| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бавалын Баатар |
| Хэргийн индекс | 181/2018/03322/И |
| Дугаар | 181/ШШ2018/00582 |
| Огноо | 2019-03-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2018/00582
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С.А нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.М
Хариуцагч: У.Б холбогдох,
Ж.М 593,250 төгрөг, У.Б төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.М, У.Б нар нь иргэн С.А-д урьд нь эд зүйлээ тавиад тооцоогоо хийгээд эд зүйлээ буцаагаад авдаг байсан. Гэтэл ээж, хүү хоёрын сүүлийн барьцаанд тавьсан эд зүйлүүд болох “I рhоnе 6” гар утас нь эвдэрхий, хуучин нөөтбүүк, булган нөмрөг зэргийг барьцаанд тавьсан.
Булган нөмрөгөө барьцаанд тавихдаа “Мөдхөн өвөл болно, хэрэглэдэг юм шүү зарж болохгүй шүү, би удахгүй буцааж авна” гэж хэлээд явсан. Гэтэл сүүлийн тавьсан эд зүйлүүдийг урьдынхтай адилхнаар бодож, өөрөөр хэлбэл цэвэр итгэлцлээр хийгдсэн зүйлүүд юм. Гэтэл иргэн С.А миний итгэлийг эвдэж дараах байдлаар намайг хохироолоо.
Ж.М нөөтбүүкийг 200.000 төгрөгийн барьцаанд тавьж 2017.10.02-2018.05.01 хүртэл хугацаатай, булган нөмрөг 150.000 төгрөгийн барьцаанд тавьж 2017.10.14-2018.05.01 хүртэл хугацаатай тус тус зээлсэн.
Иймд Ж.М-ээс үндсэн төлбөр 350,000 төгрөгийг хүүгийн хамт нийт 593.250 төгрөгийг,
У.Б нь I рhоnе 6 гар утас барьцаанд тавьж 250 000 төгрөг зээлсэн. 2018.01.17-2018.05.01 хүртэлх 71 хоногийн хугацаанд хүүний хамт 358 750 төгрөг болж байгаа.
Иймд У.Б-ээс үндсэн төлбөр 250.000 төгрөгийг хүүгийн хамт нийт 358.750 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Хаан банкнаас ирүүлсэн дансны хуулга баримтаас хариуцагч нар мөнгө төлсөн гэдэг нь нотлогдвол нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцоход татгалзах зүйлгүй гэв.
Хариуцагч У.Б, У.М нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ж.М миний бие 2017 оны 10, 12 сард “А” ХХК-ийн ломбарданд өөрийн 1,250,000 төгрөгийн үнэ бүхий нөөтбүүк, 650,000 төгрөгийн үнэ бүхий булган нөмрөгийг барьцаалан зээл авсан.
Зээл авснаас хойш нилээд хэдэн сар дээрх эд зүйлийн хүү болон алдангийг ломбард ажиллуулж байсан иргэн С.А-ийн данс руу шилжүүлэн сунгаж байсан боловч тус ломбардны хүү хэт өндрөөс болон үргэлжлүүлэн сунгах боломжгүй болсон.
Тус ломбард нь 14 хоногт 8 хувийн буюу сард 16 хувийн хүүтэй байсан бөгөөд миний бие 14 хоногоор анх эд зүйлээ барьцаанд тавьсан учир хугацаа хэтэрч хийх бүрт гэрээнд заасны дагуу алданги төлж байсан.Ингээд хэт өндөр хүүг төлж дийлэхгүй болсон учир гэрээнд заасны дагуу зарж борлуулахаас гээд хүү алданги төлөөгүй.
Гэрээнд зааснаар бол гэрээт хугацаа 5 хоног өнгөрвөл эд зүйлийг зарна гэсэн заалттай байгаа. Ингээд миний бие гэрээ ёсоор эд зүйлээ заруулчихлаа, хэрэв заруулахаа мэдсэн бол анхнаасаа баахан хүү алданги дэмий төлж гэж гэж бодож байтал өчнөөн сарын дараа гэнэт мөнгө нэхэмжлэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.
Иргэн У.Б миний бие анх тус ломбарданд монгол мөнгөөр 1,300,000 төгрөгөөр АНУ-аас өөрөө худалдан авсан утсаа мөн 14 хоногийн хугацаатай тавьсан. Гэвч хугацаа болоход миний бие ажлаар гадагшаа явсан байсан ба манай гэр бүлийнхэн утсыг маань сунгах буюу авах боломжгүй байсан. Тэгээд мөн л гэрээний заалт ёсоор зарсан гэж бодож байсан. Гэтэл мөн л хэдэн сар өнгөрсний дараа ээж рүү залган “утсыг зарах гээд хажуу лангууны утас засварт үзүүлсэн чинь эвдэрхий гэнэ” гэж хэлсэн байсан.
Миний бие анх тус ломбарданд барьцаанд тавихад ломбардны эгч буюу С.А өөрөө утсыг ажиллуулж шалгаж үзээд авсан.
Миний зээлийн гэрээний заалт ч мөн адил хугацаа 5 хоног хэтэрвэл зарж болно гэсэн байгаа. Гэтэл мөн л олон сар өнгөрсний дараа мөнгө нэхсэн нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.А нь хариуцагч У.Б, У.М нарт холбогдуулан, Ж.М-ээс 593,250 төгрөг, У.Б-ээс 358,750 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан Барьцаат зээлийн тасалбар №13148, 13163, №13876 баримтаар “А” ХХК-ийн Барьцаалан зээлдүүлэх газарт Ж.М нь Dell маркийн, хуучин зөөврийн комьпютерийг 2017 оны 10 сарын 02-ны өдрөөс 2017 оны 10 сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд барьцаанд тавьж, 200,000 төгрөгийг, Эдэлж байсан хуучин булган нөмрөгийг 2017 оны 10 сарын 14-ний өдрөөс 2017 оны 10 сарын 28-ны өдрийг хүртэл хугацаатай барьцаанд тавьж, 150,000 төгрөгийг,
У.Б нь өөрийн хэрэглэж байсан I рhоnе 6 маркийн гар утсыг 2017 оны 01 сарын 17-ны өдрөөс 2017 оны 01 сарын 31-ний өдрүүг хүртэл хугацаатай барьцаанд тавьж, 250,000 төгрөгийг тус тус зээлж авсан, талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.-д заасан гэрээний харилцаа үүссэн, гэрээг бичгэн хэлбэрээр хийсэн, хүчин төгөлдөр байна.
У.М нь барьцаанд тавьсан Dell маркийн зөөврийн комьпютерийг 2017 оны 10 сарын 30, 11 сарын 13, 11 сарын 27, 12 сарын 10, 12 сарын 24,
Булган нөмрөгийг 2017 оны 11 сарын 11, 11 сарын 25, 12 сарын 08, 12 сарын 22-ны өдрүүдэд тус тус хүүг төлж зээлийн хугацааг хойшлуулан сунгуулж байсан байх ба энэ талаар болон гэрээний нөхцлийн талаар зохигч маргаагүй.
Барьцаат зээлийн тасалбар №13148, 13163, №13876 баримтаар эд зүйл барьцаалж 14 хоногийг хугацаатай зээл олгохдоо үнийн дүнгийн 8 хувиар тооцож хүү бодох, хугацаа хэтэрсэн хоног тутамд 1 хувийн торгууль төлөхөөр тохиролцсон байгаагаас үзэхэд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.6., 286 дугаар зүйлийн 286.1.-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хариуцагч нар гэрээнд зааснаар зээлийн хүү, алдангийг тодорхой хугацаанд төлж байсан тайлбар гаргасан боловч, зээл, зээлийн хүү, алдангийг буцаан төлснөө баримтаар нотлоогүй, шүүхээс хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдсэн боловч тодорхойгүй шалтгаанаар хуралдаанд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэлийн татгалзлаа хуульд зааснаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн гаргасан тооцооллыг шүүх үнэн зөвд тооцлоо.
Талуудын хооронд байгуулсан гэрээгээр хугацаа хэтэрсэн хоног тутамд 1 хувийн торгууль төлөхөөр тохиолцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөр болох анзын гэрээг бичгээр хийсэн гэж үзэж мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар Ж.М-ээс 2 удаагийн баримтаар зээлж авсан нийт 350,000 төгрөг+175,000 =525,000 төгрөг, У.Б-ээс зээлж авсан 250,000 төгрөг+108,750=358,750 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлийн үнийн дүнгээс 68,250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2., 116., 118. дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар У.М 525,000 төгрөг, У.Б 358,750 төгрөгийг тус тус гаргуулж С.А олгож, нэхэмжлэлийн шаардлагын 68,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч Ж.М 16,400 төгрөг, У.Б 11,412 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Ариунаад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БААТАР