Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 121

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч П.Болор, Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар багт байрлах, МХГ-ын нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: С.Г-т холбогдох,

       Мэргэжлийн хяналтын байгууллага, Улсын байцаагчийн нэр төрийг сэргээж, мэдээллийн хэрэгслээр залруулга хийлгэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, хариуцагч С.Г, иргэдийн төлөөлөгч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

       Нэхэмжлэгч Увс аймгийн МХГын дарга Ц.Мөнхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увсын өнгө сонины 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хэвлэлийн “МХГ нэг л бишээ” гэсэн нэртэй нийтлэлд “...Нэгдсэн Мэргэжлийн хяналтын газар байгуулагдсан цаг үеэс эхлээд марзан маягаар ажиллаж эхэлсэн, зөвхөн барилга дээр авч үзье. Байцаагчийн ажлыг дүгнэхдээ олон зөрчил, дутагдал илрүүлсэн, буруу ажлыг зогсоосон, тайлангаа хугацаандаа дэлгэрэнгүй бичиж ирүүлсэн зэрэг тоон үзүүлэлтээр, ажлын идэвхээр дүгнэдэг байв. Ажлын эцсийн үр дүн чанарт гарсан өөрчлөлт байхгүй, тооны араас хөөцөлдсөн л ажил явдаг. 2000 оны үеэс байцаагч нар жинхэнэ утгаараа хүнд сурталтан, авлигын эзэд болон хувирсан билээ. 1.000.000-10.000.000 төгрөгийн хахууль нэхэж авдаг, нэг барилга хүлээн авахад хадагтай мөнгөн аяга бэлгэнд авдаг. Эл байгууллагын хувьд мэдлэг чадварын хувьд харьяа байгууллагын ижил төрлийн мэргэжилтэнгүүдээс хуруу доор түвшиний, нам эвслийн харьяалалтай хүмүүс ажиллах болсон” гэж Мэргэжлийн хяналтын байгууллага, Улсын байцаагчийн нэр төрийг гутаасан, гүтгэсэн нийтлэл бичигдсэн. “Ажлын эцсийн үр дүн чанарт гарсан өөрчлөлт байхгүй, тооны араас хөөцөлдсөн л ажил явдаг” гэсэн нь Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг гутаасан, хийсэн ажлыг харлуулж, нийгэмд буруу ойлголт өгч байна. Төрийн албаны салбар зөвлөлөөс баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга улсын ахлах байцаагч нь Мэргэжлийн хяналтын газрын дарга, Аймгийн Засаг даргатай, улсын байцаагчид Улсын ахлах байцаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулан /тоо, чанар, хугацааны шалгуур үзүүлэлтийн хүрсэн түвшин/-ээр үнэлүүлж Маш сайн буюу А, сайн буюу В үнэлгээ авч байсан. “2000 оны үеэс байцаагч нар жинхэнэ утгаараа хүнд сурталтан, авилгын эзэд болон хувирсан. 1.000.000-10.000.000 төгрөгийн хахууль нэхэж авдаг, нэг барилга хүлээн авахад хадагтай мөнгөн аяга бэлгэнд авдаг” гэсэн хэсэгт тайлбар бичихэд тус газрын улсын байцаагчид авлига авч нотлогдож байсан удаа байхгүй бөгөөд Авлигатай тэмцэх газраас төлөвлөгөөний дагуу жил бүр шалгадаг, ямар нэгэн авлигын зөрчил илрүүлж тогтоож байгаагүй. “Эл байгууллагын хувьд мэдлэг чадварын хувьд харьяа байгууллагын ижил төрлийн мэргэжилтэнгүүдээс хуруу доор түвшний хүмүүс ажилладаг” гэх хэсэгт тус газар нь улсын байцаагч ажилчдыг сургаж мэргэшүүлэх төлөвлөгөө жил бүр гарган мэргэшүүлэх арга хэмжээ авч ажилладаг. Хариуцагч С.Ганхуяг бусад байгууллагын мэргэжилтнүүд болон Мэргэжлийн хяналтын байцаагчдын мэдлэг чадварыг яаж тогтоож харьцуулж бичсэн нь ойлгомжгүй байна. Иймд Мэргэжлийн хяналтын байгууллага, Улсын байцаагчийн нэр төрийг сэргээж, мэдээллийн хэрэгслээр залруулга хийлгэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч С.Ганхуяг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Увсын өнгө сонинд бичсэн шүүмж, төр засгийн байгууллагуудын бүтэц, орон тоо, иргэнд үйлчлэх ажил үйлчилгээний талаарх санал, бодол, шүүмжлэлийг Увс аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын дарга Ц.Мөнхбаяр сандарч шүүхэд өргөдөл өгсөн байна. Алив байгууллага, орон нутгийн сумыг цомхотгох, татан буулгахад түүнийг удирдаж буй дарга, удирдлагууд их эмзэг хүлээн авдаг. Тухайлбал: Цөөн хүн амтай, аймаг, хотын дэргэд буй сумдын удирдлагууд иргэдэд буруу, зөрүү мэдээлэл өгч эсэргүүцдэг нь уламжлал болсон зүйл. Монгол Улсын Их Хурал зарим сумдыг татан буулгаж, давхардал, чирэгдлийг багасгах, зардал хэмнэх тухай яриад 20-30 жил өнгөрч байна. Надад Үндсэн хуулиар олгогдсон хэвлэн нийтлэх, сонинд үзэл бодлоо бичих, хурал цуглаанд иргэнийхээ хувьд үг хэлэх, шүүмжлэх, санал онолоо чөлөөтэй хэлэх эрх чөлөө бий байх. Энэ эрхээ ашиглан хэвлэлийн газруудад бүлэг асуудлаар санал бодлоо төр засгийн удирдлагуудад хүргэх бодлоор санал тавьсан юм. Бараг бүх мэдээллийн хэрэгсэл олгархи, эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг болоод 20 орчим жил болжээ. Мөнгө төгрөг байхгүй иргэд энд хавчигдаад, эрх чөлөөгөө ашиглаж чадахгүй байгаа юм. Цуврал өгүүллэгээ сонин хэвлэлд тавих гээд 10-аад жил явлаа. Увсын өнгө сонин уриалгахан хүлээн авч, зарлал, реклам, зорилтот хөтөлбөр, байгууллага аж ахуйн нэгжийн захиалгад дарагдаад байна гэсээр сар гаруй хугацааны дараа 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаартаа хэвлэсэн байдаг. Ингээд тайлбар энэ тэрээ түр азнаад дараах товч тайлбарыг өгье. Үүнд: Энэхүү салбарын бүтэц үйл ажиллагаа, системийн өнгөрсөн зуунд гүйцэтгэсэн үүрэг, зах зээлийн харилцаанд шилжээд орон тоо, цалин хэд дахин нэмэгдсэн ч ард түмний хүсэн хүлээж буй үйлчилгээний хүртээмж, чанарын үр дүн харагдахгүй байгааг хэт хөгжсөн орны жишээнд тулгуурлан харуулсан болно. Энэ материалд тус байгууллагын нэг ч байцаагчийн нэр төрд халдаагүй болно. Ямар нэг гүтгэлэг доромжлол байхгүй. Энэ байгууллагын байцаагч нарт тохиолдож буй болон бусад зөрчил дутагдал төвийн хэвлэл мэдээллээр өдөр бүр гарч байна. Би Өдрийн сонинг Ардын эрх байх цагаас тасралтгүй захиалан авч уншдаг. Баримт болгон Өдрийн сонины захын 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн №033 дугаарт гарсан баримтад материалыг жишээ болгон хавсаргав. Тайлбар бичиж байх хугацаанд орон нутгийн телевиз “МВС”, “ Сама”-ийн 2019 оны 2 дугаар сарын 23, 24-ний өдрийн мэдээгээр Хартарвагатай уурхайн нүүрсний чанар, замын гуанзны үйчилгээнд сүр жавхлантай шалгалт хийсэн мэдээ гарч байв. Харамсалтай нь иргэн миний хүсэж буй шийдвэр, ажил үйлчилгээ сайжрах төлөв харагдсангүй. Мэргэжлийн хяналтын газар чаддагаараа хаах, боох чиглэл өгч байгаа нь харагдав” гэжээ.

            Иргэдийн төлөөлөгч Х.Намжилмаа шүүх хуралдаанд гаргасан дүнэлтдээ: “Увсын өнгө сонины 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаарт “Мэргэжлийн хяналтын газар нэг л биш ээ” гэх нийтлэлд хэрэг үүсгэсэн шүүх хуралдаанд оролцов. Тухайн сонины нийтлэлд хэн нэгнийг нэрлэн дурдаагүй байна. Хэргийн оролцогчид эвлэрүүлэн зуучлагчид хандаж, учир зүйгээ олох боломжтой байсан байна. Хариуцагч тал гэм буруугүй гэж үзэж байна” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь хариуцагч С.Ганхуягт холбогдуулан “Мэргэжлийн хяналтын байгууллага, Улсын байцаагчийн нэр төрийг сэргээж, мэдээллийн хэрэгслээр залруулга хийлгэх тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хариуцагч нь “Миний бие энэхүү байгууллагын болон нэг ч байцаагчийн нэр төрд халдаагүй, 20-30 жил үргэлжилсэн системийн доголдлын тухай өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” хэмээн маргаж байна. 

            Хэрэгт авагдсан “Увсын өнгө” сонины 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №07/145/ дугаарын 4 дүгээр хуудаст нийтлэгдсэн “Мэргэжлийн хяналтын газар нэг л бишээ” сэдэвтэй Ахмад инженер С.Ганхуягийн нийтлэлд: 1. “... Ажлын эцсийн үр дүн чанарт гарсан өөрчлөлт байхгүй, тооны араас хөөцөлдсөн л ажил явдаг” гэсэн нь Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг гутаасан, хийсэн ажлыг харлуулж, нийгэмд буруу ойлголт өгсөн гэж,  2. “... 2000 оны үеэс байцаагч нар жинхэнэ утгаараа хүнд сурталтан, авилгын эзэд болон хувирсан. ... 1-10 сая төгрөгийн хахууль нэхэж авдаг, нэг барилга хүлээн авахад хадагтай мөнгөн аяга бэлгэнд авдаг ...” гэсэн ба тус байгууллагын улсын байцаагчид авилга авч байсан нь нотлогдоогүй, Авилгатай тэмцэх газарт жил бүр шалгуулдаг гэж,  3. “... Эл байгууллагын хувьд мэдлэг чадварын хувьд харьяа байгууллагын ижил төрлийн мэргэжилтэнгүүдээс хуруу доор түвшний хүмүүс ажилладаг” гэх хэсэгт С.Ганхуяг мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчдын мэдлэг чадварыг яаж тогтоосон нь ойлгомжгүй гэж тус тус байгууллагын болон Улсын байцаагчийн нэр төрд халдсан хэмээн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэжээ.

            1. Нэхэмжлэгчийн буюу Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжлэлд дурдсан “тус байгууллагын болон Улсын байцаагчийн нэр төр сэргээлгэх тухай” шаардлагыг шүүх хянан шийдвэрлэхэд эдийн бус гэм хорыг арилгахтай холбоотой эрх зүйн зохицуулалт буюу Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 511 дүгээр зүйлийн 511.1.-т заасан “Нэр төр”, “Алдар хүнд”, “Ажил хэргийн нэр хүнд” гэсэн ойлголтыг тус тусад нь тайлбарлах шаардлагатай гэж үзлээ.

            “Нэр төр” гэдэг бол иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаарх эерэг үнэлгээ, “Алдар хүнд” гэдэг нь тухайн иргэнд нийгэм, найз нөхөд, хамт олон, бусад харилцагч нараас өгч байгаа үнэлгээнд үндэслэсэн иргэний өөрийнх нь хувийн үнэлэмж, “Ажил хэргийн нэр хүнд” гэдэг нь зах зээлийн харилцаанд оролцогч хувь хүн болон хуулийн этгээдэд хамааралтай бөгөөд тэдгээрийн ажил мэргэжлийн болон бусад үүргээ хэрхэн биелүүлж байгаатай холбоотой ойлголт юм.

            Тодруулбал, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээ тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж, мөн зүйлийн 21.3.-т “Бодит баримтыг бүрэн гүйцэт мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ” гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1.-т “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж тус тус заажээ.

            Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “Мэргэжлийн хяналтын байгууллагын нэр төр сэргээлгэх тухай” шаардлага гаргаж байгаа боловч дээр дурдсанчлан “нэр төр сэргээлгэх тухай” ойлголт нь гагцхүү иргэнд хамааралтай байх тул байгууллагын “нэр төр сэргээлгэх тухай” шаардлагыг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжгүй байна.

            2. Мөн “Улсын байцаагчийн нэр төр сэргээлгэх тухай” шаардлага гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулахад “Манай байгууллагын шуурхай зөвлөгөөний үеэр улсын байцаагч нар маань “нэр төр сэргээлгэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж, улмаар байгууллагын дарга тэднийг төлөөлж нэхэмжлэл гаргасан” гэж байгаа боловч яг ямар албан тушаалтай, хэн гэдэг улсын байцаагч нь өөрийн нэр төрөө сэргээлгэхийг хүссэн нь тодорхойгүй, тухайн улсын байцаагчийн зүгээс байгууллагынхаа даргад түүний нэрийн өмнөөс энэ тухай нэхэмжлэл гаргах эрх олгоогүй, мөн уг байгууллагын дотоод журамд “улсын байцаагчийн өмнөөс байгууллагын дарга төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэснийг зохицуулсан дүрэм журам, гэрээ хэлцэл байхгүй, хэрэгт энэ талаарх нотлох баримтыг нэхэмжлэгчээс ирүүлээгүй байна.

            Нөгөө талаар, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Х.Намжилмаагийн “Нийтлэлд улсын байцаагчийн тодорхой нэр дурдагдаагүй учир хариуцагч гэм буруугүй гэж үзэв” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд хэрэгт авагдсан “Увсын өнгө” сонины 2018 оны №7/145/ дугаарын 4 дүгээр хуудас дахь нийтлэлд “Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газар”, “Улсын байцаагч тэр” гэх тодорхой нэр, хаяг дурдагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

            3. Нэхэмжлэлд дурдсан “Мэдээллийн  хэрэгслээр залруулга хийлгэх тухай” шаардлагын тухайд.

            Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 21.3.-т “ ... уг мэдээ тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2.-т “... мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулагч этгээдэд үүрэг болгоно” гэж зааснаас үзэхэд тухайн мэдээ тараасан хэлбэр, аргаар нь няцаалт хийх, эсхүл нэхэмжлэгчийг хүсвэл өөр хэлбэрээр няцаалт хийх үүргийг л хариуцагчид үүрэг болгож, даалгахаар байна.

            Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс яг ямар хэлбэрээр няцаалт хийлгэх тухайгаа тодорхой дурдаагүй, нөгөө талаар хуульд “няцаах” тухай ойлголт л байгаагаас бус “залруулга” хийхийг даалгаж, үүрэг болгох зохицуулалт тусгагдаагүй байх ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлон ирүүлээгүй байна.  

           Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байх тул Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 497 дугаар зүйлийн 497.1., 511 дүгээр зүйлийн 511.1., 511.2.-т тус тус заасныг баримтлан хариуцагч С.Ганхуягт холбогдох “Мэргэжлийн хяналтын байгууллага, Улсын байцаагчийн нэр төрийг сэргээж, мэдээллийн хэрэгслээр залруулга хийлгэх тухай” нэхэмжлэгч Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           Нэхэмжлэгч Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь төсвийн байгууллагынхаа хувьд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 150000957 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

            Хэргийн 18-35 дугаар хуудаст авагдсан нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан шаардлагыг хангаагүй, мөн шүүх хуралдааны үеэр сонсгож, шинжлэн судалсан утасны ярианы бичлэгийг хуульд заасан арга, хэлбэрээр бэхжүүлээгүй байх тул эдгээр нотлох баримтыг үнэлээгүй болохыг дурдав.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 497 дугаар зүйлийн 497.1., 511 дүгээр зүйлийн 511.1., 511.2.-т тус тус заасныг баримтлан хариуцагч С.Г-т холбогдох “МХБ, Улсын байцаагчийн нэр төрийг сэргээж, мэдээллийн хэрэгслээр залруулга хийлгэх тухай” нэхэмжлэгч Увс аймгийн МХГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Увс аймгийн МХГ-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 150000957 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Увс аймгийн МХГ-т олгосугай. 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                                          ДАРГАЛАГЧ,

                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Н.ГЭРЭЛТУЯА

                                          ШҮҮГЧИД                                                    П.БОЛОР

                                                                                                               Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ