| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2018/03388/И |
| Дугаар | 549 |
| Огноо | 2019-03-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 549
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.С-ийн нэхэмжлэлтэй,
/ /
Хариуцагч: Д.Н-д холбогдох,
/ /
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 9.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунбаатар нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.С нь өөрийн танил болох Д.Н дунд гарын эртний эмээл зарах тухай ярьж байсан. Гэтэл Д.Н нь эртний өвөг дээдсийн үнэтэй зүйлийг хамаагүй хүнд зарж болохгүй, надад зарчих эгч нь 8.000.000 төгрөг өгөөд авмаар байна гэсэн. Ингээд П.С нь 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ... тоотод байрлах гэрт нь ээжтэйгээ хамт авчирч өгсөн. Гэтэл Д.Ннь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр банкны хадгаламжийн хугацаа дуусахаар 8.000.000 төгрөгийг өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй болно. Түүнээс хойш Д.Н нь зугтаагаад олдохгүй байгаа бөгөөд 2018 оны 9 дүгээр сард эгч нь зөндөө удаасан, одоо чамд 9.000.000 төгрөг өгнө гээд алга болсон. Иймээс Д.Н худалдан авах гэрээний үүргийн дагуу 9.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би П.С-с 2018 оны 4 дүгээр сард эмээл авсан нь үнэн. Энэ эмээлийг Д.Ннь 8.000.000 төгрөгөөр авсан. Одоо болтол төлбөрийг өгч чадаагүй. Энэ өрийг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулна гэжээ.
Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
П.С-ийн нэхэмжлэлтэй, Д.Н-д холбогдох, худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Д.Н, П.С нарын хооронд 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “эртний эмээл худалдах-худалдан авах гэрээ” аман хэлбэрээр байгуулагдсан, уг гэрээгээр худалдагч П.С нь дунд гарын эртний эмээлийг худалдан авагч Д.Н-д 8.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, худалдагч нь эмээлийг худалдан авагчид шилжүүлсэн, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон эмээлийн үнэ 8.000.000 төгрөгийг төлөөгүй талаар зохигчид маргаагүй болно.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Ндунд гарын эмээлийн үнэ 8.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.С-т олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Учир нь нэхэмжлэгчийн “...Д.Н нь 2018 оны 9 дүгээр сард уулзахдаа эмээлийн үнэ 8.000.000 төгрөгийг төлөхгүй удаасан тул 9.000.000 төгрөг өгнө гэж хэлсэн” гэсэн тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хавтаст хэрэгт авагдсан баримт болон хариуцагчийн тайлбараар нотлогдохгүй байна гэж үзэв.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Н худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 8.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.С-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцэхээр юм.
Шүүхээс хариуцагч талд шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн хэдий боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Н худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 8.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.С-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.С-ээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 158.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н улсын тэмдэгтийн хураамжид 142.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД