Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

Улсын яллагч Д.Ундармаа,

Шүүгдэгч Б.З, З.М, тэдгээрийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг нарыг оролцуулан,

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Баасанбатын З, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Зын М нарт холбогдох эрүүгийн 2111 00200 0597 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Бэсүд овогт Баасанбатын З /РД:./,

Монгол Улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зохион бүтээгч, инженер мэргэжилтэй, “Эрдэнэсант АЗЗА” төрийн өмчит хувьцаат компанийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар баг, Улаанхудаг 2, 6 дугаар гудамжны 230 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Блю скай” хотхоны 46в-5 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй,

Бэсүд овогт Зын М /РД:УП./

Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвд эрдэм шинжилгээний ажилтан, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамжны 11/2 дугаар байрны 19 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто таун 2 хотхоны 207 дугаар байрны 79 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагнал байхгүй,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.З нь 2012 оны 09 дүгээр сараас эхлэн С.Нд өөрийгөө эхнэргүй ганц бие гэж танилцуулж, 2018 оноос эхлэн хамтран амьдарч байх хугацаанд буюу 2018 оны 01 дүгээр сард том охин З.Сарану, 2019 оны 04 дүгээр сард бага охин З.Нарану нар төрсөн бөгөөд 2018 оны 08 дугаар сард С.Н нь Б.Зыг эхнэр, хүүхэдтэй гэдгийг мэдэж дээрх асуудлын улмаас маргалдаж С.Н нь З.Сарану, З.Нарану нартай тусдаа амьдарч байсан ба 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр С.Нын түрээслэн амьдарч байсан байрны түрээсийн хугацаа дууссан, мөн ажлын шаардлагаар З.Сарану, З.Нарану нарыг асран хамгаалуулахаар үлдээх хүнгүй болсон ба ажил хийж мөнгө олох, эрүүл мэндийн шалтгаанаар 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр З.Сарану, З.Нарану нарыг төрсөн эцэг Б.Зд асран хамгаалуулахаар гэрт нь аваачиж хүлээлгэн өгсөн байна. Гэтэл Б.З нь З.Сарану, З.Нарану нарын төрсөн эцэг мөн атлаа хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж өөрийн төрсөн охин З.Мгийн ятгалгаар түүнтэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн өөрийн төрсөн хүүхдүүд болох 03 нас 16 хоногтой Зын Сарану, 01 нас 09 cap 10 хоногтой Зын Нарану нарыг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МН” товерын 18 дугаар давхарт хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон,

Шүүгдэгч З.М нь өөрийн төрсөн эцэг Б.Зтай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан С.Наас Б.Зд асран хамгаалуулахаар хүлээлгэн өгсөн байсан 03 нас 16 хоногтой Зын Сарану, 01 нас 09 cap 10 хоногтой Зын Нарану нарыг “хүүхдүүдээ үлдээж явлаа, ирж авсангүй” гэх шалтгааны улмаас тэдний төрсөн эх болох С.Н руу “хоёр хүүхдийг чинь гаргаж хаялаа шүү, хөлдөөж ална шүү, хоёр зулбасгаа ирж ав гичий минь, асрамжийн газарт өглөө” гэх зэргээр утсаар залгаж, төрсөн эцэг Б.Здаа “наад хүүхдүүдээ эхэд нь аваачиж өг, С.Нын ажил дээр нь аваачиж өг” гэж хүүхдүүдийг орхиж явах санааг гаргаж гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, урьдчилан үгсэн тохиролцож, улмаар төрсөн эцэг Б.Зтай бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МН” товерын 18 дугаар давхарт хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон гэмт хэрэг тус тус холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч З.Мг өөрийн төрсөн эцэг Б.Зтай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан С.Наас Б.Зд асран хамгаалуулахаар хүлээлгэн өгсөн байсан 03 нас 16 хоногтой Зын Сарану, 01 нас 09 cap 10 хоногтой Зын Нарану нарыг “хүүхдүүдээ үлдээж явлаа, ирж авсангүй” гэх шалтгааны улмаас тэдний төрсөн эх болох С.Н руу “хоёр хүүхдийг чинь гаргаж хаялаа шүү, хөлдөөж ална шүү, хоёр зулбасгаа ирж ав гичий минь, асрамжийн газарт өглөө” гэх зэргээр утсаар залгаж, төрсөн эцэг Б.Здаа “наад хүүхдүүдээ эхэд нь аваачиж өг, С.Нын ажил дээр нь аваачиж өг” гэж хүүхдүүдийг орхиж явах санааг гаргаж гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, урьдчилан үгсэн тохиролцож, улмаар төрсөн эцэг Б.Зтай бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МН товерын 18 дугаар давхарт хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

  Дээрхи үйлдлийг нотлогдсон гэж улсын яллагчийн зүгээс үзсэн, хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч З.Мг тус хэргийг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч З.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Цагаан сар болохын өмнө том крантины үеэр ийм зүйл болсон. Манай ээж хэрэг гарахаас 5 хоногийн өмнө хоёр хүүхэд ирчихлээ гээд цочирсон давчидсан байдалтай надад хэлсэн. Гэрт хоёр хүүхэд ороод ирсэн байсан. Би тэгээд юу болсон талаар ааваас асуусан чинь манай аав надад хэлэхдээ хонх дугарахаар хаалга онгойлгосон чинь хоёр хүүхэд түлхэж оруулж ирчхээд явчихлаа гэж хэлсэн. Би юу болсныг ажигласангүй. Хоёр хүүхэд гэв гэнэт хаалга онгойлгоод ороод ирсэн гэж хэлсэн. Тухайн үед манай аав болон ээжийн байдал болон тухайн хоёр хүүхдийн байдал хүнд, хэцүү байсан. Тэр хоёр хүүхэд ээжийгээ нэхэж уйлаад байсан. Бага нь хөхнөөсөө гараагүй байсан юм шиг байсан. Шингэн алдсан байдалтай байсан. Би тэр хоёрыг гайхаад энэ хоёрыг дан өмдтэй хоёр хүүхдээ үлдээгээд явсан байдаг. Манай ээж тэр хоёр хүүхдийг ийм нөхцөл байдалтай газар үлдээж байна гээд гайхаж байсан. Тухайн үед Н руу залгаад энэ хоёр хүүхэд чинь хүнд нөхцөлд байна хоёр хүүхдээ ирж аваач ээ гэж хэлэхэд тэрээр би ажилтай цогцос шатаах гээд дайчилгаанд явж байна гэж хэлсэн. Манай ээж тухайн үед хагас галзуурлын байдалтай байсан. Тухайн үед би аав ээжийгээ хүнд байдалтай байлгаад  яах бэ гэхэд тухайн үед Н руу ярихад халдварт дээр байна гэж хэлсэн. Тэгээд халдварт дээр очоод зөндөө хүлээсэн 11 цаг болж байсан байх. Тэгээд хоёр хүүхдийг буцаагаад аваад явсан. Би тэрнээс хойш 2-3 хоносон. Би ээж рүүгээ утасдаж асуухад манай ээж хэнээс гарсан нь мэдэгдэхгүй хоёр хүүхдийг хооллож ундлаад байж байна. Эндээс илүү доромжлол гэж хаана байх бэ дээ М гэж надад хэлсэн байдаг. Тэгээд би гэртээ очоод одоо удахгүй карантин болох гэж байна. Наад хүүхэн чинь азны юм гээд хаяад явах юм байна гээд ажлыг нь олоод очъё гэж ярьсан. Би Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс нь гараад хаана ажилладаг гэхийг нь олох гээд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд очиход тэнд ажилладаг байсан. Тэгээд тэндээсээ “Төр.мн”-д дээр ярилцлагыг 7 хоногийн 2-3 удаа ярилцлага авч байгаа бичлэг орж ирж байгаа юм чинь байнгын ажилладаг юм байна гээд би “Төр.мн” албан тасалгааг хаана байдгийг нөхрөөсөө асуугаад СУИС-ийн тэнд очоод байж байхад утсаа асаагаад алга болсон байсан. Тэгээд байж байгаад Нтай холбоо тогтоосон байдаг. Н “Хийморь” дээр аваад ир гэж хэлсэн. Бид нар “Хийморь” оффис дээр “Төр.мн” ажилладаг юм байна гээд гэж бодоод очиход утсаа салгаад алга болсон. Тухайн үед хэлэхдээ би “Хийморийн” 7 давхарт байна гэж хэлсэн. Тэгээд бид Хийморийн 7 давхраас очиж асуухад “Төр.мн” гэдэг оффис байдаггүй гэж хэлсэн. Эх нь өөрөө зөвшөөрөл өгсөн хэдий ч тэр хоёр хүүхдийг гэр рүүгээ авч яваад тэр хоёр хүүхдийг 5 хоног хооллож ундлаад тэр хоёр хүүхдэд куртик хүртэл авч өгөх юмсан гэж бодож байсан. Угтаа бол тэр хоёр хүүхдийг авч ирсэн нь манай ээж аав хоёрыг  муудалцуулах санаатай байсан юм шиг байсан. Манай ээжийг байнга дарамталж байсан. Манай ээжийг үрчлээтэй авгай. Нөхөртөө гологдсон гэж хэлж байсан. Намайг болохоор аавдаа гологдсон охин гэж хэлж байсан. Тэгээд манай нөхөр “Төр.Мн”-ээс ярилцлагатай юм байна гэж хэлсэн. Тэгээд би ярилцлага авч байх үед нь хүүхдүүдийг нь хүлээлгээд өгч болох юм байна гээд “МН” товер руу орохын өмнө нь манай аав утас руу нь залгаад хоёр хүүхдийг чинь оруулж өгөх гэж байна гэж хэлсэн. Тухайн үед Нтай манай аав утсаар яриад хэлчихлээ гэж хэлсэн. Тэгээд би юмыг яаж мэдэх үү гээд би “МН” товерын төв хаалгаар нь ороход тухайн үед Нын хоолой надад сонсогдсон. Ярилцлага авч байгаа өрөө рүү ороод харахад хар үстэй Наднинцацрал мөн байсан. Би одоо ярилцлага авч байхад нь өгөхгүй бол болохгүй байх гээд аав хоёр хүүхдийг аваад орох гэж байхад би тэврэлцээд оръё гээд төв хаалгаар нь орох гэж байхад төв хаалга хэцүү байсан болохоор гражийн хаалгаар нь ормоор байна гэж харуул ахад хэлээд орсон. Яллах дүгнэлтэд байсан мэдүүлгүүд хэт хэтрүүлэгтэй байсан. Би дээшээ оруулах гэж байхад манай аав одоо хэрүүл уруул болно гэж хэлсэн. Тэгээд би хоёр хүүхдийг хөтлөөд орсон. Би ярилцлага авч байгаа хэсэг рүү нь очиход нэг хүүхэн ярилцлага авч байна гэсэн байдалтай намайг зогсоосон байдаг. Тэгээд би ярилцлага авч байна гэж бодоод хоёр хүүхдийг үлдээгээд буцаад гараад явсан байдаг. Буцаад гараад явж байхад хаалга дуугарсан чимээ сонсогдсон. Тэр үед ээж нь гарч ирж байгаа юм шиг санагдсан. Тэр үед би айж сандарсан байдалтай байсан. Лифтээ хүлээх гэж байхад лифт ирэх болоогүй байсан болохоор би шатаар нь буусан. Би мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн өнөөдрийг хүртэл мэдүүлгээр үнэн зөвөөр тогтвортой өгсөөр ирсэн. Би үнэхээр буруутай  зүйл хийсэн бол буруугаа хүлээнэ. Яллах дүгнэлт дээр З.Мгийн ятгалгаар хүүхдүүдээ хаях сэдэл гаргасан гэж мэдүүлдэг. Миний аав өнөөдрийг хүртэл хайраар дутуугүй өсгөсөн байдаг. Би хэрвээ ятгасан байлаа хэдий ч манай аав миний ятгалд орох хүн болох биш...” гэх,

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч З.М мэдүүлэхдээ “...Би 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн прокурорын тогтоолтой танилцлаа. Миний хувьд прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн намайг бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн зохион байгуулсан, хамтран оролцсон, урьдаас үгсэн тохиролцсон гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би З.Сарану, З.Нарану нарыг хаях санаа зорилго огт ч байгаагүй бөгөөд зөвхөн ээж С.Нтай нь утсаар ярьсны үндсэн дээр түүний хүсэлтийн дагуу ажлын байр буюу “МН” товерын  18 давхарт хүлээлгэж өгсөн. С.Н нь над руу утсаар яриад одоо надад гомдол санал байхгүй, хоёр хүүхэд эрүүл саруул өсөж байгаа, та нарыг ч хүүхэд хаях санаа зорилго байгаагүй гэдгийг мэднэ. Би шарандаа хэргийг хүндрүүлчихлээ гэж хэлсэн...”  гэх /2 дугаар хавтаст хэргийн 51 дүгээр тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2011 онд оюутан болоод Улаанбаатар хотод ирж байсан ба 2011 оны 10 дугаар сард 100 айлын орчимд такси барих гээд зогсож байхад цагаан өнгийн автомашин /загвар, улсын дугаарыг нь санахгүй байна/ ухарч ирж зогсохоор нь би суугаад гэртээ хүргүүлж байсан. Ингэж анх Б.Зтай танилцаж байсан ба тэрээр надтай танилцахдаа өөрийгөө Батхүү гэж танилцуулж, 3 настай хүүтэй, манай хүү АНУ-д амьдардаг гэж хэлж байсан ба тухайн үед Б.З намайг танилцья гээд шалаад байсан тул би ашигладаггүй байсан 99615436 гэсэн дугаарыг өгч автомашинаас нь бууж байсан. Уг үйл явдал болсоноос хойш 1 cap орчмын дараагаар би 99615436 дугаараа ашиглаж эхлэхэд нууцалсан дугаараас залгахаар нь дуудлагыг нь авахад Б.З байсан ба “сайн уу, уулзья” гэж хэлэхээр нь би татгалзсан. Үүнээс хойш над руу нууцалсан дугаараас байнга залгахаар нь би дуудлагыг нь авдаггүй байсан. 2011 оны 12 дугаар сард би Говь- Алтай аймгаас Улаанбаатар хотод оюутан болж ирсэн найзуудтайгаа уулзаад орой харих гэж байхад нууцалсан дугаараас залгаад байхаар нь дуудлагыг авахад Б.З “уулзая” гээд гуйгаад байсан тул би зөвшөөрсөн. Зөвшөөрсөн шалтгаан нь тухайн үед гадаа харанхуй болсоноос гадна би Улаанбаатар хотод газар сайн мэдэхгүй тул Б.Заар хүргүүлэхээр болсон юм. Ингээд Б.З надтай байнга утсаар ярьдаг байсан тул би түүнд дасаж эхэлсэн ба 2012 онд 09 дүгээр сард буюу 2 дугаар курст орсон жилд Б.З бид хоёр уулзаж эхэлж, үүнээс хойш бид хоёрын харилцаа гүнзгийрч эхэлсэн. 2017 онд би жирэмсэн болж, тухайн оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б.З надтай хамт Говь-Алтай аймгийн Цээл сум руу очиж манай аав, ээж хоёртой танилцсан. 2018 оны 01 дүгээр сард манай том охин төрөхөд Б.З Говь-алтай аймагт ирж, манай ах, дүү нартай шинэ хүүхдийн цайллага хийж, охиндоо З.Сарану гэсэн нэр өгсөн. Тэгээд 2018 оны 03 дугаар сард Б.З дахин Говь-Алтай аймагт очиж З.Сарану бид хоёрыг Улаанбаатар хотод авчирч “Вива сити” хотхонд 2 өрөө байр түрээслэж өгсөн ба энэ үед Б.З бид хоёртой хамт амьдарч байсан боловч ихэвчлэн хөдөө ажлаар явдаг байсан...,

“...2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр миний түрээсийн байрны хугацаа дуусч, мөн ажлын шаардлагын улмаас хоёр хүүхдээ харах хүнгүй болсон тул хэсэг хугацаанд аавтайгаа байж байг гэж бодоод Б.Зын гэрт З.Сарану, З.Нарану нарыг авчирч өгсөн ба би Б.Зд хандаж “хоёр хүүхдээ хэсэг харж байгаарай” гэж хэлээд үлдээсэн. Тэгтэл тухайн өдрийн 10 цагийн орчимд Б.Зын эхнэр Маралаа над руу утсаар яриад “чи хоёр зулбасагаа ав, алаад хаячихана шүү, энэ хоёр хүүхэд чинь эцэг нь тодорхойгүй бутач хүүхдүүд ш дээ” гэх мэт үг хэлж намайг доромжлоод байсан ба би учир явдлаа тайлбарлан хэлэхэд ойлгохгүй байсан. Мөн З надтай утсаар ярихаар нь “би ажилтай байна, байрны түрээс дуусч байгаа болохоор өөр хямд үнэтэй байр хайх хэрэгтэй байгаа тул чи хэсэг хугацаанд хүүхдүүдээ харж бай” гэж хэлсэн. Б.Заас гадна түүний охин М мөн над руу утсаар яриад “хоёр хүүхдийг чинь гаргаж хаялаа шүү, хөлдөөж ална шүү, хоёр зулбасагаа ирж ав гичий минь” гэж хэлж намайг дарамталсан ба 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Б.Зын эхнэр Маралаа, охин М нар над руу утсаар ярьж дарамталж байсан. 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 13 цагийн орчимд би хоёр хүүхдээ яаж байгаа бол гэдгийг асуух гээд Б.Зтай утсаар ярихад Б.З нь “төр.мн дээр хоёр хүүхдийг чинь хүргэж өглөө” гэж хэлэхээр нь би хариуд нь “би төр.мн сайтад гэрээгээр ажиллаж байгаа, миний үндсэн ажил биш гэдгийг чи мэднэ ш дээ, би “төр.мн” сайтын ажлын байран дээр байхгүй” гэж хэлэхэд ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр утсаа тасалсан. Тэгээд 16 цагийн орчимд над руу 91030025 дугаараас залгаад “Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс ярьж байна, та хаана байна вэ” гэж асуухаар нь би эмнэлэгт хэвтэх гэж байгаа талаараа хэлсэн. Тэгтэл тэр цагдаа “танай хүүхдүүдийг гадаа орхиж явсан байна, та ирж уулзах шаардлагатай" гэж хэлэхээр нь би Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиж мэдүүлэг өгсөн ба хоёр хүүхдээ асуухад хамгаалах байранд байгаа гэж хэлсэн. Тухайн үед би эрүүл мэндийн шалтгаанаас гадна хоёр хүүхдээ гудамжинд хаягдсан гэдгээс болж сэтгэл санаагаар унаж “Энэрэл” эмнэлэгт 5 хоног хэвтэж эмчилгээ хийлгээд 2021 оны 02 дугаар сарын 14- нд эмнэлгээс гарч хоёр хүүхдээ хамгаалах байрнаас авсан...цагдаагийн алба хаагч манай хүүхдүүдийг харах хүнгүй явж байна, аав нь Төв аймагт явж байна гэнэ гээд ярихаар нь би шоконд орчихсон. Хамгийн гол нь З тухайн үед цагдаад Төв аймагт явж байна гэж худал хэлсэн байсан...Тэрнээс хойш би хүүхдүүдийнхээ эцэг З руу залгасан. Байрны түрээсээ төлж чадахгүй байна, мөнгө төгрөг байхгүй байна чи ядаж хоёр хүүхэддээ мөнгө өгөөч ээ гээд хэлэхэд тэрээр хуулийнхаа дагуу асуудлыг шийднэ гэж хэлсэн...Мгийн нөхөр Эрдэнэбаяр гэдэг хүн 99192020 дугаараас манай Төр.мн сайтын захирал руу 2021 оны 02 дугаар сарын 08-наас хойш 3 удаа залгаад “Эрин дунд сургуулиас ярьж байна, танай сайтад реклам өгөх гэсэн юм, манай сургууль нээлтээ хийх гэж байгаа юм” гэж худал хэлээд манай захирал Шүрэнцэцэгийн байгаа байршлыг мэдэж аваад миний хоёр охиныг аваачиж хаясан байсан. Би Шүрэнцэцэг захирлын өрөөнд М хоёр охиныг оруулж хаясан гэдгийг мэдээгүй байсан бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Шүрэнцэцэг захирлын фэйсбүүкээс олж мэдсэн...Миний хоёр охиныг зохион байгуулалттайгаар бүлэглэж, санаатайгаар төөрүүлж хаясан байна. Би үнэхээр гомдолтой байна. Манай ажлын газрын хүмүүс цагдаагийн байгууллагад  хандаагүй бол ямар муу зүйл тохиолдох бол. М миний хоёр хүүхдийг зулбасага, ална шүү гэх мэтээр хэлж байсан. Үнэхээр гомдолтой байна. З нь эхнэр хүүхдийнхээ ятгалганд орж өөрийнхөө хоёр хүүхдийг төөрүүлж хаясанд гомдолтой байна. Намайг үзэн ядаж болно гэхдээ учраа мэдэхгүй, шатаар ч явж чадахгүй хоёр хүүхдийг хаясан байна...Би Мтэй 2020 оны 08 дугаар сард уулзаж байсан. Тэр өдөр намайг зодож байсан. Бага охины толгой руу цохиж уйлуулсан...Би захирал болох Шүрэнцэцэгтэй огтхон ч адилгүй. Манай захирал хар өнгийн үстэй, би бор шаргал үстэй, манай захирал надаас тарган намхан. Бид хоёрыг хэн ч харсан адилхан гэж хэлэхгүй. М намайг зодож байсан харин Гуамарал намайг хаа байгаа газарт чинь очиж ална шүү гэх мэтээр доромжилдог байсан болхоор би айгаад өөрийнхөө байгаа газрыг хэлээгүй. З тэд нартай хамт байгаа болохоор би түүнд мөн адил хаана байгаа газраа хэлээгүй. Би өөрийнхөө охидуудыг өөрийнхөө төрсөн эцэгтэй хамт байгаа гэж бодож байсан. Би хаа хамаагүй хүнд үлдээж яваагүй...,

...З.Сарануг төрөхөд Б.З нь Говь-Алтай аймгийн Цээл сумын улсын бүртгэлийн хэлтсийн ажилтантай утсаар ярьж учир шалтгаанаа хэлж холбогдох материалаа интернэтээр явуулж төрсний гэрчилгээг нь авч байсан. З.Нарануг төрөхөд Б.З бид хоёр иргэний үнэмлэхний хуулбараас гадна гэрлэлтийн баталгаагүй тул Б.Заар овоглохыг хүссэн өргөдөлөө хамт бичиж материалаа Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст өгч байсан. Б.З нь ихэвчлэн хөдөө ажилладаг тул би түүнд З.Сарану, З.Нарану нарыг харуулахаар өгч байгаагүй. 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр үнэхээр шалтгаантай тул Б.Зд хүлээлгэн өгсөн. Б.З нь намайг төр.мн сайтад албан бус гэрээгээр ажиллаж байсан талаар мэдэх боловч ажлын байранд дээр ирж байгаагүй. Б.З нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр намайг эцэг, эхээс минь хадаг барьж гуйж авч байсан ба өмнөх өдөр нь Б.З надад хандаж “би эхнэр, хүүхэдтэй, манай эхнэрийг Маралаа гэдэг, одоо жирэмсэн” гэж хэлсэн. Үүнийг сонсоод би түүнд гомдож “би чамаас салж гадагшаа сурахаар явья, охиноо аав, ээждээ үлдээе” гэж хэлэхэд тэрээр надаас салахгүй гээд байсан. Мөн үүнээс өмнө 2018 оны 03 дугаар сард Б.З нь өөрийн төрсөн ээж Дулмаатай намайг танилцуулж байсан ба Дулмаа эгчийн гэрт байнга очдог байсан. Миний санаж байгаагаар 2021 оны 04 дүгээр сард Дулмаа эгч надад хандаж Б.Зын эхнэр, хүүхэд гэж ааштай хүмүүс байдаг, хэрвээ та хоёрыг хүүхэдтэй болсныг мэдвэл муу зүйл хийх байх болгоомжтой байгаарай гэж хэлж байсан. 2020 оны 08 дугаар сард би Б.Зтай уулзах гээд гэрт нь очиход байрных нь гадаа түүний эхнэр Маралаа, охин М нартай таарсан ба тэр хоёр намайг үг хэлээр доромжилж, М нь намайг зодсон. Мөн М нь миний зургийг гар утсаараа дараад Говь-Алтай аймгийн фэйсбүүк грүпп дээр зургийг чинь тавьж чамайг ичих нүүргүй болгоноо гэж хэлээд дарамталсан ба тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй...Нэмж хэлэхэд энэ хэргийн талаар учир мэдэхгүй 1, 3 настай охидууд минь танихгүй газар хаягдсан тухай сэтгүүлч хүнийхээ үүднээс Хүний эрхийн үндэсний комисс, Нэгдсэн үндэсний байгууллагад хандах болно...маш их гомдолтой байна...Миний хувьд өдрийн цагаар ажил хийдэг тул хоёр хүүхэд болох З.Сарану, З.Нарану нарыг урьд өмнө явж байсан цэцэрлэгйн туслах багшид нь өдрийн 15,000 төгрөгийн төлбөр өгч гэртээ харуулдаг байсан. Тэгтэл 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс цэцэрлэгийн туслах багш нь сургалтанд хамрагдахаар болсон тул З.Сарану, З.Нарану нарыг харах хүнгүй болсон. Тэгээд З.Сарану, З.Нарану нарыг Б.Заар хэд хоног харуулах зорилгоор түүн рүү болон түүний эхнэр Маралаа нар руу залгахад гар утсаа авахгүй байсан. Иймд 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б.Зын гэрт очиж З.Сарану, З.Нарану нарыг үлдээсэн. Тухайн үед Б.З өөрөө гэрийнхээ хаалгыг онгойлгож З.Сарану, З.Нарану бид гуравыг хараад тэрээр гайхсан харцаар “хүүе та гурав юу хийж байгаа юм бэ” гэж асуухаар нь би хариуд нь “хоёр хүүхдийг харах хүнгүй болчихлоо, ажил руу авч явах гэхээр формалиний уусмалтай болохоор хүүхэд байлгаж болохгүй байна” гэж хэлсэн. Тэгтэл Б.З “за чи яв яв” гэж хэлээд З.Сарану, З.Нарану нарыг аваад гэртээ орсон. Б.З намайг Эмгэг судлалын үндэсний төвд үндсэн ажилтнаар болон төр.мн сайтад түр ажилладаг байсан гэдгийг мэднэ. Тухайн үед ажлын хажуугаар З.Сарану, З.Нарану нарыг харах хүнгүй байсан тул хэд хоног аавтайгаа хамт байг гэж бодоод Б.Зын гэрт очиж хүлээлгэн өгсөн. Мөн үүнээс гадна би өөр түрээсийн байр хайх, эмнэлэгт хэвтэж биеэ тэнхрүүлэх шаардлагатай байсан юм. Б.З, З.М нарт байгаа газраа хэлэхгүй байсан шалтгаан маань тэдгээр хүмүүсийн дарамт шахалтнаас айж байсан. Тэр тусмаа Б.М нь намайг утсаар маш их доромжилж заналхийлж байсан. 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 13 цаг өнгөрч байхад би хоёр хүүхдээ яаж байгаа бол гэдгийг асуух гээд Б.Зтай утсаар ярихад “З.Сарану, З.Нарану нарыг төр.мн дээр үлдээх гэж байна” гэж хэлэхээр нь би хариуд нь “төр.мн миний үндсэн ажил биш гэдгийг чи мэдэж байгаа ш дээ, би наана чинь байхгүй ш дээ” гэж хэлэхэд утсаа тасалчихсан...Миний хувьд хоёр хүүхдээ бусдын хэл амнаас хамгаалж хэн нэгнээс ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй, гомдол санал байхгүй. Мөн би Говь-Алтай аймгийн Есөнбилэг суманд байрлах Усан спорт, чийрэгжүүлэлтийн газарт ажиллаж байгаа тул хавтаст хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэх /1 дүгээр хавтаст хэргийн 7, 74-76, 2-р хавтаст хэргийн 60-61 дүгээр тал/,

Гэрч Х.Пүрэвдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гараад очиход 00-69 ТӨҮ улсын дугаартай, цагаан өнгийн Тоёота тундра загварын автомашинаас 50 орчим насны эрэгтэй, мөн 25 орчим насны эмэгтэй хүн 2-3 орчим насны хоёр хүүхдийг тэвэрчихсэн гражийн хаалгаар орж байхаар нь..., ...Тэгтэл удалгүй 1 минут ч болоогүй байхад 25 орчим насны эмэгтэй нь үзүүлэнгийн танхимаас ганцаараа гүйж гарч ирээд цахилгаан шатны үүдэнд зогсож байсан 50 орчим насны эрэгтэйн хамт цахилгаан шат дуудаад хүлээж байгаад шатаар доошоо 15 давхар руу алхаж буугаад 15 давхараас цахилгаан шатанд суугаад 1 давхарт буусан...” гэх /1-р хавтаст хэргийн 78-79 дүгээр тал/,

Гэрч Э.Идэрцогт мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...50 орчим насны, эмэгтэй нь 25 орчим насны хоёр хүн 2-3 орчим насны хоёр хүүхэд дагуулан “МН товер"-ын гражаар орж шатаар 1 дүгээр давхарт гарч, 1 дүгээр давхараас цахилгаан шатаар 18 дугаар давхарт гарсан. 18 дугаар давхарт гарсаны дараагаар 50 орчим насны эрэгтэй нь цахилгаан шатны үүдэнд үлдэж...”, “...25 орчим насны эмэгтэй үзүүлэнгийн танхимын зүгээс ганцаараа зугтаж байгаа бололтой гүйж гарч ирээд аваарын шатаар 15 дугаар давхар хүртэл 50 орчим насны эрэгтэйн хамт буугаад, 15 давхараас цахилгаан шатанд сууж манай байгууллагын гражаар гарч явсан байсан...” гэх /1-р хавтаст хэргийн 84-85 дугаар тал/,

Гэрч Б.Шүрэнцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгтэл ярилцлага эхэлж байхад буюу 14 цагийн орчимд үзүүлэнгийн танхимын хаалга чанга дуугарч онгойхоор нь бид нарын анхаарал сарниж хаалганы зүг харахад хар бараан өнгийн куртиктэй, бөмбөлөгтэй хар саарал өнгийн малгайтай, маск зүүсэн эмэгтэй 2-3 орчим насны хоёр хүүхдийг дагуулан оруулж ирж хаячихаад хаалга хүчтэй хаагаад гарч явсан. Бид нар ойлгохдоо тэр хоёр хүүхдийг тухайн байгууллагын ажилтаны хүүхдүүд байх, цайны цагаар оруулж ирж байгаа юм байх гэж бодож ярилцаж байсан ба “МН товер”-ын ажилчид эцэг, эхийг нь эхийг тодруулахад олдоогүй...” гэх /1-р хавтаст хэргийн 90-91 дүгээр тал/,

Гэрч Д.Отгонсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МН” товерын 18 дугаар давхрын үзүүлэнгийн танхимд нэвтрүүлгийн зураг авалтаа эхэлсэн ба Б.Шүрэнцэцэг нь зочноос ярилцлага аваад бичлэг хийгдэж байхад үзүүлэнгийн танхим руу бараан өнгийн куртик, бөмбөлөгтэй малгайтай, амны хаалт зүүсэн үл таних эмэгтэй 2-3 орчим насны хоёр хүүхдийг дагуулан орж ирээд бичлэгийн дундуур явах гэхэд нь би тэр эмэгтэйд “явж болохгүй, явахыг хориглоно” гэдгийг гараараа дохиж үзүүлсэн. Тэгтэл тэр эмэгтэй дагуулж орж ирсэн хүүхдийг шууд тэнд нь орхиод гүйгээд гараад явсан.” гэх /2-р хавтаст хэргийн 65-66 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2127 дугаартай дүгнэлтэд:

Хүний аутосомын хромосомын D3S1358, ТН01, D21S11, D18S51, Penta Е, D5S818, D13S317, D7S820, D16S539, Penta D, Vwa, D8S1179, ТРОХ, PGA локусын аллелиар Б.З нь З.Сарану-ийн биологийн эцэг байх боломжтой байна.

Б.З нь З.Сарану-ийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99 % байна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 103-105 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2126 дугаартай “...D3S1358, ТН01, D21S11, D18S51, Penta Е, D5S818, D13S317, D7S820, D16S539, Penta D, Vwa, D8S1179, ТРОХ, FGA локусын аллелиар Б.З нь З.Нарану-ийн биологийн эцэг байх боломжтой байна. Б.З нь З.Нарану-ийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99 % байна” гэх шинжээчийн дүгнэлт, /1-р хавтаст хэргийн 109-111 дүгээр тал/,

Э.Нас тоолсон тэмдэглэл, төрсөний гэрчилгээний лавлагаа, /1-р хавтаст хэргийн 27-29, 45 дугаар тал/,

Гар утасны ярианы лавлагаа, эд зүйлд үзлэг хийсэн “...ярианы жагсаалтанд үзлэг хийхэд 99117111 дугаарыг Б.З, 99101601 дугаарыг З.М, 99192020 дугаарыг З.Мгийн нөхөр н.Эрдэнэбаяр, 99080555 дугаарыг Б.Маралгуа нар ашиглаж байгаа болно. Мөн дээрх 99117111, 99101601, 99192020, 99080555 дугааруудаас 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр С.Нын 86107111 дугаар руу ямар нэгэн дуудлага хийгдээгүй байгааг үзлэгийн тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл, /1-р хавтаст хэргийн 52-60, 182-213-р тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 2 дэх хэсэгт “...үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх...” нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж заасан.

Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн” гэмт хэргийн субьект нь хуулиар хүүхдийг асран хамгаалах үүрэг хүлээсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч байхаар хуульчилсан. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан “хүүхдээ асран хамгаалах” үүрэг зөвхөн эцэг, эхэд эсхүл Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлд зааснаар “хуулиар асран хамгаалах, харгалзан дэмжвэл зохих хүнийг тогтоосон байх ёстой. Гэтэл шүүгдэгч З.М нь хүүхдүүдийг асран хамгаалах, харгалзан дэмжвэл зохих этгээд биш бөгөөд хуульд зааснаар ямар нэгэн эрх, үүрэг хүлээгээгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймээс З.М нь Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн субьект болохгүй тул тус зүйл хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж хангагдахгүй гэж үзэж түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Зыг шүүгдэгч З.Мгийн ятгалгаар түүнтэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн өөрийн төрсөн хүүхдүүдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг шүүх хянан хэлэлцээд З.Мд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан учир шүүгдэгч Б.Зд холбогдох үйлдэл холбогдолд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлах шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.З нь 2012 оны 09 дүгээр сараас эхлэн С.Нд өөрийгөө эхнэргүй ганц бие гэж танилцуулж, 2018 оноос эхлэн хамтран амьдарч байх хугацаанд буюу 2018 оны 01 дүгээр сард том охин З.Сарану, 2019 оны 04 дүгээр сард бага охин З.Нарану нар төрсөн бөгөөд 2018 оны 08 дугаар сард С.Н нь Б.Зыг эхнэр, хүүхэдтэй гэдгийг мэдэж дээрх асуудлын улмаас маргалдаж С.Н нь З.Сарану, З.Нарану нартай тусдаа амьдарч байсан ба 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр С.Нын түрээслэн амьдарч байсан байрны түрээсийн хугацаа дууссан, мөн ажлын шаардлагаар З.Сарану, З.Нарану нарыг асран хамгаалуулахаар үлдээх хүнгүй болсон ба ажил хийж мөнгө олох, эрүүл мэндийн шалтгаанаар 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр З.Сарану, З.Нарану нарыг төрсөн эцэг Б.Зд асран хамгаалуулахаар гэрт нь аваачиж хүлээлгэн өгсөн байна. Гэтэл Б.З нь З.Сарану, З.Нарану нарын төрсөн эцэг мөн атлаа хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж өөрийн төрсөн хүүхдүүд болох 03 нас 16 хоногтой Зын Сарану, 01 нас 09 cap 10 хоногтой Зын Нарану нарыг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МН” товерын 18 дугаар давхарт хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

  Шүүгдэгч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”...Би Нтай танилцсан хугацаанаас хойш 2018 онд эхнэртэй гэж хэлсэн гэх нь худлаа зүйл. Би өмнө нь эхнэр хүүхэдтэй гэдгээ хэлж байсан. Манай найз нөхөд хүртэл эхнэр хүүхэдтэй хүн шүү дээ гэж хэлж байсан. Н амь насаа хорлоно гэж хэлэх юмаа гээд түүний дүүд хэлж байсан. Би гэр бүлийнхэнтэй нь одоо хэр нь холбоотой байдаг. Тухайн нөхцөл байдал үүссэний өглөө Нтай ганц хоёр ч үгс солиогүй. Хаалгаар Н хоёр хүүхэд түлхээд оруулж ирсэн. Би тэр хоёр хүүхдийг аваад явсан. Би Н хүүхдүүдийг оруулж ирэх үед ярьсан зүйл байхгүй. Хоёр хүүхэд манайд байх хугацаанд юу болоод байгаа юм бэ гэх асуудал үүссэн. Би хоёр хүүхдээ гэрт байхад манай охины хүүхэдтэй нийлээд гурван хүүхдийг асарч халамжлаад дээл хувцсыг нь угааж, хоол унд хийж өгөөд хааяа эхнэртээ загнуулсан байдалтай байсан. Манай эхнэрийн хувьд сэтгэл зүйн дарамттай байсан нь мэдээж хэрэг. Би хүүхдүүдийг өдөрт 3 удаа хооллож байсан. Түүнтэй утсаар ярихад Сэлэнгэ аймаг руу задлан шинжилгээ хийж байна. Буцахдаа Зүүн хараа дээр байна задлан шинжилгээний ажил удааширч байна гэж хэлсэн. Тэгээд шөнө болж байхад чи хэзээ ирэх гэж байгаа юм бэ гэхэд би гарч байна 22-ийн товчоогоор орно гэж хэлсэн. Тэгээд маргааш нь асуусан чинь би задлан шинжилгээ хийгээд шоконд орсон байдалтай байна гэж хэлсэн. Мөрдөгч тэр бүгдийг деталчилж бичиж аваагүй байна. Н “Хийморь” оффис дээр хүргэж өг гэж хэлж байсан мөн тийм газар хүргэж өг гэж хэлж байсан нь надад гомдоод уурлаад өс санасандаа хэлж байсан юм болов уу гэж бодож байна. Тэрнээсээ болоод ийм асуудлыг зохион байгуулалттайгаар хийсэн үү гэх асуудал дээр эргэлздэг. Оффисыг асууж байгаад “Мн” товерт аваачиж өгөх гэтэл манай охин эхлээд би байгаа эсэхийг харъя гээд орж харсан. Тэгээд би хоёр хүүхдийг оруулж өгөх гэтэл хамт оруулж өгье гээд орох гэж байтал манай охин би хоёр хүүхдийг оруулаад өгье гээд оруулж өгсөн. Миний охин хэлэхдээ би хоёр хүүхдийг ээжид нь баталгаатай оруулж өгсөн гэж хэлсэн. Би айлын том хүүхэд олон дүү нартай надад хүүхдүүдээ төөрөгдүүлэх сэдэлт байгаагүй. Намайг хүүхдүүдээ хаясан гэж яллаж байгаад гайхаж байна...” гэх

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2011 онд оюутан болоод Улаанбаатар хотод ирж байсан ба 2011 оны 10 дугаар сард 100 айлын орчимд такси барих гээд зогсож байхад цагаан өнгийн автомашин /загвар, улсын дугаарыг нь санахгүй байна/ ухарч ирж зогсохоор нь би суугаад гэртээ хүргүүлж байсан. Ингэж анх Б.Зтай танилцаж байсан ба тэрээр надтай танилцахдаа өөрийгөө Батхүү гэж танилцуулж, 3 настай хүүтэй, манай хүү АНУ-д амьдардаг гэж хэлж байсан ба тухайн үед Б.З намайг танилцья гээд шалаад байсан тул би ашигладаггүй байсан 99615436 гэсэн дугаарыг өгч автомашинаас нь бууж байсан. Уг үйл явдал болсоноос хойш 1 cap орчимын дараагаар би 99615436 дугаараа ашиглаж эхлэхэд нууцалсан дугаараас залгахаар нь дуудлагыг нь авахад Б.З байсан ба “сайн уу, уулзья” гэж хэлэхээр нь би татгалзсан. Үүнээс хойш над руу нууцалсан дугаараас байнга залгахаар нь би дуудлагыг нь авдаггүй байсан. 2011 оны 12 дугаар сард би Говь- Алтай аймгаас Улаанбаатар хотод оюутан болж ирсэн найзуудтайгаа уулзаад орой харих гэж байхад нууцалсан дугаараас залгаад байхаар нь дуудлагыг авахад Б.З “уулзая” гээд гуйгаад байсан тул би зөвшөөрсөн. Зөвшөөрсөн шалтгаан нь тухайн үед гадаа харанхуй болсоноос гадна би Улаанбаатар хотод газар сайн мэдэхгүй тул Б.Заар хүргүүлэхээр болсон юм. Ингээд Б.З надтай байнга утсаар ярьдаг байсан тул би түүнд дасаж эхэлсэн ба 2012 онд 09 дүгээр сард буюу 2 дугаар курст орсон жилд Б.З бид хоёр уулзаж эхэлж, үүнээс хойш бид хоёрын харилцаа гүнзгийрч эхэлсэн. 2017 онд би жирэмсэн болж, тухайн оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б.З надтай хамт Говь-Алтай аймгийн Цээл сум руу очиж манай аав, ээж хоёртой танилцсан. 2018 оны 01 дүгээр сард манай том охин төрөхөд Б.З Говь-алтай аймагт ирж, манай ах, дүү нартай шинэ хүүхдийн цайллага хийж, охиндоо З.Сарану гэсэн нэр өгсөн. Тэгээд 2018 оны 03 дугаар сард Б.З дахин Говь-Алтай аймагт очиж З.Сарану бид хоёрыг Улаанбаатар хотод авчирч Вива сити хотхонд 2 өрөө байр түрээслэж өгсөн ба энэ үед Б.З бид хоёртой хамт амьдарч байсан боловч ихэвчлэн хөдөө ажлаар явдаг байсан...,

...2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр миний түрээсийн байрны хугацаа дуусаж, мөн ажлын шаардлагын улмаас хоёр хүүхдээ харах хүнгүй болсон тул хэсэг хугацаанд аавтайгаа байж байг гэж бодоод Б.Зын гэрт З.Сарану, З.Нарану нарыг авчирч өгсөн ба би Б.Зд хандаж “хоёр хүүхдээ хэсэг харж байгаарай” гэж хэлээд үлдээсэн. Тэгтэл тухайн өдрийн 10 цагийн орчимд Б.Зын эхнэр Маралаа над руу утсаар яриад “чи хоёр зулбасагаа ав, алаад хаячихна шүү, энэ хоёр хүүхэд чинь эцэг нь тодорхойгүй бутач хүүхдүүд ш дээ” гэх мэт үг хэлж намайг доромжлоод байсан ба би учир явдлаа тайлбарлан хэлэхэд ойлгохгүй байсан. Мөн З надтай утсаар ярихаар нь “би ажилтай байна, байрны түрээс дуусаж байгаа болохоор өөр хямд үнэтэй байр хайх хэрэгтэй байгаа тул чи хэсэг хугацаанд хүүхдүүдээ харж бай” гэж хэлсэн. Б.Заас гадна түүний охин М мөн над руу утсаар яриад “хоёр хүүхдийг чинь гаргаж хаялаа шүү, хөлдөөж ална шүү, хоёр зулбасагаа ирж ав гичий минь” гэж хэлж намайг дарамталсан ба 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Б.Зын эхнэр Маралаа, охин М нар над руу утсаар ярьж дарамталж байсан. 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 13 цагийн орчимд би хоёр хүүхдээ яаж байгаа бол гэдгийг асуух гээд Б.Зтай утсаар ярихад Б.З нь “төр.мн дээр хоёр хүүхдийг чинь хүргэж өглөө” гэж хэлэхээр нь би хариуд нь “би төр.мн сайтад гэрээгээр ажиллаж байгаа, миний үндсэн ажил биш гэдгийг чи мэднэ ш дээ, би төр.мн сайтын ажлын байран дээр байхгүй” гэж хэлэхэд ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр утсаа тасалсан. Тэгээд 16 цагийн орчимд над руу 91030025 дугаараас залгаад “Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс ярьж байна, та хаана байна вэ” гэж асуухаар нь би эмнэлэгт хэвтэх гэж байгаа талаараа хэлсэн. Тэгтэл тэр цагдаа “танай хүүхдүүдийг гадаа орхиж явсан байна, та ирж уулзах шаардлагатай" гэж хэлэхээр нь би Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиж мэдүүлэг өгсөн ба хоёр хүүхдээ асуухад хамгаалах байранд байгаа гэж хэлсэн. Тухайн үед би эрүүл мэндийн шалтгаанаас гадна хоёр хүүхдээ гудамжинд хаягдсан гэдгээс болж сэтгэл санаагаар унаж “Энэрэл” эмнэлэгт 5 хоног хэвтэж эмчилгээ хийлгээд 2021 оны 02 дугаар сарын 14- ний эмнэлгээс гарч хоёр хүүхдээ хамгаалах байрнаас авсан...цагдаагийн алба хаагч манай хүүхдүүдийг харах хүнгүй явж байна, аав нь Төв аймагт явж байна гэнэ гээд ярихаар нь би шоконд орчихсон. Хамгийн гол нь З тухайн үед цагдаад Төв аймагт явж байна гэж худал хэлсэн байсан...Тэрнээс хойш би хүүхдүүдийнхээ эцэг З руу залгасан. Байрны түрээсээ төлж чадахгүй байна, мөнгө төгрөг байхгүй байна чи ядаж хоёр хүүхдэдээ мөнгө өгөөч ээ гээд хэлэхэд тэрээр хуулийнхаа дагуу асуудлыг шийднэ гэж хэлсэн...Мгийн нөхөр Эрдэнэбаяр гэдэг хүн 99192020 дугаараас манай Төр.мн сайтын захирал руу 2021 оны 02 дугаар сарын 08-наас хойш 3 удаа залгаад “Эрин дунд сургуулиас ярьж байна, танай сайтад реклам өгөх гэсэн юм, манай сургууль нээлтээ хийх гэж байгаа юм” гэж худал хэлээд манай захирал Шүрэнцэцэгийн байгаа байршлыг мэдэж аваад миний хоёр охиныг аваачиж хаясан байсан. Би Шүрэнцэцэг захирлын өрөөнд М хоёр охиныг оруулж хаясан гэдгийг мэдээгүй байсан бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Шүрэнцэцэг захирлын фэйсбүүкээс олж мэдсэн...Миний хоёр охиныг зохион байгуулалттайгаар бүлэглэж, санаатайгаар төөрүүлж хаясан байна. Би үнэхээр гомдолтой байна. Манай ажлын газрын хүмүүс цагдаагийн байгууллагад  хандаагүй бол ямар муу зүйл тохиолдох бол. М миний хоёр хүүхдийг зулбасага, ална шүү гэх мэтээр хэлж байсан. Үнэхээр гомдолтой байна. З нь эхнэр хүүхдийнхээ ятгалгад орж өөрийнхөө хоёр хүүхдийг төөрүүлж хаясанд гомдолтой байна. Намайг үзэн ядаж болно гэхдээ учраа мэдэхгүй, шатаар ч явж чадахгүй хоёр хүүхдийг хаясан байна...Би Мтэй 2020 оны 08 дугаар сард уулзаж байсан. Тэр өдөр намайг зодож байсан. Бага охины толгой руу цохиж уйлуулсан...Би захирал болох Шүрэнцэцэгтэй огтхон ч адилгүй. Манай захирал хар өнгийн үстэй, би бор шаргал үстэй, манай захирал надаас тарган намхан. Бид хоёрыг хэн ч харсан адилхан гэж хэлэхгүй. М намайг зодож байсан харин Гуамарал намайг хаа байгаа газарт чинь очиж алга шүү гэх мэтээр доромжилдог байсан болохоор би айгаад өөрийнхөө байгаа газрыг хэлээгүй. З тэд нартай хамт байгаа болохоор би түүнд мөн адил хаана байгаа газраа хэлээгүй. Би өөрийнхөө охидуудыг өөрийнхөө төрсөн эцэгтэй хамт байгаа гэж бодож байсан. Би хаа хамаагүй хүнд үлдээж яваагүй...,

...З.Сарануг төрөхөд Б.З нь Говь-Алтай аймгийн Цээл сумын улсын бүртгэлийн хэлтсийн ажилтантай утсаар ярьж учир шалтгаанаа хэлж холбогдох материалаа интернэтээр явуулж төрсний гэрчилгээг нь авч байсан. З.Нарануг төрөхөд Б.З бид хоёр иргэний үнэмлэхийн хуулбараас гадна гэрлэлтийн баталгаагүй тул Б.Заар овоглохыг хүссэн өргөдлөө хамт бичиж материалаа Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст өгч байсан. Б.З нь ихэвчлэн хөдөө ажилладаг тул би түүнд З.Сарану, З.Нарану нарыг харуулахаар өгч байгаагүй. 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр үнэхээр шалтгаантай тул Б.Зд хүлээлгэн өгсөн. Б.З нь намайг төр.мн сайтад албан бус гэрээгээр ажиллаж байсан талаар мэдэх боловч ажлын байранд дээр ирж байгаагүй. Б.З нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр намайг эцэг, эхээс минь хадаг барьж гуйж авч байсан ба өмнөх өдөр нь Б.З надад хандаж “би эхнэр, хүүхэдтэй, манай эхнэрийг Маралаа гэдэг, одоо жирэмсэн” гэж хэлсэн. Үүнийг сонсоод би түүнд гомдож “би чамаас салж гадагшаа сурахаар явья, охиноо аав, ээждээ үлдээе” гэж хэлэхэд тэрээр надаас салахгүй гээд байсан. Мөн үүнээс өмнө 2018 оны 03 дугаар сард Б.З нь өөрийн төрсөн ээж Дулмаатай намайг танилцуулж байсан ба Дулмаа эгчийн гэрт байнга очдог байсан. Миний санаж байгаагаар 2021 оны 04 дүгээр сард Дулмаа эгч надад хандаж Б.Зын эхнэр, хүүхэд гэж ааштай хүмүүс байдаг, хэрвээ та хоёрыг хүүхэдтэй болсныг мэдвэл муу зүйл хийх байх болгоомжтой байгаарай гэж хэлж байсан. 2020 оны 08 дугаар сард би Б.Зтай уулзах гээд гэрт нь очиход байрных нь гадаа түүний эхнэр Маралаа, охин М нартай таарсан ба тэр хоёр намайг үг хэлээр доромжилж, М нь намайг зодсон. Мөн М нь миний зургийг гар утсаараа дараад Говь-Алтай аймгийн фэйсбүүк групп дээр зургийг чинь тавьж чамайг ичих нүүргүй болгоноо гэж хэлээд дарамталсан ба тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй...Нэмж хэлэхэд энэ хэргийн талаар учир мэдэхгүй 1, 3 настай охидууд минь танихгүй газар хаягдсан тухай сэтгүүлч хүнийхээ үүднээс Хүний эрхийн үндэсний комисс, Нэгдсэн үндэсний байгууллагад хандах болно...маш их гомдолтой байна...Миний хувьд өдрийн цагаар ажил хийдэг тул хоёр хүүхэд болох З.Сарану, З.Нарану нарыг урьд өмнө явж байсан цэцэрлэгийн туслах багшид нь өдрийн 15.000 төгрөгийн төлбөр өгч гэртээ харуулдаг байсан. Тэгтэл 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс цэцэрлэгийн туслах багш нь сургалтад хамрагдахаар болсон тул З.Сарану, З.Нарану нарыг харах хүнгүй болсон. Тэгээд З.Сарану, З.Нарану нарыг Б.Заар хэд хоног харуулах зорилгоор түүн рүү болон түүний эхнэр Маралаа нар руу залгахад гар утсаа авахгүй байсан. Иймд 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б.Зын гэрт очиж З.Сарану, З.Нарану нарыг үлдээсэн. Тухайн үед Б.З өөрөө гэрийнхээ хаалгыг онгойлгож З.Сарану, З.Нарану бид гурвыг хараад тэрээр гайхсан харцаар “хүүе та гурав юу хийж байгаа юм бэ” гэж асуухаар нь би хариуд нь “хоёр хүүхдийг харах хүнгүй болчихлоо, ажил руу авч явах гэхээр формалиний уусмалтай болохоор хүүхэд байлгаж болохгүй байна” гэж хэлсэн. Тэгтэл Б.З “за чи яв яв” гэж хэлээд З.Сарану, З.Нарану нарыг аваад гэртээ орсон. Б.З намайг Эмгэг судлалын үндэсний төвд үндсэн ажилтнаар болон төр.мн сайтад түр ажилладаг байсан гэдгийг мэднэ. Тухайн үед ажлын хажуугаар З.Сарану, З.Нарану нарыг харах хүнгүй байсан тул хэд хоног аавтайгаа хамт байг гэж бодоод Б.Зын гэрт очиж хүлээлгэн өгсөн. Мөн үүнээс гадна би өөр түрээсийн байр хайх, эмнэлэгт хэвтэж биеэ тэнхрүүлэх шаардлагатай байсан юм. Б.З, З.М нарт байгаа газраа хэлэхгүй байсан шалтгаан маань тэдгээр хүмүүсийн дарамт шахалтаас айж байсан. Тэр тусмаа Б.М нь намайг утсаар маш их доромжилж заналхийлж байсан. 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 13 цаг өнгөрч байхад би хоёр хүүхдээ яаж байгаа бол гэдгийг асуух гээд Б.Зтай утсаар ярихад “З.Сарану, З.Нарану нарыг төр.мн дээр үлдээх гэж байна” гэж хэлэхээр нь би хариуд нь “төр.мн миний үндсэн ажил биш гэдгийг чи мэдэж байгаа ш дээ, би наана чинь байхгүй ш дээ” гэж хэлэхэд утсаа тасалчихсан...Миний хувьд хоёр хүүхдээ бусдын хэл амнаас хамгаалж хэн нэгнээс ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй, гомдол санал байхгүй. Мөн би Говь-Алтай аймгийн Есөнбилэг суманд байрлах Усан спорт, чийрэгжүүлэлтийн газарт ажиллаж байгаа тул хавтаст хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэх /хавтаст хэргийн 7, 74-76, 2-р хавтаст хэргийн 60-61 дүгээр тал/,

Гэрч Х.Пүрэвдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өөрийн ажлын байр болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МН товер”-ын нэгдүгээр давхрын камерын хяналтын өрөөнд үүрэг гүйцэтгэж байхад гражийн үүдэнд цагаан өнгийн пикап загварын автомашин ирж зогсохоор нь гражийн хаалга хаачих байх гэж бодоод гараад очиход 00-69 ТӨҮ улсын дугаартай, цагаан өнгийн “Тоёота тундра” загварын автомашинаас 50 орчим насны эрэгтэй, мөн 25 орчим насны эмэгтэй хүн 2-3 орчим насны хоёр хүүхдийг тэвэрчихсэн гражийн хаалгаар орж байхаар нь...” гэх /1-р хавтаст хэргийн 78-79 дүгээр тал/,

Гэрч Э.Идэрцогт мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгтэл Х.Пүрэвдорж хяналтын камерын бичлэг харуулаад “гражаар орсон үл таних хоёр хүн манай оффисын 18 дугаар давхарт бага насны хоёр хүүхэд үлдээгээд гараад явчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би хяналтын камерын бичлэгийг ухрааж үзэхэд эрэгтэй нь 50 орчим насны, эмэгтэй нь 25 орчим насны хоёр хүн 2-3 орчим насны хоёр хүүхэд дагуулан “МН товер"-ын гражаар орж шатаар 1 дүгээр давхарт гарч, 1 дүгээр давхраас цахилгаан шатаар 18 дугаар давхарт гарсан. 18 дугаар давхарт гарсны дараагаар 50 орчим насны эрэгтэй нь цахилгаан шатны үүдэнд үлдэж, харин 25 орчим насны эмэгтэй нь хоёр хүүхдийг дагуулаад үзүүлэнгийн танхим руу авч явж байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан...” гэх /1-р хавтаст хэргийн 84-85 дугаар тал/,

Гэрч Б.Шүрэнцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би “төр.мн” сайтын захирлаар ажилладаг бөгөөд манай байгууллага нь 2021 оны 01 дүгээр сараас Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 8/5 дугаар байрны 306 тоотод байрлаж үйл ажиллагаа явуулж байна. 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр манай байгууллага 20 минутын нэвтрүүлгийн бичлэг авах зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МН товер”-ын 18 давхрын 1803 тоотод очсон юм. 1803 тоот өрөө нь багтаамжийн хувьд жижигхэн байсан тул тус тоотын урд талд байрлах үзүүлэнгийн танхимд ярилцлага авсан. Тэгтэл ярилцлага эхэлж байхад буюу 14 цагийн орчимд үзүүлэнгийн танхимын хаалга чанга дуугарч онгойхоор нь бид нарын анхаарал сарниж хаалганы зүг харахад хар бараан өнгийн куртиктэй, бөмбөлөгтэй хар саарал өнгийн малгайтай, маск зүүсэн эмэгтэй 2-3 орчим насны хоёр хүүхдийг дагуулан оруулж ирж хаячихаад хаалга хүчтэй хаагаад гарч явсан...” гэх /1-р хавтаст хэргийн 90-91 дүгээр тал/,

Гэрч Д.Отгонсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МН товерын 18 дугаар давхрын үзүүлэнгийн танхимд нэвтрүүлгийн зураг авалтаа эхэлсэн ба Б.Шүрэнцэцэг нь зочноос ярилцлага аваад бичлэг хийгдэж байхад үзүүлэнгийн танхим руу бараан өнгийн куртик, бөмбөлөгтэй малгайтай, амны хаалт зүүсэн үл таних эмэгтэй 2-3 орчим насны хоёр хүүхдийг дагуулан орж ирээд бичлэгийн дундуур явах гэхэд нь би тэр эмэгтэйд “явж болохгүй, явахыг хориглоно” гэдгийг гараараа дохиж үзүүлсэн. Тэгтэл тэр эмэгтэй дагуулж орж ирсэн хүүхдийг шууд тэнд нь орхиод гүйгээд гараад явсан. Тухайн цаг хугацаанд нэвтрүүлэгт оролцож байсан зочин болон бид нарын анхаарал хоёр хүүхэд дээр төвлөрч бичлэгээ зогсоосон. Ингээд бие би ерүүгээ гайхаад ямар учиртай хүн, юун хүүхэд орхиод гараад явчихав гээд хэдэн биенээсээ асуухад бүгд эцэг, эхийг нь мэдэхгүй байсан тул МН товерын ресейпшнд мэдэгдсэнээр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан...” гэх /2-р хавтаст хэргийн 65-66 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2127 дугаартай дүгнэлтэд:

Хүний аутосомын хромосомын D3S1358, ТН01, D21S11, D18S51, Penta Е, D5S818, D13S317, D7S820, D16S539, Penta D, Vwa, D8S1179, ТРОХ, PGA локусын аллелиар Б.З нь З.Сарану-ийн биологийн эцэг байх боломжтой байна.

Б.З нь З.Сарану-ийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99 % байна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 103-105 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2126 дугаартай “...D3S1358, ТН01, D21S11, D18S51, Penta Е, D5S818, D13S317, D7S820, D16S539, Penta D, Vwa, D8S1179, ТРОХ, FGA локусын аллелиар Б.З нь З.Нарану-ийн биологийн эцэг байх боломжтой байна. Б.З нь З.Нарану-ийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99 % байна” гэх шинжээчийн дүгнэлт, /1-р хавтаст хэргийн 109-111 дүгээр тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 05 минут 03 секундээс бичлэг эхэлж байв. Уг камерын бичлэгт үзлэг хийхэд 14 цаг 05 минут 03 секундэд цахилгаан шатны хаалгаар хар өнгийн урт куртик, саарал өнгийн үслэг бөмбөлөгтэй малгайтай, нүүрэндээ цагаан өнгийн нэг удаагийн амны хаалт зүүсэн эмэгтэй, баруун гартаа ягаан өнгийн ноосон малгай, ялаан өнгийн куртик, ягаан өнгийн гуталтай бага насны хүүхдийг тэвэрсэн байдалтай, түүний араас ноосон мэт малгай, хар өнгийн нэхий мэт богино куртик, хар өнгийн өмд, хар өнгийн гуталтай, нүүрэндээ нэг удаагийн цагаан өнгийн амны хаалт зүүсэн эрэгтэй хүн цайвар өнгийн ноосон малгай, ягаан өнгийн куртик, бор өнгийн гуталтай бага насны хүүхдийг хоёр гараараа энгэртээ тэвэрсэн байдалтай цахилгаан шатанд орж ирээд, 14 цаг 05 минут 57 секундэд цахилгаан шатнаас гарч байв...дээрх хүмүүс 1 давхраас цахилгаан шатанд сууж, 18 дугаар давхарт бууж байв...14 цаг 06 минут 31 секундэд хар өнгийн урт куртик, саарал өнгийн үслэг бөмбөлөгтэй малгайтай эмэгтэй бага насны хоёр хүүхдийн нэгийг нь баруун гартаа тэвэрч, нөгөөг нь зүүн гараараа нурууны дээд хэсэгт нь түлхэж цайвар өнгийн хаалгаар оруулж байснаар бичлэг эхэлж байв. 14 цаг 06 минут 44 секундэд цайвар өнгийн хаалгаас тухайн эмэгтэй ганцаараа гарч гүйж байгаа дүрс бичигдсэн байх ба камерын дэлгэцийг шилжүүлэхэд дээд талын баруун, зүүн хэсэгт гүйж байгаа дүрс нь бичигдсэн байв. Мөн тухайн эмэгтэй 18 давхрын цахилгаан шатны хойд талд хүлээгээд зогсож байсан эрэгтэйн хамт цаашаа буюу аваарын шатны хэсэг рүү явснаар камерын хяналтаас rapaв. JMG_6163.MOV гэсэн нэртэй файлыг нээн үзэхэд нийт 14 секундын бичлэг байх ба уг бичлэгт аваарын шатны хэсгийг харуулсан байв...дээрх бичлэг дээр аваарын шатаар бууж 16 давхар гэсэн бичлэг дээр аваарын шатаар орж байгааг харуулсан байв... IMG_6165.MOV гэсэн нэртэй файлыг нээн үзэхэд 14 цаг 08 минут 00 секундээс эхэлж байгаа бичлэг байх ба уг бичлэгийн зүүн доод буланд 16f urt koridor гэсэн бичиглэлтэй цахилгаан шат болон коридорыг харуулсан байх ба тухайн хүмүүс цахилгаан шат хүлээж байгаа бололтой зогсож байгаа дүрс харагдана...уг хүмүүс авто зогсоолд байрлуулсан бүрээг нь хар цагаан, тэвш хар болон цагаан өнгийн жип загварын автомашинд сууж замын хөдөлгөөнд оролцож байснаар бичлэг дуусав...Камерын бичлэгт үзлэг хийхэд хар өнгийн урт куртик, саарал өнгийн үслэг бөмбөлөгтэй малгайтай, нүүрэндээ цагаан өнгийн нэг удаагийн амны хаалт зүүсэн эмэгтэй нь Зын М, ноосон мэт малгай, хар өнгийн нэхий мэт богино куртик, хар өнгийн өмд, хар өнгийн гуталтай, нүүрэндээ нэг удаагийн цагаан өнгийн амны хаалт зүүсэн эрэгтэй нь Баасанбатын З нар болохыг үзлэгийн тэмдэглэлд тусгав" гэх Дэлгэцийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хавтаст хэргийн 20-25, 46-51дүгээр тал/,

Э.Нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний лавлагаа, /1-р хавтаст хэргийн 27-29, 45 дугаар тал/,

Гар утасны ярианы биллийн лавлагаа, эд зүйлд үзлэг хийсэн “...ярианы жагсаалтад үзлэг хийхэд 99117111 дугаарыг Б.З, 99101601 дугаарыг З.М, 99192020 дугаарыг З.Мгийн нөхөр н.Эрдэнэбаяр, 99080555 дугаарыг Б.Маралгуа нар ашиглаж байгаа болно. Мөн дээрх 99117111, 99101601, 99192020, 99080555 дугааруудаас 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр С.Нын 86107111 дугаар руу ямар нэгэн дуудлага хийгдээгүй байгааг үзлэгийн тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл, /1-р хавтаст хэргийн 52-60, 182-213-р тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан гэж шүүх үзлээ.

Гэм буруутайд тооцох тухай

Шүүгдэгч Б.З нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр асран хамгаалуулахаар гэрт нь аваачиж хүлээлгэн өгсөн З.Сарану, З.Нарану нарын төрсөн эцэг мөн атлаа хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж өөрийн төрсөн хүүхдүүд болох 03 нас 16 хоногтой Зын Сарану, 01 нас 09 cap 10 хоногтой Зын Нарану нарыг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МН” товерын 18 дугаар давхарт хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.

Хохирол, хор уршгийн талаар 

Хавтаст хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н хохирол төлбөр нэхэмжилсэн баримт гаргаагүй байх тул шүүх, шүүгдэгч Б.Зыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг дискийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.З цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1.Чингэлтэй дүүргийн прокуророос шүүгдэгч З.Мг өөрийн төрсөн эцэг Б.Зтай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан С.Наас Б.Зд асран хамгаалуулахаар хүлээлгэн өгсөн байсан 03 нас 16 хоногтой Зын Сарану, 01 нас 09 cap 10 хоногтой Зын Нарану нарыг “хүүхдүүдээ үлдээж явлаа, ирж авсангүй” гэх шалтгааны улмаас тэдний төрсөн эх болох С.Н руу “хоёр хүүхдийг чинь гаргаж хаялаа шүү, хөлдөөж ална шүү, хоёр зулбасагаа ирж ав гичий минь, асрамжийн газарт өглөө” гэх зэргээр утсаар залгаж, төрсөн эцэг Б.Здаа “наад хүүхдүүдээ эхэд нь аваачиж өг, С.Нын ажил дээр нь аваачиж өг” гэж хүүхдүүдийг орхиж явах санааг гаргаж гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, урьдчилан үгсэн тохиролцож, улмаар төрсөн эцэг Б.Зтай бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МН” товерын 18 дугаар давхарт хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Бэсүд овогт Баасанбатын Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

3. Шүүгдэгч Бэсүд овогт Баасанбатын Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус сануулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           П.АРИУНБОЛД