Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 293

 

 

 

 

 

 

 

 

 

С.Э-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/02230 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Б-д холбогдох  

 

Газар болон хувийн сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, албадан гаргуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Л.Б ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: С.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Дамба

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч С.Эшүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шинэ Очир” ХХК-ийн захирал Л.Баатархүүгээс иргэн С.Э од Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 3697 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 908 тоот магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 773 дугаар тогтоолоор 27 326 015 төгрөгийг олгуулах шүүхийн шийдвэр гарч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжээд тогтоосон цаг тухайд төлбөрөө төлөхгүй удсан тул /Л.Б нь төлбөр төлөгч/ өөрийн хүсэлтээр өөрийн нэр дээрх Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 7-104 тоот хаягт байрлах Г-2202003777 462 мкв газар, Ү-2202010234 70,8 м.кв хувийн сууцны хамт төлбөр авагч С.Э-ийннэр дээр шилжүүлж 27 326 015 төгрөг өгөх тооцоогоо дуусгах хүсэлт гаргасан. Төлбөр авагч С.Э би зөвшөөрснөөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 7-104 тоотыг улсын бүртгэлд зохин журмын дагуу албан бичиг явуулж 2017 оны 06 дугаар сарын 29-нд улсын бүртгэлийн 2 гэрчилгээ миний нэр дээр гарсан. Гэтэл Л.Б  гэх хүн гэр бүлээрээ энд удаан амьдарч байна гэсэн шалтгаанаар хууль бусаар эзэмшиж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас суллаж өгөхийг шаардсан мэдэгдэх хуудас болон утсаар биеэр ярьж уулзаж үзсэн боловч нүүхгүй байна. Эхлээд наадам хүртэл байя гэж байсан, би байгаа айлтай нь олон удаа очиж уулзаж байсан, өмгөөлөгчтэйгөө ч очиж уулзаж байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсныг хариуцагч сайн мэднэ. Баатархүү гуай хашаа байшинг өгөхгүй гэсэндээ хамаатан саднаараа ийм арга саам хэрэглэж байна. Иймд миний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 7-104 тоот газар болон хувийн сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Б шүүхэд болон шүүх хуралдаанд түүний төлөөлөгч гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр Баярсайхан болон 2 охины хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 7-104 тоотод оршин суудаг. Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 7-104 тоот хашаа байшинг ах Л.Балдан-Очир манайд өгсөн юм. Ах дүү нарын амьдралын хэрэгцээ шаардлагаас үүдэн манайх хашаа байшингаа өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй байгаа бөгөөд ах Л.Б-ээс дүү Л.Б-д, дүү Л.Б ах Л.Б-ийн нэр дээр шилжсэн боловч Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 7-104 тоотод хашаа байшинд Б гэдэг айл 2001 оноос хойш буюу охин Б.Жавзанпагма, Б.Биндэръяа нар маань 3-5 настай байхаас одоог хүртэл 16 жил амьдарч байна. Энэ хугацааны эрчим хүч, хог болон утасны /315999/ төлбөрийг Л.Б  миний бие болон манай гэр бүлийн бусад гишүүдийн нэрээр төлсөн баримтууд бий. Мөн энэ хашаа байшинг ах Л.Баатархүүгийн нэр дээр түр шилжүүлсэн баримт, эрчим хүчний төлбөр төлсөн зарим баримтуудыг хариу тайлбарын хамт гаргаж өгч байгаа бөгөөд үүгээр бидний өмч гэдэг нь нотлогдоно. Нэхэмжлэгч С.Энь ах Л.Баатархүүгийн тухайн үед барьж байсан барилгад орон сууц захиалахын тулд таньдаг хүнээрээ дамжуулан зах зээлийн үнээс доогуур захиалж байсан гэдэг.Улс орны эдийн засгийн байдлаас шалтгаалан барилгын компаниудын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор барилга нь хугацаандаа ашиглалтанд ороогүйтэй холбоотой энэ асуудал анх үүссэн. Мөн ах Л.Баатархүүгийн зүгээс бэлэн байгаа 2 өрөө байр С.Э од санал болгосон боловч аваагүй гэдэг. Өөр боломжууд санал болгоод байхад бидний амьдран сууж байгаа хашаа байшинг авах гээд байгааг ойлгохгүй байна. Нөхөр бид 2 төрийн байгууллагад ажилладаг бөгөөд энэ хашаа байшингаас өөр үл хөдлөх хөрөнгө, өөрийн гэсэн машин тэрэг байхгүй хүмүүс. Иймд энэ хашаа байшингаас нүүх боломжгүй гэдэг тайлбар гаргаж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлан Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 7-104 тоот газар, хувийн сууцыг Л.Б ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.Б  давж заалдах гомдолдоо: “...Миний бие Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 7-104 тоот газар, хувийн сууцанд нөхөр, хүүхдүүдийн хамт олон жил амьдарсан, одоог хүртэл амьдарч байна. Энэ хашаа, байшингаас өөр амьдрах газар байхгүй тул албадан чөлөөлүүлэх шийдвэрийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардагыг хангасан байна.

       Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Л.Б-д холбогдуулан газар болон хувийн сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

       Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 3697 дугаартай шийдвэрээр хариуцагч “Шинэ-Очир” ХХК-ийн захирал Л.Баатархүүгээс 27 032 900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Э од олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас уг шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Л.Баатархүү нь өөрийн хүсэлтээр өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 7-104 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2202003777 дугаартай 462 м.кв газар, Ү-2202010234 дугаартай 70.8 м.кв хувийн сууцыг төлбөр авагч С.Э од төлбөрт өгч, төлбөр авагч нь зөвшөөрснөөр С.Энь дээрх газар болон хувийн сууцны өмчлөгчөөр 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр бүртгэгдсэн, түүнд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх шилжсэн байна.

       Хариуцагч Л.Б  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй. Тэрээр уг газар болон орон сууцны цахилгааны хөлсийг төлж байсан нь түүнийг уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж дүгнэхгүй юм.

       Иймд нэхэмжлэгч С.Э ыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 7-104 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2202003777 дугаартай 462 м.кв газар, Ү-2202010234 дугаартай 70.8 м.кв хувийн сууцыг хариуцагч Л.Б ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/02230 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Б ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                               

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                           Ч.ЦЭНД

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН