хариуцагч аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3, Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-т заасан бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч Ц.Б***д албан тушаалаас бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэхийн тулд сургуулийн захирлын албан чөлөөлөхөөс өөр шийдвэр гаргах боломжгүй.

Өөрөөр хэлбэл, Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д зааснаар аймгийн Боловсролын газрын дарга нь сургуулийн захирлыг л томилж, чөлөөлөх эрхтэй. Харин бусад багш, ажилтныг хуульд заасан журмын дагуу томилж чөлөөлөх эрхийг мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т зааснаар тухайн боловсролын байгууллагын захирал хэрэгжүүлэх хуулиар тогтоосон журам байхад анхан шатны шүүх “… Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасныг зөрчин сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдсон энэ тохиолдолд сахилгын зөрчил гаргасан албан хаагчид сахилгын шийтгэлийг сонгох боломжийн хүрээнд ногдуулах эрх нь томилох эрх бүхий хариуцагчид хуулиар олгогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан сахилгын шийтгэлээс зөрчлийн шинж байдал, материаллаг хуулийн хэм хэмжээтэй нийцүүлэн, захиргаа сонгох боломжийн хүрээнд нөхцөл байдалтай уялдуулан шинэ акт гаргах боломжтой бөгөөд энэ нь шүүхийн эрх хэмжээнээс хэтэрсэн байх ба энэхүү алдааг шүүхээс нөхөн гүйцэтгэх, энэ тохиолдолд шүүх захиргааны чиг үүргийг нөхөн хэрэгжүүлэх боломжгүй” гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийн Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2024/0021 дүгээр шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтыг “Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.Б***гаас Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргад холбогдуулан гаргасан “Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтыг хүчингүй болгон, 3 дахь заалтын дугаарыг “2” болгон өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                 ШҮҮГЧ                                                 Т.ЭНХМАА

                     ШҮҮГЧ                                                 З.ГАНЗОРИГ

                                ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА