Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/185

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П,

Шүүгдэгч: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-гийн Эд холбогдох эрүүгийн 2235000000204 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн ...........суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Увс аймгийн .........сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Б-гийн Э (РД:....................),

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Б.Э нь Увс аймгийн ................ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 8 дугаар сарын дундуур өөрийн адуунд ирж нийлсэн хохирогч Ж.Бгийн хүрэн халзан зүсмийн 1 тооны морийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж, бусдад хүнсний мал болгон өгч, завшсаны улмаас хохирогч Ж.Бд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Э нь  хохирогч Ж.Бгийн өмчлөлийн 1 тооны алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, хохирогч Ж.Бд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх  дүгнэлтийг,

2. Шүүгдэгч Б.Э нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй  болно.

Эрүүгийн 2235000000204 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Ж.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..Би 2021 оны 08 дугаар сарын 15-ны үеэр өөрийн малаа орхиод Улаанбаатар хот эмчилгээнд явсан юм. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ ирээд адуугаа үзэхэд миний хүрэн халзан зүсмийн зөв гуяндаа 3 тоо тамгатай, зөв чихэндээ гол цуулбар имтэй хүрэн халзан зүсмийн 6 настай морь байхгүй байсан. Тэгээд би тухайн адуугаа хайгаад олдохгүй байтал Ц.Г гэх залуу манай адуунд таны хайж байгаатай ижил зүсмийн адуу байна гэж надад хэлсэн, тэгээд 2021 оны 11 дүгээр сарын орчимд таны адуу манай адуунаас явсан юм шиг байна. Б.Э гэх хүний адуунд сураг байна гэж хэлсэн. Тэгээд Ц.Г надад авч ирж өгнө гэж байгаад оторт явчихсан байсан юм. Түүнээс хойш тухайн адуугаа хүмүүсээс асуугаад хайгаад олдоогүй. ................ суманд 3 тоо тамгаар адуугаа тамгалдаг хүн байхгүй. Адуугаа сураглаад байж байтал П. гэх залуу таны хайж байгаа адуу Б.Э гэх хүний адуунд байсан юм гэж хэлсэн. П.Ш надад Б.Эгээс таны хайж байсан адууг асуусан тэгэхэд байхгүй  байсан юм гэж надад хэлсэн.... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07-08 дэх тал),

2. Гэрч С.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 10 сарын сүүлээр ................ сумын “Мухар” гэх газар өөрийн адуугаа хайж яваад Б.Эгийн адууг үзэхэд зөв гуяндаа 3 тоо тамгатай Хүрэн халзан морь байсан юм, тухайн морины талаар Б.Э надад ямар нэг зүйл хэлээгүй би тухайн морины талаар Б.Эгээс ямар нэг зүйл асуугаагүй юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

3. Гэрч М.Ш-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Б.Э надад 2020 оноос хойш өөрийн тэмээ болон 200 гаруй бог мал өгч өвөлжүүлсэн юм, тэгээд 2021 оны 08 дугаар сард манайд хэдэн тооны тэмээгээ харуулахаар авч ирж өгөхдөө надад “би танд энэ өвлийн хүнс өгье, та надад энэ хэдэн тэмээг номхоруулаад сургаад өг” гэж хэлсэн юм. Тэгээд би тухайн тэмээнүүдийг нь аваад сургаж өгсөн, харин Э 2021 оны 12 дугаар сарын эхээр миний ...... дугаарын утас руу ..........гэх дугаарын утсаар холбогдоод” та хүнсээ авах юм уу хүнсэндээ адуу авах юм уу” гэж надаас асуусан, тэгээд би авьяа гэж хэлэхэд Тухайн үед манайх ................ сумын “Мухар” гэх газар өвөлжиж байсан ба утсаар ярьсан өдрөө  Хүрэн халзан зүсмийн морийг орой 19 цагийн үед Э өөрөө халиун зүсмийн морь унаад хөтөлж авч ирж өгсөн. Би Эг чи энэ адууг нядлалцаад өгөх үү гэж хэлэхэд за гэж хэлээд тухайн адууг тэр орой нь нядалсан юм..... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

4. Гэрч Ц.Г-ын мөрдөн байцаах шатанд өгсөн: “.....Би Ж.Б гэх хүнийг танина бид хоёр нэг нутаг  усны хүмүүс байгаа юм. Ж.Б ахын хүрэн халзан зүсмийн зөв гуяндаа 3 тоо  тамгатай морь 2021 оны 09 дүгээр сард манай хадам ээжийн адуунд хамт байсан юм. Тэгээд би тухайн үед Ж.Б ах руу утсаар холбогдоод таны хүрэн халзан морь манай хадам ээжийн адуунд байна гэж хэлсэн. 2021 оны 10 сарын эхээр байсан, яг хэдний өдрийн сайн санахгүй байна. Хадам ээжийн адууг үзэхэд тухайн хүрэн халзан морь алга болсон байсан юм. Тэгээд Ж.Б ах руу утсаар холбогдоод таны хүрэн халзан морь хадам ээжийн адуунд байхгүй байна гэж хэлэхэд сайн сураглаж байгаарай гэж надад захиж хэлсэн. 2022 оны 01 сарын үеэр Ж.Б ах над руу утсаар холбогдоод нөгөө хүрэн халзан морь олдохгүй байна, одоо олдохоосоо өнгөрч байх шиг байна гэж надад хэлж байсан юм түүнээс хойш тухайн Хүрэн халзан морийг би хараагүй.... гэх мэдүүлэг гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

5. Шүүгдэгч Б.Эгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Увс аймгийн ................ сумын 4-р багт өөрийн адуу малыг маллаж байтал манай адуунд 2021 оны 08 дугаар сарын дундуур миний өөрийн эзэмшлийн адуунд хүрэн халзан зүсмийн 3 тоо тамгатай нэг морь ирж нийлсэн юм. Би тухайн морийг хэсэг хугацаанд өөрийн адуундаа байлгасан бөгөөд ойр хавийн хүмүүсээс хэний адуу талаар асууж сураглахад эзнийг нь мэдэх хүн байхгүй байсан. Тэгээд тухайн морь нь манай адуунд 3 сар гаруй байж байгаад ямар нэгэн хүн асууж сураглаж ирэхгүй байхаар нь би өөрийн тэмээ сургаж мал маллаж байсан М.Ш- гэх хүнд идшинд өгсөн юм. Тэгтэл 2022 оны 01 сарын сүүлээр манай сумын малчин П.Ш гэх залуу танай адуунд байсан хүрэн халзан морь 1 дүгээр багийн малчин Ж.Бгийн морь байна гэж хэлсэн. Тэгээд би Ж.Б гэх хүнтэй утсаар яриад тухайн хүрэн халзан морийг би хүнд идшинд өгсөн, таны хохиролыг барагдуулж өгнө гээд уучлалт гуйгаад Ж.Бд 2.000.000 төгрөгийг данс руу нь шилжүүлж өгсөн юм. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. ...Би тухайн хүрэн халзан морийг хэний морь гэдгийг мэдээгүй байсан. Ш гэх залуу танай адуунд байсан хүрэн халзан морь Ж.Б ахын морь байсан байна лээ гэж хэлэхэд нь би мэдсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал) зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

6. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 305 дугаартай дүгнэлтээр: “2021 оны 12 дугаар сарын байдлаар Увс аймгийн ................ суманд 6 настай морины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1.500.000 (нэг сая таван зуун мянган) төгрөгийн үнэтэй болохыг (хавтас хэргийн 32 дахь тал)   тогтоожээ.

7. Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хэрэглэх урьдач нөхцлүүд бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

9. Хуульд заасан журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход шүүгдэгч Б.Э нь Увс аймгийн ................ сумын нутагт 2021 оны 08 дугаар сарын дундуур өөрийн адуунд ирж нийлсэн хүрэн халзан зүсмийн, 3 тоо тамгатай, 1 тооны морийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж, малаа маллуулж байсан М.Ш- гэх хүнд 2021 оны 12 дугаар сарын эхээр хүнсний мал болгон өгч, хохирогч Ж.Бд 1.500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан нь эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.

Хууль зүйн дүгнэлт:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд ...алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд  байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын малыг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “....алдуул мал бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж заасан ба шүүгдэгч Б.Эгийн гэм буруутай  үйлдлийн улмаас  хохирогч Ж.Бд 1.500.000 төгрөгийн хохирол учирсан нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг хангаж байна.

4. “Алдуул мал” гэж өмчлөгч, эзэмшигчийн хүсэл зоригоос гадуур ижил сүргээсээ тасран салж, бэлчээрээрээ бусдын ижил сүрэгт нийлж аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг хэлэх бөгөөд хохирогч Ж.Б нь өөрийн хүсэл зоригоос гадуур малаа алдсан нь нотлогдож байх тул Ж.Бгийн өмчлөлийн 1 тооны морийг алдуул мал гэж үзнэ.

5. Энэ гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт төрөөгүй байдаг ба харин хохирогчийн эд хөрөнгө нь өөрийнх нь хүсэл зоригоос гадуур бэлчээрээс алдагдах замаар, эсхүл бусад байдлаар гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, улмаар шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг онцлогтой.

6. Алдуул мал олж авсан этгээд нь тухайн малын өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх, тийм этгээд байхгүй бол цагдаагийн байгууллагад мэдэгдэж малыг шилжүүлэн өгөх үүргийг хуулиар хүлээх бөгөөд  шүүгдэгч Б.Э нь алдуул мал болох хохирогч Ж.Бгийн 1 тооны морийг өөрийн адуутай нийлснийг мэдсэн даруй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэхгүйгээр тухайн малыг өөрийнх нь эзэмшлийнх биш гэдгийг мэдсээр байж, М.Ш- гэх хүнд мал маллаж өгсний төлбөрт идэшний мал болгон өгч захиран зарцуулсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

7. Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Э нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

8. Иймд шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан “.....алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

9. Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            1. Шүүгдэгч Б.Эгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Бгийн эд хөрөнгөд 1.500.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон ба шүүгдэгч Б.Э нь гэмт хэргийн хор уршигт хохирогч Ж.Бд 2.000.000 төгрөг төлж барагдуулснаар хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэдгээ илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

            2. Иймд энэ шийтгэх тогтоолоор  шүүгдэгч Б.Эгээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

            Хоёр. Шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1. Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон тул Б.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

3. Шүүгдэгч Б.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 48 дахь тал),

4. Шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

5. Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

6. Прокуророос шүүгдэгч Б.Эгийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

7. Түүнчлэн шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Б.Эд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

8. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд 1000 (нэг мянга)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Б.Эд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

10. Иймд шүүгдэгч Б.Эгийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянга)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэж, Б.Э нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар 1000 (нэг мянга)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний 15.000 (арван таван мянга) төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Б.Эрдэсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн болон иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар прокурортой тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд шүүгдэгч Б.Эгээс гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг түүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б-гийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “.....Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд 1000 (нэг мянга)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая)-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Э нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй ба торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний 15.000 (арван таван мянга) төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Эгээс гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг түүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулж улсын орлогод оруулсугай.

5.Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА