Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 191

 

“ЖБЦБ” ХХК-ний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга нарыг оролцуулан хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 123/ШШ2017/0001 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0180 дугаар магадлалтай, “ЖБЦБ” ХХК-ний нэхэмжлэлтэй, Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч “ЖБЦБ” ХХК-ний захирал Х.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 123/ШШ2017/0001 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 55 дугаар зүйлийн 55.1, Газрын хэвлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д  тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Алтанбулаг сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр захирамжийн “Чонон саарал” ХХК-д, 02 дугаар захирамжийн “Арвижих заяа” хоршоонд, 03 дугаар захирамжийн Л.Оюунцэцэгт холбогдох хэсэг, 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар захирамжаар Б.Батбаярт 2 га, 37 дугаар захирамжаар Л.Даваасамбууд 2 га, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/58-р захирамжаар “МНТЭ” ХХК-д 25 га газар эзэмшүүлсэн захирамжуудыг хүчингүй болгохыг Алтанбулаг сумын Засаг даргад даалгах, МҮ-016809 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд газрын хэвлийг олгосон шийдвэр гаргаж, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгохыг Алтанбулаг сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0180 дугаар магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Газрын хэвлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “ЖБЦБ” ХХК-ний захирал Х.Батбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус компанийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 180 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

“ЖБЦБ” ХХК нь Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Бөхөг хөндий нэртэй газарт орших 31.12 га талбай бүхий МV-016809 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 332 дугаар тушаалаар “Гантиг уул” ХХК-аас шилжүүлэн авснаас хойш уг тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр хэвээр байгаа болно.

Гэтэл тусгай зөвшөөрлийн талбайд газар эзэмших хүсэлтийг сумын Засаг даргад хандан гаргасан боловч татгалзсан хариу өгсөн. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хариуцагч, гуравдагч этгээдүүдийн тайлбараас үзэхэд тухайн иргэд, хуулийн этгээдүүд нь 2003- 2006 оны хооронд тариалан, хүнсний ногоо тариалах зориулалтаар газар эзэмших үүссэн байгаа боловч тухай газартаа ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд сумын засаг даргаас газар эзэмших тухай манай хүсэлтэд өгсөн татгалзсан хариунаас мэдсэн.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” ойлгохоор, мөн 38 дугаар зүйлийн 38.4-т заасны дагуу газар эзэмших гэрээг талууд жил бүр дүгнэх үүрэгтэй бөгөөд 40 дүгээр зүйлийн 40.2-т “энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасан.

Энэ тохиолдолд гуравдагч этгээдүүд нь газар эзэмших гэрээнд заасан “газар тариалангийн” чиглэлээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, нөхцөл болзлыг хангаагүй, гэрээгүй жил бүр дүгнүүлээгүй, газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндслэл бүрдсэн буюу 40.1.5 /эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй/ 40.1.6 /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/ болох нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой тогтоогдож байна. Мөн гуравдагч этгээдүүдэд газраа зориулалтын дагуу ашиглахад нь саад болоогүй, энэ талаар тэдгээрээс ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй болно.

Гэтэл сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан тохиолдол үүссэн байхад 40.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс Ашигт малтмалын хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрөө хугацаанд төлж ирсэн бөгөөд үүнээс гадна төрийн байгууллагуудын шаардсаны дагуу талбайдаа ажилчдын байр барих, цахилгаан татах зэргээр нийт 298 сая төгрөгийн хөрөнгө зарцуулсан бид хуулийн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа боловч бодит байдал дээр үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж хохирч байна.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд уг хууль бус эс үйлдэхүйг зөвтгөсөн агуулгатай дүгнэлт хийж, “Засаг даргын эрх” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн шүүхүүд “”Арвижих заяа” хоршоо нь 2008 онд татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсан нь тогтоогдсон байхад Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т /... газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан” бол газар эзэмших эрх дуусгавар болно/” гэж заасны дагуу газар эзэмших эрх дуусгавар байхад энэ талаар дүгнэлт хийлгүй орхисон.

Б.Батбаяр, Л.Даваасамбуу нарт 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдөр буюу уг талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосноос хойш газар эзэмшүүлсэн шийдвэрийг гаргасан байхад бусад этгээдүүдтэй адилтган дүгнэсэн.

Мөн газрын хэвлийг ашиглах эрхийг шинээр авах бус ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газрынхаа ашиглах эрхийг хүссэн байхад “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэдгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Хэргийн оролцогчдын тайлбар хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, Төв аймгийн Алтанбулаг сумын Бөхөг хөндий гэх байршилд анх Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2006 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр 138 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг иргэн Г.Батхолбоод олгосон, мөн хэлтсийн даргын 2007 оны 02 дугаар сарын 06-ний өдрийн 451 дүгээр шийдвэрээр уг хайгуулын тусгай зөвшөөрлийг “Гантиг-Уул” ХХК-д шилжүүлж, улмаар уг хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 57.88 га талбайд “түгээмэл тархацтай” ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Гантиг Уул” ХХК-нд 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдөр олгосон, “Гантиг-Уул” ХХК-иас өөрийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 31.12 га талбайг “ЖБЦБ” ХХК-д хэсэгчлэн шилжүүлэх хүсэлт гаргасныг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 332 дугаар шийдвэрээр шилжүүлэн бүртгэсэн, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

Түүнчлэн, Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2003 оны 10 сарын 31-ний өдрийн 36 дугаар захирамжаар “Жавцагийн гол” ХХК-д 50 га, 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр захирамжаар “Чонон саарал” ХХК-д 3 га, мөн өдрийн 02 дугаар захирамжаар “Арвижих заяа” хоршоонд 2 га, 2005 оны 01 дүгээр сарын сарын 17-ны өдрийн 03 дугаар захирамжаар иргэн Л.Оюунцэцэгт 1 га, 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар захирамжаар иргэн Б.Батбаярт 2 га, мөн өдрийн 37 дугаар захирамжаар иргэн Л.Даваасамбууд 2 га газрыг тус тус төмс хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, мөн сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/38 дугаар захирамжаар “Жавцагийн гол” ХХК-ийн эзэмшил газраас 25 га газрыг “МНТЭ” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн, “Чонон саарал” ХХК, “Арвижих заяа” хоршоо, иргэн Л.Оюунцэцэг, Б.Батбаяр, Л.Даваасамбуу нарын эзэмшил газар бүхэлдээ, “МНТЭ” ХХК-ийн эзэмшил газрын 4.2 га газар нь нэхэмжлэгч  “ЖБЦБ” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцсан, талууд мөн эдгээр үйл баримттай маргаагүй байна.

Нэхэмжлэгч  “ЖБЦБ” ХХК-иас дээр дурдсан Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын захирамжуудын нэр бүхий иргэн, хуулийн этгээдүүдэд газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах, “…ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд газрын хэвлийг олгосон шийдвэр гаргаж, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан үндэслэлээ “...ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай давхацсан, ...  тусгай зөвшөөрөлтэй талбайд газар ашиглах эрх олгохыг Алтанбулаг сумын Засаг даргаас хүсэхэд газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн газруудтай давхацсан гэсэн үндэслэлээр татгалзсан нь хууль бус” гэж тайлбарласан, хариуцагчаас “... анх тусгай зөвшөөрөл олгохдоо ... /хууль/ зөрчсөн, ... иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэхээр олгосон газартай давхцуулан /тусгай зөвшөөрөл олгосон нь/ ... Газрын тухай хуулийн 31.3-т заасныг зөрчсөн, ... 2011 оноос хойш газар эзэмших эрхийн гэрчилгээгүй үйл ажиллагаа явуулж байгаа нь ... хууль бус” гэж маргажээ.

Маргааны үйл баримтуудад хамааралтай түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл, төмс хүнсний ногоо тариалах зориулалттай газар эзэмших эрх зэрэг нь 2003-2011 оны хооронд үүссэн байх тул түүнээс хойш нэмэлт өөрчлөлт орсон Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох нэмэлт өөрчлөлтүүд, 2014 онд батлагдсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг энэ маргаанд хэрэглэхгүй.

  • ... ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн газар эзэмших эрхийн талаар:

Газрын тухай (2002) хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “... газрын хэвлий ...-н баялгийг ашиглах ...-тай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулах”-аар,  55 дугаар зүйлийн 55.1-д “...газрын хэвлийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагаа нь ... газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, ... сум ...-ын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх”-аар тус тус зааснаас үзэхэд газрын хэвлийн баялгийг ашиглахтай холбогдсон харилцааг Газрын тухай хуулиар зохицуулахгүй, өөр хуулиар нарийвчлан зохицуулахаар, харин баялаг ашиглахаас бусад зорилгоор газрын хэвлийг ашиглах тохиолдолд Газрын тухай хуульд заасан үндэслэл журмаар буюу “... газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан /бол олгох/”-оор журамлажээ.

Гэтэл анхан шатны шүүх ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр олборлолтын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор газар эзэмших эрхийн агуулгыг буруу тайлбарлаж, нарийвчилсан зохицуулалттай Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, Газрын тухай хуулийн дээрх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, “... /сумын/ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашигт малтмал ашиглах зориулалтаар газар ашиглуулах талаар тусгаагүй” гэх үндэслэлээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн нь буруу, давж заалдах шатны шүүх энэхүү хууль хэрэглээний алдааг засаагүй, мөн маргааны үйл баримтуудад холбогдох хуулийн заалтуудыг оновчтой, зөв хэрэглээгүй байна.

Ашигт малтмалын тухай (2006) хуулийн 4.1.7-д “... ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий ... /-гээс/ ашигт малтмал ялган авах, олборлох ... үйл ажиллагааг /ойлгох/”-оор, 12 дугаар зүйлийн 12.1.2-т “... /нутгийн захиргааны байгууллага нь/ харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах’”-аар, 27 дугаар зүйлийн 27.1.1-д “... /ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч/ тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг … ашиглах”-аар, 36 дугаар зүйлийн 36.1-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ... /тусгай зөвшөөрөл олгосноос хойш/ 3 сарын дотор ... уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг /тавина/, ... уурхайн талбайн хилийн хэмжилтийг /эрх бүхий/ этгээдээр хийлгэж, хил тогтоосон тухай актыг ... ирүүлэх”-ээр тус тус зааснаас үзэхэд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг “ашигт малтмал олборлох” зориулалтаар эзэмших эрхтэй, уг харилцаанд Газрын тухай хуулийн иргэн, хуулийн этгээдэд “газар эзэмшүүлэх, ашиглуулах”-тай холбогдсон харилцааг зохицуулсан хэм хэмжээг хэрэглэхгүй.

Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд ашигт малтмал олборлохын тулд Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу газар эзэмших эрх авсан байхыг шаардахгүй, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсноор тухайн газарт газар эзэмших эрх шууд үүсэх бөгөөд, харин, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7-д “... /тусгай зөвшөөрөл эзэмшигч/ газар, ус ашиглах тухай гэрээ... /байгуулах/”-аар, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “... гэрээ байгуулан газрыг эзэмшиж ... байгаа ... аж ахуйн нэгж ... газрын төлбөр төлөгч байх”-аар, 7 дугаар зүйлийн 4-т “уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсгийн газрын төлбөрийг ... хоёр дахин өсгөж тооцох”-оор тус тус заасан байх тул ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч газар ашиглах гэрээг зохих журмын дагуу байгуулж, газрын төлбөр төлөх үүрэгтэй.

Энэ үндэслэлээр, нэхэмжлэгчийн “…ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд газрын хэвлийг олгосон шийдвэр гаргаж, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв байна гэж үзлээ.  

  • ... ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон гуравдагч этгээд нарын эзэмшил газар давхцсан талаар:

  Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдох талбай нь ашигт малтмал хайх, ашиглахаас бусад, иргэн, аж ахуйн нэгжид “хувийн” болон “аж ахуйн” зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон газартай давхцалгүй байх хуулийн шаардлага тавиагүй хэдий ч нэхэмжлэгч “ЖБЦБ” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох эрхийн “ашиглалтын тусгай зөвшөөрөл”-тэй, уг тусгай зөвшөөрлөөр олгогдсон 31.12 га талбай нь гуравдагч этгээд нарын “төмс, хүнсний ногоо тариалах” зориулалтаар олгогдсон эзэмшил газруудтай хэсэгчлэн давхцсан, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тус тусын үйл ажиллагаа нэг газар дээр зэрэгцэн явагдах бодит боломжгүй байх тул нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар эзэмших эрхийг он цагийн дарааллаар, “түрүүлж үүссэн эрх”-ийг хамгаалах зарчмаар дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй зөв байна.

Тодруулбал, нэхэмжлэгч “ЖБЦБ” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийн үүсэл нь анх Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2006 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр иргэн Г.Батхолбоод маргаан бүхий газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгосноор үүссэн байх тул түүнээс цаг хугацааны өмнө буюу Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2003 оны 10 сарын 31-ний өдрийн 36,  2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01, 2005 оны 01 дүгээр сарын сарын 17-ны өдрийн 03 дугаар захирамжуудаар гуравдагч этгээд “Жавцагийн гол” ХХК, “Чонон саарал” ХХК, иргэн Л.Оюунцэцэг нарт “төмс хүнсний ногооны зориулалтаар” газар эзэмших эрх олгосон,  “Жавцагийн гол” ХХК-ийн эзэмшил 50 га газраас 25 га газрыг “МНТЭ” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн мөн сумын Засаг даргын  2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/58-р захирамж нь нэхэмжлэгч “ЖБЦБ” ХХК-ийн эрхийг зөрчөөгүй, нэхэмжлэлийн энэ хэсэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, “... нэхэмжлэгч “ЖБЦБ” ХХК-нд олгогдсон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь эдгээр иргэн, аж ахуйн нэгжийн түрүүлж үүссэн газар эзэмших эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Харин, маргаан бүхий газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсоны дараа    иргэн Б.Батбаярт 2 га, Л.Даваасамбууд 2 га газар тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай давхцуулан эзэмшүүлсэн Алтанбулаг сумын Засаг даргын 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар захирамжийн Б.Батбаярт, мөн өдрийн 37 дугаар захирамжийн Л.Даваасамбууд холбогдох хэсэг нэхэмжлэгч “ЖБЦБ” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу олборлолтын үйл ажиллагаа эрхлэх, энэ зорилгоор газар эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна. 

Түүнчлэн, Алтанбулаг сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаар захирамжаар гуравдагч этгээд “Арвижих заяа” хоршоонд 2 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, Хан-Уул дүүргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 276 дугаар шийдвэрээр “Арвижих заяа” хоршоог “татан буулгасан”, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т “... газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан /бол газар эзэмших эрх дуусгавар болох/”-оор заасан байх тул гуравдагч этгээд “Арвижих заяа” хоршоог газар эзэмшигч гэж үзэхгүй, “... “Арвижих заяа” хоршооны эзэмшил газартай давхцалтай” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “ЖБЦБ” ХХК-ийн олборлолтын үйл ажиллагаа явуулах (газар эзэмших) эрхийг хязгаарлах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын иргэн Б.Батбаяр, Л.Даваасамбуу, “Арвижих заяа” хоршоонд хамаарах маргаан бүхий захиргааны актуудын холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны эдгээр үйл баримтуудад холбогдуулж, “ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч”-ийн ашигт малтмал олборлох зорилгоор газар эзэмших эрхийн агуулгыг буруу тайлбарлан хэрэглэснээр “... гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх олгохдоо хариуцагч Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т ... заасан бүрэн эрхийн хүрээнд ... шийдвэр гаргасан ... /нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй/” гэх агуулгатай дүгнэлт хийсэн, давж заалдах шаны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар буюу “... /анх хайгуулын тусгай зөвшөөрөл олгох явцад/ мэдэгдэлд санал өгөхдөө Төв аймгийн Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т заасан журмыг зөрчсөн” гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Шүүхээс гуравдагч этгээд “Жавцагийн гол” ХХК, “Чонон саарал” ХХК, “МНТЭ” ХХК, иргэн Л.Оюунцэцэг нар нь “...нэхэмжлэгчээс түрүүлж газар эзэмших эрхтэй болсон” гэсэн үндэслэлээр эдгээр гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх олгосон маргаан бүхий захиргааны актуудад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байх тул гуравдагч этгээд нар газар эзэмших явцдаа Газрын тухай хуульд заасан эрх, үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн эсэх асуудлаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй, “... гуравдагч этгээдүүд нь газраа гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй ... , ...  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэл үүссэн байхад ... /тэдний газар эзэмших эрхийг цуцлахгүй байгаа/ Засаг даргын эс үйлдэхүй ...-г шүүх зөвтгөсөн дүгнэлт хийсэн” гэх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй. 

Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгч “ЖБЦБ” ХХК-ийн захирал Х.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах аштны шүүхийн магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0180 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай (2006) хуулийн 4.1.7, 12 дугаар зүйлийн 12.1.2, 27 дугаар зүйлийн 27.1.1, 35 дугаар зүйлийн 35.3.7, 36 дугаар зүйлийн 36.1, Газрын тухай (2002) хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаар захирамжийн “Арвижих заяа” хоршоонд, 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар захирамжийн Б.Батбаярт, мөн өдрийн 37 дугаар захирамжийн Л.Даваасамбууд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг “...Алтанбулаг сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр захирамжийн “Чонон саарал” ХХК-д, 03 дугаар захирамжийн Л.Оюунцэцэгт, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/58-р захирамжийн “МНТЭ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг Алтанбулаг сумын Засаг даргад даалгах, МҮ-016809 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд газрын хэвлийг олгосон шийдвэр гаргаж, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгохыг Алтанбулаг сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй” гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “ЖБЦБ” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА