Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 303

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Байгалмаа,

-шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баяр,  

           -шүүгдэгч Г.Пүрэвжав, Э.Мэндсайхан, Л.Мэндсайхан нарыг оролцуулан Төв аймгийн шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганбатын Пүрэвжав, Сэрээ овогт Эрдэнэсүхийн Мэндсайхан, Шарвийхан овогт Лхагваагийн Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн 201619000343 тоот хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1983 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 3, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Баруун салаа Хустайн 5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. Боржигон овгийн Ганбатын Пүрэвжав, /РД: НЮ83032471/

 

Монгол Улсын харьяат, 1984 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, аав ээж нарын хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Б-1-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. Сэрээ овгийн Эрдэнэсүхийн Мэндсайхан, /РД: ЙГ84071613/

 

Монгол Улсын харьяат, 1977 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 8-р хороо, Зэрэглээ ХХК-ийн хашаанд оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. Шарвийнхан овгийн Лхагвагийн Мэндсайхан, /РД: НЛ77010771/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Пүрэвжав, Э.Мэндсайхан Л.Мэндсайхан нар согтуугаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, Г.Пүрэвжавын эзэмшлийн 35-72 УБТ улсын дугаартай Х.Грейс маркийн машиныг хэрэглэж, 2016 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг, Жаргалантын гол гэх газарт бэлчээрт байсан иргэн П.Нямцогзол, Г.Самбуу нарын өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлан, 2.300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Пүрэвжав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Э.Мэндсайхантай 2016 оны 05 сарын 27-ны үеэр байхаа Эрдэнэсант суманд байдаг найзын хөл гэмтсэн гээд найз руугаа явсан. Очоод архи уусан. Нөгөө Мэндсайхан нь хөдөө байдаг ахындаа очий далимаар нь гээд цуг явсан. Найзынхаасаа гарч яваад 2 үхэр ачсан. Мөнгө төгрөгний хэрэг болоод 2 үхэр хулгайлсан. Тэгээд явж байгаад Лүн сумын цагдаад саатуулагдсан гэв.       

Шүүгдэгч Э.Мэндсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 05 сарын 24-ний өдөр Пүрэвжавынд очиж хоноод Төв аймгийн Эрдэнэсант суманд байдаг Туваанаа найзын хөл нь гэмтсэн гэхээр нь эргэж очихоор гараад Л.Мэндсайханыг гэрээс нь очиж аваад явсан. Хөдөө очоод 1, 2 шил архи уусан. Буцах замдаа 2 үхэр ачаад явж байгаад Лүн суманд ирж баригдсан гэв.

Шүүгдэгч Л.Мэндсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ажлаасаа буугаад гэртээ байж байхад Эрдэнэсант явъя гэхээр нь явсан. Тэнд очоод 2,3 шил архи уугаад согтсон байсан. Тэгээд наашаа явж байхдаа 2 үхэр ачаад  Лүн суманд ирж баригдсан гэв.

   Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: ...Малын хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 35-72 УБТ улсын дугаартай хар ногоон өнгийн Х.Грейс маркийн тээврийн хэрэгсэлд урд талаас нь эхэлж үзлэг хийхэд урд их гэрэл бүтэн, дохио бүтэн, урд салхины шил бүтэн, жолооч талын хойноосоо хоёр дахь салхины шил хагарсан бусад шил бүтэн, 2 толины ар никельтэй, урд баруун шил арчигч байхгүй, 4 дугуй бүтэн, хойд багаажны хаалгыг онгойлгоход зааланд үхрийн баас энд тэнд тарсан шалыг паркетаар шахсан зарим нь байхгүй, 1 ш модон иштэй хүрз, 1 ш 25 кг-ын шар өнгийн хуванцар сав, цэнхэр өнгийн хөвөнтэй дээл, 2 ш дугуй, цагаан мяндсан шуудай гэх мэт зүйл хийсэн, урд хэсэгт үзлэг хийхэд кока кола ундааны 1 ш хоосон сав, тамхины сав, түлхүүр, багаж гэх мэт эд зүйлүүд байв..." гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5 дугаар хуудас/, үхэр хүлээлгэж өгсөн: "...Хүлээлгэж өгөх ажиллагаагаар: 35-72 УБТ улсын дугаартай, хар ногоон өнгийн Х.Грейс маркийн тээврийн хэрэгсэлд ачигдаж хулгайд алдагдан явсан мухар, хар сарман соёолон 1 тооны эр үхрийг амьдаар нь хохирогч П.Нямцогзолд хүлээлгэн өгөв...", "...Хүлээлгэж өгөх ажиллагаагаар: Буруу талын чих нь урдаасаа ухам, зөв тал нь хойд талаасаа хөндөл имтэй улаан сарман зүсмийн, сүүл цагаан шүдлэн эр үхрийг хүлээлгэн өглөө..." гэх тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар хуудас/, үхэр ачсан байдлыг илрүүлэн, гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан байдал /хх-ийн 8 дугаар хуудас/

Хохирогч П.Нямцогзол мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...Манайх Төв аймгийн Эрдэнэсант сумын 4-р багийн нутаг "Угалзат" гэх газарт нутагладаг юм. 2016 оны 05 дугаар сарын 25-ны өглөө манай 70 тооны үхэр бэлчээрт гараад орой нь 47 тооны үхэр ирсэн юм. Харин үлдсэн 23 тооны үхэр нь олдохгүй байж байгаад өнөөдөр өглөө буюу 2016 оны 05 дугаар сарын 26-нд Эрдэнэсант сумын нутаг "Жаргалантын гол" гэх газраас олоход 1 тооны мухар эвэртэй, соёолон эр үхэр дутуу байсан. Би ойр орчмоор нь хайгаад олдохгүй болохоор нь хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. Лүн сумын цагдаа үхэр хулгайлсан хүмүүсийг саатуулсан очоод үз гэхээр нь очиж үзэхэд манай мухар эвэртэй, хар сарман, соёолон эр үхэр, мөн салгаат эвэртэй улаан халзан, шүдлэн эр үхэр байсан. Би өөрийн үхрээ, зүсээр нь таньж байгаа. Харин нөгөө үхрийг нь хэний үхэр болохыг мэдэхгүй байна. ...Би үхрээ 1.500.000 төгрөгөөр үнэлж байгаа. ..Би үхрээ өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр эрж хайсан мөн Лүн сумын төвөөс ачааны машин хөлсөлж ачиж ирсэн тул өөрийн зарцуулсан шатахууны зардал болох 300.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

 

 Хохирогч Ц.Самбуу мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Манайх Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг “Жаргалантын гол” гэх газар нутаглаж байгаа ба 2016 оны 05 дугаар сарын 25-наас-26-нд шилжих шөнө үхэр хээр хоносон чинь манай үхрээс буруу талын чих нь урдаасаа ухам, зөв тал нь хойд талаасаа хөндөл имтэй улаан сарман зүсмийн сүүл цагаан ­шүдлэн эр үхэр байхгүй болсон байсан ба 2 хоног ойр орчмоороо хайсан. Тэгээд манай үхэртэй хамт үхэр нь байгаад байдаг “Сүүлийн ар” гэх газар нутаглаж байсан Нямцогзол гэж хүнээс дээрх үхрээ асууж үхэр малтай нийлсэн юм байна уу гээд зүсийг нь имтэй нь хэлэхэд манай мухар хар сарман зүсмийн үхэртэй хамт хулгайд алдагдаад Төв аймгийн Лүн сумаас авчирсан улаан сарман шүдлэн үхэр танайх мөн байна та ирээд үзээрэй, зүс нь таарч байна гэж хэлсэн. Тэгээд би очиж үзэхэд манай буруу талын чих нь урдаасаа ухам, зөв тал нь хойд талаасаа хөндөл имтэй улаан сарман зүсмийн, сүүл цагаан шүдлэн эр үхэр мөн байсан тул үхрээ хүлээж авсан юм...Манай үхэрнүүд Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Жаргалантын гол гэх газраар бэлчиж хонодог ба Нямцогзолын үхэртэй хамт байгаад байдаг юм...Манай дээрх буруу талын чих нь урдаасаа ухам, зөв тал нь хойд талаасаа хөндөл имтэй улаан сарман зүсмийн, сүүл цагаан шүдлэн эр үхрийг Нямцогзолын мухар хар сарман зүсмийн үхрийн хамт микро машинтай хүмүүс амьдаар нь ачиж Улаанбаатар хот руу явж байгаад Төв аймгийн Лүн суманд баригдсан гэсэн. Тэдгээр хүмүүс нь ямар байсан талаар мэдэх зүйл байхгүй...Манайх нийт 13 тооны үхэртэй бөгөөд үхрээ Эрдэнэсант сумын 4-р багт тоолуулдаг юм...Би 800.000 төгрөгөөр үнэлж байна, шүдлэн насны үхэр байсан...Би үхрээ хүлээж авсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Г.Мөнхбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Уг машин миний нэр дээр байдаг боловч 2016 оны 05 дугаар сарын эхээр 500.000 төгрөгөөр зарчихсан ба би хөдөө байнга явж байдаг тул нэрээ шилжүүлж чадаагүй байгаа юм. Уг машиныг би унахаа болиод хуучирч муудаад хашаанд л байдаг байсан. Тэгээд машинаа зарна гэж зар тараахад Пүрэвжав гэх хүн ирээд 700.000 төгрөгөөр худалдаж авъя гэж ярьж байгаад 500.000 төгрөг бэлэн өгөөд яваад явсан. Надад одоо төлбөр тооцоо байхгүй...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл огт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

Гэрч А.Баяртогтох мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...Төв аймгийн Эрдэнэсант суманд байсан ба гэртээ хөлөө гэмтээсэн хэвтрийн байдалтай байсан. Тэгэхэд найз Э.Мэндсайхан, Г.Пүрэвжав нар миний хөлийг асууж Улаанбаатар хотод байгаа гэж утсаар ярьдаг байсан мөн эргэж очиж уулзана гэж ярьдаг байсан. Тэгсэн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Э.Мэндсайхан, Г.Пүрэвжав, Л.Мэндсайхан нар манайд ирсэн ногоон өнгийн микро машинтай ирсэн, тэгээд би гэртээ хөл гэмтсэн байсан тул Э.Мэндсайхан, Г.Пүрэвжав, Л.Мэндсайхан нарт хоол унд хийж өгөөд Э.Мэндсайхан, Г.Пүрэвжав, Л.Мэндсайхан нар авчирсан 2 шил архиа задалж ууцгаагаад би мөн тэр архинаас нь уусан. Тэгээд архиа ууж дуусгаад буцлаа гээд манайхаас гараад явсан хаашаа явсаныг нь мэдээгүй...Надад мөнгө төгрөг хэрэгтэй байгаа талаараа хэлж байгаагүй машин нь эвдрээд замдаа хоносон гэж байсан, манайхаас 15 цаг өнгөрч байхад явлаа гээд гараад явцгаасан...Г.Пүрэвжав машин барьж яваа буцна гээд архи уугаагүй нөгөө 2 нь уусан тэгэхдээ согтсон зүйл байгаагүй гайгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Янжинсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Л.Мэндсайхан 2016 оны 05 дугаар сарын 24-ний өглөө ажлаасаа бууж ирээд Улаанбаатар хотод гэртээ байж байхад манай дүү Пүрэвжав, найз Мэндсайхан нар нь утсаар яриад микро машины мотор солих гэсэн хамт тавилцаад өг гэж хэлж тэгээд дараахан нь Пүрэвжав, Мэндсайхан нар 35-72 УБТ улсын дугаартай хар ногоон өнгийн микро машинтайгаа манайд ирсэн ба Э.Мэндсайхан 2 литрийн савтай пиво барьсан явж байсан. Тэгээд манайд орж ирээд удаагүй манай нөхөр Мэндсайханыг машины мотор хамт тавилцаад өг гээд дагуулаад хамт явсан юм. Тэгээд сураггүй болсон ба 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газраас ярьж байна малын хулгайн хэрэгт холбогдсон талаар хэлсэн юм...Уг 35-72 УБТ улсын дугаартай хар ногоон өнгийн микро машиныг Пүрэвжавт найз нь зарсан гэж сонссон ба аваад удаагүй байгаа өөрөө саарал өнгийн микро машинтай тэр машинаа сэлбэж асаана гэж байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Должинсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Манайх мотор нь эвдэрсэн саарал өнгийн микро машинтай бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 24-ний өглөө би ажилдаа явсан. Тэгсэн өдөр манай нөхөр Пүрэвжав утсаар яриад саарал микроны моторыг янзалмаар байна хүнээс машины сэлбэг авчирахаар хөдөө явлаа гэж хэлсэн надад хаашаа явахаа хэлээгүй ба тэгээд холбоогүй болсон тэгсэн 05 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газраас ярьж байна Пүрэвжавыг малын хулгайн гэмт хэрэгт холбогдсон гэж ярьсан юм...Уг 35-72 УБТ улсын дугаартай ногоон өнгийн Х.Грейс маркийн тээврийн хэрэгслийг манай нөхөр Пүрэвжав худалдаж авсан гээд авчирсан ба хэдэн төгрөгөөр ямар хүнээс авсан талаар мэдэхгүй байна мөнгө төгрөгөө гүйцэд авч өгөлцөөгүй байгаа байх... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Г.Пүрэвжав, Э.Мэндсайхан Л.Мэндсайхан нар согтуугаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, Г.Пүрэвжавын эзэмшлийн 35-72 УБТ улсын дугаартай Х.Грейс маркийн машиныг хэрэглэж, 2016 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг, Жаргалантын гол гэх газарт бэлчээрт байсан иргэн П.Нямцогзол, Г.Самбуу нарын өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлан, 2.300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Пүрэвжав, Л.Мэндсайхан, Г.Мэндсайхан нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үхэр хүлээлгэж өгсөн тэмдэглэл, үхэр ачсан байдлыг илрүүлсэн, гэрэл зураг, Хохирогч П.Нямцогзол мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, Хохирогч Ц.Самбуу мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, Гэрч Г.Янжинсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, Гэрч Г.Должинсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэргээр тус тус давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Пүрэвжав, Л.Мэндсайхан, Г.Мэндсайхан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

 

 

 

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 35-72 УБТ улсын дугаартай Х.Грейс маркийн тээврийн хэрэгсэл нь Г.Пүрэвжавын өмчлөлийн машин болох нь иргэний нэхэмжлэгч Г.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Уг машин миний нэр дээр байдаг боловч 2016 оны 05 дугаар сарын эхээр 500.000 төгрөгөөр зарчихсан ба би хөдөө байнга явж байдаг тул нэрээ шилжүүлж чадаагүй байгаа юм. Уг машиныг би унахаа болиод хуучирч муудаад хашаанд л байдаг байсан. Тэгээд машинаа зарна гэж зар тараахад Пүрэвжав гэх хүн ирээд 700.000 төгрөгөөр худалдаж авъя гэж ярьж байгаад 500.000 төгрөг бэлэн өгөөд яваад явсан...” /хх-32-33 дугаар хуудас/ гэх мэдүүлэг, шүүгдэгч Г.Пүрэвжавын “Г.Мөнхбатаас худалдан авсан нь үнэн миний өмчлөлд байдаг гэх мэдүүлэг зэргээр нотлогддог бөгөөд Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт зааснаар “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэх заасны дагуу шүүгдэгч Г.Пүрэвжавын өмчлөлд шилжсэн болох нь тогтоогдож байх тул 35-72 УБТ улсын дугаартай Х.Грейс маркийн тээврийн хэрэгслийг, №00927831 тоот гэрчилгээний хамт Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Хохирлын талаар:

Хохирогч П.Нямцогзол, иргэний нэхэмжлэгч Г.Мөнхбат нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхэд гаргасан хүсэлтдээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй гэж үзлээ.

 

          Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

          

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжлэгдсэн Л.Мэндсайханы эзэмшлийн “Samsung маркийн 42 инчийн LCD зурагт-1 ширхэг, Hailisshi маркийн хөлдөөгч-1 ширхэг, more маркийн угаалгын машин-1 ширхэг” битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, мөн өдрийн Мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжлэгдсэн Г.Пүрэвжавын эзэмшлийн “akira маркийн 21 инчийн зурагт -1 ширхэг, sevenstars маркийн угаалгын машин-1 ширхэг, 2 хаалгатай цагаан өнгийн хөргөгч-1 ширхэг” зэргийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Ганбатын Пүрэвжав, Сэрээ овогт Эрдэнэсүхийн Мэндсайхан, Шарвийхан овогт Лхагвагийн Мэндсайхан нарыг машин механизм ашиглан, бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пүрэвжав, Э.Мэндсайхан, Л.Мэндсайхан нарын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 / хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Г.Пүрэвжав, Э.Мэндсайхан, Л.Мэндсайхан нарт оногдуулсан 2 / хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 4.       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Пүрэвжав, Э.Мэндсайхан, Л.Мэндсайхан нарт оногдуулсан 2 / хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Пүрэвжав, Э.Мэндсайхан, хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст, ялтан Л.Мэндсайханд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар Г.Пүрэвжав, Э.Мэндсайхан, Л.Мэндсайхан нар тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжлэгдсэн Л.Мэндсайханы эзэмшлийн “Samsung маркийн 42 инчийн LCD зурагт /1 ширхэг/, Hailisshi маркийн хөлдөөгч /1 ширхэг/, more маркийн угаалгын машин /1 ширхэг/”-ыг , мөн өдрийн Мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжлэгдсэн Г.Пүрэвжавын эзэмшлийн “akira маркийн 21 инчийн зурагт /1 ширхэг/, sevenstars маркийн угаалгын машин /1 ширхэг/, 2 хаалгатай цагаан өнгийн хөргөгч /1 ширхэг/”–ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 700.000 төгрөгийн үнэлгээ бүхий 35-72 УБТ улсын дугаартай Х.Грейс маркийн тээврийн хэрэгсэлийг №00927831 тоот гэрчилгээний хамт тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Сугармаад даалгасугай.

 

9. Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Пүрэвжав, Э.Мэндсайхан нар нь 13 хоног, шүүгдэгч Л.Мэндсайхан нь 8 хоног тус тус цагдан хоригдсон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Г.Пүрэвжав, Э.Мэндсайхан, Л.Мэндсайхан нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ю.ЭНХМАА