Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/01001

 

 

 

                                             “Ш т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/02671 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр магадлалтай,

“Ш т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нансалмаагийн гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж оролцов. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1460 дугаартай шүүгчийн захирамжаар Боржигон-Агро ХХК-иас 245,405,225 төгрөг гаргуулж МБ Инжиниринг ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар нь албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж “Ш т” ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн МТЗ-3522 маркийн Беларусс трактор, хийн үрлүүр АППА 06-02, хавагч зэрэг хөрөнгийг хууль бусаар өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүй 2020.04.28-ны өдрийн 18200369/09 дугаар тогтоолоор битүүмжилсэн талаар 2020.05.08-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар баг Улаанхудагт очих үеэр Боржигон-Агро ХХК-иас мэдсэн. “Ш т” ХХК нь Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.04.28-ны өдрийн 18200369/09 дугаар тогтоолоор битүүмжилсэн МТЗ-3522 маркийн Беларусс трактор, хийн үрлүүр АППА 06-02, хавагч зэргийг 2017.08.25-ны өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу Боржигон-Агро ХХК-иас шилжүүлэн авсан. Гэтэл Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хууль бусаар гуравдагч этгээдийн дээрх эд хөрөнгөнд халдаж битүүмжилсэн байна. Уг битүүмжлэх тогтоолд бичигдсэн МТЗ-3522 маркийн Беларусс трактор, хийн үрлүүр АППА 06-02, хавагч зэрэг нь “Ш т” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө юм. Иймд эдгээр хөрөнгүүдийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 1460 дугаартай шүүгчийн захирамжаар Боржигон-Агро ХХК-иас 341,405,225 төгрөг гаргуулж МБ Инжиниринг ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус захирамжийг үндэслэн төлбөр төлөгчийн шүүхийн шийдвэрт заасан хаяг болох Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Боржигон-Агро ХХК-ийн хашаанд байсан МТЗ-3522 маркийн Беларусс трактор, хийн үрлүүр АППА 06-02, хавагч зэргийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020.04.28-ны өдрийн 18200369/09 дүгээр эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн. Дээрх хөрөнгийг МБ инжиниринг ХХК-иас Боржигон-Агро ХХК нь 2015.02.06-ны өдрийн 2015/3 дугаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж зээлээр худалдан авсан. Төлбөрөө бүрэн төлж дууссанаар эд хөрөнгийн өмчлөлийн эрх шилжих боловч Боржигон-Агро ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тул эд хөрөнгийн өмчлөх эрх өөрт нь бүрэн шилжээгүй байсан. Иймд МБ Инжиниринг ХХК-ийн эд хөрөнгийг Боржигон-Агро ХХК нь бусдад шилжүүлсэн нь гэрээний 3.1-д заасан барьцааны эд хөрөнгийг компанийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр дахин гуравдагч этгээдэд шилжүүлэх, барьцаалах, бэлэглэх зэргээр захиран зарцуулах эрхгүй гэснийг зөрчин төлбөр төлөгч Боржигон-Агро ХХК-ийн захирал нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, өөрийн эзэмшилд байгаа тоног төхөөрөмжийг “Ш т” ХХК-ийн захиралд бэлэглэсэн мэтээр баримт бүрдүүлсэн. Учир нь дээр дурдсан 3 төрлийн тоног төхөөрөмжүүдийг 2017.08.25-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулан бэлэглэсэн. Уг бэлэглэлийн гэрээ 2020.05.14-ний өдөр нотариатаар батлуулсан. Ийнхүү нотариатаар батлуулсан явдал нь тухайн хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгч битүүмжилснээс хойш байгаа бөгөөд худалдан борлуулах ажиллагаанд саад учруулах зорилгоор хийгдсэн ажиллагаа гэж харагдаж байна. Иймд “Ш т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Боржигон-Агро ХХК нь МБ инжиниринг ХХК-иас 3 төрлийн газар тариалангийн тоног төхөөрөмжийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан. Зээлийн гэрээний зүйлээр энэ гурван техник нэрлэгдсэн. 2018 онд хоёр тал эвлэрснээр хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлж, тогтсон хугацаанд төлбөр төлөөгүй учраас 2018 оны 7 дугаар сард Төв аймгийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад албадан гүйцэтгүүлэх ажиллагаа хийгдсэн. Боржигон-Агро ХХК нь МБ Инжиниринг ХХК-д 30,000,000 төгрөгийг төлсөн. Үүнээс өөрөөр төлбөр төлөөгүй учраас дээрх техникийг битүүмжлүүлсэн. Битүүмжлүүлсэн эд хөрөнгийг гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн мэтээр бэлэглэлийн гэрээ байгуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэхдээ бусдын өмчлөлийг бусдад бэлэглэх эрх үүсэхгүй. Иймд бэлэглэлийн гэрээг байгуулснаар хүчин төгөлдөр бус юм. Гэрээний төлбөрийг төлж дуусаагүй тул өмчлөлийн зүйл Боржигон-Агро ХХК-д шилжээгүй, энэ гурван эд зүйл МБ Инжиниринг ХХК-ийн өмчлөлд байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/02671 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ш т” ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.04.28-ны өдрийн 18200369/09 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн хөрөнгөөс МТЗ-3522 маркийн Беларусь трактор, хийн үрлүүр АППА 06-02, хавагч зэргийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/02671 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нансалмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...“Ш т” ХХК нь Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.04.28-ны өдрийн 18200369/09 дүгээр тогтоолоор битүүмжилсэн МТЗ-3522 маркийн Беларусс трактор, хийн үрлүүр АППА 06-02, хавагч зэрэг хөрөнгийг 2017.08.25-ны өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу “Боржигон-Агро” ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд энэ талаарх баримтаа хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн болно. 2017.08.25-ны өдрийн бэлэглэлийн гэрээний эх хувь нь гэрээ байгуулсан талуудад байх бөгөөд шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулан баримт гаргаж өгөх үүднээс уг бэлэглэлийн гэрээг 2020.05.17-ний өдөр нотариатаар батлуулж шүүхэд баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчийн зүгээс дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ “Ш т” ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн хөрөнгөд халдаж, хууль бус ажиллагаа явуулж нэхэмжлэгчийн өмчлөл, эзэмшлийн хөрөнгөд халдаж, эрх ашгийг зөрчиж байна. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс дээрх хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлийн хөрөнгө болохыг бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн болохыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгсөн байтал анхан болон давж заалдах шатны шүүхээс бэлэг хүлээн авагчийн өмчлөлд шилжүүлсэн байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/02671 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:        

 “Ш т” ХХК нь Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нансалмаагийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01460 дугаар захирамжаар Боржигон-Агро ХХК нь барааны үнэд 138,173.31 ам.долларыг 2018.05.31-ний өдөр 165,250,000 төгрөг, 2018.10.31-ний өдөр 165,250,000 төгрөгийг МБ инженеринг ХХК-д тус тус төлөхөөр зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгчийн эзэмшилд байгаа МТЗ-3522 маркийн Беларусь трактор, хийн үрлүүр АППА 06-02, хавагчийг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан журмын дагуу явуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д “Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэж зохицуулсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, “Ш т” ХХК Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.04.28-ны өдрийн 18200369 дүээр эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн хөрөнгөөс МТЗ-3522 маркийн Беларусь трактор, хийн үрлүүр АППА 06-02, хавагчийг хасаж, чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй... гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон холбогдох бусад хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/02671 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нансалмаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦОЛМОН

                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                                                  ШҮҮГЧИД                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                Г.ЦАГААНЦООЖ

             Х.ЭРДЭНЭСУВД