Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/189

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга                                 Г.Эрдэнэжаргал

Улсын яллагч                                               Б.Эрхэмбаяр

Шүүгдэгч                                                       Б.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******ид холбогдох 2223000000215 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, ******* аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын *******, /Регистрийн дугаар:*******/

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 12 дугаар сарын дундуур ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт “*******” төслийн хүрээнд бүтээн байгуулалтын ажил хийж байсан “ ” ХХК-ний талбайд байсан каттинг төмрөөс 105 килограмм төмрийг хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж  заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

******* нь ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байх барилгын  талбайгаасаа 105 кг төмөр утсыг /каттинг төмөр/ 2021 оны 12 дугаар сарын дундуур хулгайд алдсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал: 

Төмрөө хулгайд алдсан талаараа мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ы “...2021 оны 11 дүгээр сарын эхээр манай компаний ажилчид ******* суманд хийж байсан ажлаа дуусгаад явахдаа барилгын каттинг төмрийг өргөж дийлэхгүй болохоор нь уурын зуухны урд талбай дээр багцалж үлдээгээд манаачаар нь ******* сумын иргэн ахыг томилж цалин өгөхөөр тохиролцоод үлдээсэн. Улаанбаатар хотод байх хугацаандаа манаач руугаа удаа дараа утсаар залгаж асуухад “ямар ч асуудалгүй бүрэн бүтэн байгаа” гэж хэлж байсан. Тэгээд 2022 оны 05 дугаар сард ******* суманд ажлаа хийх гээд ирсэн чинь тухайн үлдээсэн каттинг төмрөөс дутчихсан байсан. Надад *******той холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 08-19, 107-110 дахь тал/

Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч А.ын “...Тухайн үед Улаанбаатар хотоос манайд 3 тонн барилгын каттинг төмөр ирээд бид нар уурын зуухны урд талын хавтгай дээр буулгасан юм. Тэгээд тэр каттинг төмрөөсөө 500 кг орчмыг нь хэрэглээд үлдсэн 2 тонн 500 кг нь зөөж далд хийх гэсэн боловч кран эвдэрсэн болохоор өргөж чадалгүй тэнд үлдээгээд өвөл хүйтэрсэн болохоор манайхан ажлаас буугаад явсан. Тэгээд дараа хавар нь ирсэн чинь манай үлдээсэн каттинг төмрөөс их 2 тонн орчим нь байхгүй хулгайд алдагдсан байсан. 500 кг орчим төмөр л үлдсэн байсан болохоор бид нар цагдаад хандсан юм...” гэх мэдүүлгээр, /хэргийн 21-23 дахь тал/

Гэрч Б.ийн “...Манай компанийн ажил 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ******* суманд хийж байсан ажлаа дуусгаад буцахдаа гэдэг хүнд уурын зуух болон түүний урд байгаа барилгын каттинг төмөр, хашаанд хураасан хөөс зэргийг харж хариуцуулахаар тохироод хүлээлгэж өгөөд явсан. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын дундуур бид нар ******* суманд ажлаа хийх гээд ирсэн чинь уурын зуухны урд талд байсан барилгын каттинг төмрөөс их хэмжээгээр хулгайд алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм....гэсэн мэдүүлгээр, /хэргийн 24-25 дахь тал/

Гэрч Ч.ын “...2021 оны 12 дугаар сард ******* суманд барилгын ажил хийж байгаа “ ” ХХК-ний захирал над руу утсаар залгаад манай ажилчдын ажил дуусаад буусан хүмүүс нь бүгдээрээ явсан тул наанаа үлдсэн барилгын каттинг төмөр, хашаан дотор хураалттай байгаа хөөс хавтангуудыг харж байгаарай ойр ойрхон зургийг нь дараад явуулаад байгаарай гэж надад хэлсэн. Тийм болохоор нь би тэдгээр эд зүйлсийг нь энэ өвөл харсан юм. Тэгээд сая 2022 оны 05 дугаар сарын дундуур барилгын ажилчид ирээд барилгын каттинг төмрөөс алга болсон байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 26-27 дахь тал/ мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Б., Д., Г. нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Дээрх 105 кг төмрийг Б.******* хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар авсан нь түүний мөрдөн шалгах ажиллагааны үед үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би 2021 оны 12 дугаар сарын дундуур ...23 цагийн үед ... замын урд хоёр хэсэг болгоод хуйлаад тавьчихсан каттинг төмөр байхыг харсан. Тэгээд төмөр хэрэг болж магадгүй гэж бодоод гэрээсээ усны тэрэг авчраад усны тэргэн дээр тавиад аваад гэр лүүгээ аваачаад тавьчихсан...” гэсэн мэдүүлгээр,

Б.******* гэртээ хуйлаад эвхсэн бүдүүн төмөр утас авчирсан талаар мэдүүлсэн гэрч Б.ийн “...2022 оны 01 дүгээр сард хашаан дотроо хог цэвэрлээд явж байсан чинь гэрийн хойд талд дугуйлаад эвхчихсэн бүдүүн төмөр утас шиг төмөр хэвтэж байхаар нь *******оогоос “энэ ямар учиртай төмөр хаанаас аваад ирсэн юм” гэж асуусан чинь “хадгалж байгаа юм” гэж надад хэлсэн. Тэгээд манай нөхөр *******оо төмрөөр юм хийдэг, машин мотоцикл засдаг хашаагаар дүүрэн төмрийн хог байдаг болохоор би нэг их анзааралгүй тэгэсхийгээд хаячихсан....” гэсэн мэдүүлгээр /хэргийн 30-31 дэх тал/

2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.*******ийн хашаанаас 105 кг каттинг төмөр хураан авсан тэмдэглэл, дээрх хураан авсан 105 кг төмрийг мөн өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.д хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тус тус нотлогдож байна. 

Шүүгдэгч Б.*******ийн үйлдлийн улмаас *******-нд нийт 350,000 төгрөгийн хохирол учирсан нь ******* аймгийн сумын ХХК-ны эд хөрөнгийн үнэлгээчин Х.гийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаартай дүгнэлтээр, /хэргийн 75-76 дахь тал/ тогтоогджээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Мөн шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Хулгайлах үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж юм.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “ “бага хэмжээний хохирол гэж  гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж заасан ба мөн зүйлийн  тайлбарт “ энэ хуульд заасан “ нэгж “ гэж энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ойлгоно гэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус заасан ба хохирлын хэмжээ 300,001 төгрөгөөс дээш бол бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж иргэн *******-ны 105 кг төмөр утсыг /каттинг төмөр/ хулгайлж түүнд 350,000 төгрөгийн хохирол  учруулсан нь дээрх шинжийг хангаж байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.******* Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж эд хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууц далд аргаар авах нь хууль бус болохыг ухамсарлаж, түүний үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрхэд хохирол учирч болохыг мэдэж хүсэж үйлдсэн нь хулгайлах гэмт хэргийн субъектив шинжийг, “ ” ХХК-ний талбайгаас каттинг төмөр хулгайлж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь “Хулгайлах” гэмт хэргийн объектив шинжийг тус тус хангажээ.

Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авсан буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь  зүйтэй.

Шүүгдэгч Б.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.д 105 кг төмөр утсыг /каттинг төмөр/ хүлээлгэн өгсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :

Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тооцсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид хохирлыг нөхөн төлсөн нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх урьдчилсан нөхцөлийг хангаж байна.

Мөн шүүгдэгчид прокурорын сонсгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах санал нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.          

Түүнчлэн Эрүүгийн хуулийн  5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг  дурдаж, түүнд өмнө авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзээд

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан усны тэргийг шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй түүний иргэний үнэмлэхний лавлагаа хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2, 1.5, 1.7 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Б.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 8 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.*******ид тэнссэн 8 сарын хугацаанд Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Б.*******ид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 8 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан усны тэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шүүгдэгч Б.*******ид 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс “Хувийн баталгаа гаргах” авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

                                                         

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              З.НАНДИНЦЭЦЭГ