Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 292

 

 

 

 

 

                                                                                            

 

 

 

Г.Ө-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/03678 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Ө-ийннэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Ц-д холбогдох  

 

Автомашины үнэ 75 000 ам.доллар буюу 140 349 000 төгрөг гаргуулах, 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн автомашин худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Г.Ц ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Хариуцагч: Г.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ц  нь 2011 оны 9 дүгээр сард Капитал банкны захирал А.А-ын зуучлалаар миний өмчлөлийн УНЛ 01-05 улсын дугаартай Ланд круйзер-200 маркийн автомашиныг 75.000 ам. доллартай тэнцэх төгрөгөөр худалдан авахаар тохирч авч явсан, 2012 оны 6 дугаар сард тээврийн хэрэгслийн гэрчилгээнд түүний гуйлтаар өөрчлөлт оруулж нэр дээр нь шилжүүлж өгсөн боловч өнөөдрийг болтол автомашины үнийг төлөөгүй байгаа тул 75.000 ам. доллар буюу 140 349 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Харин гэрээг байгуулахдаа автомашины үнийг Г.Ц ийн хэлснээр 25 000 000 төгрөгийг тусгасан, уг үнийг тухайн өдрөө төлөгдсөн хэмээн бичиж хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасны дагуу дүр үзүүлж хийсэн, өр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр автомашиныг “Бишрэлт холдинг” ХХК-иас авсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Хариуцагч шүүхэд гаргасан болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Ө-ийн миний ажиллаж байсан “Бишрэлт холдинг” ХХК-ийн захирал А.А ын найз ба 2011 оны 09 дүгээр сард би түүнээс уг автомашиныг худалдан авахаар тохиролцоогүй. Би энэ автомашиныг хөдөлмөрийн гэрээний дагуу хүлээж авах ёстой байсан учраас л авсан. Би А.А ын “Бишрэлт холдинг” ХХК-тай одоогийн байдлаар хөдөлмөрийн гэрээний болон эд хөрөнгийн маргаантай байгаа. Компани татвараас зайлсхийхийн тулд шууд миний нэр дээр автомашиныг шилжүүлж өгсөн. А.А , Г.Ө-ийн нар хоорондоо ямар хэлцэл хийснийг мэдэхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Ц ээс автомашины төлбөрт 63 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ө-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 77 349 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 859 695 төгрөг, 282 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 105 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Г.Ө-д буцаан олгож, хариуцагч Г.Ц ээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 472 950 төгрөг, 282 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ө-д олгож шийдвэрлэжээ.

 

          Хариуцагч Г.Ц  давж заалдах гомдолдоо: Уулзалтын протокол, хөдөлмөрийн гэрээний дагуу надад олгосон автомашиныг тохиролцсон ёсоор А.А  нь Г.Ө-ээс авч өгсөн боловч мөнгө төгрөгийг нь төлөөгүй байх магадлалтай юм.

 

Энэхүү нөхцөл байдлыг би шүүхийн хэлэлцүүлгийн явцад удаа дараа хэлж, тухайн хэргүүдийг дурдаж, шүүхийн нэгдсэн цахим сангаас тухайн хэргүүдтэй танилцахыг хүссэн, А.А  нь өөрийн төлөх төлбөрөөс зайлсхийж худал мэдүүлэг өгч байна гэдгийг сануулж байсан болно.

          Мөн хэрэгт Г.Ө-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Н.Мандах нь “Бишрэлт холдинг” ХХК-д хувь эзэмшигч байсан А.А той гэрээтэй ажиллаж байсан учир миний бие шүүхэд Г.Өлзийдүүрэнг өөрийг нь оролцуулах хүсэлт удаа дараа гаргасан ч шүүх Г.Ө-ээс н.Мандахад итгэмжлэл олгосон эсэхийг л тодруулан, нэхэмжлэгчийг өөрийг нь хуралд оролцуулалгүй шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж шийдвэр гаргахад шууд нөлөөлсөн гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагчаас гаргаж өгсөн худалдах, худалдан авах гэрээг мөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож байгаа нь мөн үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.4, 42.7 дахь шаардлагуудыг хангасан атал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан, ингэхдзэ үндэслэл нь гэрээнд дурдсан 25 000 000 төгрөг төлөгдөөгүй гэж дүгнэсэн нь тайлбарыг нь мөн буруу ойлгож дүгнэсэн үйлдэл болсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Г.Ө-ийн нь хариуцагч Г.Ц эд холбогдуулан автомашины үнэ 140 349 000 төгрөг гаргуулах, 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхтэй.

 

            Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43, 109 дүгээр зүйлд заасан гэрчээс мэдүүлэг авах журмыг зөрчсөн байна.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.4 дэх хэсэгт шүүгч гэрчээс мэдүүлэг авахаар зохицуулсан байхад 2014 оны 11 дүгээр 28-ны өдөр гэрч А.А оос гэрчийн мэдүүлэг авах ажиллагаанд шүүгчийг байлцснаар тусгасан нь шүүгч гэрчээс мэдүүлэг аваагүй гэж дүгнэхээр байна.

 

            Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт гэрчид худал мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, зориуд зайлсхийвэл эрүүгийн хуульд заасан хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулах ажиллагааг хийхдээ гэрчээс мэдүүлэг авах өдөрт явуулах байтал гэрчид 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хуулийн хариуцлагыг сануулснаас 21 хоногийн дараа буюу 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр түүнээс мэдүүлэг авсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчилд тооцно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д “хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй” гэж заажээ.

 

Энэ үүргийн хүрээнд хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгч Г.Өлзийдүүрэнг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлт гаргасан байх ба нэхэмжлэгчийг шүүхэд ирүүлж тайлбар гаргуулах нь автомашиныг худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн эсэхийг тогтооход ач холбогдолтой байхад шүүх нэхэмжлэгч Г.Ө-ээс Н.Мандахад итгэмжлэл олгосон гэх үндэслэлээр хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэхэд саад болсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй болно. /I-хх 15, II-хх 88/

 

Учир нь нэхэмжлэгч Г.Ө-ээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу Н.Мандахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэхээр итгэмжлэл олгосноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх өөрийн эрхийг шилжүүлэхээс хуулиар хүлээсэн үүргийг шилжүүлэх үндэслэл болохгүй юм.

 

            Иймд дээр дурдсан ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, зөвтгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/03678 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Г.Ц ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосныг дурдсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                               

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                           Ч.ЦЭНД

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН