Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2024/0739

 

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2024/0739

Улаанбаатар хот

 

 

“Г***” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б***,

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.У***,

Гомдол гаргагч: “Г***” ХХК

Хариуцагч: Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч,

Гомдлын шаардлага: Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 0124956 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 120/ШШ2024/0019 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*** /цахимаар/, өмгөөлөгч Ж.У***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*** /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Е***,

Хэргийн индекс: 120/2024/0015/3.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гомдол гаргагч “Г***” ХХК-иас Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 0124956 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 120/ШШ2024/0019 дүгээр шийдвэрээр “Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.37, 4.1 дүгээр зүйлийн 1, Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 6, 7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Г***” ХХК-ийн Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 0124956 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

“....Анхан шатны шүүхээс маргаан бүхий актыг гаргах ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэх, оролцоог хангасан эсэх, захиргааны актыг гаргах болсон үндэслэл тодорхой бичигдсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгч тухайн газрыг зориулалтын дагуу эрх бүхий этгээдийн зөвшөөрлийн үндсэн дээр ашиглаж байхад бодит нөхцөл байдлын шалган тогтоогоогүй буюу “зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан” зөрчил үйлдсэн гэж хариуцагчаас дүгнэн маргаан бүхий актыг гаргасан.

Газар эзэмших эрх, зөвшөөрөл олгосон албан тушаалтан, цаашлаад тухай байгаль орчны нөхцөл байдал нүүрс тээврийн үйл ажиллагаанаас мөн хил орчимд явуулж буй үйл ажиллагаанаас шалтгаалан хөрсний эвдрэл, бохирдол, тоосжилтоос үүдэн байгаль орчинд хохирол учирсан олон талын нөлөөлөл бий болсон газрыг “Г***” ХХК эзэмшсэн талаар бид маргасан

Тухайн эзэмшлийн газарт өмнө нь ургамал үгүй, битүү тоосонцорон хөрсөөр хучигдсан, “О***” ХХК-ийн замын хэсэг, нүүрс тээврийн автомашины зогсоол, замууд гээд хилийн боомтоор нааш, цааш явж буй машин техник, компанийн үйл ажиллагаа явуулж буй үйл ажиллагаанаас шалтгаалж маш их байгаль орчинд бохирдолтой газар эзэмшиж эхэлсэн. Гэтэл энэ талаар шүүх ямар ч эрх зүйн дүгнэлт хийсэнгүй, 3.0 га газрыг “Г***” ХХК л хохирол учруулсан мэтээр хэт нэг талыг барьж нөхөн төлбөр ногдуулсан тэгш эрхийн зарчимд нийцсэнгүй.

Байгаль орчинд сөрөг нөлөөлөл бий болсон учир шалтгааныг тал бүрээс нь харьцуулан, шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй, бусад байгарь орчинд нөлөөлөл үзүүлсэн хүн, хуулийн этгээдийг яагаад татан оролцуулаагүй, хариуцлага тооцуулахгүй байгаа нь ойлгомжгүй тэгш эрхийн зарчим алдагдсан байдалд эрх зүйн бодитой дүгнэлтийг шүүхээс хийлгүй орхигдуулсан гомдлыг шийдвэрлэсэн гомдолтой байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг анхааран үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Шүүх нэхэмжлэлийн агуулга, үндэслэлийн хүрээнд хэргийг шийдвэрлээгүй

Маргаан бүхий акт хууль зүйн үндэслэл нь салаа утгатай байгаа нь хүчин төгөлдөр бус байх үндэслэл бүрдсэн

Нотлох баримтыг үнэлэх журмыг илтэд зөрчсөний улмаас хэргийн бодит байдлыг буруу тогтоосон

Нэхэмжлэгчээс хэзээ, ямар шийдвэрийг үндэслэн дархан цаазат газар болсон, нэхэмжлэгч нь хориглосон үйл ажиллагаа явуулсан гэдэг нь ямар баримтуудаар тогтоогдож байгаа талаар маргаж байхад шүүх энэ асуудлаар тодорхой дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу

Нэхэмжлэгч компанийг ямар эдийн засаг, санхүүгийн анхан шатны нотлогдоогүй, шинжээч томилоход тайлбар аваагүй, баримтууд гаргуулаагүй нь шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гаргасан эсэхэд эргэлзэх нөхцөл байдал бүрдэж байна

Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор  бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3.  Маргаан бүхий үйл баримтын тухайд, 

3.1. Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч З.Наранмандах нь 2024 оны 5 дугаар сарын 24ий өдөр 0124956 дугаартай шийтгэлийн хуудсаар “Г***” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” зааснаар 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулан, байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр 284,469,049.3 төгрөг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардал 4,000,000 төгрөгийг “Г***” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн.

3.2. “Г***” ХХК-иас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд хандан:

- Компанийн эзэмшиж буй Өмнөговь аймгийн Х*** сумын *** дугаар баг, Ц*** газарт 30000 м.кв талбайг Х*** сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/127 дугаар захирамжаар эзэмшиж байгаа тул Тусгай хамгаалалттай газар нутаг биш,

- манай эзэмшил бүхий газар нь тусгай хамгаалалттай газартай ямар хэмжээгээр давхцаж байгаа болох талаар ямар ч хяналт шалгалт явуулаагүй, газрын нэгдсэн сангийн мэдээлэл нь үнэн зөв эсэхийг нягтлан шалгалгүйгээр хэт нэг талыг барьж, хийсвэр байдлаар зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй,

- Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шүүх шинжилгээний байгууллагаар байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоолгох, дүгнэлт гаргуулах байтал уг ажиллагааг хийгээгүй, улсын байцаагчид хохирол, нөхөн төлбөр нэхэмжлэх эрх хуулиар олгогдоогүй зэрэг үндэслэлээр тайлбарлан маргасан.

4. Хэрэгт авагдсан баримтаар, гомдол гаргагч “Г***” ХХК нь анх Өмнөговь аймгийн Х*** сумын Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/106 дугаар захирамжаар маргаан бүхий газар болох нэгж талбарын 46*** дугаар бүхий Хайрхан багийн “Ц***” нэртэй газарт байрлах, “худалдаа, үйлчилгээ”-ний зориулалт бүхий 10000 м.кв газрын эзэмших эрхийг “Г***” ХХК-иас шилжүүлэн авч, 13 жилийн хугацаатай эзэмшиж эхэлсэн бөгөөд мөн сумын Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/127 дугаар захирамжаар газрын хэмжээг 30000 м.кв болгон нэмэгдүүлсэн.

“Г***” ХХК-ийн нүүрс тээвэрлэлтийн кемп, хүнд даацын автомашины зогсоол байдлаар эзэмшиж, ашиглаж буй дээрх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох нь Говийн бага дархан цаазат газрын хил заагтай  бүхэлдээ давхцалтай.

Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 74 дугаар албан бичгээр Х*** сумын Засаг даргад хандан “...Г*** орчмын газар нутаг нь Говийн бага дархан цаазат газрын “Б” хэсэгт хамаардаг. Өмнөговь аймгийн Х*** сумын Засаг даргын ... 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/106 дугаар захирамж нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 36 дугаар зүйлийн зөрчиж буй тул хуулийн дагуу захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэж,

“Г***” ХХК-иас 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/18 дугаар албан бичгээр Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хандан “Ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах” хүсэлт гаргасны хариуд Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 143 дугаар албан бичгээр “Г***” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б***д “...газар нь Говийн бага дархан цаазат газарт давхцалтай ... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасны дагуу тухайн газарт газар ашиглах эрхийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авах, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хавсралтын 11-д заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлт гарган шийдвэрлүүлэх шаардлагатай” гэх мэдэгдлийг тус тус хүргүүлж байсан.

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий “Г***” ХХК-ийн хийсэн хохирлын үнэлгээгээр эдэлбэр газрын хохирол 154,902.7 төгрөг, хөрсөнд учруулсан хохирол 78,161,076.60 төгрөг, ургамлын сан хөмрөгт учруулсан хохирол 49,830,916.8 төгрөг болох нь тогтоогдсон.

5. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.2 дугаар зүйлийн 1-т “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дүнд зөрчил үйлдсэн нь тогтоогдвол хариуцлага гарцаагүй хүлээх зарчмыг тодорхойлсон.

Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно” гэж,

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2-д “Байгаль орчинд учруулсан хохирлыг дараах байдлаар ангилна”, “5/газарт учруулсан хохирол”, 3-д “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна. 5/газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр”, 6-д “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1, 2 дахь заалтад заасан хохирлыг шүүх шинжилгээний байгууллагаар, эсхүл байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх авсан мэргэжлийн байгууллагаар хөлсийг төлж тооцуулна”, 7-д “Хохирол тооцсон ажлын зардлыг нөхөн төлбөрт нэмж тооцно” гэж тус тус заасан.

 6.  Анхан шатны шүүх “...нэгэнт зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-д “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасантай нийцсэн, эрх бүхий байгууллагаар байгаль орчны хохирлын үнэлгээг гаргуулж, ажлын төлбөрийг тооцсон байх тул маргаж буй шийтгэлийн хуудас үндэслэлтэй” хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Тодруулбал, гомдол гаргагч нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан журмын дагуу маргаан бүхий газрыг ашиглах эрхийг аваагүй.   Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дүгнэлтийг зохих журмын дагуу гаргуулаагүй атлаа газрыг нүүрс тээвэрлэлтийн кемп, хүнд даацын автомашины зогсоол байдлаар ашигласан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн. Хариуцагчаас маргаан бүхий шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох шийтгэлийг ногдуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн.

8. Шүүхийн шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтад Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн нэрийг Байгаль хамгаалах тухай хэмээн бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан ч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 120/ШШ2024/0019 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

  

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БААТАРХҮҮ

 

 

            ШҮҮГЧ                                          З.ГАНЗОРИГ

 

 

            ШҮҮГЧ                                           Г.МӨНХТУЛГА