Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/970

 

   Ц       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Г.Буянбадрал нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Үйзэн овогт Төмөрбаатарын Бод холбогдох эрүүгийн 2211 01133 1595 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Үйзэн овогт Төмөрбаатарын Б /РД: ЕП83100518/,

Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхон 423 дугаар байрны 74 тоотод оршин суудаг,

урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 121 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 509 дугаар магадлалаар зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг болгон өөрчилж, 1 cap 19 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Төгсзаяаг “ус сувгийн хоолойн тендерийн ажлын гүйцэтгэлд дутаад байгаа мөнгийг өгөөд мөнгөө 2 дахин өсгөж авна” гэж хуурч, итгүүлэн түүнээс хоёр удаагийн үйлдлээр 39,900,000 /гучин есөн сая есөн зуун мянга/ төгрөгийг залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 769 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь, “гэм буруу маргахгүй хүлээн зөвшөөрч” байна гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Т.Б нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Төгсзаяаг “ус сувгийн хоолойн тендерийн ажлын гүйцэтгэлд дутаад байгаа мөнгийг өгөөд мөнгөө 2 дахин өсгөж авна” гэж хуурч, итгүүлэн түүнээс хоёр удаагийн үйлдлээр 39,900,000 /гучин есөн сая есөн зуун мянга/ төгрөгийг залилж авсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь  хохирогч Н.Төгсзаяагийн бичгээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 4 дүгээр тал/,

Хохирогч Н.Төгсзаяагийн эзэмшлийн 5014310057 дугаар бүхий “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 5 дугаар тал/,

Хохирогч Н.Төгсзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Б гэх хүнтэй анх найзаараа дамжуулан 2020 онд танилцаж байсан бөгөөд түүнээс хойш гэмгүй сайхан найзлаад явж байсан. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын сүүлээр намайг лагерь руугаа явж байхад утсаар яриад Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Улам-Өрнөхөөс гэсэн байх надад ус сувгийн хоолойн тендерийн гоё ажлын санал тавьсан, гүйцэтгэлд нь хэдэн төгрөг дутаад байгаа юм байна. Үүнийг нь гүйцээж өгөөд ажлыг нь дуусгачихвал 14 хоногоос 1 сарын хугацааны дотор мөнгөө эргүүлээд авчихна, дээр нь ашиг гээд өгсөн мөнгөө 1 дахин нугалаад нэмээд авчихна гэж хэлсэн юм. Тэгээд би бодож үзэж байгаад түүнийг найдвартай асуудалгүй, энийг өнөө маргаашгүй хийчих юм бол чи бид хоёр 1 дахин нугалж авах гээд байна аа гэх мэт үгээр намайг ятгаж байсан. Тэгэхээр нь би за хүнээс хүүтэй мөнгө зээлээд чиний яриад байгаа ус сувгийн хоолойн тендерийн ажилд чинь зарцуулъя, хоёулаа хамтарч ажиллая гэж хэлээд өөрийн найз болох Мишигдоржоос 1 сарын 5 хувийн хүүтэйгээр 40,000,000 төгрөгийг зээлж авсан. Тэр өдрөө шууд Бын Хаан банкны 5720472559 дугаартай данс руу өөрийнхөө Хаан банкны 5114310057 дугаартай данснаас 2 удаагийн гүйлгээгээр 19,900,000 төгрөгөөр нэг удаа дараа нь 20,000,000 төгрөгөөр тус тус шилжүүлсэн байна... Би Мишигдоржид өгөх cap бүрийн төлөлтийг төлж чадахгүй байна гээд Быг хамт хувааж төл гэж ярилцаж тохиролцсоны дүнд Б хүү 5,300,000 төгрөгийг л төлсөн байдаг. Би тухайн мөнгийг Бын данс руу шилжүүлэхдээ Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22-6 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн юм. Би Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Улам-Өрнөх гэх хүнтэй уулзаж үзээгүй, царай зүсийг нь ч харж байгаагүй. Харин Бын ярианаас Улам-Өрнөх гэх хүнтэй найз нөхдийн холбоотой, өрөөгөөр нь ороод гарлаа гэх мэт үгсийг хэд хэдэн удаа сонсож байсан... тэр мөнгийг бол ус сувгийн хоолойн тендерийн ажилд зарцуулах ёстой байсан. Би хааш нь яаж зарцуулсан талаар мэдэхгүй байна...” /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,

Гэрч Б.Ариунмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр манай ээж болон бид хоёр дээр байр түрээсэлнэ гээд 50-70 орчим насны эмэгтэй хүн өөрийн хүү болон бэрээ дагуулчихсан ирж үзээд бид нар харилцан тохиролцсон юм. Түүний дараа 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 15 цаг 25 минутын үед манай ээж Мөнхдулам овогтой Хүрэлчимэгийн Хаан банкны 5619142653 дугаартай данс руу 6 сарын байрны мөнгө болон 1 сарын барьцааг ээжийн данс руу 4,600,000 төгрөг шилжин орсон байдаг. Тэр байранд орсон гэх эмэгтэй болохоор манай хүү мөнгийг нь шилжүүлнэ гээд тэр мөнгө нь шилжиж орж ирсэн байдаг... Тухайн 5619142653 дугаартай Хаан банкны данс нь ээжийн нэр дээр байдаг боловч би тэр үед ашиглаж байсан юм...” /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

Гэрч Г.Нарангарав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 5033152788 дугаартай Хаан банкны дансыг эзэмшдэг... 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр миний Хаан банкны 5033152788 дугаартай данснаас Т.Б гэх хүний Хаан банкны 5720472559 дугаартай данс руу 7,550,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна... би Б гэх хүнийг танихгүй байна. Ямар учраас миний данс руу хийсэн эсэхийг ч мэдэхгүй байна... бодвол утас худалдаж аваад миний данс руу шилжүүлээд би 3 хувааж шилжүүлсэн гэж бодож байна...” /хавтаст хэргийн 13 дугаар тал/,

Гэрч Х.Улам-Өрнөх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие Х.Улам-Өрнөх нь Төрийн худалдан авах ажиллагааны газарт 2014 оноос хойш ажиллаж байна. Одоо тухайн Төрийн худалдан авах ажиллагааны газарт дарга албан тушаалтай. Би цагдаагийн байгууллагын нэгдсэн сан дээрх Т.Бын зургийг харлаа. Би энэ хүнийг огт танихгүй хүн байна. Мөн энэ хүнтэй уулзаж байсан удаа байхгүй...” /хавтаст хэргийн 15 дугаар тал/,

Гэрч А.Мишигдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Начинхүү овогтой Төгсзаяа гэх хүнийг танина. Энэ хүн нь манай найз болох Алтангэрэлийн эхнэр байгаа юм. 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр манай найз Төгсзаяа нь надтай холбогдоод 40,000,000 төгрөг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлээч ээ, “2-3 сарын хугацаанд эргүүлээд ажил бүтэхээр мөнгийг чинь төлөх болно оо” одоо нэг найзтайгаа хамтарч “Тендер”-т оролцох гээд урьдчилгаа мөнгө хэрэгтэй болоод чамаас гуйж байна, гэхээр нь би зөвшөөрөөд өгчихсөн юм. Би ямар хүнтэй хэрхэн, яаж ажиллах гэж байгаа талаар нь огт мэдээгүй...” /хавтаст хэргийн 19 дүгээр тал/,

Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 09 дүгээр сарын 09- ний өдрийн А-1/2102 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 22-33 дугаар тал/,

“Хаан” банкны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 29/6088 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 38-42 дугаар тал/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 43-48 дугаар тал/,

Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй. Би ямар ч байсан хохирлоо барагдуулах болно...” /хавтаст хэргийн 74 дүгээр тал/,

шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...2018 онд Төгсзаяатай Байгальмаа гэж хүнээр дамжуулж танилцсан түүнээс хойш одоо хүртэл найзалж нөхөрлөж байгаа. 2019 онд анх би 5 хувийн хүүтэй мөнгө зээлдэг гэдэг сургаар би анх 12 сая төгрөг зээлсэн. Тэгээд би 5 хувийн хүүтэй нь бодоод 18 сая төгрөг болгож өгч байсан. Түүний дараа Төгсзаяа надаас хүүгүйгээр мөнгө зээлбэл зээлээрэй гэж хэлж байсан. 2021 оны 7 дугаар сарын сүүлээр би дахиад Төгсзаяатай холбогдоод надад мөнгөний хэрэгцээ гарчихлаа 5 хувийн хүүтэй мөнгө зээлэх боломж байна уу гэсэн. Тэгээд би хэрэгцээндээ ээжийнхээ байрны түрээсийн мөнгийг өгсөн, утасныхаа төлбөрийг төлсөн ийм зүйл байгаа. 8 дугаар сард хадам аав маань өнгөрөөд тооцоолоогүй 3 сая төгрөгийн зардал гарсан. Худгийн насос оруулж ирж зарах боломжтой гэж би хэлж байсан тэгээд “ковид 19”-өөс болж хил гааль хаагаад тооцоолоогүй зүйл болсон. Тэгээд захиж чадалгүй байж байгаад удсан. Тухайн үед яагаад төлөх боломжтой байсан байж төлөөгүй вэ гэхээр Төгсзаяа бид хоёр 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хил гааль нээгдэх болов уу? байдлыг харъя гээд тохиролцсон байдаг гэх, мөн гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Т.Б нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хохирогчид учруулсан хохирлыг төлсөн тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд үзэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг  тал бүрээс нь харгалзаж шүүгдэгч Т.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 / нэг сая / төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.   

Шүүхийн шатанд шүүгдэгч Т.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн нь хохирогч Н.Төгсзаяагийн гаргаж өгсөн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Т.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Үйзэн овогт Төмөрбаатарын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 / нэг сая / төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          П.АРИУНБОЛД