Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар     2022/ШЦТ/983

 

 

 

 

 

 

  2022          12           15                                 2022/ШЦТ/983

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Б.Баярчимэг, шүүгдэгч Б.О /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Од холбогдох эрүүгийн “2211 01845 2067” дугаартай, 186/2022/0954/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ххх тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б.Од,

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Б.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дуулга" бааранд хамт бүжиглэсэнгүй гэх шалтгаанаар хохирогч О.Мын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1. Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: би мөрдөн шалгах ажиллагааны  үед мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн нэмж мэдүүлэх  зүйлгүй, өөрийнхөө  гэм бурууг  хүлээн зөвшөөрч  байна гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

         2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Мын: 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би өөрийн найз эмэгтэй болох Сэлэнгээгийн хамт 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дуулга” нэртэй бааранд орж бүжиглээд сэнгүр нэртэй пиво хүний нэг пиво ууцгаагаад байж байсан. Тухайн үед бид хоёр бүжгийн талбай дээр бүжиглэж байхад 30 орчим насны хоёр залуу байсан нэг нь арай ах царайтай нөгөө залуу нь арай залуухан тэр нь намайг өдөж хоргоогоод байхаар би үгүй гэж хэлсэн. Сэлэнгээ бид хоёр бүжиглэж байгаад тамхины өрөөний хажуу талын ширээн дээр сууж байсан чинь анх намайг өдөж хоргоогоод байсан ах над дээр ирээд бүжиглэе гэхээр нь үгүй гэтэл миний нүүрэн тус газар нэг удаа цохисон би газар шалан дээр унасан, энэ үед баарны хамгаалагч ах ирээд тухайн ахтай уулзаад караокений өрөөнд суулгаж байхад надтай тохиролцоё гээд байсан. Манай найз Сэлэнгээ цагдаа дуудчихсан тухайн хүнийг цагдаад өгч явуулсан гэх мэдүүлэг. /хх-ийн 9-12 дугаар тал/,

          2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Сэлэнгийн: Би найз О.Мын хамт 1 сарын өмнөөс зурагтын шинэ эцэсд нийтийн байр түрээслэж амьдарч байгаа. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр бид хоёр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Дуулга” нэртэй баарлуу шөнийн 01 цагийн үед орж хүний хоёр пиво аваад бүжиглэцгээсэн. Тухайн үед бид хоёр бүжгийн талбайны хойд талын сандал дээр сууж байсан, бид хоёр бүжиглэж байгаад ширээн дээр ирсэн. Манай найз охин О.М бүжгийн талбай дээр бүжиглэж байхад 30 орчим насны нэг ах О.Мтай хамт бүжиглэх гээд байсан, бүжиглэхгүй гэсэн чинь талбай тойроод буцаад ширээн дээрээ ирсэн. Манай найз О.М ариун цэврийн өрөө орчоод ирье гээд явсан. Нөгөө ах над дээр ирж ганцаараа хамт бүжиглээд байхаар нь үгүй гэсэн чинь сандалруугаа яваад өгсөн. Удаагүй бид хоёр ширээн дээр сууж байхад нөгөө ахын дүү нь гэх 25 насны орчим ах ирээд бүжиглэе гээд шалгаагаад байхаар нь үгүй гэхэд манай найз О.Мын нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохьчихсон чинь газар толгойгоороо уначихсан, хамарнаас нь цус гараад байхаар нь нойлын цаас авчирч, цусыг нь арчиж өгөөд би баарнаас гарч Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэсрүү орж цагдаа дагуулан ирж тухайн цохьсон хүнийг түр саатуулсан. Тухайн залуу нэг ахтайгаа явж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20 дугаар тал/,

           2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Отын: 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн үед би төрсөн дүү Б.Оын гэр болох Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо 2-322 тоотод очсон. Бид хоёр 2,5 литрийн багтаамжтай сэнгүр нэртэй пиво хувааж уугаад бид хоёр баар орохоор болж Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Дуулга" нэртэй баар орж хүний хоёр шилтэй пиво ууцгаасан. Текний хажууд хоёулахнаа сууцгаасан. Бид хоёр бүжиглэж байгаад гарчаад ирсэн чинь текний хажууд сууж байсан ширээний хажууд төрсөн дүү Б.О 20-25 насны орчим хоёр эмэгтэйтэй маргалдчихсан байхаар нь яваад очсон чинь хамгаалагч нь ирж салгаад паб руу бид нарыг явж оруулахаар нь би юу болсон талаар асуухад тухайн эмэгтэйгийн хамарнаас цус гарчихсан манай дүү Оюунболдыг хамар луу гараараа цохьчихсон гээд байсан гэх мэдүүлэг, /хх-ийн 22-23 дугаар тал/,

2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13758 дугаартай дүгнэлтэд:

           1.2. О.Мын биед хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.      

          3.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.    

          4.   Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна.

          5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Шинжээч эмч Э.Баасанжав гэжээ. /хх-ийн 26-27 дугаар тал/,

          Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч хавтас хэргээс: шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр тал/, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 380 дугаар прокурорын тогтоол /хх-ийн 56 дугаар тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022  оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13758 дугаар дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар тал/шүүгдэгч шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт, шүүхээс хохирогчтой утсаар ярьсан тэмдэглэл зэргийг шинжлэн судлалаа.

3.2.Шүүгдэгч хавтаст хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

           Шүүгдэгч Б.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дуулга" бааранд хамт бүжиглэсэнгүй гэх шалтгаанаар хохирогч О.Мын нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

          - хохирогч О.Мын:...Сэлэнгээ бид хоёр бүжиглэж байгаад тамхины өрөөний хажуу талын ширээн дээр сууж байсан чинь анх намайг өдөж хоргоогоод байсан ах над дээр ирээд бүжиглэе гэхээр нь үгүй гэтэл миний нүүрэн тус газар нэг удаа цохисон би газар шалан дээр унасан, энэ үед баарны хамгаалагч ах ирээд тухайн ахтай уулзаад караокений өрөөнд суулгаж байхад надтай тохиролцоё гээд байсан. Манай найз Сэлэнгээ цагдаа дуудчихсан тухайн хүнийг цагдаад өгч явуулсан гэх мэдүүлэг. /хх-ийн 9-12 дугаар тал/,

            - гэрч Д.Сэлэнгийн:...удаагүй бид хоёр ширээн дээр сууж байхад нөгөө ахын дүү нь гэх 25 насны орчим ах ирээд бүжиглэе гээд шалгаагаад байхаар нь үгүй гэхэд манай найз О.Мын нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохьчихсон чинь газар толгойгоороо уначихсан, хамарнаас нь цус гараад байхаар нь нойлын цаас авчирч, цусыг нь арчиж өгөөд би баарнаас гарч Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэсрүү орж цагдаа дагуулан ирж тухайн цохьсон хүнийг түр саатуулсан…гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20 дугаар тал/,

           - гэрч Б.Оын:...бид хоёр бүжиглэж байгаад би гарчихаад ирсэн чинь текний хажууд сууж байсан ширээний хажууд төрсөн дүү Б.О       20-25 орчим насны  хоёр эмэгтэйтэй маргалдчихсан байхаар нь яваад очсон чинь хамгаалагч нь ирж салгаад паб руу бид нарыг явж оруулахаар нь би юу болсон талаар асуухад тухайн эмэгтэйгийн хамарнаас цус гарчихсан манай дүү Оюунболдыг хамар луу гараараа цохьчихсон гээд байсан гэх мэдүүлэг, /хх-ийн 22-23 дугаар тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13758 дугаартай дүгнэлт. /хх-ийн 26-27 дугаар тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  “Дуулга”  бааранд хамт бүжиглэсэнгүй гэх шалтгаанаар хохирогч О.Мын нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байх тул Б.Оын  гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Оыг  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч,  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Оыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Хохирогч О.М нь шүүгдэгч Б.Отой эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн  баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Оыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оод оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

           7.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Оод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ