Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 110/ШШ2021/0045

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Гомдол гаргагч: К.Х   гомдолтой ;

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн  Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Г    холбогдох;

             “Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1451206 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай”  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай”  гомдлын шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: гомдол гаргагч К.Х /Улаанбаатар хотоос цахимаар/, хариуцагч Б.Г, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

  Гомдол гаргагч  К.Х шүүхэд гаргасан гомдолдоо:

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Гын гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №1451206 тоот шийтгэлийн хуудсыг өнөөдөр хүлээн авч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие компанийн томилолтоор 2020 оны 08 дугаар сарын 01-ээс хойш хөдөө ажиллаж байгаа бөгөөд уг шийтгэлийн хуудсыг манай гэрийн хаягаар Монгол шуудан компаниас хүргэж өгсөн байсныг хүү Х.Асылбек өнөөдөр надад хоол, хүнс хүргэж өгөх үеэр өгсөн болно. Миний бие К.Х нь Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн 2 дугаар тойрогт бие даан нэрээ дэвшүүлэн оролцсон. Сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд сонгуулийн явцын тайлан болон сонгуулийн зардлын тайланг гарган өгсөн. Энэ талаар улсын байцаагч Б.Гад холбогдох тайлбараа явуулсан байгаа. Үндэсний аудитын газарт миний сонгуулийн менежер А.Е№ өөрийн биеэр сонгуулийн зардлын эцсийн тайланг хүргэн өгсөн тухай тайлбараа өгсөн. Үндэсний аудитын газраас хүлээн авсан хүн нь уг баримт бичгийг хүлээн авсан тухай баримт өгөөгүй. Үндэсний аудитын газраас энэ талаар тодруулах гэж удаа дараа очсон боловч коронагийн  хорио цээр гээд оруулахгүй байгаа учраас  тайлбар, нотолгоо авч чадахгүй байна. Гэтэл хугацаанд нь хүлээлгэн өгсөн тайланг өгөөгүй гэсэн дүгнэлт  гарган Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулсан  явдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Хүлээлгэн өгсөн тайланг бүртгэлдээ оруулаагүй нь Үндэсний аудитын газрын хүлээн авсан ажилтны буруу.  Иймээс миний өгсөн сонгуулийн зардлын эцсийн тайлангийн талаар Үндэсний аудитын газраас тодруулан, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №1451206 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

  Гомдол гаргагч  К.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлдээ бичсэн тайлбараа дэмжиж байна. Тухайн  үед би сонгуулийн менежерээр  А.Е№ гэдэг хүнийг авсан байсан.  Сонгуулийн тухай хуулийн дагуу 1  сарын дотор Үндэсний аудитын газарт тайлан гаргаж өгөхөө мэдэж байсан. 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн орой А.Е№тай хамт “Ариг” ресторанд хоол идэж байхдаа “би маргааш Багануурт ажлаар явах учраас сонгуулийн зардлын тайланг Үндэсний аудитын газарт хүргэж өгчих” гэж дугтуйлсан тайлангаа А.Е№ад өгсөн. Хэд хоногийн дараа А.Е№ над руу залгаад “Үндэсний аудитын газарт хүргэж өгсөн. Надад ямар нэгэн хүлээж авсан баримт өгөөгүй. Нэг эмэгтэй хүн авлаа” гэж  хэлж байсан. Сүүлд   Баян-Өлгий аймгийн  төрийн сангаас  надад залгаж  “та сонгуулийн тайлангаа өгөөгүй байна” гэж  хэлсэн.  А.Е№ надад өөрөө энэ талаар тайлбараа албан ёсоор  бичиж өгсөн. Тэр тайлбарыг хэрэгт хавсаргасан байгаа. А.Е№ад би боломжоороо туслаад дэмжиж явдаг залуу байсан. Сонгуулийн үер миний менежерээр ажиллахад 2 000 000 төгрөгөөр тохирч ажлын хөлсийг олгосон юм. Тэгээд би А.Е№ад “Баян-Өлгий аймгийн төрийн сангаас залгаад  тайлан өгөөгүй  гэж асуудал үүсгээд байна, чи тэнд тайлбар өгөөрэй” гэхэд, “би сонгуулийн үеэр бага мөнгөөр ажилласан байна. Та надад нэмж мөнгө өгөөрэй” гэхээр нь би зөвшөөрөөгүй юм.  Тэгсэн чинь хэргийн материалтай танилцахад, А.Е№ төрийн санд ч гэсэн “тайлан өгөөгүй” гэсэн тайлбар  өгсөн,  шүүхэд мэдүүлэг өгөхдөө “надад Үндэсний аудитын газарт хүргэж өгөөрэй гэж тайлан өгөөгүй” гэсэн мэдүүлэг өгсөн байх юм,  би  тэрэнд нь гайхаж байна. Өөртэй нь утсаар яръя гэхээр миний утсыг блоклосон байна. Өөр нэмж  хэлэх зүйл байхгүй гэв

Хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Г шүүхэд ирүүлсэн  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын ерөнхий аудитор болон Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчаас ирүүлсэн “Арга хэмжээ авч ажиллах талаар” албан тоотын дагуу Улсын Их Хурлын сонгуульд 2 дугаар тойргоос бие даан нэр дэвшсэн  Каснайн Ханагаттай холбогдох сонгуулийн зардлын дансны эцсийн тайланг  Үндэсний аудитын газарт хүргүүлээгүй гэх зөрчлийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн шалгаж эхэлсэн.

Холбогдогч К.Хад 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр утсаар ярьж ямар хэрэгт холбогдож байгаа талаар танилцуулж, эрх, үүргийн тайлбарлан өгч, ирж мэдүүлэг  өгөхийг шаардсан боловч Тэрэлжид ажил хийж явж байна, Монгол улсын Засгийн газраас тогтоосон хорио цээрийн  хязгаарлалттай холбоотой биеэрээ ирж мэдүүлэг өгөх боломжгүй гэсэн хариулт өгсөн ба  үүнээс хойш К.Хтай ярих ямар ч боломжгүй миний утсыг огт авахгүй байсан. Харин миний  цахимаар болон шуудангаар явуулсан №2 мэдэгдэх хуудсыг хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр цахимаар  ирүүлсэн тайлбартаа,
“Сонгуулийн зардлын тайлангаа 2020 оны 07 дугаар сарын 17-нд  гаргаж, би өөрөө хөдөө ажиллаж байсан учраас сонгуулийн менежер болох А.Е№аар Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Гэтэл би таны №2 мэдэгдэх хуудсыг авч гайхаад сууж байна. Би өөрөө ажлаар  хөдөө явж байгаа учраас Үндэсний аудитын газрын утсыг  олоод энэ талаар лавлаж тодруулахаар оролдож байна. Үүнээс гадна бас нэг хувийг шуудангаар эсвэл таньдаг хүнээр явуулчих гээд би бас нэг хүнд  өгсөн боловч холбоо барьж чадахгүй байгаа” гэсний  дагуу архиваас мэдээлэл авч А.Е№тай утсаар ярихад, “Би Улаанбаатар хотод оршин суудаг. Очиж мэдүүлэг өгөх боломжгүй. Сонгуулийн үед л Өлгийд очсон. Би зөвхөн сурталчилгааны ажлыг хариуцаж  байсан. Тайлан тооцоог өөр нэг эмэгтэй хариуцаж байсан. Тэр эмэгтэй хааяа нэг ирдэг байсан. Би Үндэсний аудитын газарт ямар нэгэн тайлан хүргэж байсан удаа  байхгүй. Явцын тайланг явуулж байсныг мэднэ. Тэр хүний нэрийг нь ч утсыг нь ч мэдэхгүй. Өөр мэдэх юм байхгүй” гэсэн хариултыг өгсөн.  К.Х нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн уг тайлбартаа Үндэсний аудитын газрын утас олж, энэ талаар лавлаж тодруулж байна гэсэн мөртөө одоог хүртэл тайлангаа Үндэсний аудитын газарт хүргүүлсэн  эсэхээ нотолсон ямар нэгэн  тодруулах баримт ирүүлээгүй байгаа болно.

Үндэсний аудитын газраас ирүүлсэн мэдээлэл, менежер гэх А.Е№ын өгсөн тайлбар  зэргээс үзэхэд холбогдогч нь сонгуулийн дансны зардлын  тайланг  гаргаж Үндэсний аудитын газарт хүргүүлээгүй нь нотлогдож байгаа тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 17.1.25 дахь заалтын  дагуу миний оногдуулсан  шийтгэл үндэслэлтэй гэж үзэж байна.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 17.1.25 дахь заалтад “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн  зардлын тайлангаа  хуульд заасан хугацаанд  төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  торгоно” гэж заасан байдаг. Иймд, К.Хын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын  Санхүү,төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Г нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Баян-Өлгий аймгаас нэр дэвшсэн К.Хад  холбогдуулан “сонгуулийн зардлын эцсийн тайланг хуулийн хугацаанд төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй”  гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт зааснаар 2013000435 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан байх ба улмаар  зөрчил нь тогтоогдсон гэж үзэн, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1451206 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай”  шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д зааснаар  арван мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр  буюу 10.0 сая төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан  зэрэг үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[1] тогтоогдож байна.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл /Сонгуулийн хуулийг зөрчих/-ийн 25-д Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж, Төрийн аудитын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Төрийн аудитын байгууллага нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд төрийн аудитын дээд байгууллага буюу Үндэсний аудитын газар, түүний харьяа аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газраас бүрдэнэ” гэж тус тус  зохицуулсан.

Мөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/45 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч  сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах,  дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын 16.2-т “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын явцын болон эцсийн тайлан гаргана”,  19.1-д “Хуулийн 57.3-т заасны дагуу нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын эцсийн тайланг энэ журмын 17 дугаар зүйлд заасан тайланг өссөн дүнгээр эцэслэн гаргаж, аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан Үндэсний аудитын газарт ирүүлнэ” гэж тус тус заажээ.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны  2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор  К.Хыг   Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 2 дугаар тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэсэн, Монгол Улсын Ерөнхий аудитор 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд сонгуулийн зардлын дансны явцын тайлан ирүүлээгүй 114 нэр дэвшигч, сонгуулийн зардлын дансны эцсийн тайлан ирүүлээгүй 137 нэр дэвшигч байгаа  тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27-д заасан зөрчилд зохих хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх” талаар Сангийн яаманд 2880 дугаар албан бичгийг, “Сонгуулийн зардлын явцын болон эцсийн тайланг Үндэсний аудитын газарт хүргүүлээгүй нэр дэвшигчид” гэсэн 5 хуудас хавсралтын хамт хүргүүлсэн байх ба хавсралтын дэс дугаарын 6-д  “2 дугаар тойрог,бие даан нэр дэвшигч К.Х эцсийн тайланг ирүүлээгүй ” гэж тэмдэглэгдсэн.

Улмаар Сангийн яамнаас “нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах, улсын байцаагчийн эрхтэй албан тушаалтнууд харьяа аймаг, нийслэл, дүүргийнхээ хавсралтад заасан холбогдох нам, эвсэл, нэр дэвшигч нарт арга хэмжээ авч, холбогдох шийдвэрийг ирүүлэх” тухай 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7/6746 дугаар албан бичгийг, хавсралтын хамт Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү,  төрийн сангийн хэлтсийн даргад хүргүүлсэн болох  нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[2] тус тус тогтоогдож байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна”, 3-т “Тухайн зөрчил хэд хэдэн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлийн зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн эрх бүхий байгууллага шалган шийдвэрлэнэ”, 6-д “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ:  6.22.нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ...17.1 дүгээр зүйлийн 25, 27 дахь хэсэгт заасан зөрчил” гэж тус тус зааснаас үзэхэд зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан  нь хуулиар харьяалуулсан зөрчлийг шалган  шийдвэрлэхээр зохицуулжээ.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн   2–т  “Энэ хуульд хэрэглэсэн бусад нэр томьёог Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан утгаар ойлгоно” гэж, Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдэгдсэн, түүний үр дагавар илэрсэн газрыг зөрчил үйлдсэн газарт тооцно” гэж  тус тус заасан байна. 

Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар  “сонгуулийн зардлын эцсийн тайланг Үндэсний аудитын газарт хүргүүлээгүй” зөрчил үйлдсэн гэсэн  үндэслэлээр  холбогдогч К.Хад  Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д зааснаар  арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан ба  тухайн зөрчлийн хувьд нэр дэвшигч сонгуулийн зардлын эцсийн тайланг Үндэсний аудитын газарт хүргүүлэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйтэй холбоотой тул  Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт уг зөрчил  үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайланг төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэхээр зохицуулсан бөгөөд сонгуулийн зардлын эцсийн тайланг хүргүүлээгүй эс үйлдэхүйн үр дагавар  нь төрийн аудитын дээд байгууллага болох Үндэсний аудитын газрын оршин байх нутаг дэвсгэрт илэрсэн  байна гэж үзлээ.

Гомдол гаргагч К.Хын   үйлдсэн гэх  зөрчлийн үр дагавар нь Үндэсний аудитын газрын оршин байгаа газарт буюу Улаанбаатар хот,Чингэлтэй дүүрэгт илэрсэн байх  тул  тухайн газрыг зөрчил үйлдсэн газарт тооцох ба К.Хад холбогдох  зөрчлийг  Баян-Өлгий  аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч  шалган шийдвэрлэсэн нь  хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчсөн байна. Зүй нь тухайн  мэдээллийг хүлээн авсан эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.1-д заасны дагуу  гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх шийдвэр гаргах байжээ.

Дээрх байдлаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны  нутаг дэвсгэрийн харьяаллыг  зөрчиж,  Баян-Өлгий  аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчаас иргэн К.Хад холбогдуулан  зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хууль,Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  дээрх заалтууд болон Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж заасныг тус тус  зөрчсөн байна гэж үзлээ.

Иймд  иргэн К.Хад торгох шийтгэл оногдуулсан Баян-Өлгий  аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү,төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Гын 2021 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн 1451206 дугаартай  шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  дээр дурдсан заалтуудтай нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүхээс улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1451206 дугаартай шийтгэлийн хуудсыг “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны  нутаг дэвсгэрийн харьяаллыг  зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн тул гомдол гаргагч К.Хын шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар  маргаж буй  үндэслэл болон тэрээр  шийтгэлийн хуудсанд заасан зөрчил үйлдсэн  эсэхэд  дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн  25, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасныг  тус тус  баримтлан гомдол гаргагч К.Хын гомдлыг  бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү,төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1451206 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай”  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар гомдол гаргагч К.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ЕРКЕШ

 

 

 

[1] Хэргийн 27-46-р хуудас

[2] Хэргийн 32-34, 88-90, 92-97, 102-103-р хуудас