Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/982

 

 

 

 

 

 2022         12           15                                  2022/ШЦТ/982

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Б.Баярчимэг, шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Д.Гомбо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Тд холбогдох эрүүгийн “2211 01839 2002” дугаартай, 186/2022/0935/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 15-ны  өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, ххххх тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй А.Т/,

          Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Т нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 21-ний шөнө 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Хын эзэмшлийн “ЛЖ-Х6” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс  мэдүүлсэн мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч А.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: мөрдөн шалгах ажиллагааны  үед мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн учраас нэмж мэдүүлэг  өгөхгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

         2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Х: Би 2022 оны 9 дүгээр сарын 21-ний шөнийн 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх CU нэртэй дэлгүүрлүү явж гоймон авах гээд явсан хойгуур манай эхнэр болох Д.Ганцэцэг нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 20 дугаар гудамж 696 тоотод өөрийнхөө дүү нартайгаа маргалдаад өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагч нар манай эхнэрийг аваад явсан байсан. Манай эхнэрийн дүү нар болон цагдаа нар маргааш өглөө ирээд эхнэрээ аваарай гэж хэлснийг нь би буруу сонсоод одоо очиж аваарай гэж ойлгоод Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс рүү алхаж явж байгаад замдаа 5-н буудлын түцруу орох гээд байхад хоёр залуугийн нэг нь гайхаад байна уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би яасан гэж хэлээд түц ороод амны хаалт, тамхи, 2 ширхэг бохь аваад зам дагуу алхаад явж байсан чинь нэг машинаас нөгөө хоёр залуу бууж ирээд яадаг гэнээ яасан гэнээ гэж хэлээд намайг шууд газар унагаахаар нь би нүүрээ дараад доошоо харсан чинь хоёулаа намайг шууд гараараа болон хөлөөрөө цохиж өшиглөсөн. Тэгээд машиндаа суух гээд гүйсэн, би араас нь утсаа авах гээд машин руу очсон боловч хаалгыг онгойлгож чадаагүй. Нөгөө хүмүүс машинтайгаа яваад өгсөн. Тэгээд шууд цагдаагийн хэлтэс дээр очсон гэх мэдүүлэг. /хх-ийн 31-32 дугаар тал/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Ихтэлмүүний: Би 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 22 цагийн орчимд Баянгол дүүргийн Өргөө кино театрын хажууд байх лоунжинд Төв аймгийн Баяндэлгэр суманд хамт ажилладаг хүнтэйгээ уулзаад нэг нэг ширхэг пиво уугаад тарсан. Тэгээд байж байсан чинь А.Ттэй нэг хүн жоохон муудалцаад тэр хоёр салаад нөгөө хүн ТҮЦ рүү орсон.  Бид хоёр такси барих гээд зогсож байсан чинь нөгөө таксины хүн ахын 2 дүү явахгүй яасан юм гэхээр нь бид хоёр машинд суугаад явж байсан чинь Туулайхүүтэй маргалдсан хүн алхаад явж байхаар нь Туулайхүү таксины хүнд наад тал руугаа зогсчих гэж хэлсэн. Бид хоёр машинаасаа буугаад би тухайн хүнийг шууд очоод унагаагаад толгой руу гар болон хөлөөрөө нэлээн олон удаа цохьсон. Тэгээд бас тухайн хүнийг өмссөн хувцаснаас нь доошоо дараад байж байсан чинь Туулайхүү бас нэлээн олон удаа толгой руу гар хөлөөрөө цохисон. Манай найз болох Туулайхүү гар утсыг нь авсан байсан. Би гэхдээ тухайн үед зодож байхдаа утсыг нь авч байхыг хараагүй. Туулайхүү утас гаргаж ирээд сая авсан гэж хэлсэн гэх мэдүүлэг.       /хх- ийн 41-42 дүгээр тал/,

            2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Ганцэцэгийн:...би эрүүлжүүлэхээс гарах гээд утсаа аваад нөхөрлүүгээ залгасан чинь утас нь холбогдохгүй байхаар нь Zenly аппликэйшин руугаа ороод үзсэн чинь эхлээд хороололд явж байгаа харагдсан чинь утас унтарсан. Тэгээд буцаагаад утсаа асаагаад дахиад Zenly аппликэйшин руугаа ороод харсан чинь Баянхошууны гудамж Од car wash нэртэй газрын тэнд байгаа харагдаж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 45-46 дугаар тал/,

          2.4.”Дамно” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ЛЖ-Х6” маркийн гар утсыг зах зээлийн үнээр үнэлсэн үнэлгээ. /хх-ийн 54-55 дугаар тал/,

 

2.5. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 13038 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Г.Хын биед дух, бүсэлийн, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй.

4. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног  доторх хугацаанд үүссэн байна. Шинжээч эмч Н.Энхцолмон гэжээ./хх-ийн 49-50 дугаар тал/, 

          Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч хавтас хэргээс: гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар тал/, хохирогч Г.Хн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/, гэрч Э.Ихтэлмүүний мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар тал/, гэрч Д.Ганцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 13038 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-50 дугаар тал/, “Дамно” ХХК-ийн үнэлгээ /хх-ийн 54-55 дугаар тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 77 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 дугаар тал/, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 375 дугаар прокурорын тогтоол /хх-ийн 94 дүгээр тал/, шүүхээс хохирогчтой утсаар ярьсан тэмдэглэл зэргийг шинжлэн судлав.

          3.2.Шүүгдэгчийн өмгөөлөгч:хавтас хэргээс  шүүгдэгчийн хувийн  байдалтай  холбоотой баримтуудыг  шинжлэн судлав.

          3.3.Шүүгдэгч:хавтас хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч А.Т нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 21-ний шөнө 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Хүрэлтулгын эзэмшлийн “ЛЖ-Х6” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:            

-хохирогч Г.Х:...тэгэхээр нь би яасан гэж хэлээд түц ороод амны хаалт, тамхи, 2 ширхэг бохь аваад зам дагуу алхаад явж байсан чинь нэг машинаас нөгөө хоёр залуу бууж ирээд яадаг гэнээ яасан гэнээ гэж хэлээд намайг шууд газар унагаахаар нь би нүүрээ дараад доошоо харсан чинь хоёулаа намайг шууд гараараа болон хөлөөрөө цохиж өшиглөсөн. Тэгээд машиндаа суух гээд гүйсэн, би араас нь утсаа авах гээд машин руу очсон боловч хаалгыг онгойлгож чадаагүй. Нөгөө хүмүүс машинтайгаа яваад өгсөн. Тэгээд шууд цагдаагийн хэлтэс дээр очсон гэх мэдүүлэг. /хх-ийн 31-32 дугаар тал/,

- гэрч Э.Ихтэлмүүний:...бид хоёр такси барих гээд зогсож байсан чинь нөгөө таксины хүн ахын 2 дүү явахгүй яасан юм гэхээр нь бид хоёр машинд суугаад явж байсан чинь Туулайхүүтэй маргалдсан хүн алхаад явж байхаар нь А.Т таксины хүнд наад талруугаа зогсчих гэж хэлсэн. Бид хоёр машинаасаа буугаад би тухайн хүнийг шууд очоод унагаагаад толгой руу гар болон хөлөөрөө нэлээн олон удаа цохисон. Тэгээд бас тухайн хүнийг өмссөн хувцаснаас нь доошоо дараад байж байсан чинь Туулайхүү бас нэлээн олон удаа толгой руу нь гар хөлөөрөө цохисон. Манай найз болох А.Т гар утсыг нь авсан байсан. Би гэхдээ тухайн үед зодож байхдаа утсыг нь авч байхыг хараагүй. Туулайхүү утас гаргаж ирээд сая авсан гэж хэлсэн гэх мэдүүлэг.       /хх- ийн 41-42 дүгээр тал/,

            - гэрч Д.Ганцэцэгийн:...би эрүүлжүүлэхээс гарах гээд утсаа аваад нөхөр рүүгээ залгасан чинь утас нь холбогдохгүй байхаар нь Zenly аппликэйшин руугаа ороод үзсэн чинь эхлээд хороололд явж байгаа харагдсан чинь утас унтарсан. Тэгээд буцаагаад утсаа асаагаад дахиад Zenly аппликэйшин руугаа ороод харсан чинь Баянхошууны гудамж Од car wash нэртэй газрын тэнд байгаа харагдаж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 45-46 дугаар тал/,

          - “Дамно” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ЛЖ-Х6” маркийн гар утсыг зах зээлийн үнээр үнэлсэн үнэлгээ. /хх-ийн 54-55 дугаар тал/,

2.5. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 13038 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 49-50 дугаар тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Хын эзэмшлийн “ЛЖ-Х6” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 170.000 төгрөгийн хохирол учруулж байгаа гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын болон шүүгдэгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч А.Тгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

 

Хохирогч Г.Х нь шүүгдэгч А.Ттэй эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн шатанд утсаар ярьсан тэмдэглэл  байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн,  гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул  шүүгдэгч А.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэх  улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч,  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгч нь гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  шүүгдэгч А.Тг 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шйитгэх нь хууль зүйн  үндэслэлтэй  байна гэж  дүгнэлээ.

Шүүгдэгч нь  шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж,  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, уг ялын хамрах хүрээг Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрахн дүүргийн нутаг дэвсгэрээс 6 /зургаан/ сарын хугацаанд гадагш явахыг хориглож  шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалахыг тус  тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч А.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч А.Тг 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тд  оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатарын хотын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс  гадагш гарахгүй байхаар тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

           5. Шүүгдэгч А.Т нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулсугай.

6. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг камерын бичлэг бүхий СД-ийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.  

           8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

           9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ