Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2024/0740

 

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2024/0740

Улаанбаатар хот

 

И***” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг,

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э***,

Хэргийн оролцогчид

Нэхэмжлэгч “И***” ХХК,

Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,

Нэхэмжлэлийн шаардлага:  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/733 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2024/0765 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б***

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г***

Хэргийн индекс: 128/2024/0519/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “И***” ХХК-иас шүүхэд хандан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/733 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 128/ШШ2024/0765 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.05, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/733 тоот тушаалыг хүчингүй” болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:

Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй,

Захиргааны байгууллагаас бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгдэж байх үед нэхэмжлэгч нь газрын төлбөрөө төлөөгүй байсан нь баримтаар тогтоогддог,

Нэхэмжлэгч тухайн газрыг 2008 онд ашиглах эрхтэй болсон. Үүнээс хойш 15 жилийн хугацаанд төслөө хэрэгжүүлээгүй, үйл ажиллагаа явуулаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

          3. Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/733 дугаар тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Б***ын бүсэд “И***” ХХК-д олгосон газрын төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар хурлаас гарсан шийдвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01/1367 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуй нэгжийн 8035 м.кв газрын ашиглах эрхийг хүчингүй” шийдвэрлэсэн.

3.2. Нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын дээрх тушаалыг эс зөвшөөрч “Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг шалган тогтоох ажиллагааг хийгээгүй. Газрын төлбөрөө хугацаанд нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэхэд төлж дуусгасан байхад 1 сарын дараа газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль бус. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн сайдын А/627 дугаар тушаалаар одоогийн 8035 м.кв газрыг ашиглах эрхтэй болж 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулсан. Үүнээс хойш өмнө хийгдсэн ажлын зураг төсөл, архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчлэн батлуулах ажлыг хийсэн. Газар ашиглах эрхийг цуцалсан үндэслэл болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан нөхцөл байдал үүсээгүй байхад цуцалсан нь “хууль ёсны итгэл хамгаалах зарчим”-ыг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл болон 27 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй” гэсэн агуулгаар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/433 дугаар тушаалаар маргаан бүхий газрыг ашиглах эрхийг нэхэмжлэгчид олгосон ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг ашиглаагүй. Газрын төлбөрийг төлөөгүй тул Сайдын 2023 оны А/733 дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн газар ашиглах эрхийг цуцалсан. Тушаал гарах хүрээнд захиргааны зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан ёсны цахим хуудаст мэдээлэл байршлуулах болон 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 966 дугаартай албан бичиг хүргүүлэх зэргээр Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох болон сонсох ажиллагааг явуулж, газраа ашиглаагүй болон газрын төлбөр төлөөгүй болохыг тогтоосон. Хэрэгт авагдсан газрын төлбөрийг төлсөн баримтуудыг харахад 11 дүгээр сарын 29-ний өдөр газрын төлбөрийг нэг дор төлсөн байна” гэсэн агуулгаар тус тус тайлбарлан маргасан.

          4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана”, 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх үүрэгтэй.

5. Тухайн тохиолдолд анхан шатны шүүх, хэрэгт хамааралтай нотлох баримтыг дутуу цуглуулсан байна.

Тодруулбал, хэрэгт нэхэмжлэгч “И***” ХХК-ийн нэр бүхий Богдхан уулын дархан цаазат газрын Бага тэнгэрийн аманд 1.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийн 2008 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн огноо бүхий 7*** дугаар гэрчилгээ авагдсан. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/433 дугаар тушаалаар газрын хэмжээг 2 га болгон нэмэгдүүлсэн.

Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/627 дугаар тушаалаар газрын хэмжээг 8034.80 м.кв болгон багасгаж, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн огноо бүхий 02****дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээнд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг 2.6 жил хэмээн тэмдэглэсэн байх боловч 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2021/134 дугаар “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ”-ний 2.4-т “Газар ашиглах хугацаа а/эхлэх:2020-11-03, б/дуусах: 2025-11-03” хэмээн тэмдэглэсэн.

Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/733 дугаар тушаалд “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар ... “И***” ХХК-д олгосон газрын...  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр цуцалсан талаарх баримт авагдсан.

Үүнтэй холбогдуулан анхан шатны шүүх, хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх хугацааг чухам хэдийнээс тооцсон болохыг бүрэн гүйцэд тодруулаагүй.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2024 оны 02/899 дүгээр албан бичгээр анхан шатны шүүхэд “И***” ХХК-тай холбоотой нотлох баримт, сонсох ажиллагааны болон нөхцөл байдлыг тогтоохтой холбоотой хийсэн үзлэгийн баримтыг DVD дээр хуулбарлан хүргүүлсэн гэх боловч тухайн DVD нь ямар нэгэн бичлэггүй буюу хоосон.

Шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийгээгүй. Үүний үндэслэлээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 17-д “…Мөн ашиглах эрх бүхий газартаа тоосгон суурьтай төмөр хашаа хийж, манаачийн байр барьсан зэрэг үйл баримтыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон байх тул дахин дүгнэхгүй” хэмээн тэмдэглэсэн боловч хэрэгт шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар авсан зүйл байхгүй. Ямар шүүхийн хэдэн оны хэддүгээр шийдвэрийг үндэслэн ийнхүү дүгнэсэн болох нь тодорхойгүй байна.

6.  Анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийн оролцогчдын шаардлага, татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2024/0765 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

     

                  ШҮҮГЧ                                                 З.ГАНЗОРИГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ

 

                             ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА