Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2016/0516

 

 

 

 

 

 

2016 оны 8 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2016/0516

Улаанбаатар хот

 

 

Иргэн Н.Отгонбаярын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Н.Отгонбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Бямбасүрэн, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Гансүх нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 396 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Н.Отгонбаярын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 396 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6, 16 дугаар зүйлийн 16.10, 16.11-д заасныг тус тус баримтлан хариуцагч нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгч Н.Отгонбаярын орц, гарцыг шийдвэрлэж дахин шинээр акт гарах хүртэл нийслэлийн Засаг даргын 2009 оны 217 дугаар захирамжийн “Алтан сэтэр” ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлж, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Алтан сэтэр” ХХК-ийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/303 дугаар захирамжийн Н.Отгонбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д заасныг баримтлан гуравдагч этгээд “Алтан сэтэр” ХХК-ийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжийн Н.Отгонбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 54.1.4, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн зардал 79088 төгрөгийг нийслэлийн Засаг даргаас гаргуулан Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт олгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 396 тоот шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсгийг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Тус шүүхээс Н.Отгонбаярын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, “Алтан сэтэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох нэгтгэсэн хэргийг хянан хэлэлцээд Н.Отгонбаярын орц, гарцыг шийдвэрлэж дахин шинээр акт гарах хүртэл нийслэлийн Засаг даргын 2009 оны 217 дугаар захирамжийн “Алтан сэтэр” ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлж., “Алтан сэтэр” ХХК-ийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин үндсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч “Алтан сэтэр” ХХК-ийн хувьд анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, шүүхийн шийдвэрт дурдсан дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй, хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Нэгдүгээрт: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн талаар

1. Анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар маргаж буй нэгтгэсэн захиргааны хэргийг хянан шийдвэрлэж, 396 тоот шийдвэр гаргахдаа “Алтан сэтэр” ХХК-ийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулсан. Энэ нь нэхэмжлэгч “Алтан сэтэр” ХХК, түүний өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй хэргийг шийдвэрлэсэн үйлдэл гэж үзэж байна.

2 хавтаст хэрэг, 111-116 хуудас: Давж заалдах шатны шүүх хуралдааныг 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 384 тоот магадлалын ХЯНАВАЛ хэсэгт: нийслэлийн Засаг даргад холбогдуулж захиргааны хэрэг үүсгэсэн атлаа гуравдагч этгээдийн Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авч, улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргыг хамтран хариуцагчаар татаж, хэргийг хамтатган шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 23 дугаар зүйлийг зөрчсөн талаар үнэлж дүгнэсэн.

Хуудас140-145. Улсын Дээд Шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуулийн хүчин төгөлдөр 281 тоот тогтоолын ХЯНАВАЛ хэсэгт: Анхан шатны шүүх гуравдагч этгээд болон хамтран хариуцагчийн талаарх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 23 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчсөн талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ гэсэн байдаг.

Үүний дагуу “Алтан сэтэр” ХХК-ийн зүгээс нэхэмжлэл гаргаж, 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүссэн бөгөөд хэргийг нэгтгэх тухай 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 518 тоот шүүгчийн захирамжаар маргаж буй захиргааны хоёр хэргийг нэгтгэсэн, өнөөдрийг хүртэл шүүгчийг захирамжууд хуулийн хүчин төгөлдөр байгаа. Мөн Н.Отгонбаярыг гуравдагч этгээдээр татан оролцуулах захирамж хүртэл гарсан. / 2 хавтаст хэрэг, хуудас-242, 243/

Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр хэлж, ярьсан боловч шүүх бүрэлдэхүүн харгалзаж үзээгүй болно.

2. 396 тоот шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 3-т “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д заасныг баримтлан гуравдагч этгээд “Алтан сэтэр” ХХК-ийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 405 дугаар захирамжийн Н.Отгонбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай” гэжээ.

Анхан шатны шүүх “Алтан сэтэр” ХХК-ийн 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 тоот захирамжийн Н.Отгонбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгох бие даасан шаардлагыг хянан шийдвэрлэсэн / 2хавтаст хэрэг, хуудас-42./, харин 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 409 тоот захирамжийн иргэн Н.Отгонбаярт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, түүнийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэлгүй орхигдуулсан /2 хавтаст хэрэг, хуудас-218, 219./, өөрөөр хэлбэл ямар нэг үнэлэлт дүгнэлт өгөлгүй Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр хэлж, ярьсан боловч шүүх бүрэлдэхүүн харгалзан үзээгүй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт: анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана гээд 70.2.1-70.2.9 хүртэл есөн хэлбэрийг хуульчилсан байдаг. Эдгээрийн алинд нь ч хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах зохицуулалт байхгүй.

Анхан шатны шүүх 396 тоот шийдвэрийн ТОГТООХ хэсгээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсгийг удирдлага болгосон, энэ тохиолдолд шүүхийн тогтоол гарах ёстой байсан. Үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.

Хоёрдугаарт: 396 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч Н.Отгонбаяр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын  19-ний өдрийн 405 дугаар захирамжаар 385 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон” гэжээ.

4 дүгээр хавтаст хэрэгт авагдсан Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 3/631 тоот албан бичгээс харахад маргаж буй газар нь 1980 онд хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээнд холбогдсон, өнөөдрийг хүртэл ашиглагдаж байгаа болох нь тогтоогддог.

Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна”, 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасныг зөрчин, эрх мэдлээ хэтрүүлэн хуулиар олгогдоогүй эрх хэмжээ эдэлсэн байхад анхан шатны шүүх бодитой үнэлж дүгнэсэнгүй.

Гуравдугаарт: 396 тоот шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “Харин “Алтан сэтэр” ХХК нийслэлийн Засаг даргын 2006 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 122 дугаар захирамжаар 210 м.кв газар эзэмших эрхтэй болсныг 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 462 дугаар захирамжаар сунгаж, мөн Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 217 дугаар захирамжаар 512 м.кв болгон нэмэгдүүлэн эзэмшжээ.

Нэхэмжлэгч Н.Отгонбаяр нь “Алтан сэтэр” ХХК-д нийслэлийн Засаг даргаас 512 м.кв газрыг нэмэгдүүлэн олгохдоо өөрт нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 385 м.кв газрын орц, гарцыг хаасан гэж маргадаг бөгөөд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Алтан сэтэр” ХХК-ийн газартай давхцал байхгүй, зөвхөн орц, гарц гаргуулах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн.

Тус шүүхийн шүүгчийн 2010 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 125 дугаар захирамж болон 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1458 дугаар захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлт, мөн Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 1/258 дугаар албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэгч Н.Отгонбаяр, гуравдагч этгээд “Алтан сэтэр” ХХК-ийн эзэмшил газрын байршлын кадастрын зураг, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр Н.Отгонбаярын эзэмшлийн 385 м.кв газрын орц, гарц “Алтан сэтэр” ХХК-д нийслэлийн Засаг даргаас нэмэгдүүлэн эзэмшүүлсэн 512 м.кв газарт байсан бөгөөд өөр боломжит орц, гарц байхгүй гэдэг нь тогтоогддог гэжээ. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын 2009 оны 217 тоот захирамжаар “Алтан сэтэр” ХХК-д 512 м.кв газар эзэмших эрх олгосноор нэхэмжлэгч Н.Отгонбаярын эзэмшил газрын орц, гарцыг хаасан мэтээр анхан шатны шүүх үнэлж дүгнэсэн.

1. Н.Отгонбаяр  нь 2001   оноос  маргаж буй  газрыг эзэмшиж байсан гэж ярьдаг. Дүүргийн Засаг даргын 2007 оны 405 тоот захирамжаар 385 м.кв газар эзэмших эрхтэй болсон гэдэг  боловч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй.

3 дугаар хавтаст хэрэг, хуудас-115, 116, 117

Шинжээчийн дүгнэлтээр: Н.Отгонбаярын эзэмшиж буй гэх 385 м.кв газрын баталгаат хэмжээ тогтоосон акт нь зай хэмжээгээр зурагдсан, нэгж талбарын эргэлтийн цэгийн солбилцолгүй тул газар дээрх бодит байдал болон мэдээллийн сан дахь кадастрын зурагтай давхцуулж, давхцлыг нарийвчлан тогтоох боломжгүй болохыг,

4 дүгээр хавтаст хэрэг, хуудас -94, 95, 96, 97, 98.

Шинжээчийн дүгнэлтээр: Н.Отгонбаяр нь дүүргийн газрын албатай газар эзэмших гэрээ байгуулаагүй, газрын төлбөр тооцоо хийж байгаагүй, дүүргийн газрын албанаас гаргасан газрын байршлын кадастрын зураггүй болохыг, мөн нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд 2013 онд анх удаа бүртгэгдсэн гэдгийг тус тус тогтоосон.

Энэ нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дахь хэсэгт заасан бүрдүүлбэр дутуу байхад Н.Отгонбаярт дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгосон гэдгийг нотолдог. 2013 он хүртэл байршил нь тодорхойгүй байсан газрын орц, гарцыг 2006, 2007, 2008, 2009 оны дүүрэг, нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэт нэг талыг барьсан гэж үзэж байна.

2. 1 дүгээр хавтаст хэрэг, хуудас-96, 99 эзэмших газрын баталгаат хэмжээг тогтоосон акт, хуудас-98, 99 Гараар өөрчлөлт оруулж зурсан зургаас харахад маргаж буй газрын орц гарцыг Н.Отгонбаярт Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгогдсон дэлгүүртэй газар, “Алтан сэтэр” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2006 оны 122 тоот захирамжаар эзэмшүүлсэн 210 м.кв газрын дундуур байхаар төлөвлөсөн гэдэг нь харагддаг.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн үнэлж, дүгнэсэн шиг Нийслэлийн Засаг дарга “Алтан сэтэр” ХХК-д 2009 оны 217 тоот захирамжаар 510 м.кв газар эзэмшүүлснээр нэхэмжлэгч Н.Отгонбаяр орц, гарцгүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэсэн үг.

Холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу хариуцагч дүүргийн Засаг дарга суурин болон хээрийн судалгаа хийх ёстой байсан боловч, энэхүү үүргээ биелүүлээгүй. Суурин судалгаагаар кадастрын нэгдсэн бүртгэл дээрээс “Алтан сэтэр” ХХК-ийн 210 м.кв эзэмшил газрын байршлыг шууд харах боломжтой. Хээрийн судалгаагаар орц, гарцыг газар дээр нь маргаангүйгээр шийдвэрлэх боломжтой байсан. Ер нь хээрийн болон суурин судалгаа хийсэн бол маргаж буй газар нь инженерийн шугам сүлжээ бүхий гэдэг нь шууд харагдана.

Дөрөвдүгээрт:

396 тоот шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “Түүнчлэн тус шүүхэд Нийслэлийн газрын албаны 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2/3126 дугаар албан бичгээр ...“Алтан сэтэр” ХХК-д уг газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчсөн тул нийслэлийн Засаг даргын 217 дугаар захирамжийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй...” гэсэн тайлбарыг өгч байжээ.

Үүнээс үзвэл нийслэлийн Засаг дарга Н.Отгонбаярын гомдлыг шийдвэрлэлгүй “Алтан сэтэр” ХХК-ийн хүсэлтийн дагуу тус компанийн газрын хэмжээг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчсөн байна” гэжээ. Өөрөөр хэлбэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга Н.Отгонбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн мэтээр бичсэн.

1 дүгээр хавтаст хэрэг, хуудас-15, 16. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын  итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.Сандуй, Б.Батчимэг, Э.Эрдэнэбулган нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан бөгөөд тэдгээрийн хэн аль нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Шүүх хуралдаан дээр ч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Н.Отгонбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлж, үндэслэл бүхий тайлбар гаргаж байсан.

2 дугаар хавтаст хэрэг, хуудас-49, 50. Нийслэлийн газрын албаны 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн нэмэлт тайлбар гаргах тухай 3/1308 тоотод “”Алтан сэтэр” ХХК-д уг газрыг эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2009 оны 271 дүгээр захирамж нь Газрын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй тул иргэн Н.Отгонбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэж бичсэн байдаг.

Нэхэмжлэгч Н.Отгонбаяр эзэмшил газар давхацсан гэх үндэслэлээр маргаагүй тул анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг хэрэглэх ёсгүй байсан гэж үзэж байна.

Тавдугаарт:

396 тоот шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “...дүүргийн газрын алба Н.Отгонбаярын эзэмшил газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулаагүй, түүнчлэн Газрын алба Н.Отгонбаярын гомдол, “Алтан сэтэр” ХХК-ийн эзэмшил газар нэмэгдүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ газар дээр нь судалгаа хийгээгүйгээс маргаан үүссэн гэж үзэхээр байна”  гэжээ.

Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, нэхэмжлэгч Н.Отгонбаярыг ямар ч буруугүй, 385 м.кв газар эзэмших эрхийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу авсан мэтээр үндэслэлгүй үнэлэлт, дүгнэлт хийсэн.

1 дүгээр хавтаст хэрэг,  хуудас 168. Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн албан тоотод: Н.Отгонбаяр нь 12x6 м хэмжээний павилон барих зөвшөөрөл авсан байна. Гэтэл зөвшөөрсөн хэмжээнээс илүү газар авч модон палкаар байшин барихаас гадна 2002 онд хийж тохижуулсан зам талбай, ногоон байгууламжийг эвдэн сүйтгэж, бусдын эзэмшлийн газар руу халдаж байна. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дахь хэсэгт заасан бүрдүүлбэр дутуу бүрдүүлсэн, Эзэмших газрын нэгж талбарын эргэлтийн цэг нь солбилцолгүй зурагдсан, Дүүргийн газрын албатай газар эзэмших гэрээ байгуулаагүй, Газрын төлбөр тооцоо хийж байгаагүй, Эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг хийлгээгүй.

       Зургадугаарт:

396 тоот шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэг т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татагдсан “Алтан сэтэр” ХХК-иас Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжийн Н.Отгонбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлага гаргасныг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол хүлээн авахаас татгалзахаар зохицуулсны дагуу хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна” гэжээ.

Маргаж буй захиргааны хэрэг 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүгчийн захирамжаар үүссэн бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаан болох хүртэл 6 жил 07 сарын хугацаанд хянан шийдвэрлэгдсэн, одоо ч эцсийн байдлаар дуусаагүй. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэх тун хариуцлагагүй дүгнэлт хийсэн.

Долдугаарт:

396 тоот шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт: “Алтан сэтэр” ХХК-ийн нэмэгдүүлсэн шаардлага буюу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/303 тоот захирамжийн иргэн Н.Отгонбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгох гэснийг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

Маргаж буй захиргааны хэргийг Улсын Дээд шүүх 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 281 тоот тогтоол гаргаж, шийдвэр магадлалыг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр буцаасан. “Алтан сэтэр” ХХК 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тусдаа нэхэмжлэл гаргасны дагуу хоёр захиргааны хэргийг шүүгчийн захирамжаар нэгтгэсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно.

Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/303 тоот захирамжаар иргэн Н.Отгонбаярын газар эзэмших эрхийг 5 жилээр сунгажээ. Өөрөөр хэлбэл шүүхээр маргаж буй захиргааны акттай холбоотой асуудлаар шийдвэр гаргасан гэсэн үг.

Энэ нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1  дэх хэсэгт “Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, улс төрийн нам, хуулийн этгээд, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах ажиллагааны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Наймдугаарт:

3 хавтаст хэрэг, хуудас-6, 7, 8, 9, 10. Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 100 тоот тогтоолоор: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 113 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтын “ТБТЭ” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгож, Н.Отгонбаярт газар эзэмшүүлэх захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гэтэл Н.Отгонбаярын хүсэлтийн дагуу 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 220 тоот шүүгчийн захирамж, 06 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн нь 4 хавтаст хэрэгт авагдсан байна. Өөрөөр хэлбэл хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн шаардлагыг албадан гүйцэтгүүлэхээр захирамж, гүйцэтгэх хуудас бичигдсэн гэсэн үг. Энэ мэтээр анхан шатны шүүх хэт нэг талыг барьж маргаж буй захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Эдгээрийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах, эсхүл “Алтан сэтэр” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Н.Отгонбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

Жич: Шүүх хуралдаанд “Алтан сэтэр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Бямбасүрэн,  өмгөөлөгчийн хамт биечлэн оролцох хүсэлт гаргаж байна” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.Отгонбаяр “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 217 дугаар захирамжийн “Алтан сэтэр” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, орц, гарц гаргаж өгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд “Алтан сэтэр” ХХК “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар, 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/303 дугаар захирамжийн Н.Отгонбаярт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” бие даасан шаардлага гаргасныг шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ. 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н.Отгонбаяр нь маргаан бүхий газар болох Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд “хүний үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж ашиглалтгүй орхисон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн учир эзэмших эрх” олгохыг хүссэн өргөдлийг 2007 онд гаргаж, улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжаар 385 м.кв хэмжээтэй газар “худалдаа, үйлчилгээ”-ний зориулалтаар эзэмших эрх үүсчээ. Гуравдагч этгээд “Алтан сэтэр” ХХК нь уг газарт 1997 оноос “Цагаан шонхор” ХЭАА нэрээр 12 м.кв газрыг “үйлчилгээний цэг байршуулан” ашиглах, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 122 дугаар захирамжаар өөрийн эзэмшлийн газартаа “оёдлын үйлдвэрлэлийн барилгын зориулалтаар” 0.021 га газарт барилга барих зөвшөөрөл авсан, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 25 -ны өдрийн 462 дугаар захирамжаар 210 м.кв газар эзэмших эрхийн хугацааг сунгасан, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 06 -ны өдрийн 217 дугаар захирамжаар эзэмших газрын хэмжээ нь 512 м.кв (нэмэгдсэн) болсон байна.

Ийнхүү “Алтан сэтэр” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлснээр Н.Отгонбаяр нь орц, гарцгүй болсон нь шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэг болон холбогдох бусад дүгнэлт зэргээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл Н.Отгонбаярын эзэмшлийн 385 м.кв газрын орц, гарц “Алтан сэтэр” ХХК-д Нийслэлийн Засаг даргаас нэмэгдүүлэн эзэмшүүлсэн 512 м.кв газарт байсан бөгөөд өөр боломжит орц, гарц байхгүй гэдэг нь тогтоогджээ.

Анхан шатны шүүх “... дүүргийн газрын алба Н.Отгонбаярын эзэмшил газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулаагүй, түүнчлэн нийслэлийн Газрын алба Н.Отгонбаярын гомдол, “Алтан сэтэр” ХХК-ийн эзэмшил газар нэмэгдүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ газар дээр нь судалгаа хийгээгүйгээс маргаан үүссэн гэж үзэхээр байна” гэж дүгнээд дээр дурдсан хуульд заасан үйл ажиллагааг явуулсны үндсэн дээр Н.Отгонбаярын орц, гарцын асуудлыг шийдвэрлэж, дахин шинээр акт гарах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2009 оны 217 дугаар захирамжийн “Алтан сэтэр” ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна. Түүнчлэн Н.Отгонбаярын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг энэ байдлаар шийдвэрлэсэнд тэрээр гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 Иймд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох өөрчлөх үндэслэлгүй гэж үзэв.

Гуравдагч этгээдийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар, 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/303 дугаар захирамжийн Н.Отгонбаярт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах бие даасан шаардлагын тухайд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна.

Учир нь Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 сарын 22-ны өдрийн 100 дугаар тогтоолоор “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 17-ний өдрийн 113 дугаар захирамжаар “ТБТЭ” ХХК-д 920 м.кв газрыг эзэмшүүлэх эрх олгоогүй /энэ талаар хариуцагч тайлбартаа тодорхой дурдсан/ байхад анхан болон давж заалдах шатны шүүх ““ТБТЭ" ХХК 920 м.кв газрыг эзэмших эрхтэй, Нийслэлийн Засаг даргын 1999 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/227 дугаар захирамжаар олгосон 570 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг сунгаж, 920 м.кв болгон хэмжээг нь нэмж, эзэмшүүлэхээр олгосон” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэгч Н.Отгонбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

Газрын тухай /2002 оны/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу “өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийсэн газрыг эзэмшүүлж өгнө үү” гэсэн нэхэмжлэгч Н.Отгонбаярын 2006 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн өргөдлийг Баянзүрх дүүргийн Засаг дарга /газрын алба/ мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийн 21.5.3-д зааснаар эцэслэн шийдвэрлээгүй байна.

Цаашид нөхөн сэргээлт хийсэн гэх газрыг хэнд эзэмшүүлэхээ Баянзүрх дүүргийн Засаг дарга шийдвэрлэх нь зүйтэй”  гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байна.

Дээрх тогтоолын дагуу Баянзүрх дүүргийн Засаг дарга нь “ТБТЭ” ХХК-ийн үндэслэлгүй нэмэгдүүлэн эзэмшсэн газраас Н.Отгонбаярт газар эзэмшүүлсэн нь “Алтан сэтэр” ХХК-ийн эрхийг зөрчөөгүй байна.

Н.Отгонбаярт газар эзэмшүүлсэн талаарх үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал анхан шатны шүүхээс “Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 141 дүгээр шийдвэрээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжийн Н.Отгонбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар С.Батбаатарын гаргасан нэхэмжлэл, гуравдагч этгээд “ТБТЭ” ХХК-ийн захирал Г.Эрхэмбаярын бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Мөн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1241 дүгээр захирамжаар “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжийн Н.Отгонбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Н.Отгонбаярт хууль бусаар олгосон 385 м.кв газрын “ТБТЭ” ХХК-д буцаан   олгуулах   шийдвэр   гаргахыг   Баянзүрх   дүүргийн   Засаг   даргад   даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь хүчин төгөлдөр болсон байна” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт гэж үзэв.

 Иймд “Маргаж буй захиргааны хэрэг 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүгчийн захирамжаар үүссэн бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаан болох хүртэл 6 жил 07 сарын хугацаанд хянан шийдвэрлэгдсэн, одоо ч эцсийн байдлаар дуусаагүй. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэх тун хариуцлагагүй дүгнэлт хийсэн” гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Харин бие даасан шаардлагын удаах шаардлага болох “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/303 дугаар 10 захирамжийн Н.Отгонбаярт холбогдох хэсэг” нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 дугаар захирамжаар Н.Отгонбаярт хууль ёсоор эзэмшүүлсэн 385 м.кв газар эзэмших эрхийг сунгасан шийдвэр байна. Шүүхээс “Н.Отгонбаярт газар эзэмшүүлсэн нь үндэслэл бүхий болсон, “Алтан сэтэр” ХХК-ийн газар эзэмших эрхийг хөндөөгүй” гэж дүгнэсэн тул түүний газар эзэмших эрхийг сунгасан захирамжийг хууль бус гэж дүгнэх боломжгүй. Нэгэнт энэхүү захирамж нь “Алтан сэтэр” ХХК-ийн эрхийг зөрчөөгүй гэж үзсэн тул “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/303 дугаар захирамжаар иргэн Н.Отгонбаярын газар эзэмших эрхийг 5 жилээр сунгажээ. Өөрөөр хэлбэл шүүхээр маргаж буй захиргааны акттай холбоотой асуудлаар шийдвэр гаргасан гэсэн үг. Энэ нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. дэх хэсэгт “Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, улс төрийн нам, хуулийн этгээд, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах ажиллагааны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна” гэсэн гомдолд дурдсан үндэслэлээр дээрх захирамжийн Н.Отгонбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй.

“Алтан сэтэр” ХХК-ийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдолдоо “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, ... анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар маргаж буй нэгтгэсэн захиргааны хэргийг хянан шийдвэрлэж 396 тоот шийдвэр гаргахдаа “Алтан сэтэр” ХХК-ийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулсан. Энэ нь нэхэмжлэгч "Алтан сэтэр" ХХК, түүний өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй хэргийг шийдвэрлэсэн үйлдэл гэж үзэж байна” гэжээ.

Анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээд “Алтан сэтэр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Бямбасүрэн, өмгөөлөгч Ц.Гансүх нар нь биечлэн оролцсон байна. Иймд тэднийг дахин /давхар/ нэхэмжлэгчээр оролцуулах үндэслэлгүй юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд анх Н.Отгонбаяр 2009 оны 10 сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан, мөн оны 10 сарын 16-нд захиргааны хэрэг үүсгэсэн байх бөгөөд харин гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлд  2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүссэн байна.

Дээрх хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэхдээ эхэлж нэхэмжлэл гаргасан Н.Отгонбаярын нэхэмжлэлтэй хэрэгт нэгтгэж, Н.Отгонбаяр нэхэмжлэгчээр, гуравдагч этгээдээр “Алтан сэтэр” ХХК оролцож байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль бус үйлдэл биш юм.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь хэргийн оролцогчийн нэгэн адил эрхтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог тул гуравдагч этгээдээр оролцсоноор аливаа иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдал дордож, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөхгүй юм.

Давж заалдах гомдолд мөн “Анхан шатны шүүх "Алтан сэтэр" ХХК-ийн 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 тоот захирамжийн Н.Отгонбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгох бие даасан шаардлагыг хянан шийдвэрлэсэн, харин 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 409 тоот захирамжийн иргэн Н.Отгонбаярт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, түүнийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэлгүй орхигдуулсан” гэжээ.

Анхан шатны шүүх Н.Отгонбаярын болон “Алтан сэтэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргүүдийг нэгтгэхдээ Н.Отгонбаярыг нэхэмжлэгчээр, “Алтан сэтэр” ХХК-ийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулжээ. Нэгэнт “Алтан сэтэр” ХХК-ийг нэхэмжлэгчээр оролцуулаагүй тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 409 тоот захирамжийн иргэн Н.Отгонбаярт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, түүнийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бус харин дээрх агуулга бүхий “бие даасан шаардлага”-ыг шийдвэрлэсэн нь зөв юм. Ингэснээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 409 дугаар захирамжийн иргэн Н.Отгонбаярт холбогдох хэсгийг шүүх огт хянаж үзээгүй, шийдвэрлээгүй орхигдуулсан мэтээр дүгнэх боломжгүй.

Түүнчлэн давж заалдах гомдолд “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт “анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана” гээд 70.2.1-70.2.9 хүртэл есөн хэлбэрийг хуульчилсан байдаг. Эдгээрийн алинд нь ч хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах зохицуулалт байхгүй. Анхан шатны шүүх 396 тоот шийдвэрийн ТОГТООХ хэсгээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсгийг удирдлага болгосон. Энэ тохиолдолд шүүхийн тогтоол гарах ёстой байсан. Үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна” гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд нь мөн адил хэд хэдэн бие даасан шаардлага гаргаж болох бөгөөд тооны хязгаар зааж нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эрхийг хязгаарлах боломжгүй. Шүүхэд “Алтан сэтэр” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагын тухайд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл, мөн удаах бие даасан шаардлагын тухайд уг захиргааны акт эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв хэрэглэж, хэргийг шийдвэрлэжээ..

Иймд “2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаас Шүүхийн тогтоол гарах ёстой” гэсэн агуулга бүхий гуравдагч этгээдийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн давж заалдах гомдолд “Баянзүрх дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 21.5.3 дахь хэсгийг зөрчиж газар эзэмшүүлсэн”  гэж  дурдсан атлаа гомдлын дараагийн хэсэгт эсрэгээр “... Н.Отгонбаяр ...дүүргийн Засаг даргын 2007 оны 405 тоот захирамжаар 385 м.кв газар эзэмших эрхтэй болсон гэдэг  боловч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй” гэх зэрэг үндэслэлийг дурдаж байгаа боловч тухайн газарт Н.Отгонбаяр газар эзэмшдэг болох нь тогтоогдсон, чухам тэрээр газар эзэмшиж байгаа тул “Алтан сэтэр” ХХК бие даасан шаардлага гаргаж, шүүхээр маргаанаа шийдвэрлүүлж буй нь бодит үнэн юм. Түүнчлэн хавтаст хэрэгт шүүхээс хийсэн үзлэг, фото зургууд, маргаан бүхий акт зэрэг авагдаж нөхцөл байдал бүрэн тогтоогдсон байна.

Давж заалдах гомдолд “Нэхэмжлэгч Н.Отгонбаяр эзэмшил газар давхацсан гэх үндэслэлээр маргаагүй тул анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг хэрэглэх ёсгүй байсан гэж үзэж байна” гэж дурджээ. Гомдлын энэхүү хэсэг үндэслэл бүхий байна. Нэхэмжлэгч “газар давхацсан” гэж бус харин “орц, гарц хааж газар эзэмшүүлсэн” гэж маргасан байна. Гэхдээ зөвхөн энэ үндэслэлээр давж заалдах гомдолд дурдсанчлан “хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эсхүл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх” боломжгүй.

Мөн гомдолд  “анхан шатны шүүхийн шийдвэрийг хэт нэг талыг барьсан гэж үзэж байна”, “анхан шатны шүүхийн үнэлж, дүгнэсэн шиг Нийслэлийн Засаг дарга "Алтан сэтэр" ХХК-д 2009 оны 217 тоот захирамжаар 510 м.кв газар эзэмшүүлснээр нэхэмжлэгч Н.Отгонбаяр орц, гарцгүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэсэн үг” гэсэн үндэслэлийг дурджээ. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулж /зарим нотлох баримтыг хэд хэдэн удаа хэрэгт авч/, нөхцөл байдлыг тодруулж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд “хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн” гэж дүгнэх боломжгүй. Мөн энэ өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн өмгөөлөгч “Н.Отгонбаяр нь “Алтан сэтэр” ХХК-ийн газраар дамжиж орж гарч буйгаас болж газар эзэмших эрх нь зөрчигдөж байна” гэсэн агуулгатай тайлбар хэлж буйгаар дүгнэхэд “Н.Отгонбаяр нь орц, гарцгүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй” гэж давж заалдах гомдолд бичсэн нь үндэслэлгүй болох нь давхар нотлогдоно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 396 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т заасны дагуу гуравдагч этгээдийн давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

             

            ШҮҮГЧ                                                            Э.ЛХАГВАСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Э.ХАЛИУНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР