Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 110/ШШ2021/0043

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Х.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн  Засаг даргад тус тус холбогдох,

“Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/28 дугаартай “Ерөнхий архитектороор үргэлжлүүлэн томилох тухай” захирамж, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Хүсэлтийг хянан шалгасан тухай” 04 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.А, түүний өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Н, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Х, гуравдагч этгээд Г.М, түүний өмгөөлөгч К.Зулкаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:

Миний бие Х.А нь 2010 онд төрийн жинхэнэ албаны шалгалтад тэнцэж, 2011 оноос аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт мэргэжилтэн, 2016 оноос барилга, хот байгуулалтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдон төрийн жинхэнэ албан тушаалд одоог хүртэл ажиллаж байна.  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны Б/123 дугаар тушаалын хавсралтын 14-т “Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектор” гэсэн нэр бүхий албан тушаал нэг орон тоотой байхаар батлагдсан. Төрийн албаны зөвлөлийн Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитекторын албан тушаалын тодорхойлолтыг баталсан бөгөөд албан тушаалын зорилго, зорилт, чиг үүргийн 90% нь хэлтсийн даргатай холбоотой ба зөвхөн 10% нь ерөнхий архитектортай холбоотой. Уг албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлагуудыг миний бие илүү хангаж байгаа учраас Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга  намайг барилга, хот байгуулалтын хэлтсийн даргаар үргэлжлүүлэн томилсон болно. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор батлагдсан “Албан тушаалын тодорхойлолт батлуулах нийтлэг журам’’-д тухайн байгууллагын чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсон тохиолдолд албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулахаас бусад тохиолдолд өөрчлөлт оруулахыг хориглоно." гэж заажээ. Аймгийн ерөнхий архитекторын албан тушаалын тодорхойлолт батлагдаагүй бөгөөд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт уг албан тушаалын сул орон тоо гараагүй ба сул орон тооны захиалга өгөөгүй билээ. Гэтэл аймгийн Засаг дарга нь албаны эрх мэдлээ хэтрүүлэн маргаан бүхий 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/28 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.4-т заасныг тус тус зөрчиж Харахас овгийн өөрийн төрөл садан болох Г.Мыг  аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектораар томилж, ТЗ-7 албан тушаалын 5 дугаар шатлалаар цалинжуулах тухай Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга /К.Б/-д үүрэг өгсөн байна. Уг шийдвэр нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т заасан батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо ажиллагчдын цалин хөлсийг тогтоох гэсэн төсвийн шууд захирагчийн төсвийн талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг зөрчсөн байна.

Аймгийн Засаг дарга А.Г нь анх 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б/504 дүгээр захирамжаар 10 жилийн ангийн найз болох Г.Мыг аймгийн ерөнхий архитекторын албан тушаалд томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд авах журмыг зөрчиж, сонгон шалгаруулалт зарлаагүй шууд томилсон байна. Үүнийг 2016 онд Х.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн шалгах явцад 3 шатны шүүхээс тогтоож, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн  Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 319 дүгээр тогтоолоор аймгийн Засаг дарга/А Г/-ын  2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б/504 дүгээр "Ажилд томилох тухай" захирамжийг хүчингүй болгосон байна. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэсэн хуулийн заалттай боловч уг тогтоолыг аймгийн Засаг дарга нар одоог хүртэл биелүүлээгүй болно. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн "Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зохион байгуулалт, бүтэц орон тоог батлах тухай Б/186 дугаар тушаалаар хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитекторын албан тушаалыг нэг орон тоотой байхаар баталжээ. Гэвч захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийн биелэлтийг хангуулахаар нэхэмжлэгчийн зүгээс шаардаагүй учраас хариуцагч аймгийн Засаг дарга /А.Г/ нь биелүүлсэн дүр эсгэн албаны эрх мэдлээ хэтрүүлэн, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглаж, өөрийн хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн, Төрийн албаны тухай хууль, журам болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, төрийн жинхэнэ албаны шалгалтад хамрагдаагүй, тангараг өргөөгүй Г.Мад давуу байдлыг бий болгож аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/713 дугаар захирамжаар “Аймгийн ерөнхий архитектораар томилох тухай" хууль бус шийдвэр дахин гаргасан байна.Төрийн албаны зөвлөлийн 2005 оны 86 дугаар тогтоолоор Г.М нь мэргэшлийн шалгалтад тэнцсэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн боловч төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хугацаа нь дууссан тул 2014 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнээр түр тушаалаар томилогдон ажиллаж байжээ.

           Аймгийн Засаг даргын 2017 оны Б/713 дугаар захирамжид Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Г.Мыг төрийн жинхэнэ албан хаагч мөн гэж хууль бусаар тогтоосныг үндэслэл болгон төрийн жинхэнэ албан хаагч биш хүнд давуу байдал олгосон бөгөөд өмнө нь захиргааны хэргийн шүүхээр тогтоосон Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд авах журмыг дахин зөрчиж, сонгон шалгаруулалт зарлаагүй шууд томилсон байна.

         Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно". 49.2.-т "Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх түр чөлөөлөх, халахыг хориглоно.", 62.1.2.-Т "Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор. аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албын тушаалаас өөрчлөгдөх, төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх;” гэж тус тус заасан билээ.

Шүүхээс Г.Мыг төрийн албанд хууль бусаар томилогдсон, түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагч биш гэдгийг тогтоосон байхад Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Хүсэлтийг хянан шалгасан тухай” 04 тоот тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагч гэж тогтоосон нь хууль бус байна.

Өөрөөр хэлбэл Төрийн албаны зөвлөлийн  Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Хүсэлтийг хянан шалгасан тухай” 04 тоот тогтоол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.", мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасныг зөрчсөнөөс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ гэж заасныг ноцтой зөрчсөн байна

Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/28 дугаар захирамж болон Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Хүсэлтийг хянан шалгасан тухай” 04 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарт:

Төрийн албаны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 04 тоот тогтоолын үндэслэх хэсгийг харахад Г.Мын Төрийн албаны салбар зөвлөлд ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан журмын холбогдох заалт, Баян-Өлгий аймгийн  салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн  хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн тогтоол гаргасан байна. Тогтоолын 1 дэх  заалтын агуулга нь Г.Мыг  төрийн жинхэнэ албан хаагч мөн гэж үзсэн агуулгатай. Хоёрдугаарт  шүүхийн шийдвэр болон Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг баримталж тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа хүнийг томилохыг аймгийн Засаг даргад зөвлөсүгэй гэсэн байна. Энэ шийдвэр гарсны дараа аймгийн Засаг даргаас 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/712 дугаар захирамжаар аймгийн ерөнхий архитектораар Г.Мыг томилсон аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/504 дүгээр захирамжийг шүүхийн шийдвэрийг үндэслээд хүчингүй болгосон байна.

Тухайн шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээдээр оролцож байсан Г.Мыг хууль бусаар архитекторын орон тоонд томилогдсон гэдэг агуулгатай дүгнэлт хийсэн. Тодруулбал, аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний Б/504 дүгээр захирамж хууль бус байна гэсэн дүгнэлт хийсэнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга өөрийнхөө шийдвэрийг хүчингүй болгож байгаа. Энэ шийдвэр хүчингүй болоод Б/713 дугаар захирамжаар Г.Мыг 2 дахь удаа  үргэлжлүүлэн архитектораар томилсон нөхцөл байдал харагдаж байна. Үүнд хууль зүйн дүгнэлт өгөхөөс өмнө тайлбар хэлэхэд, Г.М нь 2003 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдөж, 2 жилийн дараа дахиж, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэдийн нөөцийн жагсаалтад бүртгэгдэж байсан. 2014 онд төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байгаад маргаан бүхий орон тоонд шилжин ирсэн нөхцөл байдал харагдаж байна. 2003-2014 он хүртэл 11 жилийн хугацаанд Г.М төрийн жинхэнэ албан хаагч байсан, байгаагүй гэдэг зүйл яригдаж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс Г.Мыг төрийн жинхэнэ албан хаагч биш гэж үзэж байгаа. 2003-2014 он хүртэл Г.М төрийн жинхэнэ албан хаагч байх ёсгүй. Яагаад гэвэл маргаан бүхий тогтоолд Төрийн албаны зөвлөлийн 2009 оны  99 дүгээр тогтоолыг баримталсан байгаа. Тухайн үед Төрийн албаны зөвлөлийн 99 дүгээр тогтоол гараагүй. Г.М 2003 онд ажлаас чөлөөлөгдсөнөөр төрийн жинхэнэ албан хаагч биш гэж үзэж байна. Гуравдагч этгээд Г.Маас асуухад, “...би 2003 оноос 2014 он хүртэл арилжааны банканд ажиллаж байсан.” гэсэн. Үүнээс үзэхэд, төрийн жинхэнэ албан хаагчийн статус нь байхгүй байсан. Хэрэв дараа нь төрийн жинхэнэ албан тушаалын орон тоо гарсан тохиолдолд бусад иргэдийн адил тухайн орон тоонд өрсөлдөөд ажилд орох ёстой.

Төрийн албаны  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” тухай зарчмын заалт байгаа ба 22.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараахь нийтлэг шаардлагыг хангасан иргэнийг томилно.” гэсэн заалтууд байгаа. Гэтэл маргаан бүхий тогтоолоос үзэхэд, эхлээд төрийн жинхэнэ албан хаагч болгочхоод аливаа нэг байгууллагаас сул орон тооны захиалга ирүүлээгүй байхад 2 дахь заалтын агуулга нь ерөнхий архитектораар Г.Мыг авч ажиллуулж болно гэсэн сэжүүрийг аймгийн Засаг даргад үлдээж байгаа. Яагаад гэвэл Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн шийдвэрийг баримталсан байгаа. Энэ шийдвэр дотор хэргийн оролцогч Г.Мын тухай байгаа. Г.Мыг одоо авч ажиллуулахад ямар нэгэн асуудал байхгүй гэснээр аймгийн Засаг дарга 2017 оны А/713 дугаар захирамжаар Г.Мыг ерөнхий архитектораар ажиллуулсан байгаа. Төрийн албаны тухай хуулийн 7, 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.2 дахь заалтууд бүгд зөрчигдөж байна. Мөн Үндсэн хуульд заасан бусдын хөдөлмөрлөх эрхэд ноцтой халдсан агуулга бүхий заалт байна гэж үзээд, Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол хүчингүй болох ёстой гэж үзэж байгаа.

 Хоёрдугаарт, барилгын асуудал хариуцсан хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитекторын орон тоонд хэн ажиллах ёстой вэ гэдэг маргаан байгаа. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, 2015 оны байдлаар аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын барилгын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектораар Х.Марат гэдэг хүн ажиллаж байгаад гавьяаны амралтад гарснаар маргаан бүхий орон тоонд Х.Аыг түр томилсон байдаг. Тэр үед Г.М маргаан бүхий орон тоонд ажиллаж байгаагүй. Гэхдээ Хайсанайн Есенбол гэдэг хүнийг ерөнхий архитектораар томилсон маргаан явж байсан. Х.Еын нэхэмжлэлтэй хэргээс үзэхэд, аймгийн ерөнхий архитекторын орон тоонд Х.Е, эсвэл Г.М ажиллах ёстой гэсэн маргаан явж байгаад эцэст нь Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимаас хэрэг шийдэгдсэн. Үүнээс үзэхэд, Г.Мыг тухайн ерөнхий архитекторын орон тоонд шууд томилсон тухай аймгийн Засаг даргын 2016 оны шийдвэр хууль бус гэдэг агуулгатай дүгнэлт хийсэн. Иймээс Г.М 2003 оноос хойш төрийн жинхэнэ албан хаагч мөн эсэхэд эргэлзэж байгаа.

Х.Аын хувьд хэлэхэд, 2016 оноос хойш барилга, хот байгуулалтын хэлтсийн даргаар өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн. 2020 оны 10 дугаар сарын 26-наас хойш барилгын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектор гэдэг орон тооны нэршил барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга гэдэг нэршилтэй болсон. Хот байгуулалтын тухай хуулиар Засаг дарга аймгийн ерөнхий архитекторыг томилж, чөлөөлдөг эрх хэмжээ  нь байдаг. Гэхдээ Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны Б/123 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны жагсаалтын 14 дэх хэсэгт барилгын хэлтсийн дарга гэдэг орон тоо байгаа. Аймгийн Засаг даргад хэлтсийн даргыг томилж, чөлөөлөх эрх хэмжээ байхгүй. Хот байгуулалтын тухай хуульд зөвхөн ерөнхий архитектор гэдэг албан тушаалыг 4 жилийн хугацаанд томилж чөлөөлнө гэж байгаа.  Өөрөөр хэлбэл хэлтсийн даргыг томилж, чөлөөлөх тухай  ямар ч зохицуулалт байхгүй. Харин Газрын тухай хуульд зааснаар газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга  өөрийнхөө  харьяа нэгжийн даргыг томилж, чөлөөлөхөөр зохицуулсан байна. Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын дарга К.Б өөрийнхөө байгууллагын доторх ажилтнуудыг томилж, чөлөөлөх эрх хэмжээтэй байгаа. 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт орж, шинэчлэгдсэнтэй холбогдуулан Х.Аыг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс барилга, хот байгуулалтын хэлтсийн даргаар томилон, цалинг ТЗ-7 зэрэглэлийн 4 дүгээр шатлалаар цалинжуулахаар шийдвэрлэсэн. Энэ тушаал хүчин төгөлдөр хэвээр байгаа.  Миний үйлчлүүлэгч ажлаа хийж, гүйцэтгэж байгаа. Гэтэл аймгийн Засаг даргаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/28 дугаар захирамжаар аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын даргын барилгын асуудал хариуцсан хэлтсийн даргыг томилж, чөлөөлөх бүрэн эрхэд халдаж, ерөнхий архитектораар Г.Мыг томилсон нь хууль бус болсон гэж үзэж байгаа. Аймгийн Засаг даргын тайлбар, хариуцагчаас зарим зүйлийг тодруулсан тухай тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хгийн  тайлбараас үзэхэд, энэ маргаан бүхий захирамж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж тайлбарлаж байгаа. ерөнхий архитектораар Г.М, хэлтсийн даргаар Х.А ажилласан хэвээр байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж мэтгэлцэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж заасан. Маргаан бүхий Б/28 дугаар захирамжаар  хэн нэгний эрх ашиг зөрчигдөөгүй ч цаашид зөрчигдөж болзошгүй гэдэг байдлаар нэхэмжлэл гаргасан гэж ойлгож болно. Хэрэв тухайн байгууллага дотор байгаа мэргэжилтний орон тоо нөхөгдсөн тохиолдолд Г.М ТЗ-5-аар  цалинжих эсэх нь эргэлзээтэй болж, ТЗ-7-оор цалинжих асуудал гарна. Одоо ТЗ-7-5 дугаар шатлалаар миний үйлчлүүлэгч цалинжиж байгаа учраас энэ маргаан бүхий акт цаашид миний үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болзошгүй  нөхцөл байдал харагдаж байгаа учраас хүчингүй болох ёстой. Тэгэхээр аймгийн Засаг дарга Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргыг томилж, чөлөөлнө. Дээрээс нь тухайн газрын нэгжийн даргыг томилж, чөлөөлөх зохицуулалт хуульд байхгүй. Маргаан бүхий актад ерөнхий архитектор бөгөөд хэлтсийн дарга гэж байгаа боловч Х.Аын орон тоо миний ажиллах ёстой орон тоо гэж гуравдагч этгээд маргаж байгаа учраас маргаан бүхий захирамж анхнаасаа хууль зөрчсөн.  Нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж болзошгүй нөхцөл байдал харагдаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн шүүхэд гаргасан тайлбарт:

Г.Мын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд гаргасан хүсэлтэд “Миний бие 1998 онд анх төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч төрийн захиргааны албан тушаалд томилогдсон ба 2000 онд төрийн албанаас хууль бусаар чөлөөлөгдөж, Монгол Улсын дээд шүүхийн 2002 оны 183 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 24, 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д зааснаар урьд эрхэлж байсан төрийн захиргааны албан тушаалд эгүүлэн томилогдон ажиллаж байгаад аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2003 оны 03 тоот тушаалаар өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар буюу бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн ба 2014 оноос аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнээр буюу төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалд дахин томилогдон ажиллаж байгаа тул намайг төрийн жинхэнэ албан хаагч мөн эсэхийг тогтоож өгнө үү гэснийг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд Г.М нь төрийн жинхэнэ албан тушаал эрхэлж байгаа албан хаагчийн нөөцөд байгаа болохыг тогтоосон тухай дүгнэлт гаргаж өгсөн болно.

Энэ нь аймгийн Засаг даргад Г.Мыг ямар нэгэн албан тушаалд шууд томилуулах тухай шийдвэр биш бөгөөд тухайн иргэний өргөдөлд дурдсаныг хянаж үзээд төрийн жинхэнэ албан хаагч мөн гэдгийг тогтоож өгсөн эрх зүйн акт юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.              

Хариуцагч аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Г.М нь 1988 оноос эхлэн төрийн байгууллагад ажиллаж байсан бөгөөд 1998 онд төрийн албаны сонгон шалгаруулалтад орж тэнцээд аймгийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, санхүү эдийн засгийн бодлогын хэлтэст дэд бүтэц хариуцсан түшмэлээр ТЗ-4 зэрэглэлээр томилогдон ажиллаж байсан нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03-р сарын 20-ны өдрийн №110/ШШ2017/0022 шийдвэрийн хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч Б.Ерлан, тухайн үед төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Пушкей нарын мэдүүлгээр батлагдсан. 1999 онд аймгийн Засаг даргын 33 дугаар захирамжаар зэрэглэлээ ахиулан ТЗ-5 -аар ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч мөн юм. Энэхүү ажлаа хийж байгаад 2000 онд төрийн албанаас хууль бусаар чөлөөлөгдөн 2002 оны 5 дугаар сарын 22-нд Улсын дээд шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдож, урьд ажиллаж байсан албан тушаалд хэвээр үргэлжлүүлэн ажиллаж байгаад аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2003 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 03 дугаар тушаалаар өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар орон тоо нь хасагдан 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг аваад ямар нэгэн ажилд орохгүйгээр чөлөөлөгдсөн байна.

Ингэснээр Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 2.2.3, 4.2 дугаар заалт, Төрийн албаны тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасны дагуу нөөцөд байгаад тооцогдож, 2014 онд Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтнээр 2014-2016 оны 9 дүгээр сарын 20-нийг хүртэл 2 жил 8 сар ажиллаж байгаад аймгийн ерөнхий архитектораар үргэлжлүүлэн томилогдсон.

Г.М нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ерөнхий архитекторын албан тушаалд 2016 оны аймгийн Засаг даргын Б/504, 2017 оны Б/713 захирамжуудаар эхлэн томилогдон ажиллаж, жил бүрийн ажлаа салбарын яам, агентлагаар 80-аас дээш үнэлгээгээр дүгнүүлэн үр бүтээлтэй ажиллаж ирсэн ба аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/28 дугаар захирамжаар  ТЗ-7 зэрэглэлийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитекторын албан тушаалд 4 жилийн хугацаагаар дахин үргэлжлүүлэн томилогдон ажиллаж байна.

Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д аймаг, нийслэлийн ерөнхий архитектор нь орон нутгийн хот байгуулалтын үйл ажиллагааг зохицуулж, Хот байгуулалт, барилга захиалагчийн албыг өөр тутмын мэргэжил арга зүйн удирдлагаар хангах гэж хуульчлан зааж, улсын хэмжээнд аймгийн ерөнхий архитекторууд нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилга, хот байгуулалтын хэлтсийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектораар ажиллахаар зохицуулагдсан тул Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын  2017 оны Б/186, 2019 оны 08 дугаар сарын Б/123 дугаар тушаалаар Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын  газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал зэрэглэл жагсаалтыг тус тус шинэчлэн баталж, түүний 2 дугаар хавсралтын барилга, хот байгуулалтын хэлтсийн 14 дүгээрт аймгийн ерөнхий архитекторыг хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитекторын албан тушаалд ТЗ-7 зэрэглэлээр ажилуулахаар тусгасныг үндэслэл болгон аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны  Б/28 дугаар захирамж гаргахдаа дараах зарчмыг баримталсан болно. Үүнд,

Дээрх хууль, тушаалыг үндэслэн аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны Б/28 дугаар захирамжийн 1 дүгээр заалтад Хот байгуулалтын хуулийн 9.1.2-т аймаг, нийслэлийн архитекторыг томилно гэж заасны дагуу аймгийн ерөнхий архитектораар томилсугай гэж томьёолж оруулсан.

Харин захирамжийн 2 дугаар заалтаар аймгуудын ерөнхий архитекторуудын хуульд заасан эрх үүргийг хэрэгжүүлэх цалинжих баталгаа болгон Барилга, хот байгуулалтын яамны харьяа агентлаг болох Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын Б/123 дугаар тушаалаар  баталж өгсөн бүтэц орон тооны хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектор ТЗ-7 ангиллаар цалинжуулах гэж тодорхой зааж хоёр тустай зөрчилтэй байсан хэлтсийн дарга, ерөнхий архитектор гэсэн орон тоог нэгтгэж өгсөн.

Хэлтсийн дарга бөгөөд   ерөнхий архитектур нэршилтэй нэг орон тоо ба албан тушаалын  тодорхойлолт нь нэг байгаа мөртлөө уг орон тоог хоёр салгаад хэлтсийн даргаар Х.Аыг томилсон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын хууль бус томилгооноос болж батлагдсан албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт орох нөхцөл бүрдэж ажил, үүрэг давхардан Төрийн албаны тухай хуулийн 23.5 дугаар заалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаар тогтоолын 2.2, 6.3 дугаар заалтыг тус тус ноцтой зөрчсөн байсан.

2017-2018 онд аймгуудын ерөнхий архитекторуудын орон тоо томилгооны асуудал нь улсын хэмжээнд Барилга, хот байгуулалтын сайдын түвшинд яригдаж Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар хуралдаанаар авч хэлэлцэн шийдвэрлээд, Барилга, хот байгуулалтын сайдаас аймгуудын Засаг дарга нартай засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх талаар байгуулсан 2019 оны гэрээний 4 дүгээр хавсралтын 9 дүгээр заалтаар аймаг нийслэлийн ерөнхий архитекторыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга, эсхүл хэлтсийн даргаар томилон ажиллахаар тусгаж хугацаат үүрэг өгөгдөж байсан байна. Шүүхээс нөхцөл байдалд үнэлгээ хийхэд үүнийг зайлшгүй харгалзан үзэхийг хүсье.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Б нь аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/713, мөн аймгийн Засаг даргын 2020 оны Б/28 дугаар захирамжаар ерөнхий архитекторыг бүтэц орон тооны дагуу ажиллуулахаар үүрэг болгосныг үл харгалзан, аймгийн Засаг даргын захирамжтай давхардуулан Х.Аыг хэлтсийн даргаар томилсноор Төрийн албаны тухай хуулийн 39.1.2-д зааснаар эрх мэдлээ хэтрүүлсэн, Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 заалт болон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2019 оны Б/123 дугаар тушаалыг хэрэгжүүлээгүй нэг орон тоог хоёр салгаад хоёр албан тушаал бий болгосноор Төрийн албаны тухай хуулийн 39.1.3, 39.1.4-д заасанчлан хууль болон дээд шатны байгууллагын шийдвэрт нийцээгүй тушаал гаргаж иржээ гэж дүгнэж болохоор байна.

                   Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт барилга, хот байгуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Х.Ааас түүний тухай захирамжид огт дурдаагүй боловч Засаг даргын дээрх 2020 оны 11-р сарын 17-ны Б/28 дугаар захирамж гарсан даруй эсэргүүцэж, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байна. Х.Аын гомдлын дагуу аймгийн Засаг даргад Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/2196 тоот албан бичиг ирүүлж түүнд хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектор /ТЗ-7/ нэртэй нэг орон тоо гэдгийг батлаад, хоёр салангид байлгаж буруу томилгоо хийгдэж ирсэн зөрчлийг арилгуулж, 2021 оны 1 дүгээр сарын 20-ны дотор хариу ирүүлэхийг аймгийн Засаг даргад үүрэг болгосон. Харин нотлох баримтаар хавсаргасан Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны Б/23, 2018 оны Б/17, 2020 оны Б/01 зэрэг тушаалууд нь хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектор /ТЗ-7/ нэртэй нэг орон тоог илт салгаж ерөнхий архитекторын ажиллах ёстой орон тоонд архитектор мэргэжилгүй, ерөнхий архитектораар томилогдоогүй Х.Аыг Барилга хот байгуулалтын хэлтсийн даргаар томилж ТЗ-7-гоор цалинжуулсан томилгооны зөрчил хэвээрээ байсныг аймгийн Засаг даргын 2021 оны 01-р сарын 11-ний өдрийн 1-01/45 тоот албан бичгээр дээрх зөрчлийг арилгаж албан ёсоор мэдэгдэхийг үүрэг болгосон.

Гэвч уг албан тоотын хариу болгон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 17 тоотыг аймгийн Засаг даргад ирүүлсэн бөгөөд уг тоотод Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 27-ны Б/96 дугаар тушаал гарч орон тооны өөрчлөлт хийснийг мэдэгдсэн.

Уг асуудлыг судалж үзэхэд аймгийн Засаг даргын 2020 оны 11-р сарын 17-ны өдрийн Б/28 дугаар захирамж гарахаас өмнө Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Гансүхээс 2020 оны 10-р сарын 26-нд аймгийн ерөнхий архитекторт 1/3044 дугаар албан тоотоор ерөнхий архитекторын орон тоо нь хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектор нэршилтэйгээр батлагдсан тухай албан бичиг ирүүлж байсан боловч 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын Б/123 дугаар тушаалаар урьд нь баталсан бүтэц орон тоонд өөрчлөлт оруулан  хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектор /ТЗ-7/ нэртэй нэг орон тоог нэгтгэж барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга гэж өөрчилж тушаал гаргасан байх ба энэ талаар аймгийн Засаг даргад огт мэдэгдэж байгаагүйгээс нөхцөл байдал шинээр үүсээд байна. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Х.Аын гомдлыг шалгаж 2020 оны 12 дугаар сарын 21-нд аймгийн Засаг даргад албан ёсоор №01/2196 тоотоор хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектор /ТЗ-7/ нэртэй нэг орон тоо батлагдсан тухай, түүнийг салгаж хоёр албан тушаал болгож олохгүй бөгөөд  зөрчлийг арилга гэсэн шаардлага хүргүүлсэн мөртлөө Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Гансүхээс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар уг орон тоог нэгтгэж, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 360 дугаар тогтоолын 2-р хавсралтаар барилга хот байгуулалтын хэлтсийн дарга нэртэй албан тушаалын тодорхойлолт баталсан нь цаг хугацааны хувьд эргэлзээ төрүүлж байгаа.

Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 360 дугаар тогтоолын 2-р хавсралтаар барилга хот байгуулалтын хэлтсийн дарга нэртэй албан тушаалын тодорхойлолт батлахдаа Х.Аын 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтэд дурдсан “....аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын бүтэц орон тооноос ерөнхий архитекторын албан тушаалыг хассан ...” зүйл огт байхгүй, үндэслэлгүй бөгөөд аймгийн ерөнхий архитекторын хууль, дүрэмд заасан эрх үүрэг, албан тушаалын чиг үүрэг хэвээрээ, нэгтгэж оруулсан ба албан тушаалын тодорхойлолтын 5 дугаар хуудасны албан тушаалд тавигдах тусгай шаардлагын шаардагдах мэргэжлийн хамгийн эхэнд “Архитектур, хот төлөвлөлт /073102,073103/ дугаар бүхий мэргэжлийг оруулсан байна.

Өөрөөр хэлбэл барилга хот байгуулалтын хэлтсийн дарга нэртэй орон тоонд аймгийн ерөнхий архитектор ажиллах ёстой ба аймагт архитектур болон хот төлөвлөлтийн архитектор мэргэжилтэй мэргэшсэн архитектор байгаагүй, томилогдоогүй нөхцөлд дараагийн ээлжид заасан мэргэжилтэй хүмүүс барилга хот байгуулалтын хэлтсийн дарга хийж болно гэсэн нөхцөлөөр оруулсан гэж ойлгож болно. Албан тушаалын тодорхойлолт ч гэсэн урьд батлагдсан тодорхойлолтоос зарчмын зөрөөгүй утга агуулга нэг байна.

Хот байгуулалтын тухай хуулийн 10.1.5, аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны  өдрийн Б/713, 2020 оны 11-р сарын 17-ны Б/28 дугаар захирамжууд түүний 2-р заалт, Барилга хот байгуулалтын Сайдын зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар хуралдааны шийдвэр, Барилга, хот байгуулалтын сайдаас аймгуудын Засаг дарга нартай “Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх” талаар 2019 онд байгуулсан гэрээний 4-р хавсралтын 9 дүгээр заалт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын Б/123 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт”-ын хоёрдугаар хавсралтын 14 дүгээрт заасан орон тоо, тус газрын даргын 2020 оны 1/3044 тоот хариу албан тоот, аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 1-01/1001 тоот албан тоот, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний 01/2196 тоот, аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын11-ний 1-01/45 тоот албан бичгийг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/28 захирамжийг бүхэлд нь хэвээр үлдээж, Х.Аын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

     Гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан тайлбарт:

Аймгийн ерөнхий архитектор ажилтай Г.М миний бие 1988 оноос төрийн албанд ажиллаж байсан ба Төрийн албаны тухай хууль анх батлагдаж байх үед төрийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдыг шалгалтад оруулахгүйгээр шууд тангараг өргүүлэх журам гарсан байсан. Миний бус урьд нь төрийн өмчийн “Жол" ХК-нд ерөнхий инженерээр ажиллаж байсан тул 1998 онд төрийн албаны шалгалтад анх орж тэнцсэн. Шалгалтад орох үед миний ажиллаж байсан Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, санхүү эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Х.Бекенээс Г.Мын талаар тодорхойлолт гаргаж “...төрийн жинхэнэ албаны мэргэжлийн шалгалтад ороход татгалзах зүйлгүй болохыг тодорхойлов” гэж байсан ба Баян Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар  сарын 20-ны өдрийн №110/ШШ2017/0022 дугаар шийдвэрийн хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад гэрч Б.Ерлан, тухайн үед төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Пушкей нарын мэдүүлгээр батлагдсан. 1998 оны 4 дүгээр сарын 15-нд 92 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газарт дэд бүтэц хариуцсан дэс түшмэлээр томилогдон орж, ТЗ-4 зэрэглэлээр ажиллаж, 1999 оны 03 дугаар сарын 03-ны аймгийн Засаг даргын 37 дугаар захирамжаар зэрэглэлээ ахиулан ТЗ-5- аар бүр ажилласан, 2000 онд аймгийн Засаг даргын 296 дугаар захирамжаар төрийн албанаас хууль бусаар чөлөөлөгдөн, 2002 оны 5 дугаар сарын 22-ны өдөр  Улсын дээд шүүхийн 183 дугаар шийдвэрээр урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоогдож, Засаг даргын 2002 оны 07 сарын 29-ний өдрийн 226 дугаар захирамжаар дахин томилогдож байсан төрийн жинхэнэ албан хаагч мөн бөгөөд урьд ажиллаж байсан албан тушаалд хэвээр үргэлжлэн ажиллаж байгаад аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2003 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 03 дугаар тушаалаар өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар орон тоо маань хасагдан нэг удаагийн тэтгэлэг авч ямар нэгэн ажилд орохгүйгээр төрийн албанаас чөлөөлөгдсөн.

Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 2.2.3, 4.2 дугаар заалт, тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 23.4, 23.5 дахь заалтын дагуу нөөцөд байгаад тооцогдож, 2014 онд эргэж аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст 2014 оны 01 дүгээр сарын 27-ны 18 тоот тушаалаар орон нутгийг хөгжүүлэх сан, хөрөнгө оруулалт, барилга архитектурын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Уг албан тушаалд томилогдсон талаар тухайн үед ямар нэгэн гомдол маргаан гарч байгаагүй.

Миний бие ажилгүй байсан хугацаанд буюу 2005 оны 8 дугаар сард аймгаас өргөдөл гомдол хариуцсан албан тушаалтны ажлын байрны сонгон шалгаруулалт зарлагдсанаар сонирхон  уг шалгалтад орж тэнцэж 9 дүгээр  байр эзэлж байсан ба ажилд ороогүй бөгөөд энэ нь Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 2.2.3, 4.2 дугаар заалтад заасан миний нөөцөд байх хугацаанд хамааралгүй болно.

Аймгийн Засаг даргын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байгаа намайг 2016 оны 09 дүгээр сарын 19 ний өдрийн 159 дугаар тушаалаар албан ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан миний зөвшөөрснөөр аймгийн ерөнхий архитекторын албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар үүрэгт ажлаас минь чөлөөлж, аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний Б/504 дүгээр захирамжаар аймгийн ерөнхий архитектораар томилж аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ажиллуулсан.

Намайг ерөнхий архитектораар томилохоос өмнө аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2016 оноос өмнө аймгийн газрын дарга Х.Насихатын тушаалаар хууль бусаар ерөнхий архитектораар томилогдсон Х.Е захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаснаар гурван шатны шүүхээр явж эцэст нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 25-ны  өдрийн 319 дүгээр тогтоолоор Хот байгуулалтын тухай хуулийн 9.1.2-т заасныг  үндэслэн нэхэмжлэгч Х.Еын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Г.Мыг томилсон аймгийн Засаг даргын 2016 оны Б/504 дүгээр захирамж нь сонирхогч этгээд Х.Еын оролцоог хангаагүй шууд томилсон гэх үндэслэлээр хүчингүй болгосон.

Миний бие дээрх шүүхийн шийдвэрийн дагуу 2017 онд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд бүх нотлох материалаа өгч, төрийн албан хаагч мөн болохыг тогтоож өгөх, хэрэв мөн бол аймгийн ерөнхий архитекторт нэр дэвшүүлж сонгон шалгаруулалт хийж өгөхийг хүсэж өргөдөл гаргасан. Намайг төрийн жинхэнэ албан хаагч мөн болохыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хянан шалгаж тогтоон аймгийн Засаг даргад ерөнхий архитекторыг томилох талаар зөвлөмж хүргүүлсэн юм.

Аймгийн Засаг даргаас уг асуудлыг дахин судалж үзээд ерөнхий архитектораар Г.Мыг томилсон 2016 оны Б/504 дүгээр захирамжаа өөрөө хүчингүй болгож, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар аймгийн Засаг даргад өгсөн зөвлөмж болон Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу сонирхогчдын оролцоог хангаж, намайг сонгон 2017 оны 12 дугаар сарын 20-ны Б/713 дугаар захирамжаар аймгийн ерөнхий архитектораар дахин томилсон. Засаг даргын уг томилгооны талаар тухайн үед маргагч тал болох Х.Е болон Х.А мөн бусад иргэдээс ямар нэгэн гомдол маргаан гаргаагүй. Миний бие томилогдоод 4 жил гаруй үр бүтээлтэй ажиллаж байна.

Аймгийн Засаг дарга асан А.Гы аймгийн ерөнхий архитекторыг томилсон 2017 оны Б/713 дугаар захирамжийн үйлчлэх хугацаа нь дуусаж хүчингүй болж, Хот байгуулалтын тухай хуулийн 9.1.2-т ерөнхий архитекторыг 4 жилийн хугацаагаар томилохоор заасан байх тул 2020 онд шинээр сонгогдсон аймгийн Засаг дарга Д.Бд ерөнхий архитекторын томилгооны хугацааг сунгаж, дахин үргэлжлүүлэн томилж ажиллуулж өгөхийг хүсэж хүсэлт гаргасан.

Аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны Б/28 дугаар захирамжаар ерөнхий архитектораар ажиллаж байгаа намайг Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасныг үндэслэн ерөнхий архитектораар ажиллах хугацааг 4 жилийн хугацаагаар сунгаж, дахин үргэлжлүүлэн томилсон ба захирамжийн 2 дахь заалтаар цалингийн асуудлыг тусгаж, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын Баян Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтэц орон тоог баталсан 2019 оны Б/123 дугаар тушаалын хавсралтын 14-т  Хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий архитектор” нэртэй нэг орон тооны ТЗ-7 зэрэглэлээр цалинжуулахаар захирамж гарсан.

Намайг аймгийн Ерөнхий архитектораар үргэлжлүүлэн томилохдоо боловсрол, мэргэжил, төрийн захиргааны болон хот байгуулалтаар мэргэшсэн байдал, ажлын туршлага, ажлын үр дүн, Барилга, хот байгуулалтын Сайдын зөвлөлийн 2018 оны 03 сарын 30-ны өдрийн 03 хуралдааны шийдвэр, аймгуудын Засаг дарга нартай 2019 онд Барилга, хот байгуулалтын сайдын хийсэн гэрээний хавсралтын 9 дүгээр заалт, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтэц орон тоог баталсан 2019 оны Б/123 дугаар тушаал, Засаг дарга асан А.Гы 2020 оны 11 сарын 05-ны 1-01/1001 албан тоот, Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгийн ерөнхий архитектор Г.М надад хаяглаж ирүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1/3044 тоот өргөдлийн хариуг тус тус харгалзан үзсэнийг анхааралдаа авахыг хүсье.

Ерөнхий архитектор ажилтай миний бие Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасны дагуу аймгийн Засаг даргын 2017 оны Б/713, 2020 оны Б/28 дугаар захирамжаар тус тус томилогдож 5 дахь жилдээ жил бүрийн ажлын төлөвлөгөө, тайлангаа аймгийн Засаг даргаар батлуулж, Барилга хот байгуулалтын яамаар 80-аас дээш үнэлгээгээр ажлаа дүгнүүлэн үр бүтээлтэй хамтран ажиллаж ирсэн. Аймгуудын ерөнхий архитекторуудын харьяалал, томилох асуудлыг улсын хэмжээнд Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн 2018 оны 03 сарын 30-ны өдрийн 03 хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлээд аймгуудын Засаг дарга нартай 2019 онд Барилга, хот байгуулалтын сайдын хийсэн гэрээний хавсралтын 9 дүгээр заалтаар ерөнхий архитекторыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга эсхүл барилга, хот байгуулалтын хэлтсийн даргаар томилохыг үүрэг болгосон байсан. Зарим аймагт архитекторууд аймгийн Засаг даргын Тамгын газарт өөр ажил хавсарч ажиллаж байгаа боловч тэд мэргэжилтэн гэсэн нэрээр явж байгаа бөгөөд Засаг даргын Тамгын газарт ерөнхий архитекторын орон тоо байхгүй байгааг Засаг дарга асан А.Гы 2020 оны 11 дүгээр сарын 05-ны 1-01/1001 албан тоот нотолдог.

Харин аймгуудын ерөнхий архитекторуудын Хот байгуулалтын тухай хуулийн 10.1.5-д заасан эрх үүргийг хэрэгжүүлэх хууль ёсны ажиллах орон тоо нь аймгуудын Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт түүний дотор Барилга хот байгуулалтын хэлтсийн “Хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектор” нэршилтэй орон тоо байгаа юм.

     Үүнийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгийн ерөнхий архитектор Г.М-д гэж хаяглаж ирүүлсэн 2020 оны 10 сарын 26-ны 1/3044 албан тоот, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/2196 тоот албан бичиг баталж байгаа.

    Үүнээс үзвэл барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектор /ТЗ-7/ нэртэй уг албан тушаалд аймгаас томилогдон ажиллаж байгаа ерөнхий архитектор миний бие мэргэжлийн дагуу ажиллаж цалинжих ёстой гэдгийг нотолж байгаа бөгөөд аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны Б/28 дугаар захирамжийн 2 дугаар заалтад үүнийг тусгаж өгсөн нь бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

 Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/2196 тоот албан бичигт хэлтсийн дарга болон ерөнхий архитектор гэсэн нэг орон тоо гэдгийг тогтоосон ба аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2018 оны Б/17, 2020 оны Б/01 зэрэг тушаалаар хэлтсийн дарга болон ерөнхий архитектор гэсэн хоёр тусдаа орон тоо бий болгож Г.Мыг ТЗ-5-аар цалинжуулахаар, Х.Аыг хэлтсийн даргаар ажиллуулж ирсэн.

Саяхан Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтэц орон тоог баталсан 2019 оны Б/123 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектор гэсэн албан тушаалын нэрийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 27-ны Б/96 дугаар тушаалаар барилга хот байгуулалтын хэлтсийн дарга”, гэж өөрчилсөн байна.

Ийнхүү зөвхөн албан тушаалын нэрийг өөрчилсөн явдал нь Х.Аын шүүхэд өгсөн тайлбарт заасанчлан ерөнхий архитекторыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтэц орон тооноос бүрмөсөн хасаж байгаа хэрэг биш бөгөөд түүнийг үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 360 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан барилга хот байгуулалтын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтын дотор ерөнхий архитекторын хуульд заасан чиг үүрэг бүрэн орж, тодорхойлолтын 5-р хуудсанд албан тушаалд тавигдах тусгай шаардлагын шаардагдах мэргэжил гэдгийн эхний ээлжид

архитектор, хот төлөвлөлтийн мэргэжлийг заасан байгаа. Үүнээс үзвэл аймгийн ерөнхий архитекторын чиг үүрэг нь албан тушаалын тодорхойлолтод хэвээр байгааг харуулж байгаа.

Х.А нь шүүхэд өгсөн мэдүүлэг болон тайлбартаа Г.Мын буюу ерөнхий архитекторын орон тоо Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт байхгүй байгаа тул барилгын хяналтын инженерийн буюу барилгын асуудал хариуцсан мэргэжилтний цалин өгч, уг албан тушаалаар ажиллуулж байгаа тухай мэдэгдсэн ба миний бие ерөнхий архитектораас өөр ямар ч албан тушаалыг хавсран ажиллаагүй, Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх, үүрэг болон Зам, тээвэр.барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 155 дугаар тушаалаар батлагдсан “Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрэм”-ийн дагуу ерөнхий архитектораар ажиллаж байгаа юм. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаас намайг ямар нэгэн мэргэжилтний албан тушаалд томилоогүй түр орлон гүйцэтгүүлээгүй цалингийн сандаа багтаан ажиллаж байгаа тухай шүүхэд болон аймгийн Засаг даргад тайлбарласан болно.

Нөгөө талаар нэгэнт Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 27-ны Б/96 дугаар тушаалаар бүтэц орон тоонд өөрчлөлт оруулж барилга хот байгуулалтын хэлтсийн дарга нэртэй шинэ албан тушаалыг баталсантай холбогдуулан Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын байгууллага дотор ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас барилга хот байгуулалтын хэлтсийн дарга нэртэй шинэ албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж томилох ёстой байтал газрын даргын 2021 оны 01 дүгээр  сарын 04-ний Б/02 дугаар тушаал гаргаж шууд томилсон байна. Өөрөөр хэлбэл уг тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтыг дурдсан боловч ямар ч сонгон шалгаруулалт зарлаагүй томилж хуулийн уг заалтыг ноцтой зөрчиж байна. Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 360 дугаар тогтоолоор батлагдсан ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн бүтэц орон тоог батлахыг аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нарт зөвшөөрсөн болохоос биш сонгон шалгаруулалт явуулахгүйгээр шууд томил гэсэн заалт байхгүй болно.

Иймд намайг аймгийн Засаг даргаас төрийн удирдлагын менежерээр төгссөн, хот байгуулалтын чиглэлээр "мэргэшсэн архитектор” цолтой, улсад 30 жил түүний дотор төрийн албанд, барилгын удирдах болон гүйцэтгэх байгууллагад 23 жил үр бүтээлтэй ажилласан туршлага, Хот байгуулалтын тухай хуулийн 9.1.2, 10.1.5 дахь заалтууд харьяа агентлагийн даргын тушаал, албан тоот, Барилга хот байгуулалтын сайдын зөвлөлийн шийдвэр, барилга хот байгуулалтын сайдаас аймгийн Засаг дарга нартай байгуулсан 2019 оны гэрээний хавсралтын 9 дүгээр заалт болон аймгийн Засаг даргын шүүхэд гаргасан тайлбарт хавсаргасан нотлох баримтууд болон энэхүү тайлбарт хавсаргасан нотлох баримуудыг үндэслэн аймгийн ерөнхий архитектораар үргэлжлүүлэн 4 жилээр томилж хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитекторын албан тушаалын ТЗ-7 зэрэглэлээр цалинжуулахаар шийдвэрлэсэн аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны Б/28 дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарт:

Нэхэмжлэгч Х.А Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Ерөнхий архитектораар үргэлжлүүлэн томилох тухай” Б/28 дугаар захирамж, Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Хүсэлтийг хянан шалгасан тухай” 04 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа.  Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн үү гэдэг асуудалд тогтож ярих нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлага болгож байгаа Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Ерөнхий архитектораар үргэлжлүүлэн ажиллуулах тухай” Б/28 дугаар захирамж  ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч Х.Аын субьектив эрхийг зөрчөөгүй. Учир нь 2016 оноос эхлэн Баян-Өлгий аймгийн ерөнхий архитекторын орон тоонд томилогдон ажиллаж байсан Г.Мын хуульд заасан бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан аймгийн Засаг дарга 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/28 тоот захирамжаар үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн болохоос урьд өмнө хэлтсийн дарга, тэрнээс өмнө мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан Х.Аын ямар нэгэн эрх ашгийг хөндсөн эрхийн акт биш гэж үзэж байна. Энэ нь тухайн захирамжийн захирамжлах хэсэгт дурдсан Г.Мын цалинг хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектор гэсэн албан тушаалын ТЗ-7 зэрэглэлээр цалинжуулахыг төсвийн шууд захирагчид төсвийн ерөнхийлөн захирагчийн зүгээс үүрэг болгосон заалт байгаа.

Х.Аын эрхэлж байгаа албан тушаалыг Г.Мад авч өгсөн эсвэл ТЗ-7-гоор цалинжиж байсан Х.Аын цалинг бууруулж, Г.Мыг ТЗ-7-гоор цалинжуулж Х.Аын цалинг булааж авч өгсөн мэт зөрчил энэ эрхийн актаар харагдахгүй байна. Өнөөдрийг хүртэл Х.А өөрөө хэлтсийн даргын чиг үүргээ хэрэгжүүлж, тухайн албан тушаалын цалин хөлсөө авч байна гэдгээ өөрөө шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд нотолсон.

Хоёрдугаарт,  Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Хүсэлтийг хянан шалгасан тухай” 04 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү салбар зөвлөлийн 04 дүгээр тогтоол нь нэхэмжлэгч Х.Аын ямар нэгэн суурь эрхийг хөндөөгүй. Энэхүү тогтоол нь Г.М нь төрийн жинхэнэ албан хаагч мөн үү гэдэг асуудалд үнэлэлт дүгнэлт өгсөн байгаа. Г.М төрийн жинхэнэ албан хаагч мөн, биш эсэх асуудал нэхэмжлэгч Х.Аын ямар нэгэн суурь эрхэд хамаарагдахгүй. Салбар зөвлөл тогтоол гаргахдаа тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хууль, мөн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан төрийн жинхэнэ албан хаагчид орох иргэний нөөцийг бүрдүүлэх тогтоолын хавсралтаар баталсан журмыг үндэслэн гаргасан. Төрийн албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдсөнөөр түүнийг төрийн жинхэнэ албан хаагч биш  гэж үзэхгүй. Үүнийг өмнөх Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл, мөн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн  холбогдох заалтуудаар төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэгдэх болзол журам зэргийг зохицуулж өгсөн байгаа.

Г.М нь тухайн үед өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас төрийн албанаас чөлөөлөгдөж байсан болох нь төрийн албанаас чөлөөлөгдсөн тухай эрхийн актуудаар нотлогдон тогтоогдсон байна. Өөрөөс үл хамаарах шалтгаанаар төрийн албанаас чөлөөлөгдсөн хүн Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалт болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмыг баталсан Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын 2.2.2, 2.2.3 дахь заалтуудаар төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэгдэхээр зохицуулсан байгаа. Энэ эрхийг хэдий хүртэл эдлэх вэ гэдэг асуудлыг тухайн журмын 4.2-т мөн адилхан зохицуулж өгсөн байгаа. Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл нь  хүчин төгөлдөр байх хугацаа төрийн жинхэнэ албан тушаалд  томилогдох хүртэл хязгаарлахгүй гэж зохицуулсан бол энэ хугацааг 2019 онд Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны нөөц бүрдүүлэх журмыг баталсан 17 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар уртасгаж, нөөцөд байх хугацааг тухайн журмын 4.2.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээр дуусгавар болно гэж сунгаж өгсөн. Ийм учраас Төрийн албаны зөвлөл 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр  тухайн тогтоолыг гаргахад хүчин төгөлдөр үйлчилж байсан 2009 оны Төрийн албаны зөвлөлийн 99 дүгээр тогтоолыг баримталж  асуудлыг шийдвэрлэснийг буруу гэж үзэх боломж байхгүй. Тухайн үед хүчин төгөлдөр байсан эрхийн актыг үндэслэл болгож, тогтоолыг гаргасан учраас 2004-2005 онуудын үйл ажиллагаанд буцаан хэрэглэсэн асуудал буруу гэх утга агуулгаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яагаад гэвэл Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг буцаан хэрэглэх, хэрэглэхгүй байх тогтоол батлагдсанаас хойш мөрдөх тухай заалт огт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2 төрлийн эрхийн акт нэхэмжлэгч Х.Аын суурь эрхийг зөрчөөгүй учраас энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч тайлбарлахдаа, би хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаа. Энэ албан тушаалыг би гүйцэтгэж байгаа учраас архитекторын чиг үүрэг надад шилжиж ирсэн гэж тайлбарлаж байна. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Х.А нь өөрөө, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын даргын Б/12 тоот ажилд томилох тухай тушаалаар  2015 оны  07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн  Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт барилга угсралтын техникийн хяналт хариуцсан мэргэжилтнээр томилогдон, ТЗ-5-аар цалинжихаар томилогдсон байна. Энэхүү томилогдсон тушаал нь өнөөдрийн хүртэл хэвээр хадгалагдаж байна. Өөрөөр хэлбэл тухайн үед Х.Аын ажиллаж байсан барилга угсралтын техникийн хяналт хариуцсан мэргэжилтэн гэх албан тушаал нь өнөөдрийн байдлаар барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн гэсэн бүтэц орон тоо болж нэршлийн хувьд өөрчлөгдсөн болохоос энэ албан тушаалд өнөөдрийг хүртэл Х.А ажиллаад, тухайн үеийн газрын дарга Х.Насихат хэлтсийн дарга гэж хууль бус эрхийн акт гаргаж, дараа нь мөн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын даргаар томилогдсон К.Бын тушаалаар үргэлжлүүлэн томилогдон хавсран ажиллаж байгаа болохоос үүнд  нэхэмжлэгчийн хэлж байсанчлан зөвхөн хэлтсийн дарга гэдэг ганцхан орон тоонд ажиллаж байгаа гэдэг асуудал эндүүрэл. Яагаад гэвэл жил бүрийн Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын бүтэц орон тоог баталсан эрхийн актууд хавтаст хэрэгт  нотлох баримтаар авагдсан. Эдгээр нотлох баримтуудад хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектор гэсэн орон тоо баталсан болохоос ганцхан хэлтсийн дарга гэсэн орон тоо Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газарт батлагдаж байгаагүй. Тэр нь бүтэц орон тоо батлах тухай эрх бүхий байгууллага болох Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын  бүтэц орон тоо баталсан эрхийн актуудаар нотлогдож байгаа. Гэтэл Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас баталж өгсөн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектор гэдэг орон тоонд тухайн үед ажиллаж байсан Х.Марат нь өндөр настны тэтгэвэрт гарсантай холбогдуулан хэлтсийн даргын албан тушаалыг мэргэжилтнээр ажиллаж байсан Х.Ат хавсруулах тухай түр тушаал гаргасан гэж тухайн үеийн газрын дарга Х.Насихат гэрчийн мэдүүлэгтээ тайлбарласан. Үүнийг дараагийн даргаар томилогдсон К.Б нь үргэлжлүүлэн хэлтсийн дарга гэж томилсон болохоос хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектор гэсэн ганц орон тоог Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын дарга нарын хууль бус буруутай үйл ажиллагааны улмаас нэг албан тушаалыг хоёр албан тушаал болгож салгаж буруу тушаал гаргаж томилсон.

 Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан Х.Насихатын Х.Аыг хэлтсийн даргаар томилсон тушаал, мөн К.Бын  Х.Аыг хэлтсийн даргаас архитекторыг салгаж томилж байсан тушаал нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны акт  болж байгаа. Илт захиргааны хууль бус акт бол хэзээ гарснаас үл хамааран гарсан цагаас эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх ёстой. Ийм учраас тухайн захиргааны актууд хууль бус тухайн үед хууль, журам зөрчиж эрхийн акт гаргасан нь өнөөдрийн шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдсон учраас энэ талаар шүүх шийдвэр гаргахдаа тухайн актууд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн холбогдох заалтад заасан илт хууль бус захиргааны акт гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөхийг хүсэж байна.

 Г.Мын төрийн жинхэнэ албан хаагч мөн биш эсэхэд эргэлзэж байна гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Г.Мыг төрийн жинхэнэ албан хаагч мөн болохыг тогтоож байсан Улсын дээд шүүхийн 2002 оны тогтоолыг нотлох баримтаар хавтаст хэрэгт хавсаргасан байна. Мөн Төрийн албаны салбар зөвлөл үнэлэлт дүгнэлт өгч төрийн жинхэнэ албан хаагч мөн гэдэг дүгнэлт гаргасан. Үүнийг үгүйсгэх нотлох баримт байхгүй. Гуравдагч этгээд Г.М нь тухайн архитекторын албан тушаалд томилогдохдоо төрийн жинхэнэ албан хаагчийн орон тоонд дэд бүтэц  хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад тухайн сул орон тоо гарсан ерөнхий архитекторын албан тушаалд аймгийн Засаг дарга Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд архитектораар томилж, 4 жил ажилласан одоо 5 дахь жилдээ ажиллаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Г.М ажлаа үнэлүүлж байгаагүй, доголдолтой, ажилдаа тэнцэхгүй байсан гэдэг асуудлыг тайлбартаа бичсэн байсан. Энэ асуудлаарх баримтыг шүүхийн зүгээс нотлох баримт болгон бүрдүүлж хариуцагч байгууллагаас авсан.

Г.М ажлын үзүүлэлтээр сүүлийн 3 жилд баруун бүсэд 1 дүгээр байр эзэлж байсан. Ажил нь хангалттай болж дүгнэгдэж байсан. Энэ талаар нотлох баримтуудыг хавсаргаж өгсөн байна. 2019 онд хийж гүйцэтгэсэн ажлыг албан бичгээр баталгаажуулж, тус аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газарт хүргүүлж, 84.8 хувиар 1 дүгээр байр эзэлж байсан.  Мөн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 30/88 тоот албан бичгээр мөн ажлыг нь 80.4  хувиар  дүгнүүлж байсан. Нэхэмжлэгч нарын зүгээс чөлөөт өрсөлдөөний журмаар өрсөлдүүлэн шалгаруулж, төрийн албаны шалгалт авч, Г.Мын ажиллаж байгаа албан тушаал болох ерөнхий архитекторын орон тоонд сонгон шалгаруулалт зарлаагүй мэтээр тайлбарлаж байна. Хариуцагч Төрийн албаны  тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар төрийн албанд ажиллаж байсан албан хаагчид дотроос тухайн албан тушаалын ерөнхий болон тусгай шаардлагыг илүү хангасан мэргэжил үйл ажиллагааны үр дүнгийн түвшинг харгалзаад сонгож, томилох эрх нь ажил олгогчид бий. Энэ эрх хэмжээний дагуу Засаг дарга ерөнхий архитектораар тухайн үед архитектурч мэргэжилтэй, төрийн жинхэнэ албан хаагчийн орон тоонд үргэлжлүүлэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Мыг мэргэжлийн дагуу ерөнхий болон тусгай шаардлагыг илүү хангаж байгаа байдлыг харгалзан үзэж томилсон явдлыг буруу гэж үзэхгүй.

Ийм учраас шилжүүлэн томилсон явдал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлахдаа  хэлтсийн дарга гэсэн орон тоотой болсон. Ерөнхий архитектор гэсэн чиг үүрэг  хэлтсийн даргад шилжиж ирсэн учраас аймгийн Засаг дарга томилох эрхгүй гэж байна. Барилга хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйл хүчингүй болоогүй байгаа. Ерөнхий архитекторын чиг үүргийг хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектор гэсэн нэршилтэй ганц орон тооны хэлтсийн дарга гэсэн нэршил өөрчлөгдсөн болохоос ерөнхий архитекторын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байна гэдэг асуудлыг дээд байгууллагаас удаа дараа ирүүлж байсан.

Мөн Төрийн албаны зөвлөлийн хоёр албан шаардлагаар нотлогдож байгаа. Нэгэнт  Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд ерөнхий архитекторыг аймгийн Засаг дарга томилно гэсэн заалт хэвээр байгаа учраас Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын бүтцэд байгаа хэлтсийн дарга гэдэг орон тоог Засаг дарга өөрийнхөө бүрэн эрхийн хэмжээнд хэлтсийн дарга гэдэг албан тушаалаар нь томилох ёстой гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх асуудал хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдохгүй байгаа учраас  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/28 дугаар захирамжийг хүчингүй болгох талаарх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

             Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын  2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/65 дугаартай тушаалаар батлагдсан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын “Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектор”-ын орон тоонд ажиллаж байсан Б.Марат нь өндөр насны тэтгэвэрт гарсан үндэслэлээр газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/14 дугаартай  тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн үед газрын даргын мөн өдрийн Б/15 дугаартай тушаалаар мэргэжилтнээр ажиллаж байсан нэхэмжлэгч Х.Аыг анх уг албан тушаалын барилга, хот байгуулалтын хэлтсийн даргаар түр, харин ерөнхий архитектораар иргэн Х.Еыг  2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар тус тус томилсон байжээ.

             Дараагийн томилогдсон Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын  даргаас 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар нэхэмжлэгч Х.Аыг хэлтсийн даргаар бүр томилж, харин аймгийн ерөнхий архитекторыг Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар аймгийн Засаг дарга томилох эрхтэй  байхад газрын албаны  дарга томилсон нь хууль бус гэж үзэж, Б/16 дугаар тушаалыг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/21 дугаартай тушаалаар хүчингүй болгосноор Х.Е нь ерөнхий архитекторын албан тушаалаас чөлөөлөгдөж, оронд нь  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/504 дугаартай захирамжаар гуравдагч этгээд Г.М  ерөнхий архитектораар анх томилогдон ажиллажээ.

             Х.Еоос Г.Мыг ерөнхий архитектораар томилсон  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/504 дугаартай дээрх захирамжийг, мөн өөрийг нь тус албан тушаалаас чөлөөлсөн аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/21 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулахаар маргаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба шүүхийн эцсийн  шийдвэрээр  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны Б/504 дугаартай захирамжийг хүчингүй болгож, харин аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны Б/21 дугаартай тушаалыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

             Дээрх үйл баримтууд хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтууд болон Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 110/ШШ2027/0022 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0391 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 319 дугаартай тогтоолоор тогтоогдож байна.

             Шүүхийн дээрх шийдвэрүүдээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны Б/504 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах журмыг зөрчиж, сонгон шалгаруулалт зарлаагүй, сонирхогч этгээдүүдийг өрсөлдүүлэлгүй аймгийн ерөнхий архитекторын албан тушаалд Г.Мыг шууд томилсон нь уг албан тушаалд ажиллаж байсан Х.Еын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэжээ.

             Анхан шатны шүүхийн шийдвэр  дээрх байдлаар 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсноор Баян-Өлгий аймгийн Засаг даргаас  2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/712 дугаартай захирамж гаргаж, 2016 оны Б/504 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Б/713 дугаартай захирамжаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 319 дугаартай тогтоол, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.6, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 2.2.3, 4.2, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 04 дугаартай тогтоолыг тус тус баримтлан гуравдагч этгээд Г.Мыг ажлын байрны тодорхойлолтод тавигдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа, 2016 оны ажлын үр дүн, туршлагыг харгалзан гэх үндэслэлээр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ажиллуулахаар ерөнхий архитекторын албан тушаалд дахин томилжээ.

             Засаг даргын Б/713 дугаар захирамжид баримталсан Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “аймаг, нийслэлийн ерөнхий архитекторыг 4 жилийн хугацаагаар томилох;” гэж заасан ба гуравдагч этгээд Г.Мын ерөнхий архитекторын хувьд ажиллах хуульд заасан хугацаа дууссанаар Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б/28 дугаартай захирамж гаргаж, түүнийг  аймгийн ерөнхий архитектораар 2016 оноос эхлэн томилогдон ажиллаж байгаа гэх үндэслэлээр тус албан тушаалд үргэлжлүүлэн 4 жилийн хугацаагаар ажиллуулахаар томилж, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны Б/123 дугаар тушаалаар батлагдсан бүтэц орон тооны “Хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектор”-ийн  албан тушаалын ТЗ-7-5 шатлалаар цалинжуулахыг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад үүрэг болгож шийдвэрлэжээ. 

Анх Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/65 дугаар тушаалаар  аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын  бүтэц, орон тоог батлахдаа уг газар дотор барилга, хот байгуулалтын  хэлтэс ажиллахаар, хэлтсийн дарга ерөнхий архитектор байхаар тусгасан байх ба Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын  2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/186, 2019 оны 08 дугаар сарын Б/123 дугаартай  тушаалуудаар аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтэц, орон тоог тус тус шинэчилж тогтоохдоо 2015 оны Б/65 дугаартай тушаалаар батлагдсан “Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектор”-ын нэг орон тоо хэвээр батлагдаж иржээ.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт  “Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектор” гэсэн нэг орон тоо байгаа тохиолдолд Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т ерөнхий архитекторыг аймгийн Засаг дарга  томилохоор зааснаар  уг албан тушаалд  ажиллах төрийн  албан хаагчийг томилох эрх бүхий этгээд нь аймгийн Засаг дарга гэж үзэхээр байна. Иймээс Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх журмын дагуу Хот байгуулалтын тухай хуулийн 9.1.2-т зааснаар Засаг даргын шийдвэрээр ерөнхий архитектораар томилогдсон иргэн нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитекторын орон тоонд ажиллаж, хэлтсийн даргын чиг үүргийг давхар хэрэгжүүлэхээр байна.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.6-д газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны бүтэц, орон тоог  батлахаар заасны дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын  2015 оны Б/65,  2017 оны Б/186, 2019 оны Б/123 дугаар тушаалуудаар “барилга хот байгуулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектор”-ын нэг орон тоо баталсан байхад 2016 оноос хойш аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нараас  томилох эрх бүхий этгээдийн хувиар  ажлын чиг үүргээр нь салгаж барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга, ерөнхий архитекторын тус тусын хоёр  орон тоо болгож дээрх байдлаар нэхэмжлэгч Х.А, гуравдагч этгээд Г.М нарыг ажиллуулж ирсэн нь буруу бөгөөд холбогдох хуулийг зөрчсөн байна.

Хэлтсийн даргын орон тоонд ажилласан хугацаанд нэхэмжлэгч Х.А нь барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитекторын албан тушаалын ТЗ-7 сүлжээний цалинг,  харин ерөнхий архитектораар ажилласан Г.Мад  Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтэц дэх барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтний сул орон тооны цалинг ТЗ-5-5 шатлалаар тогтоож олгож байсан нь талуудын тайлбар, тус газрын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 41 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Дээрх байдлаар нэг орон тооны  чиг үүргийг  2016 оноос хувааж хэрэгжүүлж ажилласан нэхэмжлэгч Х.А, гуравдагч этгээд Г.М нараас уг асуудлаар хоорондоо маргаагүй, томилох эрх бүхий этгээд болох Баян-Өлгий аймгийн Засаг даргаас  “барилга хот байгуулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектор”-ын орон тооны зөвхөн   “ерөнхий архитектор” -ын  албан тушаалд гуравдагч этгээд Г.Мыг 2016 оноос хойш ажиллуулж ирсэн үйл баримт тогтоогдсон.

Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б/28 дугаартай захирамж гаргаж, Г.Мыг аймгийн ерөнхий архитектораар 2016 оноос эхлэн томилогдон ажиллаж байгаа гэх үндэслэлээр тус албан тушаалд үргэлжлүүлэн 4 жилийн хугацаагаар ажиллуулахаар дахин томилсон байх боловч  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтэц, орон тоог баталсан 2019 оны Б/123 дугаартай дээрх тушаалын “Барилга хот байгуулалтын хэлтэс” хэсгийн “Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектор” гэснийг “барилга хот байгуулалтын хэлтсийн дарга” гэж өөрчилсөн байна. Үүнээс үзэхэд  аймгийн Засаг даргаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр  Б/28 дугаар захирамжаар ерөнхий архитектораар Г.Мыг үргэлжлүүлэн ажиллуулж, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны Б/123 дугаартай тушаалаар баталсан барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитекторын албан тушаалын ТЗ-7-5   шатлалын цалинг олгохоор шийдвэрлэхээс өмнө дээрх байдлаар Б/123 дугаар тушаалд өөрчлөлт орж урд байсан “барилга хот байгуулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектор”-ын албан тушаал нь “барилга хот байгуулалтын хэлтсийн дарга” нэртэйгээр өөрчлөгдсөнөөр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт багтаж ажиллах ерөнхий архитекторын албан тушаал хасагдсан гэж ойлгогдохоор байна.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн  23.4-т  “Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг энэ хуулийн 23.3-т заасан журамд нийцүүлэн боловсруулж, төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батална.” гэж зааснаар Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 360 дугаар тогтоолоор Барилга хот байгуулалтын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтыг уг тогтоолын 2 дугаар хавсралт ёсоор батлахыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нарт зөвшөөрсөн байна. Шинээр батлагдсан албан тушаалын тодорхойлолтоос үзэхэд өмнөх барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитекторын албан тушаалын чиг үүрэг нь барилга хот байгуулалтын хэлтсийн даргын албан үүрэгт хэвээр хадгалагдан үлдсэн  байна.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “албан тушаалын тодорхойлолт” гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг ойлгохоор заасан ба хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолт ёсоор архитектур, хот төлөвлөлт /073102,073103/, иргэний ба үйлдвэрийн барилга, байгууламж /0732/, цахилгаан эрчим хүч /071302, 071303, 071304, 071305/, халаалт, агаар сэлгэлтийн инженер, ус хангамж, ариутгах, татуургын инженер, усны барилга байгууламжийн инженер мэргэжилтэй иргэн нь барилга хот байгуулалтын хэлтсийн даргаар ажиллаж, хэлтсийн даргын чиг үүргээс гадна өмнөх албан тушаалын тодорхойлолтод заасан ерөнхий архитекторын чиг үүргийг мөн хэрэгжүүлэхээр байна. Ийнхүү өмнөх орон тооны ерөнхий архитекторын чиг үүрэг хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтод хэвээр батлагдсан боловч Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.6-д заасан эрх бүхий этгээдийн хувьд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргаас 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар зөвхөн барилга хот байгуулалтын хэлтсийн даргын орон тоог баталсан тул хэлтсийн даргын албан тушаалыг  аймгийн ерөнхий архитекторын албан тушаал гэж үзэхгүй.

Иймээс Баян-Өлгий аймгийн Засаг даргын Б/28 дугаар захирамжаар Г.Мыг тус аймгийн ерөнхий архитектораар томилсныг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилга, хот байгуулалтын хэлтсийн даргаар томилсон шийдвэр мөн гэж үзэхгүй тул энэ талаарх гуравдагч этгээд Г.Мын маргааныг үндэслэлгүй гэж үзлээ.

Дээрх байдлаар барилга хот байгуулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитекторын албан тушаалаас нь ерөнхий архитекторын албан тушаалыг хассан тохиолдолд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан  тухайн байгууллагын нэгж болох барилга ,хот байгуулалтын хэлтсийн даргыг томилох эрх бүхий этгээд мөн гэж үзнэ.

Ажлын байрны нэр нь дээрх байдлаар хуульд заасан эрх бүхий этгээдийн шийдвэрээр барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ажиллах барилга, хот байгуулалтын хэлтсийн даргаар  нэхэмжлэгч Х.Аыг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр томилж, цалинг ТЗ-7-4 шатлалаар олгохоор шийдвэрлэсэн тус газрын даргын  Б/02 дугаар тушаал нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т заасан  төсвийн шууд захирагч нь батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох заалттай нийцсэн байна.

Дээрх байдлаар эрх бүхий этгээдийн шийдвэрээр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын бүтэц, орон тоог баталсан  2019 оны Б/123 дугаар тушаал дахь барилга хот байгуулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитекторын албан тушаал нь  2020 оны 10 дугаар сарын  27-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга болж өөрчлөгдсөн байхад аймгийн Засаг даргаас 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/28 дугаар захирамжаар Г.Мыг аймгийн ерөнхий архитектораар томилохдоо түүнд Б/123 дугаар тушаалд заасан барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитекторын албан тушаалын ТЗ-7 сүлжээний цалинг олгохыг газрын даргад үүрэг болгож шийдвэрлэсэн нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3,  Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан төрийн албаны хууль дээдлэх зарчмыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч Х.А нь 2016 оноос хойш барилга, хот байгуулалтын хэлтсийн даргаар ажиллахдаа барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитекторын албан тушаалын цалинг авч ажилласан, эрх бүхий этгээдийн Б/96 дугаар тушаалаар ажлын байрны нэрийг дээрх байдлаар хэлтсийн дарга болгож өөрчилсөн болохоос орон тоо нэг хэвээр, мөн  нэг орон тооны батлагдсан цалингийн төсөвтэй  байх тул Б/96 дугаар тушаалаар баталсан хэлтсийн даргын орон тоонд ажиллах иргэн нь өмнөх бүтэц дэх хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитекторын албан тушаалын цалинг авч ажиллахаар байна.

Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга нь Засгийн газрын 2019 оны 275 дугаартай тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт” ёсоор албан тушаалын зэрэглэлийн хувьд  ТЗ-7-д хамаарах тул  газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар барилга, хот байгуулалтын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаа  нэхэмжлэгч Х.А нь тус албан тушаалын цалин хөлсийг авах эрхтэй, ажил олгогчоос  нэхэмжлэгчид хэлтсийн даргын ажил үүргийг хэрэгжүүлсний төлөө Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар тухайн  албан тушаалын цалин хөлсийг  олгох үүрэгтэй. Иймээс Засаг даргын захирамжийн 2 дахь заалтаар ерөнхий архитектор Г.Мад  хэлтсийн даргын албан тушаалын цалинг олгохыг газрын даргад үүрэг болгож  шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн  хэлтсийн даргын  албан тушаалын цалин хөлс авах баталгаагаар хангагдах талаарх Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул захирамжийн 2 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлээ.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар баталсан барилга, хот байгуулалтын хэлтсийн даргын орон тоонд Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар одоо нэхэмжлэгч Х.А томилогдон ажиллаж байх тул Засаг даргын 2020 оны Б/28 дугаар захирамжийн 1 дэх заалтаар гуравдагч этгээд Г.Мыг аймгийн ерөнхий архитектораар томилсон нь  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. Учир нь Засаг даргын Б/28 дугаар захирамж нь гуравдагч этгээд Г.Мыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилга, хот байгуулалтын хэлтсийн даргаар томилсон шийдвэр биш юм. Нөгөө талаар Хот байгуулалтын тухай хуульд зааснаар аймагт ерөнхий архитектор ажиллахаар байгаа ба хуулийн 9.1.2-т заасан Засаг дарга  аймаг, нийслэлийн ерөнхий архитекторыг 4 жилийн хугацаагаар томилох зохицуулалт хүчин төгөлдөр хэвээр байгаа.

Иймд Б/28 дугаар захирамжаар Хот байгуулалтын тухай хуулийн 9.1.2-т зааснаар аймгийн ерөнхий архитектораар томилогдсон гуравдагч этгээд Г.М нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт, эсхүл төрийн өөр байгууллагад харьяалагдан ажиллах эсэх нь барилга,хот байгуулалтын хэлтсийн дарга Х.Аын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй тул Б/28 дугаар захирамжийн 1 дэх хэсгийг хүчингүй болгох талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Гуравдагч этгээдээс нэхэмжлэгчийг барилга, хот байгуулалтын хэлтсийн даргаар томилсон эрх бүхий этгээдийн шийдвэртэй холбогдуулж маргаагүй, уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасныг үндэслэн  нэхэмжлэгч Х.Аыг барилга, хот байгуулалтын хэлтсийн даргаар томилсон 2021 оны Б/02 дугаар тушаал болон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2020 оны Б/96 дугаар тушаалаар баталсан барилга хот байгуулалтын хэлтсийн даргын албан тушаалд өмнөх бүтцэд байсан “Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектор”-ын нэг орон тооны чиг үүргийг  2016 оноос хойш хувааж хэрэгжүүлж ажилласан нэхэмжлэгч Х.А, гуравдагч этгээд Г.М нарын хэн нь ажиллах эрхтэй талаар дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн болно.

Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Хүсэлтийг хянан шалгасан тухай” 04 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгох талаарх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

             Гуравдагч этгээд Г.Мыг 2017 онд аймгийн ерөнхий архитекторын албан тушаалд томилсон Засаг даргын Б/713 дугаар захирамжид баримталсан Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “аймаг, нийслэлийн ерөнхий архитекторыг 4 жилийн хугацаагаар томилох;”, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө.”, 17.2-т “Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй.” 17.6-д “Мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна.”гэж тус тус заасан.

             Харин Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 04 дугаартай тогтоол нь гуравдагч этгээд Г.Мыг 2014 оноос төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч мөн болохыг тогтоосон, мөн  Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 319 дугаартай тогтоолын хянах болон тогтоох  хэсгийг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө.” гэж заасны дагуу тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг  хамгийн илүү хангаж байгаа хүнийг томилохыг аймгийн Засаг даргад зөвлөсөн агуулгатай байна.

             Гуравдагч этгээд Г.М нь дээрх байдлаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын  ...ерөнхий архитекторын албан тушаалд анх Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны Б/504, дараа нь 2017 оны Б/713 дугаар захирамжаар тус тус томилогдон ажилласан байх ба Хот байгуулалтын тухай хуулийн 9.1.2-т заасан ерөнхий архитектораар ажиллах бүрэн эрхийн хугацаа дууссанаар Б/28 дугаар захирамжаар мөн зүйлийг баримталж, тус албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар дахин томилсон байх боловч Б/713 дугаар захирамжид баримталсан Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 04 дүгээр тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 17 дугаар зүйлд заасан журмаар Г.Мыг ерөнхий архитекторын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн шийдвэр биш байна. Уг тогтоолын 2 дахь заалтаар Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу ... тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг  хамгийн илүү хангаж байгаа хүнийг томилохыг аймгийн Засаг даргад зөвлөсөн нь гуравдагч этгээд Г.Мыг  ерөнхий архитекторын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж шийдвэрлэсэн агуулгагүй байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн маргаан нь үндэслэлгүй гэж үзлээ.

             Гуравдагч этгээд Г.М нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 18 дугаартай тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн эрчим хүч, дэд бүтэц, барилга, архитектор хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн Засаг даргын Б/504 дүгээр захирамжаар аймгийн ерөнхий архтектораар томилогдсоноор Засаг даргын Тамгын газрын даргын мөн өдрийн 159 дугаартай тушаалаар Хөгжлийн бодлогын хэлтсийн  мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдсөн байна. Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 17 дугаар зүйлийн 17.8-д “...төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмыг төрийн албаны төв байгууллага тогтооно.” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 2.2.3, 4.2 дэх заалтуудыг үндэслэн  салбар зөвлөлийн 2017 оны 04 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар Г.Мыг 2014 оноос төрийн жинхэнэ албанд томилогдон ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

             Ийнхүү Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-д заасны дагуу эрх бүхий этгээдээс баталсан холбогдох журмыг үндэслэн  гуравдагч этгээдийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 2014 оноос хойш төрийн жинхэнэ албан тушаалд ажилласан  гэж үзэж, төрийн жинхэнэ албан хаагчаар тогтоосон уг шийдвэр нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар барилга, хот байгуулалтын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын  2015 оны Б/65,  2017 оны Б/186 дугаартай тушаалуудаар баталсан “барилга хот байгуулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий архитектор”-ын албан тушаал нь Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албан тушаал бөгөөд дээрх байдлаар нэг орон тооны  хэлтсийн даргын чиг үүргийг 2016 оноос хэрэгжүүлж ажилласан нэхэмжлэгч Х.А нь тус орон тооны ерөнхий архитекторын албан тушаалд гуравдагч этгээд Г.Мыг 2017 оны Б/713 дугаар Засаг даргын захирамжаар томилж ажиллуулсан асуудлаар  маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Салбар зөвлөлийн 04 дүгээр тогтоол нь нэхэмжлэгчид чиглээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр биш тул уг тогтоолын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан салбар зөвлөлийн 2017 оны 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 17 дугаар зүйлийн 17.8, Төрийн албаны тухай хуулийн /2017 он/ 7 дугаар зүйлийн 7.1, 27 дугаар зүйлийн 27.1, 57 дугаар зүйлийн 57.1, 61 дүгээр зүйлийн 61.1.1, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.6, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Аын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/28 дугаартай “Ерөнхий архитектораар үргэлжлүүлэн томилох тухай” захирамжийн 2 дахь заалтыг  хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох захирамжийн 1 дэх заалт болон Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Хүсэлтийг хянан шалгасан тухай” 04 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                               

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.РИЗА