Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 124

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

         Нэхэмжлэгч: Увс аймаг, Завхан сум, 1 дүгээр багт оршин суух, 1987 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОГ87090900, Яргай овогтой Цэдэнгийн Мандахын нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймаг, Завхан сум, 1 дүгээр багт оршин суух, 1985 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОГ85092319, Жанжинхүү овогтой Түвдэн-Осорын Баянтөрд холбогдох,

        “Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох тухай” үндсэн нэхэмжлэлтэй, “Хүүхдүүдийн асрамж тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Мандах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагч Т.Баянтөр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Ц.Мандах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2006 онд Т.Баянтөртэй гэр бүл болсон. 2007 онд охин Б.Ууганзаяа, 2009 онд охин Б.Номинзаяа. 2012 онд хүү Б.Өсөхбаяр, 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр ихэр хүү Б.Алтан, Б.Мөнгөн нарыг төрүүлсэн. Бид амьдарч эхэлсэн эхний жилүүдэд гэр бүлийн уур амьсгал арай гайгүй байдаг байсан ба манай нөхөр архи уусан үедээ агсан согтуу тавьдаг байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд эрүүл байхдаа хүртэл янз бүрээр доромжилж, зоддог болсон. Тэр бүрд нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй, уучлаад онгөрүүлдэг байсан. Нөхрийн ааш бүр эвдэрч гэр бүлийн хүчирхийлэл нь даамжирсан учир 2016 онд шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд гэрлэлт цуцлуулахаар хандсан боловч тухайн үед нөхөр уучлал гуйж, дахин ийм байдал гаргахгүй гэсний улмаас хүүхдүүдээ өнчрүүлэхгүй байх үүднээс би өргөдлөө татаж авсан юм. Гэтэл 2017 оны 1 дүгээр сарын 21-ний орой нөхөр Т.Баянтөр согтуу ирээд агсан тавьж байгаад охин Б.Номинзаяагийн эрүүг шилээр зүсэж гэмтээсэн. Намайг зодох, дарамтлах нь улам ихэссэн ба 2018 оны 9 дүгээр сарын 24-ний орой намайг зодож, хоолой боосон. Улмаар би цагдаагийн байгууллагад хандаж Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2018/ЗШ/190 дугаар шийтгэврээр 7 хоног баривчлах шийтгэл оногдуулсан. Миний бие цаашид энэ хүчирхийлэл дарамтыг тэсвэрлэж амьдрах боломжгүй, хүүхдүүдийн амь нас, эрүүл мэнд, хүмүүжилд ноцтой үр дагавар үүсгэх магадлалтай байх тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

           Хариуцагч Т.Баянтөр шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: “Би 2006 онд Ц.Мандахтай гэр бүл болж, 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. Бид халуун дулаан уур амьсгалтай боломжийн сайхан амьдарч байсан. Манай хадам аавынх мал, хөрөнгө чинээ муутай амьдралаар тааруухан айл, олон хүүхдүүдтэй, энэ айлын хүүхдүүд нь гэр бүл болох охины хөшиг тайлах үед авсан өр зээлээ төлж чадахгүй, манайхаар зээл авахуулан туслуулдаг байсан. Заримдаа зээлээ төлж чадахгүй үедээ хамтран төлж байсан. Ингэж бид хадам хүргэний хувьд хамтарч амьдарч байсан. Сүүлийн үед эхнэр Ц.Мандах нь хүүхдүүдээ асарч халамжлах анхаарал нь суларч, хүүхдүүдээ орхин гадуур, дотуур хэсэж сэлгүүцэн, олсон мөнгө төгрөгийг ямар ч тооцоогүй хэрэглэж, хүүхдийнхээ хувцас хунарыг угааж цэвэрлэхгүй байдаг. Намайг байхгүй үед хүүхдүүдийг маань зодож цохидог, янз бүрийн муугаар харааж зэмлэдэг. 2 том охиныг цасан дээр хөл нүцгэн 10-15 минут яргалсан байгаа. Хүүхдүүдийг минь “5 шээс, тэр согтуу аавыгаа дагаад зайлаарай” гэдэг. Бас аль эрт өөд болсон аав, ээжийг минь элдэв муугаар хэлж, ясыг нь өндөлзүүлдэг. Би маш их эмзэглэж архи дарсыг бага багаар уух болсон. Намайг архи ууснаар далимдуулан олон удаа баривчлуулсан. Цагдаа нар энэ асуудлыг шийдэхдээ өнгөцхөн харж, “Энэ хүний амьдрал ямар байгаа, яагаад архи уугаад байгаа” гэсэн шалтгааныг гүнзгий ухаж ойлгодоггүй, бүх шийдвэрийг эхнэрийн талд гаргаж, намайг буруутгадагт их гутарч гомддог. Хэрэв салах юм бол би Ц.Мандахад 5 хүүхдээ өгөхгүй. Энэ хүн яагаад ч хүүхэд хүмүүжүүлэх хүн биш. Ц.Мандах өөрөө ч бас их архи уудаг. 2012 онд хүү Б.Өсөхбаярыг 5 сартай байхад ангийхантайгаа нийлж архидан хонуудаар явж байсан. Мэдээж хүүхэд уйлж хэцүү байсан ч би “Яахав, сэтгэл санаагаа сэргээг” гэж бодоод юу ч хэлээгүй. Хамгийн сүүлд 2018 оны 9 дүгээр сард 5 хүүхдээ айлд аваачин цоожилчихоод, 3 залуутай архидан хонууд өнжүүдээр явснаас болж салахад хүрсэн юм. Манай гэр орон их бохир, заваан байдаг. Хүүхдүүдийн хувцаснаас хир, шээс, баас үнэртэж, мөн гэр орноо цэвэрлэдэггүй. Увс аймгийн Хүүхэд залуучуудын хөгжил, гэр бүлийн төвөөс ирж манай гэрийн аяга тавагны алчуур, бариул, шүүлтүүр гэх зэргийн зураг хөргийг нь дарж баталгаажуулсан. Намайг бичиг үсэг мэдэхгүйгээр далимдуулан цагдаад худал хуурмаг мэдээлэл бичиж материал бүрдүүлж өгч намайг шалгуулдаг, үүнийг нарийн шалгаж амьдралыг маань ойлгодоггүйд би цагдаа нарт сэтгэл дундуур явдаг” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

      Нэхэмжлэгч Б.Мандах нь хариуцагч Т.Баянтөрд холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, 5 хүүхдийн асрамж тогтоолгох тухай” үнсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Т.Баянтөр нь нэхэмжлэгч Б.Мандахад холбогдуулан “5 хүүхдийн асрамж тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

        Нэхэмжлэгч, хариуцагч нар 2006 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2007 оны 3 дугаар сарын 29-ний өдөр охин Жанжинхүү овогтой Баянтөрийн Ууганзаяа, 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдөр охин Жанжинхүү овогтой Баянтөрийн Номинзаяа, 2012 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хүү Жанжинхүү овогтой Баянтөрийн Өсөхбаяр, 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүү Жанжинхүү овогтой Баянтөрийн Мөнгөн, Жанжинхүү овогтой Баянтөрийн Алтан нар тус тус төрсөн, хүүхдүүд эрүүл бойжиж байгаа нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

        Гэрлэгчид хувийн таарамжгүй харилцааны улмаас байнга маргалдаж, бие биедээ бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг, улмаар уг үйлдэл нь хүүхдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөөтэй байгаагаас үүдэн 2018 оны 9 дүгээр сараас хойш тусдаа амьдрах болжээ.

       Дээрх нөхцөл байдал нь хэргийн 10-13 дугаар хуудаст авагдсан Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2018/ЗШ/190 тоот шийтгэвэр, хэргийн 20-25 дугаар хуудаст авагдсан Увс аймгийн Цагдаагийн газрын тодорхойлолт, гэмт хэрэг, зөрчлийн бүртгэлийн баримтууд, 36 дугаар хуудаст авагдсан охин Б.Номинзаяа, 43 дугаар хуудаст авагдсан охин Б.Ууганзаяа нарын шүүхэд өгсөн санал, 59 дүгээр хуудаст авагдсан гэрч М.Цэцэгмаагийн мэдүүлэг, 69-71 дүгээр хуудаст авагдсан Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 499 дүгээр тодорхойлолт, уг байгууллагад хандсан Б.Номинзаяа болон Б.Ууганзаяа нарын захидал, 97-101 дүгээр хуудаст авагдсан “Хүүхдийн асран хамгаалагч тогтоох шинжээчдийн дүгнэлт”, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх тул Т.Баянтөр, Ц.Мандах нарын гэрлэлтийг эвлэрүүлэх хугацаа олгохгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.  

          Нэхэмжлэгч Ц.Мандах нь Завхан сумын 1 дүгээр багт охин Б.Ууганзаяа, хүү Б.Мөнгөн, Б.Алтан нарын хамтаар оршин сууж байгаа бөгөөд охин Б.Ууганзаяа сургуульд, хүү Б.Мөнгөн, Б.Алтан нар цэцэрлэгт хүмүүжиж, Ц.Мандах өөрөө “Төгий нуур хоршоо”-ны худалдагчаар ажиллаж, сарын 250.000-320.000 төгрөгийн цалин авдаг, мөн Ц.Мандахын эцэг, эх өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Мандахад шилжүүлэн өгч, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан нь хэргийн 66, 68 дугаар хуудаст авагдсан тодорхойлолтууд, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар, мөн хариуцагч Т.Баянтөр охин Б.Номинзаяа, хүү Б.Өсөхбаяр нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт өөрийн өмчлөлийн Монгол гэрт суудаг, охин Б.Номинзаяаг сургуульд, хүү Б.Өсөхбаярыг цэцэрлэгт сургаж, өөрөө “Жем трейд” ХХК-ийн Увс аймаг дахь салбарт туслах ажилчнаар ажиллаж, сарын 200.000-300.000 төгрөгийн цалин авч амьдрал ахуйдаа зарцуулдаг нь хэргийн 81-82 дугаар хуудаст авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

       Иймээс хэргийн нөхцөл байдал, дээр дурдсан баримтуудыг үндэслэн гэрлэгчдийн нэгэнд нь тэнцвэргүй ачаалал үүрүүлэхгүйгээр тэдний 5 хүүхдийг эцэг, эхэд нь хуваан хариуцуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.  

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Мандахын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг, хариуцагч Т.Баянтөрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баянтөрөөс 35.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Мандахад, нэхэмжлэгч Ц.Мандахаас 35.100 төгрөг гаргуулж хариуцагч Т.Баянтөрд олгох нь зүйтэй.

         Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдав.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т зааснаар Жанжинхүү овогтой Түвдэн-Осорын Баянтөр, Яргай овогтой Цэдэнгийн Мандах нарын гэрлэлтийг цуцалсугай.

       2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төрсөн Жанжинхүү овогтой Баянтөрийн Ууганзаяа, 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр төрсөн Жанжинхүү овогтой Баянтөрийн Мөнгөн, Жанжинхүү овогтой Баянтөрийн Алтан нарыг эх Ц.Мандахын, 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн Жанжинхүү овогтой Баянтөрийн Номинзаяа, 2012 оны 7 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Жанжинхүү овогтой Баянтөрийн Өсөхбаяр нарыг эцэг Т.Баянтөрийн асрамжид тус тус үлдээсүгэй.

         3.  Зохигчид эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.

     4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

       5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Мандахын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг, хариуцагч Т.Баянтөрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баянтөрөөс 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Мандахад, нэхэмжлэгч Ц.Мандахаас 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулж хариуцагч Т.Баянтөрд тус тус олгосугай.    

      6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг Ерөнхий шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                                            ДАРГАЛАГЧ,

                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ГЭРЭЛТУЯА