Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 106

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Р.Т-ийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Я.А-нд холбогдох,

        Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу зээлийн үлдэгдэл 190.000 төгрөг, хүү 20.000 төгрөг, нийт 210.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Т, хариуцагч Я.А, гэрч Р.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ  нь:

          Нэхэмжлэгч Р.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Я.А-д гэрчээр Р.Л-г байлцуулан, 2018 оны 8 дугаар сард аман хэлцлээр 1 сарын тэтгэвэр болох 300.000 төгрөгийн зээл авч өгсөн. Я.А уг мөнгийг “Би өөрөө хариуцаж өгнө” гэж хэлсэн. Үүнээс удаа дараа шаардаж 110.000 төгрөгийг төлүүлж авсан. Одоо үлдэгдэл 190.000 төгрөгийг төлөөгүй байгаа. Үүнд зээлийн хүү болох 20.000 төгрөгийг нэмж, нийт 210.000 төгрөгийг Я.А-ээс гаруулж өгнө үү” гэжээ.

        Хариуцагч Я.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие энэ мөнгийг өөрөө авч хэрэглээгүй. Р.Л-аад зуучилж, түүний охин Улаанбаатар хотод 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэхэд сургууль дээрээ бэлэн байх ёстой болоод мөнгөний хэрэгцээ гарсныг Р.Т-д хэлж, өгсөн. 2018 оны 8 дугаар сарын 14-15-ны өдөр байсан байх. Тухайн мөнгийг Р.Л өөрөө авч хэрэглэж, тухайн мөнгө авсан өдрөө энэ 2 хүн нэг шил архи авч, миний машин дотор хувааж уугаад салцгаасан. Сүүлд нь Р.Т надаас мөнгө нэхээд байхаар нь би такси үйлчилгээнд явдаг, мөнгөний боломж байсан учраас Р.Л-ийн өмнөөс 100.000 гаран төгрөг төлж өгсөн. Р.Л ажилгүй, орлогогүй байгаа, Р.Т нь бас настай хүн, мөнгөний хэрэгцээ их байдаг учир би энэ хоёр хүнд тусалсан. Одоо дахин хүний өмнөөс, мөн өөрийн авч хэрэглээгүй мөнгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Р.Л-г гэрчээр оролцуулж өгнө үү” гэжээ.

         Гэрч Р.Л шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “2018 оны 8 дугаар сард /өдрийг нь санахгүй байна/ би Р.Түвдэндоржоос 300.000 төгрөгийг авсан. Я.А-аар авахуулаад, түүнтэй хамтраад төлөхөөр тохирсон. Би тэр мөнгөнөөс 100.000 төгрөгийг Я.А-нд өгөөд, 200.000 төгрөгийг өөрөө авсан. Тэгээд Я.А Р.Т-д миний тооцоогоор 140.000 орчим төгрөг төлсөн. Үлдэх 160.000 төгрөгийг би өөрөө одоо нэг сарын дотор төлж барагдуулна гэж бодож байна. Би өөрөө авсан мөнгөнөөс ямар ч төгрөг буцаан төлөөгүй байгаа нь үнэн” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Р.Т нь хариуцагч Я.Ал-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу зээлийн үлдэгдэл 190.000 төгрөг, хүү 20.000 төгрөг, нийт 210.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэлд дурдагдсан хариуцагч этгээд “Я.А” нь түүний иргэний үнэмлэхний лавлагаагаар “Я.А” болох нь тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар оролцвол зохих этгээдийг зөв тодорхойлон ирүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй.

            Иймээс хариуцагчийн нэрийг шүүхийн шийдвэрт “Я.А” хэмээн залруулан бичиж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

            Нэхэмжлэгч Р.Т нь “Я.А 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 300.000 төгрөгийг зээлдүүлсэн. Тал мөнгийг нь өөрөө авч, үлдсэнийг нь Р.Л-д өгсөн юм байна лээ” гэх боловч энэ талаар бичгийн нотлох баримт байхгүй, нөгөө талаар, тухайн цаг мөчид хариуцагч Я.А уг мөнгийг өөртөө авч хэрэглэх шаардлага байгаагүй, харин иргэн Р.Л-д мөнгөний хэрэгцээ байсан тул зуучилсан талаараа тайлбарлаж байгаа бөгөөд үүнийг гэрч Р.Л нотолж байна.

            Мөн хариуцагч Я.А иргэн Р.Л-ийн өмнөөс нэхэмжлэгч Р.Т-ид 110.000 төгрөг төлсөн байх бөгөөд үүнийг гэрч болон нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрч мэдүүлсэн.

            Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй байхаар зохицуулсан ба нэхэмжлэгч Р.Т, хариуцагч Я.А нарын хооронд ийм гэрээний харилцаа үүсээгүй буюу зээлдэгч Я.А-ийн өмчлөлд 300.000 төгрөг шилжээгүй, харин ч гэрч Р.Л-ийн өмчлөлд уг мөнгө шилжсэн нь тогтоогдож байх тул Р.Т Я.А-аас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхгүй байна.

            Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэж заасан бөгөөд дээр дурдсанчлан 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр иргэн Я.А-нд бус иргэн Р.Л-аад мөнгөний хэрэгцээ шаардлага байсан бөгөөд Р.Т-оос уг мөнгийг авч ашигласан нь тогтоогдож байна.

          Түүнчлэн талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасны дагуу бичгээр гэрээ байгуулагдаагүй учир “хүү 20.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага мөн үндэслэлгүй байна.

          Гэрч Р.Л “100.000 төгрөгийг Я.А авсан” гэх боловч энэ нь Р.Л, Я.А нарын хоорондын өр, авлагын асуудал тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүйгээс гадна хэрэв Я.А 100.000 төгрөгийг авч өөртөө ашигласан бол тухайн мөнгийг энэ хугацаанд бүрэн төлсөн нь нэхэмжлэгчийн “110.000 төгрөг төлсөн” гэх тайлбараар нотлогдсон гэж үзэв.

            Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч Я.А /Я.А/-д холбогдох “Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу зээлийн үлдэгдэл 190.000 төгрөг, хүү 20.000 төгрөг, нийт 210.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч Р.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Р.Т-оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.  

            Хэрэгт авагдсан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Тэтгэврийн зээлийн гэрээ”-үүд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй буюу тухайн гэрээ байгуулагдсан цаг хугацаатай тохирохгүй байгаа учир уг баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч Я.А /Я.А/-д холбогдох “Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу зээлийн үлдэгдэл 190.000 төгрөг, хүү 20.000 төгрөг, нийт 210.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч Р.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Р.Т-оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6.950 /зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

                           ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ГЭРЭЛТУЯА