Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/367

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

Улсын яллагч З.Бат-Амгалан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч ******************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бавуудоржийн ******************ид холбогдох эрүүгийн 2238000000692 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч ******************нь Хөвсгөл аймгийн Ханх сумын 4 дүгээр баг Цагаан хужирт гэх газарт байрлах хохирогч ******************эзэмшлийн байшинд 2022 оны 09 дүгээр сард хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж 633.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******************нь Хөвсгөл аймгийн Ханх сумын 4 дүгээр баг Цагаан хужирт гэх газарт байрлах хохирогч ******************эзэмшлийн байшинд 2022 оны 09 дүгээр сард хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж 633.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000692 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…****************** гэдэг айлын өвөлжөөний байшингийн цонхоор орсон....Байшин дотор байсан хөрөө, гэрэл, хөнжлийн даавуу, шилтэй гишүүний  варень, янжуур тамхи, хүүхдийн хувцас, чихэр, хичээлийн бал дэвтэр авсан...Хохирлоо барагдуулсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

       Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-11-р хуудас),

       Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 12-15-р хуудас),

       Хохирогч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө сургуулийн хүүхдийн хувцас авах гээд Цагаан хужир гэх газарт байх өвөлжөөндөө очтол, цонх нь онгорхой байсан юм. Тэгээд дөхөж очоод хартал байшин дотор байсан эд зүйл эмх замбараагүй болчихсон байсан...Манай гэрээс хулгай хийсэн ****************** гэгч нь надад хөөрөг, ор хөнжлийн давуу, 6 килограмм гишүүний варень, Дува сохор гэрэл зэргийг маань буцааж өгсөн. Надад учирсан нийт хохирол 635.500 төгрөг болсон. Үүнээс буцааж өгсөн зүйлсийн үнэлгээ 170.000 төгрөгөө хасаад 463.500 төгрөг болсон уг мөнгийг миний Хаан банкны 5905021846 тоот дансаар шилжүүлж миний хохирлыг барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-21, 24-р хуудас),

       Гэрч Б.Эрдэнэжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манай нөхөр ааш араншин элдэв муухай авахгүй, дуу цөөтэй, олон үг ярьдаггүй юм. Хамт амьдрахад илүү дутуу зүйл байхгүй. Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгалтай сайн эцэг, бусдын адил сайн хань ижил юм. Би хулгай хийсэн талаар нь мэдээгүй. Цагдаа энэ тэр болохоор нь мэдлээ. ****************** гэдэг айлаас эд зүйл хулгайлсан байна лээ...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-р хуудас),

     “Ихэрмөрөн” ХХК-ний алдагдсан эд зүйлсийн үнэлгээг 633,500 төгрөгөөр үнэлсэн 2245617200455 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 34-35-р хуудас),

      Шүүгдэгчээс 468,500 төгрөгийг хохирогч Б.******************д шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт (хх-ийн 53-р хуудас),

       Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Ханх сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт, мал тооллогын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 47-52-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2238000000692 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******************нь Хөвсгөл аймгийн Ханх сумын 4 дүгээр баг Цагаан хужирт гэх газарт байрлах хохирогч ******************эзэмшлийн байшинд 2022 оны 09 дүгээр сард хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж 633.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

        Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-11-р хуудас),

       Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 12-15-р хуудас),

       Хохирогч ******************(хх-ийн 20-21, 24-р хуудас), гэрч Б.Эрдэнэжаргалын (хх-ийн 28-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

       “Ихэрмөрөн” ХХК-ний алдагдсан эд зүйлсийн үнэлгээг 633,500 төгрөгөөр үнэлсэн 2245617200455 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 34-35-р хуудас),

      Шүүгдэгчээс 468,500 төгрөгийг хохирогч Б.******************д шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт (хх-ийн 53-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.******************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

      Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч ******************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ******************нь хохирогч ******************өмчлөлийн эд зүйлийг хулгайлж 633,500 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.******************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******************нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 50-52-р хуудас)-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч ******************нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч ******************нь 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 2238000000692 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1.  Шүүгдэгч ******************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******************ийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******************ид оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

      4. Эрүүгийн 2238000000692 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.******************ид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР