Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/954

 

  

                                                           

 

 

 

   

   2022        12            21                                   

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Баасангийн Мт холбогдох эрүүгийн 2211 00000 1925 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогтой Баасангийн М /РД:./,

Монгол улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эх, ах, эгч, дүүгийн хамт, Дархан-Уул аймаг, 3 дугаар баг, Тосгоны 2-46 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Мандала гарден” хотхоны 1480-167 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 445 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Ар гүнт” зуслангийн орчим тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.Элбэгсайханы нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “...зүүн хацар ясны хугарал, хоншоорын хөндийн цус хуралдалт, завжинд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт; зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүд, шанаа, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал, 7-р шүдний сулрал...” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 855 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.М нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Ар гүнт” зуслангийн орчим тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.Элбэгсайханы нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “...зүүн хацар ясны хугарал, хоншоорын хөндийн цус хуралдалт, завжинд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт; зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүд, шанаа, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал, 7-р шүдний сулрал...” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь иргэн Д.Элбэгсайханы Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 3 дугаар тал/,  

Хохирогч Д.Элбэгсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би өөрийн найз охин болох Энхзаяа, найз болох Анхбаяр, Тулга, Баярмаа нарын хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг найз Тулгийн лагерийн буюу зуслангийн байшинд очсон юм. Тэгээд бид нар хоол унд хийж идээд, пиво ууцгаагаад байж байхад, Анхбаярын харьцдаг таньдаг охин болох Хурцэцэг араас ирсэн ба бид нар хоорондоо танилцаад хамт пиво ууцгаагаад байж байсан юм. Тэгээд шөнийн 00 цагийн үед Хурцэцэг согтчихсон байдалтай гэр бүлийнхнийгээ яриад уйлаад байсан ба 02 цагийн үед гадагшаа гараад явахаар нь би найз охин Энхзаяатай хамт харчхаад араас нь хайх санаатай гараад гудамжинд явж байтал “тоёота приус-30” загварын машин бага зэргийн зайтай зогсоод дотроос нь үл таних гурван эрэгтэй хүн бууж ирээд, нэг нь намайг “манай дүүг гомдоодог хэн бэ” гэж хэлээд гараараа зүүн нүд рүү нэг удаа хүчтэй цохичхоод, мөн зүүн хацар хэсэг рүү гараараа хүчтэй нэг удаа цохичхоод байж байхад хамт явж байсан үл таних залуу нь намайг салгасан юм...” гэх /хавтаст хэргийн 6 дугаар тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14026 дугаартай дүгнэлтэд:

Д.Элбэгсайханы биед зүүн хацар ясны хугарал, хоншоорын хөндийн цус хуралдалт, завжинд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимын салстад цус харвалт, зүүн нүд, шанаа, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал, 7 дугаар шүдний сулрал гэмтлүүд тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Уг гэмтэл тухайн цаг үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэх, мөн хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.М 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Д.Элбэгсайхан шүүгдэгч Б.Маас нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогтой Баасангийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган / төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       П.АРИУНБОЛД