Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 547

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.С-ийн нэхэмжлэлтэй,

/                  /

 

            Хариуцагч: Н Төрийн байгууллагад холбогдох,

/  /

 

Н Төрийн байгууллаганы 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3/35367 дугаар албан бичгээр орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг хүчингүй болгох, захиран зарцуулах эрхийг сэргээлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинбаатар, нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 11  дүгээр сарын 14-ний өдөр иргэн А.Отгонбаатараас Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 101 дугаартай нотариатаар гэрчлүүлж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ..... тоот хаягт байрлах, 110 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 176.750.000 төгрөгөөр худалдан авсан. Уг орон сууцыг худалдаж авахдаа 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Худалдаа хөгжлийн банкны ... тоот данснаас 176.753.931.50 төгрөгийг А.О Худалдаа хөгжлийн банкны .... тоот дансанд шилжүүлж, Улсын бүртгэлийн .... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авч, шударга эзэмшигч болсон. Тухайн үед уг орон сууцыг худалдаж авахын өмнө нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн талаар лавлагаа авахад бусдад ямар нэгэн барьцаалбар бүртгэгдээгүй, эрхийн маргаангүй орон сууц гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа гаргаж өгсөн. Мөн уг орон байрны дулаан, СӨХ-ны төлбөргүй байсан. Эхнэр бид хоёр хүүхдүүдийн хамт өөрийн өмчлөлийн орон сууцандаа нүүж ороод, засвар үйлчилгээ хийж байтал 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Н Төрийн байгууллаганы шийдвэр гүйцэтгэгч Ц.Б гэрт түрэмгийлэн дайрч орж ирээд, гэр орноор дураараа явж, хоёр нялх хүүхдийн дэргэд өндөр чанга дуугаар хашгичин загнаж, ямар ч эрх бүхий байгууллагын шийдвэр, зөвшөөрөл танилцуулалгүй, өөр нэгэн эрэгтэйн хамт “та нар энэ байрыг яаралтай суллаж өг, суллахгүй бол албадан суллана, би ажилгүй болох гээд байна, тэгэхгүй бол 5-6 жил үргэлжилсэн маргаан болоод шүүх байгууллага энэ тэр болно“ гэх зэргээр утга нь ойлгогдохгүй зүйл ярьж, янз бүрээр аашилж, өдөр бүр утсаар залгаж, за яаж байна, хэзээ байраа суллах гээд байна гэх зэргээр байнга дарамталж байсан. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хаалга, үүдийг маш ширүүнээр нүдэж, балбаж орж ирээд “за дээд шатны шүүх өмнөх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна, та нар манай дарга нартай очиж уулзаад эвтэйхэн гуйгаад 14 хоногийн дотор байраа суллачих, 2 удаагийн нүүлгэлтийн зардлыг манай байгууллагаас өгнө, тэгээд дуудлага худалдаа дахин зарлаад буцаагаад аваад өгнө, зөвхөн танайд зориулж дуудлага худалдаа явуулна, тэгээд дахин энэ асуудлыг сөхөхгүй гэх зэргээр үл ойлгогдох зүйл маш олон ярьж хэлсэн. Ингээд уг асуудлыг ойлгохгүй байсан тул өмгөөлөгч хөлслөөд Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогтод өргөдөл гаргаж, шалгуулсны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1-1/670 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн Шийдвэр гүйцэтгэх тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Ц.Б шийдвэр гүйцэтгэгчийг мэргэжлийн удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул ажлын байрыг нь өөрчилж, маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан 179 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ц.Б сануулах арга хэмжээ авсан байдаг. Дээрх шийдвэр гүйцэтгэгчийн ажлын хариуцлага алдсаны улмаас Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо ... тоот хаягт байрлах, 110 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг Н Төрийн байгууллаганы зүгээс миний захиран зарцуулах эрхийг хязгаарласан буюу битүүмжилсэн байдалтай байгаагаас гадна Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн №... дугаартай лавлагаагаар Б.Э-ын өмчлөлд буцаан бүртгэж, гэрчилгээ олгохыг мэдэгдсэн бүртгэлийн хуудас гарч эхэлсэн тул Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо .... тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн буюу битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3/35367 дугаар албан бичгийг хүчингүй болгож, захиран зарцуулах эрхийг сэргээж өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Б.С нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Н Төрийн байгууллаганы 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3/35367 дугаар албан бичгээр орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг хүчингүй болгох тухай гомдлыг хангаж, “захиран зарцуулах эрхийг сэргээлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Н Төрийн байгууллаганы Тасгийн дарга бөгөөд Хан-Уул дүүргийн Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3/35367 дугаар албан бичгээр “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6259 дүгээр захирамжаар Б.Э-с 79.641.154 төгрөгийг -д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1771 дүгээр магадлалаар төлбөр төлөгч Б.Э-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ... тоот орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу төлбөр авагч Э ББСБ -ын өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Э ББСБ -ын өмчлөлд бүртгэлтэй дээрх орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж хариу ирүүлнэ үү” гэжээ.  

 

            1. Н Төрийн байгууллаганы 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн албадан дуудлага худалдааны комиссын хурал, Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх тухай 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 179/01 дүгээр тогтоол, Н Төрийн байгууллаганы даргын 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1/18794 дүгээр албан бичгээр төлбөр төлөгч Б.Э-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ... тоот орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу төлбөр авагч Э ББСБ -ын өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн статистикийн хэлтэст хүргүүлсний дагуу уг орон сууцны өмчлөл нь 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Э ББСБ -д шилжсэн байна.

 

            Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар Б.Энь Нийслэлийн шийдэр гүйцэтгэх албанд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2016/00439 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1771 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2017/00545 дугаар тогтоолоор “...Н Төрийн байгууллаганы 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 4/98 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан ажиллагааг бүхэлд нь, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 178/01 дугаар тогтоолоор уг үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч Э ББСБ -д төлбөрт тооцон шилжүүлсэн ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

 

            2. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу Б.Эөмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ... тоот орон сууцыг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлэн авсан Э ББСБ  нь уг орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ээр А.О өмчлөлд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шилжүүлж, А.О нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ээр Б.С өмчлөлд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

 

            Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 000532585 дугаар гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ... орон сууц нь Б.С өмчлөлд шилжсэн байхад Н Төрийн байгууллаганы Тасгийн дарга бөгөөд Хан-Уул дүүргийн Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3/35367 дугаар албан бичгээр “...Э ББСБ-ын өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ... тоот орон сууц гэж үзэн, уг орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн” нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.1.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 61 дүгээр зүйлийн 61.1-т “...төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, захиран зарцуулахыг хориглох, ашиглах эрхийг хязгаарлах” гэж заасныг зөрчсөн байна.

 

            Өөрөөр хэлбэл уг орон сууцны өмчлөл нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Б.С шилжсэн, Б.Схувьд төлбөр төлөгч бус байхад Н Төрийн байгууллаганы Тасгийн дарга бөгөөд Хан-Уул дүүргийн Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3/35367 дугаар албан бичгээр “...Э ББСБ-ын өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ... тоот орон сууц гэж үзэн, уг орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн” нь нэхэмжлэгч Б.СМонгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуулиар олгосон өмчлөх эрхийг хязгаарлажээ.

 

            Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан Н Төрийн байгууллаганы Тасгийн дарга бөгөөд Хан-Уул дүүргийн Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3/35367 дугаар албан бичгийг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

            Харин нэхэмжлэгчийн “захиран зарцуулах эрхийг сэргээлгэх” гэсэн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тодруулж тайлбар гаргаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 13 дугаар зүйлийн 13.1, 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1-д-заасныг баримтлан Б.Снэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, захиран зарцуулах эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Шүүхээс хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нэхэмжлэлийн хувийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон болно.

 

Мөн хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 117 дугаар зүйлийн 117.1, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлйин 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаар албан бичгийг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасныг баримтлан Б.С нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, “захиран зарцуулах эрхийг сэргээлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ж.СЭМЖИД