Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 110/ШШ2021/0041

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: М.Р нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/38 дугаартай ”М.Р захиргааны санаачилгаар албан тушаал буруулах тухай”  тушаалыг хүчингүй болгох тухай”  нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.И,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:

М.Р нь би төрийн жинхэнэ албан хаагч ба Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2009 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн "Нэр дэвшүүлэх тухай" 27 дугаартай тогтоолын дагуу төрийн захиргааны албанд томилогдон ажиллаж ирсэн. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар 2008 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс хөрөнгийн бүртгэл, хөрөнгө оруулалтын төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад тус газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн Б\02 дугаартай тушаалаар удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн даргаар дэвшин томилогдон 2 дахь жилдээ ажиллаж байсан юм. Гэтэл газрын даргаас 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б\38 дугаартай тушаал гарган намайг албан тушаал бууруулан урьд эрхэлж байсан мэргэжилтнээр ажиллуулахаар захиргааны санаачилгаар албан тушаал бууруулан томилгоо хийсэн явдалд гомдолтой байна. Би удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа төрийн захиргааны албан хаагчийн албан тушаалын ТЗ-7-5  шатлалаар цалинжиж байсан. Гэтэл албан тушаал бууруулснаар төрийн захиргааны албан хаагчийн албан тушаалын ТЗ-5-5 дахь шатлалд шилжин цалин хөлс маань үлэмж хэмжээгээр буурлаа. Би хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албан ажилдаа хайнга хандаж ямар нэгэн санхүүгийн зөрчил дутагдал гаргаж байгаагүй учир ажил олгогчийн тушаалыг хууль бус гэж үзэж,  Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “М.Рийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах тухай” Б\38 дугаартай тушаалыг хүчингүй болгох тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.  Нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлахад, М.Р нь тангараг өргөсөн төрийн захиргааны жинхэнэ  албан хаагч бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар тус газрын удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн даргаар дэвшин томилогдож, цалингийн ТЗ-7 сүлжээгээр цалинжиж 2 дахь жилдээ ажиллаж байсан. Гэтэл тус газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар албан тушаал бууруулсан асуудалд маргаж байгаа. Маргаан бүхий тушаалыг дараах үндэслэлээр хүчингүйд тооцох ёстой гэж үзэж байна. Шүүхийн санаачилгаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар Эрүүл мэндийн газарт удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга бөгөөд хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн гэсэн нэг л орон тоо байгаа. Нэг орон тооны хүрээнд албан тушаалыг бууруулж байгаа нь хууль эрх зүйн хувьд илэрхий алдаатай эрхийн акт гаргасан гэж үзэж байгаа. Албан тушаал бууруулна гэдэг нь тухайлбал хэлтсийн дарга хийж байгаа хүнийг мэргэжилтнээр шилжүүлэхдээ хэлтсийн даргын орон тоо өөр, мэргэжилтний орон тоо өөр байх ёстой.  Тийм учраас эрх зүйн хувьд алдаатай шийдвэр байсан. Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д “хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж заасан байгаа. Үүнийг жилийн эцсээр дүгнэх ёстой. Жишээлбэл, 2020 оны маргаан гэхэд, 2021 оны 01 дүгээр сард хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэдгийг албан ёсоор тогтоох ёстой.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар М.Рд асуудал байна. Ажил олгогч М.Рд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл 20 хувь бууруулах, төрийн албанаас халах, төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэх мэт арга хэмжээг  тооцох ёстой байсан. Гэтэл уг арга хэмжээг тооцохгүйгээр шууд Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх хэсгийг баримтлаад маргаан бүхий Б/38 дугаар тушаал гаргаж байгаад нь шүүх дүгнэлт хийх боломж байхгүй. Эрүүл мэндийн яамнаас баталсан төсөвт  ганцхан орон тоо байгаа. Тухайн ганц орон тоонд албан тушаал бууруулна гэдгийг ойлгохгүй байна.

Анхнаасаа тушаал нь хууль эрх зүйн хувьд алдаатай, илт хууль бус эрхийн акт гэж дүгнэж байгаа. Ажил олгогч бүрэн эрхийнхээ хүрээнд М.Рд арга хэмжээ авч болно. Гэхдээ энэ нь Төрийн албаны тухай хуулийн хүрээнд байх ёстой. Ажил олгогч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан арга хэмжээг тооцох ёстой байтал 45.1.1-д зааснаар арга хэмжээ авч байгаа нь Төрийн албаны тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хууль эрх зүйн хувьд илт хууль бус эрхийн акт учраас хүчингүйд тооцох ёстой. Уг тушаалыг хүчингүй болгосноор М.Р нь дараа нь ажлаа хийхгүй байвал арга хэмжээ авах бүрэн эрх нь ажил олгогчид байгаа. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагчаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:

Аймгийн Засаг даргын 2015 оны “Бүтэц орон тоо батлах тухай” 202 дугаар захирамжид батлагдсан орон тооны дагуу М.Р нь мэргэжлийн хувьд тухайн албан тушаалд тэнцэхгүй ч олон жил ажилласан байдал, ар гэрийн ахуй амьдралыг нь харгалзан удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн хөрөнгийн бүртгэл, хөрөнгө оруулалтын төлөвлөлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллуулсан. Дараа нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасны дагуу түүний төрийн албанд он удаан жил ажилласан байдлыг харгалзан үзэж, хүсэлтийн дагуу газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар тус газрын Удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга бөгөөд хөрөнгийн бүртгэл, хөрөнгө оруулалтын төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр шатлан дэвших зарчмаар томилсон.

М.Р нь албан тушаал дэвшүүлэн томилсноос хойш албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлж, үүрэгт ажлаа цаг тухайд нь гүйцэтгэхгүй байгааг хамт олны хурлаар удаа дараа анхааруулж байсан. Гэвч ажлаа сайжруулаагүйгээр барахгүй удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, ирсэн хугацаат бичгийн хариуг хугацаанд нь явуулахгүй улсын ажлыг цалгардуулсан, нэгжийн албан хаагчдыг мэргэшил, арга зүйн удирдлагаар хангаагүй, алба хаагчийн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлж, дүгнээгүй юм. Тус газар нь Засгийн газрын 2020 оны “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 62 дугаар тогтоолын дагуу газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/06 тоот тушаалаар 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллаж байна.

М.Р нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Шуурхай мэдээлэл, тохиолдлын удирдлагын тогтолцооны талаар авах зарим арга хэмжээний тухай" А/58 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан халдварт өвчний дэгдэлтийн үеийн тохиолдлын удирдлагын тогтолцооны бүрэлдэхүүний Санхүү, нөөцийн багийн, Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед ажиллах Эрүүл мэндийн алба-Тохиолдлын удирдлагын тогтолцооны талаар авах зарим арга хэмжээний тухай' А/49 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан төлөвлөлт хяналтын багийн ахлагчаар тус тус томилогдож ажиллаж байсан. Гэтэл М.Р нь багийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулаагүй, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн, өндөржүүлсэн бэлэн байдлын үед 2020 оны 11 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд хүндэтгэх шалтгаангүй ажил тасалж, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэн, албаны үүрэгт ажилд хариуцлагагүй хандаж, туслах ажилтнуудад дарамт шахалт үзүүлэн байгууллагын буудлын түлхүүрийг авч, ажлын цагаар байгууллагын буудалд орж, архи, дарс хэрэглэсэн зөрчил гаргасан учир газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хурлаар өөрийг нь байлцуулан гаргасан зөрчлийн асуудлыг авч хэлэлцсэн. М.Р нь хурал дээр гаргасан алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч алдаа дутагдлаа дахин давтахгүй гэсэн баталгааг бичгээр гаргаж өгсөн.

Зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу М.Рийг албан тушаал буруулах шийдвэр гарсан. Иймд түүний нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Би Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод 2 сар болсон. Энэ маргаан 2020 оны 11 дүгээр сард эхэлсэн байна. Тухайн үед би хотод сургалтад байсан. М.Р гуай ахмад ажилтан, хэлтсийн даргаар ажиллаж байгаа. Ажлын хариуцлага алддаг тохиолдол гардаг. Тэрийг бид хамтрагчийн хувиар өөрт нь зөндөө хэлдэг байсан ба зөвөөр хүлээж авдаг байсан. “Ковид-19” цар тахалтай холбоотой сүүлийн 2 жилд манай ажлын ачаалал нэмэгдсэнтэй холбоотой М.Рд холбоотой хамт олны зүгээс янз бүрийн гомдол гаргаснаар өмнөх дарга арга хэмжээ авах шийдвэр гаргасан байх ба үүнийг би зөв гэж бодож байна. М.Р гуай ажилдаа хугацаандаа ирдэггүй, ажил тасалдаг, архи уудаг, хэлтсийн даргын ажлыг хангалтгүй хийдэг, мэргэжилтний ажлыг ч  хангалтгүй  хийдэг асуудал гаргадаг.

М.Рийн албан тушаалыг бууруулж шийдвэрлэсэн Б/38 дугаар тушаалыг албажуулахад баримталсан хуулийн зүйл заалтууд нь хангалтгүй байсан юм шиг байна.

Нотлох баримтаа бүрэн цуглуулж чадаагүй асуудал байсан байх гэж бодож байна. Би нэхэмжлэгчтэй эвлэрэх талаар санал гаргасан. Тухайн үед шийдвэр гаргасан С.А дарга өндөр насны тэтгэвэрт гараад явсан учраас одоо хамт олны дунд хэл амь гаргаад яах вэ,  дараа дараагийн асуудлыг тухайн үед  нь ярьж шийдье гэж үзсэн боловч  хамт олон эсэргүүцэл үзүүлсэн. М.Рийн өөрийг нь оролцуулж, хурал  хийсэн, хамт олон хүлээн зөвшөөрөхгүй  байсан. М.Рд “та  хамт олноо бодоод хэлтсийн даргын ажлаас татгалзаж, мэргэжилтний ажлаа хийгээд яваач” гэсэн боловч  зөвшөөрөөгүй. Тиймээс шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 415 дугаартай тушаалын 2,3 дугаар хавсралтаар  баталсан аймгийн эрүүл мэндийн газрын үлгэрчилсэн бүтцийн загвар, үйл ажиллагааны чиглэлээс үзэхэд аймгийн эрүүл мэндийн газар нь эрүүл мэндийн эдийн засгийн төсвийн төлөвлөлт, салбарын санхүүгийн бүртгэл мэдээлэл, байгууллагын нягтлан бодох бүртгэл, хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл, эрүүл мэндийн ажилтны нийгмийн асуудал, шагнал, хууль, эрх зүйн зөвлөгөө, эм эмнэлгийн хэрэгслийн хангамж, хөрөнгийн бүртгэл, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, архив, бичиг хэргийн үйл ажиллагааг хариуцах удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтэстэй байх ба Эрүүл мэндийн сайдаас уг тушаалын 2 дахь хэсгээр ...өөрийн аймгийн Засаг даргатай зөвшилцөн эрүүл мэндийн газрын бүтцээ батлуулж ажиллахыг эрүүл мэндийн газрын дарга нарт үүрэг болгож шийдвэрлэжээ.

Үүний дагуу Баян-Өлгий аймгийн Засаг дарга нь Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т зааснаар ...харьяалах нутаг дэвсгэрийнхээ эрүүл мэндийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, оновчтой байршуулах, материаллаг бааз, хүний болон санхүүгийн нөөцийг зохистой хуваарилах бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээдийн хувьд 2015 оны А/202, 2019 оны А/751 дугаартай захирамжуудаар аймгийн эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоог баталж шийдвэрлэжээ.  Засаг даргын 2015 оны А/202 дугаар захирамжаар батлагдсан удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн хөрөнгийн бүртгэл, хөрөнгө оруулалтын төлөвлөлт хариуцсан мэргэжилтний орон тоонд ажиллаж байсан нэхэмжлэгч М.Рийг Засаг даргын 2019 оны А/751 дугаартай захирамжаар төрийн захиргааны албан тушаалын ТЗ-7 зэрэглэлийн удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга бөгөөд хөрөнгийн бүртгэл, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, барилга байгууламж хариуцсан мэргэжилтний  нэг орон тоог  баталснаар Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/02 дугаартай тушаалаар удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд томилон ажиллуулжээ.

Ингэснээр нэхэмжлэгч М.Р нь тус газрын удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга бөгөөд хөрөнгийн бүртгэл, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, барилга байгууламж хариуцсан мэргэжилтний албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлж ажилласан байх ба түүнийг ...хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан  чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлж, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсэж байгаа үед хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалж, өгсөн үүрэг даалгаврыг  биелүүлээгүй, албаны үүрэгт ажилд хариуцлагагүй хандсан нь тогтоогдсон гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/38 дугаартай тушаалаар хэлтсийн даргын албан тушаалаас бууруулж, хөрөнгийн бүртгэл, хөрөнгө оруулалтын төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр ажиллуулахаар, цалингийн ТЗ-5-5 сүлжээгээр тооцож цалин хөлс олгохоор шийдвэрлэжээ.

Уг тушаалын үндэслэлийн талаар хариуцагчаас “...М.Р нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, нэгжийн албан хаагчдыг мэргэшил, арга зүйн удирдлагаар хангаагүй, алба хаагчийн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлж, дүгнээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг үл биелүүлж, ирсэн  бичгийн хариуг хугацаанд нь явуулаагүй. Эрүүл мэндийн газар нь Засгийн газрын 2020 оны “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 62 дугаар тогтоолын дагуу газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/06 тоот тушаалаар 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллаж байна. М.Р нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Шуурхай мэдээлэл, тохиолдлын удирдлагын тогтолцооны талаар авах зарим арга хэмжээний тухай" А/58 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан халдварт өвчний дэгдэлтийн үеийн тохиолдлын удирдлагын тогтолцооны бүрэлдэхүүний Санхүү, нөөцийн багийн, Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед ажиллах Эрүүл мэндийн алба-Тохиолдлын удирдлагын тогтолцооны талаар авах зарим арга хэмжээний тухай” А/49 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан төлөвлөлт хяналтын багийн ахлагчаар тус тус томилогдож ажиллаж байсан.

М.Р нь багийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулаагүй, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн, өндөржүүлсэн бэлэн байдлын үед 2020 оны 11 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд хүндэтгэх шалтгаангүй ажил тасалж, ажлын цагаар байгууллагын буудалд орж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчил гаргасан.” гэж тайлбарласан байна.

Энэхүү маргаанд шүүхээс дараах хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

Нэгдүгээрт

Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.” гэж заасны дагуу Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн Гуравын 3.1.4.а-3.1.4.е  дэх хэсгээр төрийн албан хаагч нь  ард түмэндээ чин сэтгэлээс үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх ёс зүйн хэм хэмжээний хүрээнд биелүүлэх ёс зүйн шаардлагыг тус тус тогтоосон.  Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актад энэхүү дүрмийн 3.1.4 дэх хэсгийг баримталсан байх боловч нэхэмжлэгчийн гаргасан гэх 2020 оны 11 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд хүндэтгэх шалтгаангүй ажил тасалж, ажлын цагаар байгууллагын буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчилд холбогдуулан дээрх дүрмийн 3.1.4.д хэсэгт заасан “албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэж, олон нийтийн газарт мөрдөх дэг журмыг сахих” ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж тайлбарласан байна.

“Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн Дөрөвийн 4.1-д  “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэнэ.”, 4.4-т  “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь сахилгын болон захиргааны зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага ногдуулна.” гэж заасан.

            Нэхэмжлэгч дээрх дүрмийн 3.1.4.д хэсэгт заасныг зөрчсөн нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөнд хамаарах бөгөөд  энэ тохиолдолд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анхан болон давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:” гэж зааснаар сахилгын шийтгэл ногдуулахаар байна.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч М.Р нь төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан гэх маргаан нь эргэлзээтэй гэж тайлбарласан ба нэхэмжлэгчийн ажил тасалсан гэх 2020 оны 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүд нь ажлын өдөр байх боловч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын ажилчдын 2020 оны 11 дүгээр сарын ажилд ирсэн байдлын талаарх бүртгэлийг жижүүрүүд алга болгосон гэж тус газрын 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 386 дугаар албан бичгээр тайлбарлан, шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй, 2020 оны цалингийн карт бүхий баримтаас үзэхэд М.Рийн  2020 оны 11 дүгээр сард ажилласан хоногийг тухайн сард ногдох ажлын 22 хоногоор тооцож цалин хөлсийг бүрэн олгосон, мөн Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 28/1735 дугаар албан бичгээр шүүхэд “Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга ажилтай иргэн М.Р нь ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хэрүүл маргаан гаргасан талаар цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд ямар нэгэн гомдол, мэдээлэл бүртгэгдээгүй болно.” гэх хариуг ирүүлсэн байна.

Хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Эрүүл мэндийн газрын даргын зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч М.Р нь 2020 оны 11 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд хүндэтгэх шалтгаангүй ажил тасалж, ажлын цагаар байгууллагын буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх үйл баримт тусгагдсан байх боловч уг зөрчлийг тухайн үед бусад байдлаар буюу эрх бүхий этгээдээс “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн Тав, Зургаа дугаар зүйлд заасан журмаар шалгалт явуулж  тогтоогоогүй байна.

 Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоож, 24.2-т зааснаар ...бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг хүлээх тул нэхэмжлэгч М.Р нь төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд холбогдох  хууль, журамд зааснаар тогтоох шаардлагатай бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д хамаарах төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь тогтоогдсон  тохиолдолд хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д заасан “сануулах”, 48.1.2-т заасан “албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”,48.1.3-т заасан  “төрийн албанаас халах”, 48.1.4-т заасан “төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”, 48.1.5-д заасан “хуульд заасан бусад” зэрэг сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар байна. Гэтэл хариуцагчаас төрийн жинхэнэ албан хаагч  М.Рийн гаргасан гэх дээрх төрлийн сахилгын зөрчилд холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар албан тушаалд бууруулж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Хоёрдугаарт

              Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчаас хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн нь 45.1-д зааснаар түүнийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах үндэслэл болно.

            Эрүүл мэндийн газрын удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтод хэлтсийн дарга нь албан тушаалын зорилтын хүрээнд нэгжийн албан хаагчдыг мэргэшил, арга зүйн удирдлагаар хангаж, алба хаагчийн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталж, сар бүр төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, үнэлэх дүгнэх, удирдлагын хуульд нийцсэн үүрэг даалгаврыг гүйцэтгэх, эргэн мэдээлэх үүрэгтэйгээр тусгагдсан байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ.”, 55.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, тэдгээртэй холбогдуулан төрийн албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, урамшуулал олгох, хариуцлага хүлээлгэх журмыг Засгийн газар батална.” гэж тус тус заасан. Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын Хоёрын 2.3-т “Нэгжийн дарга албан хаагчийн төлөвлөгөөг байгууллагын болон нэгжийн төлөвлөгөө, түүний албан тушаалын тодорхойлолттой уялдсан эсэхийг хянаж,  1 дүгээр сарын 10-ны дотор батална.”, Гуравын 3.2-т “Албан хаагч төлөвлөгөөний биелэлтийг хагас жилээр 6 дугаар сарын  15-ны дотор, жилийн эцсээр 12 дугаар сарын 15-ны дотор тайлагнана.”, 3.3-т “Нэгжийн дарга албан хаагчийн төлөвлөгөөний биелэлтийн 1,3-р улирлын явцын ярилцлагыг 4, 10 дугаар сарын 5-ны дотор хийнэ.”, 3.4-т  “Нэгжийн дарга (зохион байгуулалтын нэгжгүй бол байгууллагын төсвийн шууд захирагч) албан хаагчийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг хянаж, үнэлгээ өгөхдөө төрийн жинхэнэ албан хаагчтай ярилцлага хийн гарын үсэг зурж баталгаажуулна.” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч М.Р нь Эрүүл мэндийн газрын удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн даргын хувьд дээрх журмын дагуу тус хэлтэст харьяалагдах хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл, эрүүл мэндийн ажилтны нийгмийн асуудал, шагнал хариуцсан мэргэжилтэн болон эмийн хангамж эмнэлгийн хэрэгслийн хангамж, төлөвлөлт, худалдан авалт хариуцсан  мэргэжилтний  2020 оны жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг хянаж батлах, албан хаагчийн төлөвлөгөөний биелэлтийн 1, 3 дугаар улирлын явцын ярилцлага хийх, төлөвлөгөөний биелэлтийн тайланг хянаж, үнэлгээ өгөхтэй холбоотой үүргээ зохих ёсоор  биелүүлээгүй нь хэрэгт авагдсан мэргэжилтэн Б.Н Т.Н нарын “Төрийн жинхэнэ албан хаагчийн 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө”, мэргэжилтэн Б.Н, т.Н нарын гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. Нэхэмжлэгчээс энэ талаарх хариуцагчийн маргааныг үгүйсгэж чадаагүй ба албан тушаалын дээрх чиг үүргийг биелүүлсэн эсэхтэй холбоотой нотлох баримтуудыг шүүхээс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 277 дугаартай албан бичгээр шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй байна.

Мөн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газарт хаяглагдсан  Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Ажиллах журам, бүрэлдэхүүн, ажил үүргийн хуваарь батлах тухай” А/43 дугаар тушаалаар батлагдсан  “Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны ажиллах журам”-ын 6 дугаар зүйлд заасан үйл  ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд өөрийн болон харьяа байгууллагын сургалт, мэргэжлийн ангийн  судалгааг гаргаж 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ирүүлэх талаарх Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2020 оны 204, 2021 онд шалгалт тохируулгад хамруулах эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэдээллийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дотор ирүүлэх талаарх 2020 оны 1323, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны “Үндсэн хөрөнгийн тооллого, бүртгэл хийх тухай”  2020 оны 05 дугаар сарын 21-ний дотор хариу ирүүлэх талаарх  2020 оны 2/2166,  Эрүүл мэндийн яамны Нийгмийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн “Монгол улсад “Ковид-19” халдварын  үеийн эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг үнэлэх, эдийн засгийн зардал тооцох судалгааг 2020 оны 10 дугаар сарын 09-ний дотор ирүүлэх талаарх 2020 оны 364 дугаартай албан бичгийг тус тус удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн даргын хувьд нэхэмжлэгч М.Р нь  холбогдох бүртгэлд гарын үсэг зурж, хүлээж авсан байх боловч хариуг явуулаагүй нь хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын 2020 оны ирсэн бичгийн бүртгэлийн холбогдох хэсэг, дээрх дугаар бүхий албан бичгүүд,  аймгийн Эрүүл мэндийн газрын “М.Р мэргэжилтэнд цохогдсон хугацаат болон хугацаагүй албан бичгийн мэдээ” бүхий баримт, гэрч  тус байгууллагын бичиг хэргийн ажилтан А.С нарын мэдүүлгээр тогтоогдсон.

Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч М.Р нь хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтын болон Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар хэрэгжүүлэх холбогдох чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсон ба энэ нь Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д заасан үндэслэлд хамаарах боловч маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг хэлтсийн даргын албан тушаалаас бууруулж, мэргэжилтнээр ажиллуулахаар шийдвэрлэснийг дараах байдлаар  хуульд нийцээгүй байна гэж үзлээ. Үүнд эрх бүхий этгээдийн хувьд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны А/751 дугаартай захирамжаар Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга бөгөөд хөрөнгийн бүртгэл, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, барилга байгууламж хариуцсан мэргэжилтний  нэг орон тоог баталсан байх ба Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоонд удирдлага төлөвлөлт санхүүгийн хэлтсийн дарга,  хөрөнгийн бүртгэл, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, барилга байгууламж хариуцсан мэргэжилтний  тус тусын орон тоо байхгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан албан тушаалыг бууруулах зохицуулалтын агуулгыг төрийн жинхэнэ албан хаагчийн ажиллаж байгаа тухайн албан тушаалаас ангилал, зэрэглэлийн хувьд буурсан өөр орон тоонд шилжүүлж ажиллуулахыг ойлгох тул хэлтсийн дарга бөгөөд мэргэжилтний нэг албан тушаалын хэлтсийн даргын чиг үүргийг салгаж, мэргэжилтний тухайн орон тоонд хэвээр ажиллуулахыг албан тушаалыг бууруулж шийдвэрлэсэн гэж үзэхгүй юм. Иймд нэхэмжлэгчийг удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалаас бууруулж, хөрөнгийн бүртгэл, хөрөнгө оруулалтын төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр ажиллуулж, цалингийн ТЗ-5-5 сүлжээгээр тооцож цалин хөлс олгохоор шийдвэрлэсэн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын  2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/38 дугаартай тушаал нь захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл  бүхий байх  талаарх Захиргааны ерөнхий хуулийн  4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан тусгай зарчмыг зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасантай нийцээгүй байна.

Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн маргааныг үндэслэлтэй гэж үзэж, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/38 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1-д заасныг тус тус удирдлага болгон

                                                                         ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/38 дугаартай ”М.Рийг захиргааны санаачилгаар албан тушаал буруулах тухай”  тушаалыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.РИЗА