| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2018/03557/И |
| Дугаар | 183/ШШ2019/00560 |
| Огноо | 2019-03-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2019/00560
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Б-ийн нэхэмжлэлтэй,
/ /
Хариуцагч: Б.С-д холбогдох,
/ /
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9.300.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г , нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Б.С-тай 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 8.000.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч Б.С нь 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 480.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 480.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 700.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 700.000 төгрөг, нийт 6.360.000 төгрөгийг төлсөн. Иймд хариуцагч Б.С-аас үндсэн зээлийн үлдэгдэл 7.800.000 төгрөг, алданги 1.500.000 төгрөг, нийт 9.300.000 төгрөг гаргуулж өгнө үү. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж урьд нь шүүхэд хандаагүй болно гэв.
Хариуцагч Б.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Снь 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Ч.Б-тэй зээлийн гэрээ байгуулж, 8.000.000 төгрөг зээлсэн ба уг мөнгийг ээжийн найз нь авсан. Уг зээлийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 480.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 480.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сард 5.000.000 төгрөгийг бэлнээр тус тус Ч.Б-д төлсөн. Өөрөөр хэлбэл зээл, зээлийн хүүд нийт 8.960.000 төгрөг төлсөн. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Ч.Б-ийн нэхэмжлэлтэй, Б.С-д холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Б.С, Ч.Б нар 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “Зээлийн гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Ч.Бнь 5.000.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатай буюу 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаагаар зээлдэгч Б.С-д зээлдүүлэхээр тохиролцсон, мөн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “Зээлийн гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Ч.Б нь 3.000.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатай зээлдэгч Б.С-д зээлдүүлэхээр тохиролцсон талаар талууд маргаагүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээг байгуулсан байна гэж дүгнэв.
Дээрх хоёр зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Ч.Бнь 8.000.000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр зээлдэгч Б.С-д шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч Ч.Б нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд “...зээлийн үлдэгдэл 7.800.000 төгрөг, алданги 1.500.000 төгрөг, нийт 9.300.000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.С хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...зээлийн төлбөрт нийт 8.960.000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж зохигчид мэтгэлцжээ.
Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний 1-д үүрэг гүйцэтгэх хугацааг “2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр”-ийг хүртэл гэж тохиролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шүүхэд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасны дагуу зээлдүүлэгч Ч.Б нь уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар зээлдэгч Б.С-д холбогдуулан шүүхэд 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй байжээ.
Гэтэл нэхэмжлэгч Ч.Бнь уг зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацааг /2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл/ өнгөрсний дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь нэхэмжлэгч Ч.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан дардас, иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж зэрэг баримтаар нотлогдож байна.
Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасан байх тул хариуцагч талын “...нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбарыг үндэслэн Б.С-д холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9.300.000 төгрөг гаргуулах тухай Ч.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгч Ч.Б шүүх хуралдаанд “...өмнө нь зээлийн гэрээний үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй” гэсэн тайлбар гаргасан бөгөөд Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар нотлогдоогүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг баримтлан Ч.Б-ийн нэхэмжлэлтэй, Б.С-д холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 163.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД